ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ БАЙГУУЛАГДСАНЫГ ДУРСАХУЙ

Гуравдугаар хэсэг. Орон бүхний Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнүүд нэгдэгтүн!

ӨМНӨД МОНГОЛЫН АСУУДЛУУД БА АЗИЙН АРДЧИЛАЛ. 2017.11.11. Өмнөд Монголын их хуралдайн (ӨМИХ) 3 дахи өдрийн өргөтгөсөн хуралдаан “Өмнөд Монголын асуудлууд ба Азийн Ардчилал” хэмээх олон улсын чуулганы хэлбэрээр өрнөлөө. “Мита Кайкан” буудал байрлах барилгын маань хажуу орцонд байх, уржигдар ӨМИХ байгуулах чуулган хуралдсан танхимд боллоо. Азийн ардчилагчид, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн (ҮЭЧХ)-ийнхэн идэвхтэй оролцов. Өмнөд Монгол, Монгол улсын төлөөлөгчид, Японы Хидетоши Ишии, Тошиюки Учида, Тошихиро Удака, Танака Такеюки, Фумие Фурукава, Тэрүэ Ёкота, Тайваний Энди Чан Хо Тин, Чиэн Юан Цэн, Жэйсон Чоу, Лонсон Чоу, Мэйли Чоу, Ниү Хиок Финг, Түвдийн Хэдрүб Тондуп, Пэма Гялпо, Уйгурын Турмухаммет Хашим, Ильхам Махмут, Хажи Күтлүк, Хотонгийн болон бусад олон хүн оролцлоо.

Өмнөд Монголын төлөөлөгчид:

“Өмнөд монгол малчдын тэмцэл нь 2011 оны малчин Мэргэний алагдсанаас хойш улам идэвхжиж, байнгын чанартай болсон. Энэ их тэмцэлд жил бүр нэг, түүнээс дээш хүн амь эрсдэх хандлагатай боллоо. Төрөөс “уул уурхай, хортой үйлдвэр, цэргийн бааз, гахайн аж ахуй байгуулна, байгаль хамгаална” гэсэн шалтгаанаар, мөн орон нутгийн авлигач түшмэдүүд ирмэл хятадуудын ашиг хонжооны янз бүрийн үйл ажиллагаанд зориулж малчдын нутаг бэлчээрийг булаадаг.

Хохирлыг барагдуулдаггүй, буруутнуудад хариуцлага хүлээлгэдэггүй, монголчуудыг нүдэнд орсон шороо, шүдэнд орсон хог мэт дорд үздэг. Үндэстнийг яаж дарлаж колоничилж болох вэ, тэр бүхнийг дээд зэргээр хэрэгжүүлж байгаа. Үүнийг харин дэлхий даяар сайн мэддэггүй. Тийм учраас Өмнөд монголчуудын ҮЭЧХ-ийг хангалттай дэмжихгүй байна. ӨМИХ байгуулагдаж олон улс үндэстний анд нөхөд тойрон хүрээлж байгаа нь энэ байдлыг өөрчлөхөд их тус нэмэр болно гэж итгэж байна” гэж ярьж байлаа.

Уйгур төлөөлөгчид:

“Монгол уйгур хүмүүс ахан дүүс. Эртний их соёлын хэлхээ холбоо, харилцан нөлөөлөлтэй, нүүдэлчдийн нэгэн улс гүрний дотор хамтдаа багтаж явсан нь нэг бус удаа. Чингис хааныг уйгурууд хүндэтгэн дагаж, их аян дайнд нь оролцож, монгол уйгур хүмүүс хамтдаа их түүхийг бүтээлцэж явлаа. Эртний соёлтой, төртэй уйгур бид Чин улсын харьяанд багтаж байхдаа хэд хэдэн удаа эрх чөлөөгөө олж, улсаа байгуулах их бослого гаргаж, тусгаарлаж ч байсан. 20-р зуунд Дундад улсын бүрэлдэхүүнд байхдаа хоёр ч удаа тусгаар тогтнолоо байлдан олсон. Хятадууд ЗХУ-тай хүч хавсарч, тусгаар тогтнолыг маань устгаж байсан.

БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсноосоо хойш бид тоо томшгүй хэлмэгдүүлэлт, нугалаа завхралд өртөн, хэмжээлшгүй их хохирч хэлмэгдсэн. Өнөөдөр уйгур биднийг уламжлалт шашнаа шүтвэл ялт хэрэг, терроризм гэж харж, рамадан зэрэг ёс үйлээ хийх, сахал тавихыг хүртэл хориглож, сүсэгтнүүдэд зориулсан концлагериуд барьж, гал тогооны хутга мэс дэлгүүрээс авах болбол буу авч байгаа юм шиг тусгай зөвшөөрөлд хамрагдаж, бүртгүүлдэг болсон. Гэвч бид нугарч шантрахгүй, анд нөхөд та бүхэнтэйгээ хүч нийлүүлэн тэмцэх болно” гэж ярьж байлаа.

Түвдийн төлөөлөгчид:

“Түвдүүд монголчууд эртний их найрамдал нөхөрлөлтэй, харилцан нөлөөлөлтэй, шашин нэгтэй ахан дүүс билээ. Чин улсаас хоюулаа салаад, бие биеийнхээ тусгаар тогтнолыг хамгийн анх зөвшөөрцгөөж, дипломат төлөөлөгчийн газруудыг солилцож байсан нь тэр үед асар их ач холбогдолтой байлаа. Эртний соёлтой, төрт ёсны уламжлалтай Түвд улсыг БНХАУ 1950-51 оны түрэмгийллээр булаан эзэлж, хавсарган нэгтгэсэн. Их хэлмэгдүүлэлт харгислалыг өрнүүлж, шашин соёлыг бусниулсан тул 1959 онд түвдүүд бослого дэгдээж, хятадууд цус урсган дарсан, Далай лам тэргүүтнүүд Энэтхэг рүү дүрвэсэн.

Түүнээс хойш байнгын харгислал, геноцид өрнөж ирлээ. 2008 онд түвдүүд ахин бослого дэгдээсэн. Хятадуудын харгислал нэмэгдсээр, Түвдийн ард түмэн эсэргүүцсээр, эсэргүүцэх тусам улам харгисласаар л өдий хүрлээ. Эсэргүүцлийн тэмдэг болгож өөрийгөө шатаасан хүн тоогоо алдлаа. Түвд түмэн олныхоо эрхийн төлөө зүтгэж тэмцэж ирсэн Тензин Делек ринбүчиг маань террорист гэж шоронд хорьж тамласаар амь насыг нь авсан. Энэ хэцүү бэрхийг даван туулж бид бүхэн эрх чөлөөний тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Тэмцлийн их потенциалтай өмнөд монгол нөхөд маань ингэж эвлэлдэн нэгдэж, шинэ шатанд гарч байгаад маш их баяртай байна” гэж ярьж байлаа.

“Өмнөд Монголын асуудлууд ба Азийн Ардчилал” хурлыг нээж, ӨМИХ-н тэргүүн Тэмцэлт Шовцууд үг хэлж байна. 
  
Японы төлөөлөгчид:

“Япон нь ардчилсан улс тул аливаа нэг ард түмнийг дарлах, хүний эрхийг нь зөрчихтэй яавч эвлэрэхгүй, яавч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол зарчмын асуудал. Япончууд монголчуудын ҮЭЧХ-ийг эртнээс дэмжиж ирсэн билээ. Нармай Монголын хөдөлгөөнийг дэмжсэн. 20-р зууны 30, 40-өөд онд өвөр монголчуудын ҮЭЧХ-ийг дэмжсэн. Төр улс байгуулж төлөвших, зэвсэгт хүчнээ байгуулах, хятадын гоминдан, маочууд, элдэв хүчин, бүлэглэлүүдээс хамгаалж, Японд сурч боловсроход нь туслалцаа үзүүлж, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд их анхаарч байлаа. Зөвлөлтийн дарлалаас монголчуудыг чөлөөлнө, бүх монголчуудыг нэгтгэнэ гэж дайтаж байлдаж ч явлаа. Гэхдээ бүх юм өөгүй, алдаагүй байсан гэж хэлэхгүй ээ, япончууд бидний түүхэнд сайн муу аль аль нь бий. Япончууд бид монголчуудыг төрөл садан, ахан дүүсээ гэж үздэг, тиймээс их элэгтэй.

Дэлхийн дайнаас хойш ч монголчуудад юу тохиолдож байна гэж чих тавьж, судалж, 80-аад оноос улс төрийн эсэргүү гэгдсэн хүмүүсийг хүлээж авч, японы иргэд, ТББ-ууд тусалж дэмжиж ирсэн. Япончууд янз бүрийн ард түмнүүдийн ҮЭЧХ-ийг зэвсгийн хүчээр дэмжиж байсан, Их Японы эзэнт гүрэн байгуулахыг оролдсон зэргээс болж, өмнөд монголчууд их хэлмэгдсэн. Үүний төлөө бидний хүлээх үүрэг хариуцлага гэж бий. Монголчууд ч япончууд бидэнд тусалдаг. Өнөөдөр бид Өмнөд Монголын Их Хуралдай байгуулагдах чуулганыг Япон орондоо хүлээн авч байгаадаа баяртай байна. Та бүхний эрх чөлөөний ариун үйлсээр бахархаж байна. Та бүхэнд Япон орны үүд хаалга ямагт нээлттэй шүү” гэж ярьж байлаа.

Хонконгийн төлөөлөгчид:

“Хонконгчууд бид бие даасан ард түмэн. Бидний хэл бол гуандун хэл. Зуу зуун жил бид өөрсдийн өвөрмөц замналыг туулж, ард түмэн болон төлөвшжээ. Хятад улс биднийг уусгах бодлого явуулж буй нь таалагдахгүй байна. Тиймээс Шүхрийн хувьсгалаа хонконгчууд хийсэн. Хувьсгалын нэг удирдагч Жошуа Вонг 1996 онд төрсөн, 2014 онд насанд хүрээгүй байхдаа Хонконгийн Шүхрийн хувьсгалыг удирдалцсан. Хонконгийн сонгуульд нэр дэвшигчид Бээжингийн төв засгаар зөвшөөрөгдөх ёстой гэснийг эсэргүүцэж, энэ хувьсгал гарсан байдаг. Эсэргүүцлийн үйл ажиллагаанаасаа болж, ноён Вонг олон удаа баривчлагдаж байсан. Тэрбээр Ардчиллын төлөөхи Демосисто намыг байгуулж, ЕНБД-аар нь ажиллаж байна.

Энд ирсэн Энди Чан Хо-тин гэдэг 26 настай хонконг залуу Шүхрийн хувьсгалын лидерүүдийн нэг бөгөөд, тусгаар тогтнолыг шаардсан хатуу байр сууриараа ялгарч ирсэн. Энэ онд Хонконгийн тусгаар тогтнолын намыг байгуулж, даргаар нь ажиллаж байна. Түүнийг Хятад улс аюултай салан тусгаарлагчийн тоонд оруулсан байгаа. 2016 оны Хонконгийн парламентын сонгуульд түүнийг бүртгэхээс татгалзсан. Хонконгийн улс төрийн байдлыг 50 жил хөндөхгүй гэсэн тулдаа л Хонконгод Хятад улс дураар харгислал үйлдэхгүй байна. Гэхдээ хэлэлцэж тохирсноо зөрчин, Хонконгийн дотоод хэрэгт дураар оролцох болсон. Хятадын цөөнхи үндэстнүүдийн ҮЭЧХ-үүд хүчээ нэгтгэн үйл ажиллагаа явуулах нь нэн чухал байна” гэж ярьж байлаа.

Тайваний төлөөлөгчид:

“Тайваньчууд бид бие даасан ард түмэн. Тайвань буюу хоккиан хэлээр бид ярилцдаг. Тайвань Японы эзэнт улсын хэсэг байсан. Гоминданы талын 2 сая дүрвэгч манайд ирж, дарангуйлал тогтоосон, японы талынхан гэж олон хүнийг хэлмэгдүүлсэн. 1947 оны 2-р сарын 28-нд тайваньчууд гоминданы харгис дарангуйллыг эсэргүүцэж зэвсэгт бослого өрнүүлсэн. Тэгэхэд армийн хүчээр цус урсган дарсан, мянга мянган хүнийг цаазалж, бүр олон мянган хүнийг шоронд хорьж, тамлан зовоосон.

1949 онд дайны байдал зарлаж, энэ нь 1987 онд цуцлагдаж, тухайн үедээ 38 жил буюу хамгийн удаан үргэлжилсэн дайны байдал болж байсан. Энэ дайны байдлын үед маш их харгислал явагдаж, олон хүн цаазлагдаж, Тайваний хамаг шилдэг хүмүүс амиа алдах хүртэл янз бүрийн байдлаар хэлмэгдсэн, Тайваний соёл уламжлал гоминданы уусгах бодлогын дор их сүйдсэн.

1986 анх Гоминданаас өөр нам байгуулагдаж, 1992 онд анхны олон намын сонгууль явагдаж, 1996 онд анх өөр нам засгийн эрхийг авсан. Одоо ч ардчиллын бүрэн ялалтын төлөө тэмцэл үргэлжилсээр байна.

Хятадын аюул бидэнд бодтой нүүрлэсээр ирсэн. Манайд нэгдвэл та нарт Хонконг, Макаод олгосон эрхээс гадна, төрийн тэргүүн, зэвсэгт хүч зэргийг нэмж зөвшөөрнө гэдэг. Бид тусгаар тогтнолыг хүсэж байна. Хятадын коммунистуудын боол болохыг хүсэхгүй. Тайвань хөгжингүй эдийн засаг, Хятадаас 4 дахин өндөр амьдралын төвшин, дэлхийд дээгүүрт орох валютын нөөцтэй, энэ бүхнийг коммунистууд амтат бялуу гэж харж байна. Харин тэд тайваньчууд бидний төлөө санаа зовоогүй.

Бид бүхэн ҮЭЧХ-өө улам эрчимтэйгээр өрнүүлэх шаардлагатай болсон. Урьд гоминьдантай тэмцэж ирсэн бол одоо Хятадын жанжлан ноёрхогчид гээд бүр том хүчнээс өөрсдийгөө хамгаалах шаардлага тулгарч байна. Биднийг дэлхий дахин ойлгохгүй байна, 1971 оноос хойш НҮБ-д 13 удаа элсэх хүсэлт гаргаад бүтээгүй. Эрх чөлөөний төлөө хамтдаа!” гэж ярьж байлаа. 

Хонконгийн тусгаар тогтнолын намын сонгуультан Жэйсон Чоу, Энди Чан Хотин хоёр захад, Уйгурын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зүтгэлтэн Турмухаммет Хашим голд нь зогсож байна. 

Миний бие:

-Бөмбөрцөг даяар дуурссан аугаа түүх соёлыг бүтээсэн монгол их үндэстэн нь түүхэн эмгэнэлт үйл явдлууд, их гүрнүүдийн хомхой түрэмгийллээс болж, хэдэн улсад хуваагдан, тархай бутархай суух болжээ. 1911 онд бүх монголчууд нийлж нэгэн гэр улсыг байгуулах үйлсэд өмнөд монголчууд хамтран удирдах хэмжээнд оролцож, Таван замын цэрэг хөдөлгөн Чөлөөлөх дайныг хийж байсан ч, энэ эвлэлдэн нэгдэхүйг Хиагтын гэрээгээр таслан зогсоож байсан. Гэвч 20-р зуунд БНХАУ байгуулагдах хүртэл өмнөд монголчууд үндэсний эрх чөлөөний өргөн их хөдөлгөөнийг өрнүүлж, хэдэн ч удаа бүрэн тусгаар тогтнох дөхөж байлаа.

Говийн өмнөхи монголчууд Улаан малгайтны урвалгаан, дайн дажин, Баруунтныг дарах, Өвөр ардын намыг малтах, Соёлын хувьсгал зэрэг их харгислалуудад өртөж, дэлхийн хамгийн их аллага хядлагад өртсөн, зовж зүдэрсэн, хохирч хэлмэгдсэн түмэн олны тоонд зүй ёсоор багтах болжээ. Өмнөд монголчууд энэ бүхэнд шантарч мохолгүй, шударга ёсны тэмцэл хөдөлгөөнөө тасралтгүй үргэлжлүүлэн өрнүүлсээр энэ өдөртэй золголоо. 1981 онд хятад иргэн олноор суурьшуулахын эсрэг сурагчдын томоохон хөдөлгөөн өрнөсөн бол, малчдын бэлчээр нутгийнхаа төлөө хөдөлгөөн 2010-аад онд идэвхжиж, Мэргэн агсан зэрэг малчин баатруудыг төрүүлж, өнөөг хүртэл тасралтгүй өрнөж байна.

Ар монголчууд өмнөд монгол ахан дүүсээ дэмжих явдал нь Сөнидийн Тэнгис ноёныг өмгөөлөн тулалдсанаас өгсүүлээд хөгжиж явсаар Богд хаант нэгэн Монгол улсыг байгуулах, олноор нүүж ирснийг суурьшуулах, 1945 онд өмнөд монголчуудаа нэгтгэнэ гэж Японтой байлдах хүртлээ төвшинд хүрсэн байдаг. БНМАУ-ын үед маршалл Чойбалсан нас барах хүртэл өмнөд монголчуудтайгаа нэгднэ нийлнэ гэсэн чиг шугам хэвээрээ байлаа. БНМАУ БНХАУ муудалцсан он жилүүдэд өмнөд монголчуудаа дэмжих нь багасч, 1980-аад оны өөрчлөн байгуулалтын он жилүүдээс ахин сэргэсэн.

Одоогоос 25 жилийн өмнө, БНХАУ-ын ЭСЯ-ны үүдэнд “Дэмчигдонров хунтайж” нийгэмлэгийнхэн өмнөд монголчуудын эрхийн төлөө суулт хийж байлаа. 90-ээд онд энэ мэт арга хэмжээ цөөнгүй зохион байгуулагдсан. 2010-аад оны малчдын хөдөлгөөнтэй зэрэгцэн, Монгол улс дахь дэмжигчдийн үйл ажиллагаа ахин идэвхжиж, олон жагсаал цуглаан, хурал уулзалт, мэдээллийн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж ирэв. Цаашид ч бид бүхэн үндэс язгуур, элэг зүрх нэгт ахан дүүсээ үнэн санаагаар дэмжин тэмцэх болно гэдгээ илэрхийлье! гэв.

Энэ хурал маань Азийн ардчиллын тухай учир МУ-ын өнөөгийн байдлыг ярья гэж бодоод:

“Манайхыг хаа сайгүй ардчилсан улс гэж боддог ч, 1989 оны эхээр ЗХУ БНМАУ дахи нөлөөний хүрээнээсээ татгалзаж буйгаа мэдэгдэж, Монголоос цэргээ гаргах гэрээг Хятадтай үзэглэсэн. Бээжин шууд Монгол улсад нөлөөний хүрээгээ тогтоох бодлогоо эрс идэвхжүүлсэн нь манай иргэдийн ҮЭЧХ-тэй цаг хугацааны хувьд давхацсан. Түмэн олон маань үндэсний эрх чөлөө, ардчилал шинэчлэлийг хүсэн Ардчилсан хувьсгалыг өрнүүлсний үр нөлөөг ЗХУКН, ХКН, МАХН хуйвалдаж хулгайлан, гуйвуулж завхруулсан. Төрийн эрхийг МАХН-ын ХКН-тай хамтарч ажиллахад бэлэн бүлгийнхэнд шилжүүлсэн.

Ингээд МУ ахиад л урьдын байдалдаа орчихсон, өөр улсаас л хараат болчихсон. Зөвлөлтийн социализмын үед буй болсон худалч хумслагч үзэгдэл урвагч хулгайч үзэгдэл болж хөгжсөн. Монголд урвасан хулгай нарын клептофеодалист нийгэм бүрэлдсэн. 90 оноос хойш урьдын үйлдвэр, аж ахуйгаа бараг бүгдийг нь сөнөөсөн, байгалийн баялаг хятад голдуу гадаадынхны гарт орсон, эрх баригчид Бээжингийн заавраар л хөдөлдөг, нэг л таалагдахгүй зүйл гарвал Хятадын зүгээс эдийн засгийн контр арга хэмжээ авч улс ард түмнийг маань хүнд байдалд оруулан шийтгэж байдаг, эдийн засаг гэж юу ч байхгүй шахам, дампуурлын ирмэгт тулсан асар хүнд байдалд МУ ороод байна.

МУ-ын бид бас ҮЭЧХ өрнүүлж, та бүхэнтэй мөр зэрэгцэн тэмцэх шаардлагатай болсон. Манай иргэд өмнөд монголчуудаас бараг ялгагдах юмгүй нөхцөл байдалд орсон, зарим талаар илүү муу ч байгаа. Монгол улсад шинэ ардчилсан хувьсгал хэрэгтэй байна, ар монголчууд та бүхний ҮЭЧХ-үүдийн эвлэлдэн нэгдэж буйд бас нэмэгдэн нэгдэх хэрэгтэй. Ойлгож дэмжнэ гэдэгт найдаж байна” гэсэн санааг дэлгэрэнгүйгээр өгүүлэхэд төлөөлөгчид маш их гайхаж, янз бүрийн зүйл асууж байв. Дараагийн хүн үг хэлэх болсон тул аргагүй би индрээс холдлоо.

Чингээд би “маргааш Токиогоос Осака руу явна” гэж бодож байсан тул гарч, салах ёс болгон жаахан зугаалсан. Токио хотод өглөөнөөс хүчтэй салхитай хосолсон бороо орсон нь үргэлжилсээр, өдөр шиврээ бороо болж хувиран, үл зогсмуй. Тэр хойгуур төлөөлөгчид миний хэлсэн үгийг хачирхан ярилцаж, намайг хаачив ийчив, юм тодруулмаар байдаг гэж байсан юм билээ. Эргээд ирэхэд асуулт хариулт, чөлөөт ярилцлагын цаг эхэлсэн байв. Надаас тэд асуух юмаа асууж авсан. Би Монгол орны үнэн байдлыг орон орны ардчилагчдад таниулсандаа тун их баяртай байв. 

Монгол улсын төлөөлөгч Ч.Мөнхбаяр өөрийн улс дахи ардчиллын талаар ярив. 
  
ХӨГЖИЛ ХӨӨР, ХӨНГӨН ГУНИГ. Орой 6 цагт ӨМИХ-н хаалтын ёслол боллоо. Ороход олон төлөөлөгч дэмжигч хүн зон бужигнаж, танхимыг хэрэн татсан хэцнээс өмнөд монголчуудын далбаа, өлзий хээ, хийморийн хөлөг, охин тэнгэр бэлгэдлүүдтэй дарцгуудыг өлгөж, баярын уур амьсгал бүрэн цогцолжээ.

Зочид төлөөлөгчид дайчин үгсийг сэтгэл хөдлөн урсгаж, мэндчилгээ дэвшүүлнэ, уриална. Завсраар нь МУ-ын ардын урлагийн хамтлаг ая дуугаа толилуулна. Миний үг хэлэх ээлж ирэхэд, Японы улс төрчид цэх зогсоод, зандарч тушаагаад ч байгаа юм шиг сүрхий үг хэлдэг юм билээ, би жонгинож болохгүй ээ гээд л хэрээрээ л хашхирав. Арцаа маань ч цогтой орчуулан цуурай хадна. Тэгтэл зочид төлөөлөгчид ӨМИХ-н идэвхтэн нөхдийг ая барь гээд. Бид ч “Гаадаа мээрэн”-г хоолой мэдэн дуулж, өмнөд монголчууд танхим доргитол түрлээ.

Зарим өмнөд монгол хүн энэ ёслолд ихэд сэтгэл хөдөлж, Өмнөд Монгол эрх чөлөөгөө олсны ёслол мэт, тусгаар тогтносны баяр мэт санагдав гэж уяран хэлж байсан даа. Заримынх нь хоолой зангирч, заримынх нь нүдэнд нулимс цийлэгнэж байсан. Өмнөд монголчуудын ҮЭЧХ-ийг дэмжигч Танака Такеюки маань орос хэлэнд ус цас, тийм болохоор бид хоёр хуучилж гарна, надад орчуулж их тусалсаан. Тэмцэлт гуай та хоёр чинь ямар хэлээр яриад байнаа гэж гайхаж билээ. Нэг нь монгол, нөгөө нь япон акценттэй, бас. Дэмжигч Сатору Мизушима гэж манай Бат-Эрдэнэ аваргыг санагдуулам хүдэр бадар эртэй танилцав. Сакура ТВ-ийн захирал ажээ. Тошихиро Удака ирж, бид хоёр мөн ч баясгалантай байв. Мөнхийн рашаан хүртсэн аятай.

Монгол улсын тэр ардын урлагийн хамтлаг. Авьяас нь асгарсан залуус. Гайхалтай бүжигчин охин. Тоглолтын завсар тэдэнтэй би танилцсан. Ам ангайгаагүй байхад л та Монголоос ирсэн үү гэж байсан. Харангуут л мэдэгддэг юм байх даа. Өмнөд монголчуудыг дэмжигч япон хатагтай Саргай буюу Миязаки. Тэрвээр монгол хэл сурч байгаа бөгөөд, морин хуур хөгжмийг эзэмшсэн. Аялгуу эгшиглүүлэн, олныг баясгасан. Мөн дэмжигч, япон хатагтай Тэрүэ Ёкота. Тэрбээр энд хүмүүст тун идэвхтэй үйлчилж, маш эелдэг үг хэлэн бөхөлзөж ёсолж байсан тул би энэ рестораны үйлчлэгч юм болов уу гэж бодоод, “та энд ажилладаг уу” гэтэл “юу вэ, та намайг танихгүй байгаа юм уу, би хуралдайн ажилд оролцоод яваад байгаа шүү дээ” гэж бөөн инээдэм үүсгэж билээ. Тэгтэл иргэний нийгмийн нэр хүндтэй идэвхтэн, парламентын гишүүдтэй нягт хамтран ажилладаг мундаг бүсгүй юм билээ. Даруу төлөв гэж жигтэйхэн.

Бид бороо шивэрсэн шөнийн Токиогоор баяр хөөртэй, хөнгөн гунигтай зорчсоор буудалдаа ирж, штаб болгосон өрөөндөө тогтсон цагт цуглацгаав. Ажлын төлөвлөгөө, цаашдын нарийвчилсан зохион байгуулалтын тухай хэлэлцэх асуудлууд байгаа тул маргааш зарим идэвхтэн үргэлжлүүлэн хуралдахаар боллоо. Түүнд би багтсан тул, Токиод ахин нэг хонох болвой. Осакаг эс мэдэх тул сайхан Токиод би хоргодоод байсныг ч хэлэх үү. Жаргал маань өмнөд монголчуудын эрх чөлөөний үйл хэрэг бүтэх нь үү гээд шагай орхитол шууд дөрвөн бэрх бууж, бөөн баясал өдөөв. 

Өмнөд Монголын их хуралдайн сонгуультнууд хурсан олны ая дуу өргөх хүсэлтийн дагуу “Гаадаа мэйрэн”-г дууллаа. 

ХУРАЛДАЙН ХУРАЛДААН ӨНДӨРЛӨВ. 2017.11.12. Хэд хоногийн өмнө төлөөлөгч нөхөд цувран ирж, баяр бахдал тасрахгүй байсан бол энэ удаад тэд цувран явсаар, гунигтай салсаар. Тэмцэл шинэ шатанд гарлаа гэж омогшин бадарсан өмнөд монголчууд. Улс нийгэм нь бие даасан өөр бодлого, батлан хамгаалалт, цаг үе рүү шилжих төлөвтэй япончууд. Янз бүрийн эрс үйл явцад оролцоцгоочихсон, тэсрэнгүй эрч хүчтэй, хувьсгалаар цахилгаанжсан, харваас л тэр нь мэдрэгдэх хонконгчууд, тайваньчууд. Урам зориг түгээсэн түвд, уйгур, хятад, хотон, манж нөхөд. Бүгд эв санаа нэг.

Цөөн хэдэн нөхөд үлдэж, ажлаа шуурхай хэлэлцэв. Ингээд хуралдайн үйл ажиллагаа албан ёсоор дууслаа. Дараа нь хуралд хэрэглэсэн зүйлсийг цэгцэлж, хайрцагнуудад хийгээд ӨМИХ-н офис руу зөөх боллоо. Таксигаар Баттөр, Цэцгээ, Шинэбаяр бид офис руу явахад Сумида дүүрэгт дэлхийн хамгийн өндөр ТВ-ийн цамхаг болох Tokyo Skytree үзэгднэ. Мөн ч сүртэй харагддаг юм байна, хүн бүтээсэн түүнээс өндөр байгууламж гэвэл Дубайн “Бурж-Халифа” л байна даа. Офисдоо юмаа тавьчихаад бид хамаг ажил дууссаны тул намрын дулаахан өдөр дэнша галт тэргийн буудал руу санаа амар алхаж байхад аятай байлаа. Японд дэншагаар голдуу зорчих агаад буудлууд нь шаггүй зайтай, нэлээн алхна, хүмүүс нь ч алхалт ач тустай гэж үздэг бололтой юм билээ. Миний хувьд ч хөгжлийн оргилд хүрсэн энэ орны гудамжаар алхаж явах тун чиг таатай байдаг сан.

Тэгтэл Туркестаны тусгаар тогтнолын ойн хуралд уригдацгаав. Тэмцэгч Турмухаммет Хашим биднийг авахаар ирж, хоол зоогоор дайлаад, машиндаа урилаа. Шөнийн Токиог сонирхон харж явахад Японы парламентын ордон гэрэлтэн үзэгдэж, уржигдрын ёслол төгөлдөр хурлын дурсамж сэргэнэ. Танхимд ороход олон уйгур, япон нөхөд. Өмнөд монголчууд болон Монгол улсын төлөөлөгчид ирсэнд тэд тун олзуурхаж байлаа. Арга хэмжээ эхлэхэд Дорнод Түркестаны Хувьсгалт БНУ(ДТХБНУ)-ын сүлд дуулал эгшиглэж, бүгд босож хүндэтгэн сонслоо.

Уйгур, япон судлаачид илтгэл айлтгалаа тавьж байсан бөгөөд тоймловол:

-Өнөөдөр ДТХБНУ байгуулагдсаны 72 жилийн ойн өдөр. 1944 оны 11-р сарын 12-нд байгуулагдсан түүхтэй билээ.

Манж Дайчин улсын харьяанд байхдаа уйгур болон хөрш зэргэлдээ зовлон нэг ард түмнүүд 19-р зуунд олон удаа бослого өрнүүлж, 1860-1870 онд Еттишер буюу Долоон хотын улсаа байгуулж байсан. Удирдагч Якуб-бекийг Чин улс “Еттишерд их эрхийг олгоно” гэж хууран тайвшруулж байгаад, их хүчээр гэнэдүүлэн довтолж, шинэ тулгар улсыг мөхөөсөн.

1933 онд Исламын БН Дорнод Туркестан улсыг (ИБНДТУ) мөн Шинжааны уугуул ард түмнүүд Хожа Ниязын удирдлагын дор зэвсэгт тэмцэл өрнүүлж байгуулсан. Гэтэл Сталин өөрийн улсад нөлөө үзүүлэх вий гэж, бас Дундад улсад ая тал засаж, 1934 онд гоминданчуудад цэрэг зэвсгээр тусалж, хүч хавсран энэ улсыг дарсан.

10 жилийн дараа ахин Шинжаанд уугуул түмнүүд боссон. ЗХУ гоминданчуудад цохилт өгөхийн тулд тэднийг дэмжсэн. Өөрийн түшмэг улс болгох санаатай байсан байж мэднэ. Казахын Оспанд Монголын лидер Чойбалсангаар дамжуулж, 1000 винтов, 20 шүршүүр буу, сум өгсөн. ЗХУ Дундад улсын холбоотон байсан тул өөрөө шууд дэмжиж болохгүй байлаа.

1944 оны 9-р сард Шинжааны удирдлага солигдох үеэр хамгийн өргөн бослого өрнөж, Ахметжан Касымов журмын нөхдийн хамт толгойлсон. Уйгур, казах, татар, монгол, орос хүмүүс тэмцэлд санаа нэгтэй эрслэн боссон юм. Монголын морин дивизион эрэлхгээр тулалдсаныг хэлэхэд таатай байна. Тус оны энэ өдөр ДТХБНУ-ын тусгаар тогтнолыг тунхаглалаа.

Гэтэл Мао ялах төлөвтэй болж, ЗХУ туслахаа болив. БНХАУ байгуулагдаад, ДТХБНУ-ын удирдагчдад “манай холбооны улсад орвол байдал чинь одоо байгаагаасаа дээрднэ үү гэхээс, дордно гэж яавч байхгүй, уулзъя хэлэлцье” гэж урьж шалах болсон. Удирдагчид явахаар шийдэхэд зөвлөлт, хятадын хорлон сүйтгэгчид агаарын осол зохион байгуулж, бүгдийнх нь амь насыг хөнөөсөн. Үлдсэн байр суурь нь арай сул удирдагчид дагаар орохыг зөвшөөрсөн байдаг. Түүнээс хойш уйгурын ард түмний хэлмэгдсэн хохирсон, зовсон зүдэрсэн нь хэлж яриад баршгүй гэж ярьцгааж байлаа.

Энд Японы парламентын нэгэн гишүүн ирсэн агаад, Хятадад улс төрийн хоригдлуудтай хэрхэн харгис хэрцгий хандаж, эрхтнийг нь дээрэмдэж зардаг талаар маш нухацтайгаар их л удаан ярилаа. Яриануудыг Цэцгээ маань Баттөр бид хоёрт орчуулж өгч байв. Тэмцэлт гуай маань энэ арга хэмжээний эхэнд үгээ хэлсэн. Тэргүүний маань үнэн сэтгэлээсээ шударга дайчин өгүүлэх нь газар газрын хүмүүст их хүрдэг юм билээ.

Энэ ташрамд дараахи тохиол санаанд оров. Уйгурын нэгэн нэрт тэмцэгч “Танай Тэмцэлт гуай бахдам хүн. Хятадын ардчилал шинэчлэлд нөлөөлсөн гэдэг 1981 оны Өвөр Монголын оюутны бослогын нэг удирдагч байснаасаа хойш өдий хүртэл, бүх насаараа гагцхүү өмнөд монголчуудын эрх чөлөөний төлөө амьдралаа зориулж явна. Германд цагийн ажил хийхийнхээ зэрэгцээгээр шүү дээ. Тэмцэлд оролцоход саадгүй байхын тулд цагийн ажил хийдэг байна. Хураасан мөнгөө өмнөд монголчуудын тэмцэлд хандивлачихдаг. Монгол-Америкийн Соёлын холбооноос шагнал өгөхөд шууд л тэмцэлд хандивлачихсан гэж дуулсан. ӨМИХ-н энэ чуулганд өөрөө зардлаа дааж ирээд, бас хандив өргөсөн гэж дууллаа. Ийм тэмцэгч олон болоосой” гэж уйгуруудын хурал дээр үлгэрлэн дууриах жишээ болгон ярьж, Тэмцэлт гуай шиг байгтун гэж уйгуруудад уриалж байсан гэж нөхөд маань ярьж байсан юм. Цагийн ажил хийдэг гэж ярих үедээ хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэж байсан гэдэг. Үнэхээр бахдам хүн дээ. Лидер хүн хэрнээ маш даруухан, хэнд ч юугаар ч болтугай туслахыг хичээж явдаг нэгэн.

Ингээд бид буудал руугаа хүргүүлэв. Тэгтэл Тэмцэлт гуай хоолонд орох уу гэж байна. Түрүүн орчихсон биш үү гэхэд “маргааш өглөө салцгаах юм чинь хоолонд орцгоочихъё” гэж байна. Тэмцэлт гуай, Дайчин гуай, Баттөр бид дөрөв бичил “парти” хийж, дотно дулаан яриа өрнүүлж байгаад буудал руугаа эгвэй. 

Өмнөд Монголын их хуралдайн офисод. 
  
ОСАКАГИЙН БОДРОЛ, ЙОКОХАМА ХҮРЭХ ЗАМ. 2017.11.13. Энэ өдөр буудлын лоббид би шинкансэнээр Осака явах талаар Монголд байгаа дүүгээсээ утсаар зөвлөгөө авч яриад дуустал, Тэмцэлт гуай “чи юу яриад байна вэ” гэв. Учрыг хэлбэл, “Дайчин бид хоёр чамайг суулгаад өгье” гэв. “Яах вэ би өөрөө явчихъя” гэхэд “бид чинь бие биедээ тусалж чадахгүй бол юун өмнөд монголчуудад туслах вэ, тэгж ярихгүй шүү” гээд чемоданаа чирэн хурдан хурдан алхлав. Дайчин ха ч хүнд чемоданыг минь шүүрэн чирэв. Уг нь тэр хоёр таксигаар нэг арга хэмжээнд тавтай тухтай очих гэж байсан юм шүү дээ.

Арайхийн Тэмцэлт гуайн явдлыг гүйцэх аж. Надтай адил бичин жилтэй, 60 настай хүн хэрнээ надаас хөнгөн шингэн. Ер нь Тэмцэлт ахаас “тэмцэгч хүн гэдэг аргагүй л өөр байдаг ажээ” гэх жишээ ямагт мэдрэгдэн, үлгэр дууриал үзүүлдэг байлаа.

Үүний дараа би Осакад бууж, Монгол улсын иргэд болох Ууганбаяр, Эрдэнэцэцэг дүү нарынд зочилж, Экспо-70-д зориулан байгуулсан Банпаку цогцолбор, угсаатны зүйн Минпаку музей, түм түжигнэсэн Намба гудамж, Японы хамгийн өндөр 69 давхар Харукас цамхаг, 16-р зуунд баригдсан самуурайн цайз, Нишиномару цэцэрлэг гээд олон сайхан газруудаар явж алжаал тайлж, сэтгэлийг цэнгүүлэв. Бас өнгөрсөн өдрүүдэд “бөмбөгдсөн” мэдээллүүдийг эргэцүүлэн тунгааж явлаа.

Бодоод байхнээ, бүс нутгийн геополитик Монголд ашигтайгаар эргэх гээд байх шиг. Гэтэл манай эрх баригчид Хятадаас улам хараат болох гэж улайран тэмүүлэх нь гайхалтай юм.

Японы парламентчид өмнөд монголчуудын ҮЭЧХ-ийг дэмжиж үг хэлэхдээ, Японы болон дэлхийн улс төрийн байдалтай холбож ярьж билээ. Өөр арга хэмжээнүүд дээр бусад парламентын гишүүдийн үгийг бас сонсож, заримтай нь санал бодлоо солилцож байв. Зөвхөн парламентын гишүүд ч бус, янз бүрийн улс төрчид, иргэний хөдөлгөөнийхөнтэй тохиолдож, ярилцах юм уу, яриаг нь сонсож байсан.

Тэгэхэд зарим санаанууд анхаарал татаж байв. Тэднийг нэгтгэн хэлэхийг оролдъё.

“Япон 90-ээд оноос эдийн засгийн зогсонги байдалд орж, нийгмийн асар хүнд асуудлууд үүссэн. Энэ зогсонги байдал нь АНУ Хятадыг ихэд дэмжин, мөн БНСУ бас тэгж ажилласантай нэлээн холбоотой. АНУ хамгийн чухал холбоотны нэг Японыгоо хүнд байдалд оруулсан. Манайхаас АНУ 1,1 триллион доллар зээлчихсэн байгаа.

Өнөөдөр Хятад АНУ-ын дэмжлэгээр хүчирхэгжчихээд Америкийн өр лүү өшиглөж байна. АНУ дандаа ийм байдалд орж байдаг. Анд нөхдөө асуудалд оруулж, дайсагнаж байгаа улсуудыг дэмжээд өөрөө хохирдог. Дэмжсэн Хятад нь дагуул улс БНАСАУ-тайгаа нийлээд Японы эсрэг дайн өдөөнө гэж заналхийлдэг болсон, газар нутагт маань өнгөлзөж, булаалдаж байгаа. Бидэнд маш их батлан хамгаалах потенциал, шаардлагатай бол цөмийн бамбай ч хэрэг болж болзошгүй. Гэтэл цөмийн гурван хорионоос болж, бид цөмийн зэвсэгтэй болох, үйлдэх, нутагтаа оруулах эрхгүй. Энэ нь дайсагнан хандагч улсуудыг оодруулж байна.

АНУ бусад улсад цэргийн баазаа байгуулаад, тэдэнд төлбөр төлдөг бол, манайхаас өндөр төлбөр нэхдэг. Зардлын 76%-ийг бид төлдөг. Тэр төлбөрөө нэмэгдүүл гэж байнга шаардаж, өсгөж ирсэн, Трамп бол бүр ч тэгэх хүн. Тэр хүн Японд тийм ч таатай бусаар хандаж ирсэн. Бид та нарыг батлан хамгаалж байна гэдэг. Өөрсдийгөө батлан хамгаалах эрхийг маань хязгаарлачихсан. Адилхан л их гүрнүүд хоорондоо байлдчихаад, ялагдсан гүрний эрхийг ингэж олон жилээр хязгаарлаж хохироож болохгүй юм. Ингэж ялагдсан гүрнийг хязгаарласнаас болж Дэлхийн 2-р дайн гарч байсан.

Тэр цагаас хойш нөхцөл байдал маш их өөрчлөгдөж байна. Одоо БНХАУ хүнд хямралд орсон тул, АНУ ОХУ-ыг дэмжих замдаа орж болзошгүй. Бид яах вэ? Олон жил АНУ-ын үгээр явлаа. Одоо өөрсдийгөө мэдэх цаг болсон бус уу? АНУ ОХУ-тай харилцаагаа сайжруулах бол бид өрсөөд сайжруулах ёстой. АНУ-д найдалтгүй боллоо. Бараг бие даагаад өөрийгөө бүрэн батлан хамгаалчих хэмжээний мөнгийг АНУ-д өгөх болох нь. Ашгийн нүдээр АНУ хараад байх шиг. Үүнийг болих цаг болоогүй гэж үү? Бид АНУ-ын нөлөөг хэт дагахаа больж, эрх тэгш харилцааг санал болгож, ОХУ-тай стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал. Ингэж Японд эрс шинэчлэлтийг хийхгүй бол Японы уруудал доройтол хэзээ ч зогсохгүй шинжтэй”.

Ийм санаануудыг Японы улс төрчид, зүтгэлтнүүд, хөдөлгөөнийхөн ярьж байсан. Тэд хий хоосон авиа гаргадаггүй улс. Хятадад хэт итгэн найдаж, хамтран ажиллабал хэрхэн бугуй барьдгийг Путин мэдсэн тул нийгэм-эдийн засгийн хямралаа гэтлэхийн тулд олон улсын эрх тэгш тэнцвэрт харилцааг үгүйлэх болсон. АНУ болон Японтой харилцаагаа сайжруулах арга замыг эрэлхийлж ирсэн. Украины хэрэг явдал, гадаадын хоригийн үеэр Хятад харин бэрхшээл дээр нь дөрөөлж, төвийг сахина гэж мэдэгдэж, олон жил урьдчилсан төлбөрөөр хий нийлүүлэх алдагдалтай гэрээ зэргийг Оросод тулган Путиний нэр хүндийг унагаж, олон жилээр их хэмжээний газар нутгийг нь түрээслэж, АНУ-тай маш ойр холбоотны түвшинд цэргийн гэрээ байгуулж байсан.

Япон бие даасан байдал руу эрч хүчтэй тэмүүлж байна. Бүс нутгийн геополитикийн байдал Монголд таатайгаар өөрчлөгдөж, олон туйлт тэнхлэгт чанар нь нэмэгдэж байгаа. Харин манай эрх баригчид улам Хятадын атганд лав орохыг идэвхийлэн зүтгэж, Хятад эдийн засгийн гүн хямрал уналтад ороод чадавхигүй болсон байхад ззэл тусламж гуйж сөгдөөд, хэлсэн үг бүрийг нь биелүүлж, түүндээ тааруулж хуулиудаа хүртэл яаран засах гээд байгаа нь хачирхалтай.

Фэйсбүкэд би халимаг монгол, Оросын армийн дээд командлагч Лавр Корнилов л Октябрийн хувьсгалыг урьдчилан таслан зогсоож чадах байсан, тодорхой төлөвлөгөө, ард түмний асар их хүндлэл түүнд байсан, хэрэв ЕС Керенский хулчиганаж, улмаар Октябрийн хувьсгал гараагүй бол дэлхийн 2-р дайн гарахгүй, Монгол Японы нөлөөн дор хөгжин дэвжсэн нэгдмэл, хүчирхэг улс байх байлаа гэж бичсэн.

Оросын армийн дээд командлагч, генерал, халимаг монгол Лавр Корнилов Октябрийн эргэлтийг зогсоож чадах ганц хүн байсан нь үнэн. Корнилов Зүүн радикалууд буюу большевикуудын харийн явуулгаар өдөөх гэж байгаа үймээн самуунаас сэргийлэх хамгаалахын тулд Цэргийн байдал тогтоож, цэргийн хүчээр асуудлыг шийдэх төлөвлөгөө боловсруулсныг ЕС Керенский дэмжсэн ч, удалгүй жүжигчин, дүр эсгэгч гэж шүүмжлэгддэг тэрбээр большевикуудын хов живэнд автаж, “Корнилов намайг алах гэж байна, төрийн эрхийг булаах гэж байна” гэж хийрхэн, эрхэм генералыг үймээн самуун дэгдээгч гэж зарласан байдаг. Ингээд төлөвлөгөө хэрэгжээгүй.

Төдөлгүй, Германтай хуйвалдсан гэж хардагддаг Ленин нарын зохион байгуулсан төрийн эргэлт гарсан. Хамгийн эхний алхам болгож, Ленин Германд бууж өгөх гэрээ байгуулж, их хэмжээний нутаг, хүн амаа бэлэглэж, дааж давшгүй их дайны төлбөр өгөх болсон. Харин генерал Корнилов Цагаан хөдөлгөөнийг үндэслэж, толгойлох болсон. Эмгэнэлтэй нь их бууны сум штаб дээр нь тусч амь эрсэдсэн.

Лениний хамсаатан большевикууд ард иргэдээ сая саяар нь өлбөрч үхүүлэн байж, хожим ч Германы төлөө ажиллаж, ажилчны национал-социалист дэглэмтэй Рейхийг байгуулалцсан. Ингээд дэлхийн 2-р дайн гарсан. Хэрэв Октябрийн хувьсгал гараагүй бол Монгол Японы нөлөөний хүрээнд орж, өндөр хөгжилтэй улс байж болох байсан. ОХУ, Хятад ардчилсан, хөгжингүй, энхийг эрхэмлэгч улсууд болох ч магадлал байлаа. Тэр бүхэн Керенскийн аймхай зангаас болж нурсан гэж бодоод үзвэл их л сонин. Түүхэнд хэрвээ гэж байдаг бөгөөд, хэрвээ гэж ярьж байж, сургамж авч, ухаардаг.

Япон нь, ЗХУ шиг олон удаа “Монгол бол Хятадын хэсэг мөн” гэж мэдэгдэж, гэрээ байгуулж, манай эх орончдын аргалж чаргалж, нарийн ухаан гаргасны хүчинд л арай манайхыг өмнөд хөршид нэгтгэчихэлгүй тогтох байсан гүрэн биш. Харин Япон “Нармай Монгол улсыг байгуулна” гэж тодхон хэлж, зүйл бүрээр тусалж, Нармай Монголын цэрэг гаминг хөөж байлаа. Үүнд монгол эх орончид ихээр дэмжин оролцсон.

Лувсанцэвээн тэргүүний удирдсан ар монгол, Жамбалоны удирдсан буриад, Баяр гүний удирдсан өмнөд монгол цэргүүд Нармай Монголын цэргийн ихэнхийг бүрдүүлж байлаа. Барон Унгерн казак цэргүүдтэйгээ бас хамтарч, ерөнхий командлагч байсан. Гэхдээ тэр Нармай Монголын дэслэгч генералын дээл формтой тулалдаж, амьсгаа тасартлаа өмсөж явсан билээ.

Хэрэв ЕС Керенский байр суурин дээрээ хэвээр зогсож, Корнилов большевикуудын эсрэг урьдчилан сэргийлэх цэргийн ажиллагаа явуулж, Октябрийн хувьсгал гараагүй бол юу болох байв. Япон Манж Чин улсаас Солонгос, Тайванийг салгаж хөгжүүлсэн. Сөрөг зүйл байсан ч хөгжил бас байсан. Тэгвэл өмнөд монголчуудын хувьд япончууд сөрөг зүйл хийсэн гэж нэг их сонсож байгаагүй. Өмнөд монголчуудын ҮЭЧХ-д Япон тусалж, янз бүрийн засаглалыг нь ивээн тэтгэж байсан.

ЗХУ Рейхийг бойжуулаагүй бол дэлхийн дайн гарахгүй, Япон Нармай Монголыг хөгжүүлж, магадгүй нэг хэсэг ЗХУ шиг дагуул улсаа болголоо ч, хожим Япон илүү ардчилагдаж, Нармай Монгол жинхэнэ тусгаар тогтнолоо олж болох байсан. Тэгэхдээ өдийд ямар улс байх байв?

Энэ мэтчилэн болох болохгүй элдэв бодол Осакагийн өдрүүдэд толгойд орж ирдэг байлаа. Чөлөөтэй эргэцүүлэн бодлоо гээд болохгүй нь ч юу байхав дээ.

Гэтэл 15-ны орой Осака дахи өмнөд монгол нөхөд Далай ламтан ӨМИХ-нхантай уулзна гэсэн, маргааш хамт явцгаая гэсэн билээ. 16-нд заасан газар очвол ӨМИХ-н дэд дарга Өргөн хүлээж байв. Арцаа, Тошиюки Учида, Эврэлт, Өлзийдэлгэр гээд нөхөд цувран ирэх нь баяслыг төрүүлнэ. Хол замд гарна гэж хангалттай хооллож ундлаад хөдөлцгөөлөө. Тошиюки үлдсэнд харамсав. Бид хоёр их л яриа нийлдэг сэн. Гэвч бусад нөхөд хөгжил хөөртэйгээр умрыг зорьцгоолоо. Гифү хотоор дайрч Шинэбаярыг авлаа. Нагоягаас Дайчин ахыг авах гэтэл “та хэд зай муутай яваа болохоор би тусдаа яваад очъё” гэсэн. Эврэлт ламтан “би ном тарниа уншиж, та нарын ярианд төдийлөн оролцохгүй тул ачаан дунд ороод суучихъ”я гэв. Мөн ч даруу төлөвхөн хүн дээ. “Лам багшийгаа ачаа болгоод бид их нүгэл үйлдэж байна даа” гэлцэв. Хөгжилтэй зүйл ярьцгаахад маань ачаан дундаас Эврэлт хуврагийн инээд дуулдах аж.

Шөнийн зам хөвөрсөөр, хот балгадын гэрэлт үзэмж жирэлзсээр. Өлзийдэлгэр, Арцаа хоёр ээлжлэн жолоо барьж явав. Нөхдийн найртай дулаан яриа, машины жигдхэн хүнгэнээ, зөөлөн доргионд бүүвэйлэгдэн үе үе зүүрмэглэнэ. “Токио” гэсэн бичиг үзэгдэхэд сэтгэлд дотно болсон Токиод очих нь дээ гэж баясна. “Далай лам тийм буудалд буусан гэнэ, тэгж ингэж очно” гэж байхыг дуулаад, “Митакайкан” буудалд байсан шиг олуулаа, бүр Далай ламтай хамт бужигнах нь” гэж хөөрөв.

Их хот руу орж явсаар нэгэн япон спа-гийн гадна зогсоцгоов. Усанд орж, янз бүрийн рашаанд булхлаа. Дараа нь гэгээтэй төдий нийтийн танхимд олон зэрэгцээ намхан тавцан буйн нэгэн дээр хэвтэнгүүт “боловсон эрүүлжүүлэх шиг хэлбэр дүрстэй газар уу” гэж хошигнон бодож амжингуут нам унтвай. 

Дээрхийн гэгээнтэн Далай ламтай Өмнөд Монголын их хуралдайн төлөөлөгчид ба дэмжигчид уулзлаа. 

ДАЛАЙ ЛАМТАЙ УУЛЗСАН ДАЛАЙ ИХ БАЯР. 2017.11.17. Өглөө босоод Йокохама хотод ирснээ мэдээд мэл гайхаж, цэл хөхрөв. ” Токиод ирлээ” гэж ойлгоод байсан хэрэг. Очиж байгаагүй хотыг сонирхон харна. Японы ямар ч хот Токиогоос дутахгүй л сайхан юм. Том жижиг, төвийн захын гэх ялгаа үгүй. Минато Мирай 21 буюу 21-р зуун өөд хөтөлсөн далайн үүд гэх утгатай хамгийн гоё хэсэгт нь бууцгаалаа.

Inter Continental Yokohama Grand хэмээх хааны ордон мэт буудалд Далай ламтан байгаа ажээ. Нээрэн ч юу гэж л бидэн шиг спа-д шалдан нүцгэн гүйж, шалнаас өндөргүй тавцанд тэрийх билээ дээ. Ядаж л дэлхийн хамгийн мундаг хамгаалалт хэрэгтэй. Хүлээх зуур Минато Мирайгаар зугааллаа. Буудлаас баруун талд их далай цэлэлзнэ. Зүүн урагшаа Ландмарк хэмээх Япондоо 3-рт орох өндөр, 73 давхар сүрлэг цамхаг үзэгднэ. Ландмаркийн өмнө “Ниппон Мару” гэх том дарвуулт хөлөг байх бөгөөд дотор нь музей байрлана. Буудлаас чанх өмнөш гүүрээр гарахад л Cosmo World парк дахи 1999 онд л дэлхийн хамгийн өндөр гэх рекордоо алдсан Cosmo Clock 21 гэх 112 м өндөр алсыг харагч сүндэрлэнэ...

Бидний уулзах цаг болж, газр газрын янз бүрийн дүр төрхтэй сүсэгтнүүдийн дундуур гарцгаалаа. Орох газрын ойролцоо олон түвд хүн сөгдөн сууцгаасан нь сонихон харагдна. Чингээд танхимд орон, амилуулах зүйлсээ ширээн дээр өрж тавьцгаагаад хүлээж байтал гадаа их чимээ гарч, удалгүй хаалга нээгдэн Дээрхийн гэгээнтэн ирлээ. Үнэхээр сайхан илч энерги сацруулсан хүн юм аа. Даруу төлөв гэгээнтнийг үзэхэд л аян замын ядрал ор мөргүй болов. Нойр хүрээд байсан юм л даа.

Монголчуудын яриаг эхлээд тэрбээр сонсов. Дараа нь Далай лам: “Хятад улсад янз бүрийн соёл, шашин, түүх, харилцаатай ард түмнүүд оршиж байна. Энэ ард түмнүүдийн эрх их зөрчигддөг. Түвдүүд гэхэд хэл, соёл, шашин, боловсрол, байгаль зэрэгтэй холбоотой асуудлаа өөрсдөө шийдвэрлэх засгийн эрх мэдэлтэй байсан нөхцөлд ард түмнийхээ хувьд оршиж чадна. Гэтэл түвдүүдийг нутагт нь цөөнхи болгох ажил явагдаж байна. Тунхагласан үндэсний бодлогоо Хятад хэрэгжүүлдэг бол байдал өөр байх байсан. Гэтэл үгүй. Зовлон бэрхшээл нь Түвд дэхи болон Түвдээс гадуурхи түвдүүдийг улам ойлголцуулан ойртуулж байна. Зовлон нэгтэй тул Хятад дахи түвд, монгол, уйгур зэрэг ард түмнүүд мөн ойлголцон ойртож, хамтдаа асуудлаа шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлтаа нийлүүлбээс сайн” гэх зэргээр ярьж билээ.

Үүний дараа мөн харилцан ярилцав. Өчигдөр би Осакад Эврэлт ламтантай хуучилж байхдаа, Хятад улс Монголын шашны хэрэгт нөлөөлж оролцож байгаа, Монголын олонхи том толгой лам нар ХКНамын тодруулсан хуурамч Банчин Эрдэнийг дагах болсон, Шүгдэн шүтээн Монголд их дэлгэрч байгаа талаар санаа зовнин ярьсан юм. Тэгэхэд өмнөд монгол ламтан ихэд сонирхож, “Та маргааш Дээрхийн гэгээнтнээс наад гурван асуудлаа заавал асуугаарай, нэн чухал юм шүү. Би хэлчихнэ” гэж билээ. Маргааш нь би бодлоо өөрчилж, “өмнөд монгол ахан дүүстэй ам булаалдаж, Монгол улсын явдлыг яриад яахав дээ” гэж шийдсэн. Над руу өмнөд монгол ламтан асуу гэж дохиж зангаад байсан бөгөөд, өдгөө тэр асуултуудыг тавиагүйдээ их харамсдаг. Асуусан бол өдийд “Далай лам ингэж хэлсээн”гээд мад тавьж суухгүй юу. Йокохамагаас Далай лам Улаанбаатар луу нисэж, Монгол оронд 2011 оны 9-р сард заларснаасаа хойш 8 жилийн дараа айлчлахад цагийн байдал их л өөрчлөгдсөн байсан агаад Хятадын талыг баримтлагч зүсэн зүйлийн этгээд ил далдуур улайран дайрч, би тэдэнтэй фэйсбүкээр их маргахад хүрсэн л дээ. Далай лам 8 дахи айлчлалаараа, ХКН-д бүрэн уусах дөхсөн манай шашныг аварч, ХКН-ын тодруулсан хуурамч Банчин богд тодруулчих гээд байсан Х Богдыг тодруулаад явснаар тусгаар тогтнолыг маань ч хамгаалсан...

Уулзалт өндөрлөхөд Өмнөд Монголын ҮЭЧХ-ийг дэмжигч бид Далай багштайгаа сүүдэр татуулан, гэрэл гийлгэв ээ! Далай багшаас адислал хүртэж, бүгд их л аз жаргалтай.

Тэмцэлт Шовцууд гуай:

-Энэ эв нэгдлийн хуралдай нь 25 жил бодож мөрөөдөж явсан зүйл минь юм. Үүнтэй Далай ламын айлчлал давхцаж, тэрбээр бидэнтэй уулзан сургаалиа хайрлаж, адислал ерөөлөө өгч, санал бодлоо солилцсон нь давхар давхар баяр юм. Далай ламтай анх уулзсанаас хойш хорь гаруй жил өнгөрч байна. Дээрхийн гэгээнтэн “Түвдүүд монголчууд бол жаргал зовлон нэгтэй ахан дүүс гэдэг нь юутай үнэн билээ” гэсэн. Бид байдлаа танилцуулж, зөвлөгөө хүсэхэд тэрбээр, “Хэл, соёл, шашин гурваа хайрлан хамгаалж чадвал үндэстнээ хамгаалан оршин тогтнуулж чадна” гэж онцлоод бусад үнэт зөвлөгөөг өгсөн” гэж сэтгүүлчид ярьсан.

Queen's square төвийн нэг япон хоолны газар үдийн зоог барьж, салж ядан байцгаасныхаа дараа бид эгэл амьдралын асуудал руугаа гулсан орцгоов. Миний бие яаж Токио орох вэ, хаана хоноглох вэ, хэрхэн Нарита хүрэх вэ гэсэн асуултуудаар нөхдийг бөмбөгдөн байтал...

...нарлаг бүлээн тэр өглөөний чимэг болсон үзэмжит охин “Та тэгвэл манайд хонож болно шүү дээ” гэв ээ. Үр хүүхэд минь байж болох насны, анх л энэ удаа харсан, танихгүй тэрхэн бүсгүй Монгол улсаас ирсэн ажээ. Чингээд нэг цүнхийг минь үүрч, нэг чемоданыг минь чирэн алхахад би дуулгавартай даган гэлдэрвэй. Йокохамагаас Токио хүртэл чамгүй хол, дүү бүсгүйтэй даян дэлхийн нэлээн асуудлыг дэнша хэмнэлээр ярилцаж амжлаа.

Гэрт нь очиж сүмо үзэх зуур хууч хөөрөн, замбуулингийн үлдсэн асуудлуудыг хөндөж барлаа. Гараа гарган хийсэн амтат хуургыг зооглолоо. Ачаа бараагаа тавтай тухтай янзаллаа. Бүсгүй “та өөрийн гэртээ байгаа юм шиг л байгаарай” гэх нь саяхан яах ийх нь огтхон ч тодорхойгүй, албадан гаргагдаж ч мэдэхээр байсан надад сонсголонтой гэж. Хорин хэдхэн л настай болохоор гэнэн цайлган хүүхэд мэт зөөлөн гэрэлтэй ажээ. Аав юм уу, ахыгаа халамжлах мэт хүндлэх нь уяраахуйн дээд ээ.

Шөнийн ээлжийн ажилтай гэлээ. Маргааш би яаж Нарита орох билээ гэж санаа зовлоо. Харин бүсгүй хэвлүүхнээр "та чаднаа, өөртөө л итгэлгүй байна даа" гэж үгүүлэв.

Чингээд намайг дагуулан явж, Комагоме буудлаас яаж Ниппори буудалд хүрэх, тэндээсээ хэрхэн Наритад очихыг дээд зэргийн ойлгомжтойгоор, туршлагатай сурган хүмүүжүүлэгчийн адилаар зааж бичиж өгөхөд сэтгэл цэлмэв. 100% ойлгомжтой! Beautiful Mind кинонд эрдэмтэн Нэшийн онгод орж буй мэт л хэрэгтэй бүхэн минь түм түжигнээн, бум бужигнаан дундаас тодрон гялалзвай. Одоо бол би Японд хаанаас ч хаашаа зорчиж чадах мэт. Гол дүрмүүдийг ойлгочихсон юм чинь. Танхил хөөрхөн дүү намайг практик хийлгэн дасгалжуулж, буцаан Комагоме станцид хүргэж өгөөд, ажилдаа явахдаа баахан захиас хэлж сануулж, түлхүүрээ өгөөд “Та сайхан амарч хоноод, маргааш өглөө хаалгаа түгжээд, түлхүүрээ нөгөө газар орхичихоод яваарай” гэвэй.

Комагомэ буудлын дэргэдхи нарийн гудамжаар цээж дүүрэн амьсгалж, сэтгэл өндөр алхлан буцвай.

Маргааш нь дэншанд суухын оронд будилж Скайлайнерт сууж орхисон ч, ажиггүй Нарита орж, онгоц руу гарах хаалгандаа хүрэв. Далай ламтан бидэнтэй хамт Монгол руу явна аа!

Буцах замдаа би алимад сайхан энерги, сэтгэгдлээр халгиж цалгин явлаа. Монголчууд аа, бид нэг үндэстэн, бид ахан дүүс шүү!

Ч.Мөнхбаяр

2017.11.16.

Comments