Муур багшийн үлгэр гэж байдаг

Муур багшийн үлгэр гэж байдаг. Тэр үлгэрт муур багш болж хулганад хичээл заах нэрээр өдөр болгон нэг хулганыг нууцаар барьж ирдэг байжээ. Муураар хичээл заалгах болгон хулганууд цөөрсөөр байсан тухай тус үлгэрт гардаг. Монголын тагнуулд чихдүүлсэн хэдэн үндсэрхэг үзэлтэн мань таг дугуй болов. Нэг нь “би Монголоос явлаа, гадаад улсаас улс төрийн орогнол хүснэ” гэсэн бол нөгөө нь “бие муудлаа, тайван баймаар байна”гээд таг чиг, бас нэг нь “тагнуулд чихдүүллээ” гээд мөрөө хөөв бололтой. Гэтэл энэ хооронд муур багш Тулгуур, Далайбаатар гэсэн хоёр залуу хулганыг барж идлээ. Тэр хоёрыг Монголын хууль сахиулах байгуулаг “та нар зүгээр” гэж тайвшруулан хуурч байсаар хэд хоногийн дараа “бичиг баримтаа ирж ав” гэж мэхлэн ирүүлж гэнэдүүлэн баривчилж коммунист дэглэмтэй Хятадад улсад хүлээлгэж өгсөн юм. Мэдээж Манжийн үе шиг есөн эрүү тулгахгүй ч гэсэн бие махбод, санаа сэтгэлээр нь маш их тарчилгаан зовоож, улс төрийн зохиомол хэрэг тулган гяндан шоронд олон жил хорьж цагдах нь гарцаагүй биз. Энэ мэт Монголд байгаа халхчууд нь тагнуулдаа чихдүүлж, өвөрлөгчид нь Хятадын шоронд ачигдаж байгаа бол гадаадын ардчилсан оронд аж төрж байгаа монгол цустнууд нь Рэнчины Чойномын шүлгээс иш татаж, хэл амаа үдэж дугуй суухыг уриалан ниргэсэн хойно нь хашхирахаар бэлдэж байгаа бололтой. Бүгд л учир мэддэг, ухаантай хүний дүр эсгэнэ. Гэвч мэргэн хэтэрвэл тэнэг болно гэдгийг мартаж эс болно. Номхон хүнийг ноолоход амархан гэсэн үг буй шүү дээ. Бид дугуй сууж болохгүй. Муур багшийн үлгэр үргэлжилсээр... Норовцэрэнгын Алхаа одоо хаа байна? Төвшинзаяа Монгол эх орноо орхиж харь газар зугтаж амжив. Монгол улсад оршин амьдардаг бусад олон өвөрлөгч нарын аюулгүй байдал, оршин амьдрах эрх баталгаатай уу. Одоо болж байгаа үйл явдлаас ажиглахад Монгол улсад амьдардаг өвөрлөгчдийн эсрэг төрийн машин ажиллаж, хоморголон баривчилж коммунист Хятадад хүлээлгэн өгөх компанит ажил өрнөж байгаа юм биш үү гэж бодогдуулахаар байна. Захиалагч нь коммунист Хятад, гүйцэтгэгч нь ардчилсан Монгол, хохирогч нь элэг нэгтнээ бараадаж ирсэн өвөрлөгчид аж.


Comments