ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ БАЙГУУЛАГДСАНЫГ ДУРСАХУЙ

Хоёрдугаар хэсэг. Ёслолын хурлаа Японы парламентад хийв

2016.11.8. Өмнөд Монголын их хуралдай (ӨМИХ)байгуулагдаж байгаа явдалд японы улс төрчид өндөр ач холбогдол өгч дэмжиж байсан билээ. Тиймээс ӨМИХ байгуулагдсаны ёслолын гэж хэлж болох, олон улсын чанартай, 2 дахи өдрийн, эхний өдрийнхөөс хэд дахин олон хүн оролцсон том хуралдааныг Японы парламентын нэгэн танхимд хийхийг урьж, дараа нь төлөөлөгчдийг Японы парламентын төв байраар зочлуулсан юм.

Янз бүрийн улс үндэстний хэдэн арван хүн хүн хэлхэлдэн шуугиж, Jonathan’s гэх фастфүдэд бараг чуулах дөхөн өдрийн хоол идсэнээ мөн бужигнасаар гудамж таглаж бөглөж, метроны хонгил руу орж явчихав. Бидэнд нэгмөсөн дунд нь төлбөр хийгээд зорчуулсан хийгээд, дахин дахин л эгнэн зогсож тоолуулах хэрэг гарч байсан нь юутай хөгжилтэй билээ. Зөрчил гаргасан улс шиг саатуулагдан эгнэсэн хэрнээ бүгд баясалтай, монгол, тайвань, хонконг, түвд, уйгур, япон, хятад хүмүүс холилдоод зогсчихсон, баахан “эсэргүүнүүд”. Өлзийдэлгэр урд, Шинэбаяр ард сайтар хянамжлан зохицуулж яваагүй бол ч...

Японы парламентын ордны баруун талд парламентын гурван барилга буйн хойд талын Members’ Office Building of the House of the Councillors буюу Японы Зөвлөх танхимын гишүүдийн офисийн байр гэсэн хаягтай барилга руу орж явчихав. Зөвлөх танхим буюу Sangiin нь Японы парламентын дээд танхим болой.

Ёслолын хуралд олон зочид төлөөлөгчид оролцлоо.

Өмнөд монголчуудын ҮЭЧХ-ийг дэмжигч, 2010 онд танилцсан Тоно-ока гуайтай таарав. 2010 онд Улаанбаатар хотноо өмнөд монголчуудын Эрх чөлөө, холбооны намын хурал болж, Улаанбаатарын тунхгаа гаргасан. Тэгэхэд Монголд байсан Рубингэрэл, Намина, Оюундалай, Японоос ирсэн Жаргал, Арцаа, Өлзийдэлгэр, мөн Японоос ирсэн Chinese Minorities & Democratization буюу “Хятадын цөөнхи ба ардчилагдалт” ТББ-ын тэргүүн Тэрүо Тоно-Ока, ажилтан Нагико Сато, Ёта Сато нар ирж, монголын үндэсний үзэлтнүүдтэй уулзаж, халуун дотноор ихийг хүүрнэн дотноссон нь Монгол улсад өмнөд монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг (ҮЭЧХ) дэмжих явдал 90-ээд оноос хойш бараг тасраад байсныг сэргээсэн үйл явдал болж байсан билээ. Мөн өмнөд монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг (ҮЭЧХ) дэмжигч дайчин бөгөөд эелдэг бүсгүй Чизуко Накасотой танилцав. Цэцгээ маань энэхэн биедээ ахдам ачаалал үүрч, хаана л бол хаана ажил амжуулан гүйж, эрч хүч нь эс барагдна.

Хуралдааныг Арцаа маань монгол, япон, хятад хэл ашиглан хөтөлж, орчуулж, Фумиэ Фурукава японоор хөтөлж байлаа.

Өмнөд монголчуудын өмөг түшиг болсон Японы парламентын гишүүн Хироши Мияке агсан.

Японы парламентын дээд танхимд Японы хамгийн том нам болох Либерал ардчилсан нам буюу Жиюминшүто хамгийн олон суудалтай. Энэ удаад “Японы зүрх сэтгэл” нам буюу Ниппон но Кокоро-той эвсэл болж сонгуульд оролцжээ. Японы парламентын дээд танхимын гишүүн Хироши Мияке, Такаши Нагао Хироши Ямада Өмнөд Монголын ҮЭЧХ-ийг дэмжин, ӨМИХ байгуулагдсанд баяр хүргэн үгээ хэллээ.
ӨМИХ-н тэргүүн Шобцууд Тэмцэлт:

-Чингис хааны үед ардчилал байсан. Өнөөдөр монголчууд бид ардчиллаар асуудлаа шийдвэрлэх ёстой. Шотланд адилаар уугуул өмнөд монголчууд саналаа өгч хувь заяагаа өөрсдөө шийдвэрлэж, эзэн мэдэх эрхтэй болох ёстой. Маогийн үед өмнөд монголчуудыг хэлмэгдүүлж хядаж, Дэнгийн үед нөөц баялгийг цөлмөн дарлаж байсан бол Шигийн үед малчдыг амьдрах аргагүй болгож, таван хошуу малынх нь оронд гахай үржүүлэх “Гахай түрэмгийллийг” хийж байна. Үүний эсрэг өмнөд монголчууд бид эв нэгдэлтэй тэмцэх ёстой. Тиймээс ӨМИХ-д нэгдлээ. Хуваа, захир гэж түрэмгийлэгч боолчлогчдын эртний үг байдаг. Түүнд бид яасан ч автаж болохгүй гэж хэллээ.

Далай ламын ойрын хамаатан, Түвдийн парламентын гишүүн Хэдрүб Тондуп, Түвдийн парламентын гишүүн, доктор, профессор Пэма Гялпо, Тайваний ҮЭЧХ-ий зүтгэлтэн, доктор, профессор Чиэн Юан Цэн, ӨМИХ-н ЕНБД Олхунуд Дайчин, дэд дарга Жаргал нар үгээ хэлэв.

“Өмнөд Монголын Их Хуралдайн Умард Азийг хариуцагч, монгол сэтгүүлч Ч.Мүнкэбаяр” гэж намайг японоор зарлав. Миний бие Японы парламентын энэ сайхан байранд олон орны төлөөлөгчдөд хандан, өмнөд монголчуудынхаа ҮЭЧХ-ийг дэмжсэн үгийг Монгол улсын иргэнийхээ хувьд хэлсэн минь үл мартагдна. "Өвөр Монголд эрх чөлөө ялж, Азид ардчилал мандтугай!” гэж үгээ төгсгөхөд минь том танхим дүүрэн олон орны төлөөлөгчид алга нижигнүүлэн ташлаа.

Хонконгийн тусгаар тогтнолын намын удирдагчдын нэг Жэйсон Чоугийн үг анхаарал татаж байв.
Тэр: "Би дундад хүн биш, хонконг хүн. Миний төрөлх хэл хятад хэл биш, гуандун хэл. Би манай хонконгчуудыг дарлагчдын хэлээр энд одоо ярихыг хүсэхгүй байна. Учир нь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийхөн энд цуглажээ. Миний гуандун хэлээр энд ойлгох хүн цөөн байх. Тиймээс англиар ярья" гээд хуралдайд баяр хүргэж, Хятадын цөөн тоот үндэстнүүдийн эрх чөлөөний хөдөлгөөний бүрэн эрхт гишүүн нь хонконгийн тэмцэгчид байх учиртай” гэж байсан юм.

Мөн Япон, Тайвань, Хонконгийн улс төрчид, ардчилсан үзэлтнүүд, БНХАУ-аас дүрвэгчдийн уйгур, түвд, хотон, манж, хятад үндэстний иргэний хөдөлгөөнийхөн биечлэн үг хэлж дэмжиж байсан. Олон байгууллагаас мэндчилгээ ирсний дотор Ребия Кадыр дуут мэндчилгээ явуулсан. Дуут мэндчилгээг Японы салбарын дарга Төрмухаммед Хашим орчуулан хүргэж, мөн үгээ хэлэв.

Ребия Кадырийн мэндчилгээг хураангуйлбал: “Үндэсний эрх чөлөөний дайчин тэмцэлд нэгдсэн зохион байгуулалттайгаар орох болж, Хуралдайгаа байгуулсан монгол журмын нөхөддөө халуун баярыг хүргэе! Миний хувьд биечлэн оролцох боломж гараагүйд их харамсаж байна. Өмнөд Монгол нь Зүүн Түркестан, Түвдийн адил эзлэгдэн колоничлогдон, доройтож уусаж байгаа билээ. Бид бүхэн хамтдаа мөр зэрэгцэн үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ёстой. Үүнд итгэж найдаж байна.
Хуралдайгаас маш их үр дүнг хүлээж байна. Монголчуудын эрх чөлөө бол бидний ч эрх чөлөө!” гэсэн юм.

Хуралдайн бидний эсрэг парламентын байрны гадаа эсэргүүцлийн цуглаан боллоо.

Энэ хуралдааны үеэр парламентын байрны гадна коммунистууд болон, хятадын талыг баримтлагчид эсэргүүцлийн жагсаал хийсэн. Хятадын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Японы коммунистууд, зүүнтнүүд, Японы хятадууд, БНХАУ-ын иргэд зэргийн бүрэлдэхүүнтэй хэсэг хүн "Япон-Хятадын харилцаанд харш салан тусгаарлагчдын хуралдайг парламентаас зайлуул!" гэх уриатай эсэргүүцлийн жагсаалыг биднийг дотор хуралдаж байхад, парламентын байрны гадна хийсэн билээ. Зарим нь оюутан бөгөөд 8 мянга, түүнээс дээш хэмжээний йений урамшил авсан гэх яриа дуулдаж байв.

Дараа нь Японы парламентчид хуралдайн гишүүд дэмжигчдийг Японы парламентын ордноор аялуулсан болно. Япон анд Тошиюки Учида хэмээх монгол хэлийг эх хэл шигээ эзэмшсэн судлаач анд тохиолдон хөөр баяр болцгоов. Орос хэл сайн мэддэг Танака Такеюки гэдэг судлаачтай танилцаж, орос хэлээр ярилцан их юм сонсож дуулав.

Чиёда дүүргийн Нагата-чо хороололд байх энэ ордон 1920 оноос баригдаж, 1936 онд ашиглалтанд орсон. Өмнөх парламентын орднууд түймэрт өртөж ашиглах аргагүй болоход парламент Хирошима руу нүүж байжээ. Төмөр бетоноор барьж, боржингоор өнгөлсөн. Япон материалаар япончууд барьсан, засал чимэглэл хийсэн ордны гол цамхаг 9 давхар, хоёр захын хэсэг 4, голоороо 3 давхар. Баруун жигүүрт нь Зөвлөгчдийн буюу парламентын дээд танхимынхан, зүүн жигүүрт Төлөөлөгчдийн буюу доод танхимынхан чуулна. Бид Дээд танхимын чуулганы танхимд орж үзэв. Эзэн хааны амралтын өрөөг харав. Гол цамхгийн 1-р давхрын талбайн дөрвөн талд дөрвөн мундаг парламентчидийн хөшөөг байрлуулъя гээд гурвыг нь тогтсон ч, дөрөвдэхи дээр санал зөрж тогтож чадаагүй учир хоосон тавцан үлдэж, олон жилийг элээсэн, дахиж хэлэлцэлгүй уламжлал болж үлджээ. Гадаа чулуун хашлагатай гүехэн усанд олон улаан, том том кои загас хөвөх нь сонихон.

Японы парламентын ордныг хуралдайн төлөөлөгч сүүдэрлэжээ.

Дараа нь бүгд харанхуй шөнийг цочиж үргэтэл шуугин алхаж явсаар, ойр байх хоолны газарт болсон цайллагад орцгоолоо. Хавирга газрыг халцартал, өвдөг газрыг үлтэртэл бүжиглэлээ гэвэл худал болно, харин халуун сэтгэлийг халгитал, дотно сэтгэлийг долгилтол хөөрөлдөж хуучиллаа гэвэл үнэнд нийцнэ. Би, Учида, Баттөр нэг ширээнд суусан агаад парламентын гишүүн Мияке гуай ширээ бүрд очиж, баяр хүргэж, танилцаж ярилцаж байв. Мөн ч сайхан даруухан, өмнөд монголчуудын өмөг түшиг болсон буянтай буурал сан. Олон ч хүн нийтэд хандаж сайхан үг хэллээ. Зарим нь чи наад гоё үгээ парламентын танхимд хэлэхгүй одоо хэлэхдээ яадаг юм гэж тоглоход хамгийн дотно нөхдийн жижиг хүрээнд хэлье гэж нөөцөлсөн байхгүй юу гэж наргиантай хариулна.

Аяа, энэ дурсамжийг бичиж суухад, Токиогийн үдэш харагдаж, санал нэгт нөхдийн инээд шуугиан сонсогдож, ирээдүйд итгэх гэрэл сацруулсан өөдрөг санаа нь гийгүүлэх мэт ээ.

Хуралдайн төлөөлөгчид.

Ч.Мөнхбаяр

http://southmongolia.org/mn/2017/11/23/smc-2/

Comments