Хуучинхүү багш Цээл хүүгийн хамт. |
Өмнөд монголчуудын соёл, эрхийн төлөө тууштай тэмцэгч Хуучинхүү багшийн хүү Цээл 33 насандаа тэнгэрт хальж, нэн харамсалтай, эмгэнэлтэй явдал боллоо.
Тэрбээр АНУ-д нэгэн том компанид инженерийн ажил хийж, амжилт бүтээлтэй хөдөлмөрлөж байсан. Гэтэл тархины хорт хавдрын улмаас нас барав. Хуучинхүү багш мөн хорт хавдраас болж нас барсан билээ. Энэ нь хортой, хүнд нөхцлөөс үүдсэн байх бүрэн боломжтой юм.
Цээл ээжийнхээ хамгийн сайн туслагч, хамтран тэмцэгч байсан бөгөөд, Хуучинхүү багш түүнийг Хадаа багшийн хүүгийн адил хэлмэгдэж зовох вий гээд, хичээж зүтгэсээр 2010 онд АНУ руу явуулсан юм. Үндсэндээ улс төрийн цагаачаар явсан гэж болно. АНУ руу яваагүй бол удалгүй Хадаа, Шинээ нарын хүү Үйлс шиг шорон оронд орж, хэлмэгдэн зовж, ажил амьдралгүй болох байсан. Эх хүний хайр ивээлийг шингээн хүүгээ АНУ руу явуулж, хагацал үзэж байсан билээ.
Хүү Цээл мэдээжийн хэрэг хайртай ээжийгээ АНУ руу татаж, асарч өргөхийг хүссэн. Гэвч Цээлийг явснаас хойш Хятадын засгийн газар Хуучинхүү багшийг илээр ч шоронд хорьж, далдуур ч гэрийн хорионд оруулж, чандлан харж хянах болсон тул бүтээгүй. Хятадын харгислалаас болоод, Хуучинхүү багшийн эрүүл мэнд их муудсан, эмчлүүлэх эрх нь ч хязгаарлагдмал, ажил эрхэлж болохгүй тул амьдрал нь маш хүнд байсан. Цээл хүү Монгол улсын эх оронч залуусын тусламжтайгаар, ээжийгээ эхлээд Монгол руу, дараа нь Монголоос АНУ руу авчрахыг оролдсон.
Хуучинхүү багшийг аврахыг зорьсон, амь дүйсэн гавьяат үйлсийн талаар испаний сэтгүүлч “Хаффингтон пост” гэдэг америкийн хэвлэлд бичсэн байдаг. Монголын Ганболд, Батбаяр гэдэг залуус нэрт тэмцэгч Хуучинхүү багшийн бие муу байгаад түгшин, Монгол улс руу авчирч, улмаар АНУ дахи хүүтэй нь уулзуулахыг оролдсон ажиллагааны талаар юм. Харамсалтай нь, Өвөр Монголд Хуучинхүү гуай маш хатуу хараа хяналтын дор байсан тул арайхан бүтсэнгүй. Тэр сэтгүүлч энэ ажиллагааны талаар кино хийхийг зорьж, хамт явалцсан ч, ажиллагаа бүтээгүй учир кино мөн бүтээгүй. http://www.huffingtonpost.com/entry/5877a625e4b065be69099208?timestamp=1485097245283
Ноднин оны сүүлээр Хуучинхүү гуай өвчний улмаас насан нөгчсөн билээ. Энэ залуусын үйлс бүтсэн бол илүү наслах байсан ч юм билүү гэж бодогддог. Гэвч эмгэнэлт явдал энэ залуусын гавьяат үйлсийг бүдэгрүүлэхгүй билээ.
Ээжийгээ насан нөгчсөнөөс хойш Цээл хүү маш их сэтгэл санаагаар унаж, эрүүл мэнд нь эрс доройтсон. Жил хүрэхгүй хугацааны дараа цэл залуудаа харамсалтайгаар насан нөгчлөө.
Хуучинхүү багш 1954 оны 11-р сард Өвөр Монголын Дархан хошуу /Хорчин зүүн гарын дунд хошуу/-ны Усат сумын Ариун хошуу гацаанд төрсөн байна. 1968 оны өвөл Хуучинхүү багшийн аавыг нь эсрэг бүлэгтэн гэх нэрээр хэлмэгдэлтэнд хамруулан хорьсон. Хүүхдүүдийг нь хүртэл хувьсгалын эсрэг гэж хэлмэгдүүлж олны дунд зодож нүдэж, залхаан цээрлүүлж байсан байна. Аавынх нь өртсөн хэлмэгдэлтээс болж, Хуучинхүү багш их сургуульд шалгуулах эрхгүй байжээ. 1979 онд Өвөрмонголын Жирэм аймгийн Түнляо хотын Багшийн дээд сургуульд Монгол хэл утга зохиолын мэргэжлээр оюутан болсон байна.
Өмнөд монголын ардчилсан холбоог үүсгэн байгуулагч, Хятадын шоронд олон жил хоригдсон, ардчилсан үзэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Хадаатай тухайн үед Хуучинхүү багш их сургуулийн ангидаа хамт суралцаж байсан байна. Өвөр Монголд хятад иргэдийг их хэмжээгээр оруулах, их сургуульд монгол оюутнуудыг Өвөр Монгол дахи хятад монгол хүний тооны харьцаагаар элсүүлэх, Өвөр Монголын төрийн албанд мөн харьцаагаар хятад монгол хүнийг авах гэсэн агуулгатай бичиг материал буулгасан нь монгол үндэстнийг илээр доромжлон гутаасан хэрэг болох юм.
Тухайн үеийн Өвөр Монголын оюутнууд нь Хятадын колоничлолыг эсэргүүцэн тэмцэж, хичээл хаяж, жагсаал цуглаан хийсэн юм. Ингээд бүх Өвөр Монгол орныг хамарсан оюутны бослого болсон юм. Хуучинхүү багшийн суралцаж байсан Түнляо хотын багшийн сургууль ч энэ хөдөлгөөнд нэгдсэн юм. Хэдийгээр аавынх нь “улс төрийн хөдөлгөөнөөс хол байж, ямар ч нам бүлэгт орж болохгүй” гэсэн захиас байсан ч, үндэстэн ястныхаа өмнөөс хүлээх үүрэг хариуцлагыг болон, нэг хүний хувь заяа үндэстэн ястны хувь заяатай нягт холбоотой гэдгийг таньсан тэрбээр олны өмнө яриа илтгэл хийж уриалга гаргах, оюутнуудыг тэмцэлд дайчлах бичгийг туурвих зэрэг хүнд үүргийг гүйцэтгэж байсан юм.
Дараа нь хөдөө цөлөгдөж, хүнд нөхцөлд ажиллаж байв. 1984 онд Хадаагийн байгуулсан Өмнөд Монголын ардчилсан холбоонд элсэх өргөдөл өгч, 1988 онд тангарагаа өргөн элсэн орсон байна. Амьдралын дараас нугачаанд уушгины сүрьеэ, астма, хэрх зэрэг олон зүйлийн хүнд өвчинд нэрвэгдсэн байлаа. 1995 оны 12 сарын 10-нд, Өмнөд Монголын ардчилсан холбоог үүсгэн байгуулсан Хадаа баривчлагдаж, мөн оны 15-ны өдөр нь Хятадын цагдаа Хуучинхүү багшийн гэрийг нэгжиж, шоронд хорин, шүүн байцаасан байна.
Дараа нь түүнийг ажилд авахгүй байв. Зохиол бүтээл олныг туурвиж эхэлсэн юм. Мөн компьютерын мэргэжлийг залуусаас ч түрүүлэн эзэмшин авч, интернэт ашиглан өөрийн үзэл бодлоо залуучуудад ухуулах, монгол соёлоо аврах ажилд уйгагүй зүтгэж иржээ. 90-ээд оны сүүлээс хойш Хуучинхүү багш гадаадад Өвөрмонголд болж байгаа мэдээг дамжуулдаг болсон байна. Коммунист Хятадын дарангуйлал сүрдүүлгээс болж, тухайн үед байтугай, одоо ч гэсэн гадаадад мэдээ дамжуулах зоригтой хүн цөөхөн байгаа юм.
Хуучинхүү багш www.nutuge.com, www.ehoron.com, www.mongolger.net зэрэг веб-сайт болон форумыг “монгол соёлоо аварья” гэсэн үзэл бодолтой нэг бүлэг монголчуудтай хамтарч эрхлэн ажиллуулж байжээ. Гэвч яриа хэлэлцээний эрх чөлөөг боогдуулан, Хятадын засгийн газар эдгээр веб-сайт болон форумыг нь хаасан байна. Монголчууд ч гэсэн партизан дайн хийж байгаа мэт нэгийг нь хаавал дахин нэгийг босгож, энэхүү утаагүй тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа билээ.
2010 оны 10-р сард Тунляо хотын хоёр цагдаа Хуучинхүү багшийн гэрт очиж, компьютерт хадгалсан материалыг нь айлган сүрдүүлж устгаж хаясан байна. 10-аад жилийн хөдөлмөрийг нь нүдний нь өмнө далд оруулж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдэлд нь Хуучинхүү багш нулимс урсгахаас өөр ямар ч эсэргүүцэл үзүүлж чадсангүй.
2007 онд Хуучинхүү багш гадаад паспорт хөөцөлдөхөөр Хятадын хамаа бүхий байгууллагад өргөдөл өгөхөд “2011 оны 7-р сар хүртэл Хятад улсын хилээс гарч болохгүй, Хятад улсын амар төвшинд хохирол учруулж мэдэх этгээд тул гадаад паспорт олгохгүй” гэсэн хариу өгсөн байна. Мөн Хуучинхүү гэсэн хүнд ном хэвлэх зөвшөөрөл олгохгүй гэсэн байна. Нууцаар хэвлүүлэх гэсэн ч, Хятадын цагдаа аль хэдийн мэдээд номыг нь 4 удаа хууль бусаар хураасан байна. 40 мянга шахам юаний хохирол учруулсан байна.
2008 оны 9-р сард Хуучинхүү багш бас нэг агуу бүтээлээ туурвин хэвлүүлсэн юм. Хүү Цээлээ 20 жилийн турш өсгөн бойжуулсан явцаа тэмдэглэсэн “Аян” гэсэн нэртэй ном нь үр хүүхдээ хэрхэн сургахаа мэдэхгүй залуу эцэг эх болон багш нар, тэрчлэн монгол хүн бүрийн унших ёстой ном болжээ. Нэг эх хүн хүүхдээ яаж сургаж хүмүүжүүлвэл зохих, ямар чадварыг яаж олгох, хүүхэд гэдэг яаж хүн болох тухай гоц бүтээл болсон юм. Иймэрхүү агуулгатай зохиол өвөр монголчуудын түүхэнд байгаагүй юм. Эх хүү хоёрын 1996 оноос 2003 он хүртэлх бараг өдөр алгасалгүй бичсэн санал солилцох тэмдэглэл, хүүдээ өгсөн захидал, эх хүү хоёрын өдөр бүрийн тохиолдлын аар саар явдлын тэмдэглэл, хүүгийнх нь хэдэн зохиолоос бүрэлдсэн агуулгатай бүтээл болох тул Хятад улсын засгийн газар хураан авсангүй.
2009 оны өвөл гадаадад байгаа монголчуудын хандивын тусламжаар Хуучинхүү багшийн Өвөр Монголд хэвлэж болдоггүй ахин дахин хураалгасан “Чулуун зүрхтэй хайлаас”-ыг Улаанбаатар хотноо хэвлүүлсэн юм. Ташрамд дуулгахад, 2004 оны 7-р сарын 26-нд Хуучинхүү багш Өвөр Монголын Эрээн хотноо бизнес хийж амьдардаг ач хүүгийнхээ олж өгсөн, Монгол улсад түр зорчих паспортаар өөрийн хүсэл мөрөөдлийн тэнгэр болсон тусгаар тогтносон Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ирж, тээж төрүүлсэн ганц хүү Цээлийгээ дагуулан 7 өдөр аялсан юм. Энэ удаагийн ер бусын аяллын тэмдэглэлээ “Чулуун зүрхтэй хайлаас” гэх зохиолдоо оруулсан байдаг.
2010 онд хүүгээ Америк руу үджээ. 2010 оны 11 сарын 6-нд, нэг ангийн сурагч болох Хадааг гяндангаас суллах үед, “Монголчууд баатраа тосохоор очъё” гэж уриалсан, өөрийн блогдоо бичсэн зохиолоос болж, гэрийн хорионд орсон байна. 2 сар гаруйн гэрийн хорионы бие сэтгэлийн дарамтаас болж, бие нь муудаж, 2011 оны 1-р сарын эхээр эмнэлэгт хэвтсэн байна. 2011 оны 1-р сарын 27-нд эмнэлгээс гарангуут гэрт нь хариулах ёстой байтал цагдаа нар Хуучинхүү багшийг үл мэдэх газар аваачиж хорьсон байна.
2011 оны 1 сарын 8-нд Монгол улс Америк, Япон, Герман зэрэг дэлхийн газар бүрт амьдарч байгаа монголчууд хорионд дахин орсон Хадаа түүний гэр бүл болон Хуучинхүү багшийг суллахыг шаардсан жагсаал болсон юм. Үүнээс хойш ийм шаардлага тавьсан цөөнгүй арга хэмжээ зохион байгуулагдсан.
Хуучинхүү гуай шоронд зодуулж нүдүүлж, эрүү шүүлт амсаж их зовсны эцэст, эрүүл мэнд нь туйлаас доройтсон байдалтай гарч ирсэн. Сүүлдээ хэвлэх нийтлэх, хүмүүстэй харьцах, мэдээлэл авах, сүлжээнд орох бараг бүх эрхээ хаалгасан. Бие нь муудаж, зовхио нээн юм харж чадахаа больсон.
Үүнийг бичигч бээр энэ эрхэм хүнтэй WeChat-аар харилцаж, билиг сургаалийг нь сонсож байсан байдаг. Хуучинхүү багш Монгол улсын төлөө ч санаа зовнин, “Элэг нэгт Монгол улс минь битгий Өвөр Монгол шиг болооч!” гэсэн бичигтэй зураг авахуулан түгээх акцийг журмын нөхөдтэйгээ хамт зохион байгуулж байсан. Сүүлдээ Хуучинхүү гуайн эрх нь ч бүрэн хаагдаж, бие нь ч бүр муудсан. Хорт хавдар хамаг биеэр нь тархан нөгчсөн билээ. Үүнийг бичигч бээр Цээл хүүтэй нь фэйсбүкийн найз байлаа. Ээжийнхээ хойноос энэлэн хайлсаар насан нөгчлөө. Тэрбээр бие муу байхдаа: “Монгол эхийн ариун сүү шимж өссөн учир монгол баатрын дархан улаан цусыг урсгахаас бүү шантар гэсэн таны үгийг биелүүлж чадсангүй. Харгис засгийн хориулд ээж минь нөгчихөд өөрөө би харийн хөрсөнд үхэж чадаагүй. Шатаж үзээгүй нулимсандаа уярч, дорой ажиллагаандаа өөрийгөө жигшиж, Их Чингисийн овгийг гутаасан ял, энэрэлт ээжийн хүслийг гомдоосон нүгэл хоёрыг минь Мөнх Хөх Тэнгэр минь өршөөх болтугай гэж сүслэн гуйя” гэж бичжээ.
Эх сурвалж: ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ http://southmongolia.org/mn/2017/09/03/2117/
Comments
Post a Comment