Шилийн голын Янжиндулам, Өлзиймядаг, Улаантуяа, Хөх хотын Шинээ, Бодьзав, Жирэмийн Жанхаан, Мандаа, Ордосын Оюунхуар, Хянганы Давхарбаяр, Жоу Баху, Зуу Удын Баярмандах, Гоосэцэнгэрэл, Сарангуа, Хөлөнбуйрын Саруул нарын сүлжээчдийн төлөөлөл болсон монгол малчид эвлэлдэн нэгдэж, ӨМӨЗО-ы дарга Бу Шиаолинд хандан ил захидал бичиж, Бао Гуниан, Вэн Мин, Ин Гэр нарын шударга малчдыг суллах, түшмэд, цагдаа нарын хууль зөрчин дарангуйлахыг зогсоох, ардчиллыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг тавьсан билээ.
Тэд энэ асуудлаар ӨМӨЗО-ы даргатай уулзах хүсэлт тавьсан. Малчид хариу хүлээх зуур тэмцэгч Хадааг эргэхээр шийдсэн байна. Тэр хүнийг нийгмээс тусгаарлах, мөрдөж мөшгих нь улам их болсныг малчид нүдээрээ үзжээ. Малчдын санааг цагдаа нар яаж ч юм мэдсэн нь тагнаж чагнахтай холбоотой биз ээ.
Малчдыг гудамжинд гарангуут энгийн болон цагдаагийн хувцастай зургаа долоон хүн дагажээ. Хадаагийн суудаг байрны гаднахи хашааны үүдэнд мөн энгийн болон цагдаагийн хувцастай хэдэн хүн харуулдаж байсан бөгөөд, малчдын бараанаар тосон ирж, учрыг хэлэлгүй, бичиг баримтаа үзүүлэхгүй, шууд “оруулахгүй” гэж зам таглаж, “яв” гэж хөөж түлхэж, тун бүдүүлэг авирлажээ. Тэд малчдаас хоёр дахин олон байлаа. Малчдыг бол оруулахгүй, харин Хадаа гуайн эхнэр Шинээ багшийг гэрт нь оруулж болно гэж цагдаа нар хэлжээ. Баахан толхилцож, орох гэж зүтгэсний эцэст, малчид аргагүй буцаж явлаа.
Тэд болсон явдлыг бичлэгт буулгаж, сүлжээнд тавьжээ. ӨМӨЗО-ы дарга Бу Шиаолин хатагтай уулзсан ч үгүй, хариу өгөх ч үгүй байх тул малчид нутаг руугаа буцацгаав. Дараагийн алхам болгож хэрхэн тэмцэхээ жичдээ ярьж шийднэ.
Хадаа Өмнөд Монголын Ардчилсан холбоог байгуулаад, 15 жилийн ял авч шоронд хүнд бэрх нөхцөлд хоригдсон. Суллагдах болоход, ялгүйгээр 3 жил үргэлжлүүлэн хорьсон. Ялгүй бөгөөд, маш нууцаар ингэж хорихыг “хар шорон” гэдэг. “Хар шорон”-гоос гарснаас нь хойш ийм байдалтай гэрийн хорионд байлгаж байгаа болохыг эхнэр нь болох тэмцэгч Шинээ гэрчилдэг.
Comments
Post a Comment