Жишээ нь: 1945 оны өвөл үзэмчин түмний нэг хэсэг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нүүн ирж нутагласан байна. Энэ үед голчлон Зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирснээс гадна Баруун хошуунаас цөөн өрх айл иржээ. Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан, Дорж ноёны албат явсан Зүүн Үзэмчин нар 1946 онд шинэ засаг захиргаатай болж Хэрлэнбаян сумыг байгуулсан бөгөөд, өдгөө Хэрлэнбаян, Хөгнө сумыг нэгтгэн байгуулсан Сэргэлэн суманд, мөн Баянтүмэн суманд харьяалагдах болсон байна. Нөгөө хэсэг болох Баруун Үзэмчин хошуунаас ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суурьшжээ.
Өмнөд монголчууд Зөвлөлтийн заавраар хийгддэг янз бүрийн хэлмэгдүүлэлтэд өртөх эрсдэл ихтэй байв. Тиймээс өөрсдийн гарвалиа нууж, халх хэмээн бүртгүүлэх нь түгээмэл байлаа. Монгол-Хятадын харилцаа муудсан 1960-аад оны эхнээс 1980-аад оны сүүл хүртэл 20 гаруй жилийн хугацаанд өмнөд монголчуудыг хардаж сэрдэх, тэднээс болгоомжлох явдал багагүй байлаа.
Судалгаануудыг үзэхэд Монгол улсад ирж суурьшсан өмнөд монголчуудын хойчсын тоо санаснаас бага байдаг. Тухайлбал, 2007 оны 10-р сарын байдлаар: харчин 86, хорчин 56, цахар 43 ( “Ястан үндэстний тоо”, https://burtgel.gov.mn) гэжээ. Удаа дараагийн давалгаанаар цөөнгүй өмнөд монгол хүн Монгол улсад ирж суурьшсан. Тэд өсөж үржээд бүр ч олон болсон байх ёстой сон. Харин үзэмчин, барга харьцангуй олон тоотой буюу 2577 ба 2392 гэж бүртгэгджээ.
Харин Монгол улсын иргэдийн дунд Өмнөд Монголтой холбоотой гэж болох овогтой хүн олон байна : Харчин 27 873, Барга 5 381, Цахар 4 025, Хорчин 3 315, Түмэд 2 868, Асуд 531, Урад 485, Баарин 471, Үжээд 256, Сөнөд, Сөнид 236, Ордос 188, Жарууд 57, Жирэм 59, Хянган 52, Горлос 51, Алшаа 36, Онниуд 32 ( “Ургийн овгийн талаарх мэдээлэл”, http://srv.nso.mn/sonirholtoi/FamilyName/) байна. Энэ овогтнуудыг нэмэхэд 45 925 буюу Монгол улсын нэг аймгийн хүн ам шиг болж байна. Өмнөд Монголтой холбоотой гэж болох өөр овогтой хүмүүс ч бий байх.
Тэр бүгдийг өмнөд монгол гарвальтай гэж хэлж болохгүй ч нэлээд нь өмнөд монголчуудын хойчис гэж бодогдно. Социализмын үед тэд гарвалиа нууж, халх болгосон бол, ардчиллын үед овгоор дамжуулан гарвалиа илэрхийлсэн гэж бодогдном. Монголын өмнөд монгол гарвальтай хүмүүс БНХАУ дахи өмнөд монгол ахан дүүсийнхээ эрхийн төлөө үйлсэд идэвхтэй оролцож байгаасай гэж басхүү хүснэм.
Эх сурвалж: ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ http://southmongolia.org/mn/2017/09/10/1230/
Comments
Post a Comment