Өмнөд Монгол дахи малын бэлчээр |
Оросын NewsBabr.com сайтад Дмитрий Верхотуров “Хятадын буриадууд илүүдэл хүн ам уу?” гэсэн өгүүллийг бичжээ. Үүнд:
“Хятадууды шэнэхэн буриадуудыг зодсон тухай сэдэв намжихгүй, идэвхтэй хэлэлцэгдсээр. Буриадад амьдрахыг урих, В.В.Путинээс тусламж хүсэн хандах, хятадын дээд удирдлага бүхний учрыг олж, буруутнуудыг шийтгэнэ гэж найдах гээд янз бүрийн санал бодол гарч байна.
Ташрамд, хятадын дээд удирдлагын албан ёсны реакци ямар байсан бэ?
Тэр явдлаас хойш удалгүй ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой болсон. Баяр наадамд хятадын дээд удирдлагын төлөөлөгч ирсэн. Тодруулбал: ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны дарга Ю Жэншэн 63 хүнтэй томоохон төлөөллийг ахлан айлчилсан.
Ю Жэншэн Хятадын улс төрийн болон засаг захиргааны мяндагтан хамгийн том 7 хүний тоонд орно. Түүний дээр гуравхан хүн буй: Ши Жинпин – ХКН-ын Төв Хорооны ЕНБД, ө.х. улсын тэргүүн, Ли Кэцян – БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн тэргүүн, ө.х. ЗГ-ын тэргүүн, Жан Дэжян – БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, ө.х. дээд хууль тогтоох байгууллагын тэргүүн. Ийм болохоор түүнийг бүхний учрыг олж, гэм буруутнуудыг шийтгэнэ гэж найдаж байлаа.
Ю Жэншэн Өвөр Монголын цэргийн тойргийн штаб (2016 оны 2-р сард ӨМӨЗО-ыг багтаадаг Бээжингийн цэргийн тойргийг энэ тойрог болон, Төв шуурхай командлал гэж хуваасан юм) болон орон нутгийн зэвсэгт цагдаагийн штабад зочилжээ. ӨЗО-ы хүчний байгууллагуудаар ийнхүү зочилсон нь“Дээд засаг учрыг нь олох байлгүй” гэсэн итгэл найдлагад өгсөн тодорхой хариу боллоо. Тэд үнэхээр ч өөрсдийнхөөрөө учрыг олж, нэг зүйл дээр тогтжээ: монголчуудыг зодсоор ирсэн, зодох ч болно, өөдөөс эсэргүүцвэл цагдаа төдийгүй армийг хөдөлгөн дарна.
Яагаад ийм байдал үүсчихэв ээ? Александр Махачкеевийн бичсэнээр бол, дөнгөж саяхан л шэнэхэний буряадууд олон малтай, өөрсдийн амьдралд сэтгэл хангалуун, нүүлгэн ирүүлэх хөтөлбөрийг Буриад улсаас санал болгоход ч ирэхгүй байсан гэжээ. Одоо тэднийг модоор балбаж, бэлчээр нутгаас нь хөөж байна.
Хятадуудын байр суурь бол: буриадууд эдийн засгийн хувьд үр ашиг үл авчрах илүүдэл хүн ам болжээ. Харин газрыг нь үр ашигтай хэрэглэж болно гэж тэд үзэж байна.
Монголчуудын махны үйлдвэрлэл (Буриадын хэмжүүрээр бол маш их) нь бүх Хятадын амьтны АА-н хувьд бага юм. Хятад 2016 онд 85,4 сая тонн мах үйлдвэрлэсний 53 сая нь гахайны, 18,8 сая нь шувууны мах. Нүүдлийн МАА-н гол бүтээгдэхүүн болох хонины мах 4,5 сая тонн хэмжээтэй бэлтгэгдсэн нь нийт хэмжээний 5,2%-ийг эзэлж байна. Энэ нь бүх Хятадын хэмжээнд бэлтгэгдсэн хонины мах, үүн дотроос буриадуудын бэлтгэсэн махны хэмжээг гаргана гэвэл статистикийн хувьд юу ч биш болох байлгүй. Түүнээс гадна эрчимт МАА Хятадад их дэлгэрч байна. Эдийн засгийн бусад салбарт ч ийм хандлага ажиглагдаж байна
Өөртөө засах зарчмыг, ө.х. үндэсний цөөнхүүдийн аж амьдралыг төрөөс дэмждэг байсан бол одоо цаг өөрчлөгдөж, зөвхөн хатуу прагматик бодлогоор солигджээ. Буриадуудаас эдийн засгийн үр ашиг хангалтгүй гарч байгаа бол, саваа далайн Буриад руу ч юм уу, Монгол руу хөөх нь амар шийдэл. Энэ нь хожим казах, монгол, бусад Сибирь, Төв Азийн ард түмнүүдийг ч хүлээж байгаа дүр зураг шүү. Бүгдэд нь эдийн засгийн хүч бага, мэдэх чадах зүйл хангалтгүй, ашигт малтмалын нөөцийг л мөлжиж суудаг. Уул уурхайн ажлыг нь гадаадынхан хийнэ. Ийм атал омог сүр нь дийлдэхгүй, Чингис хааны байлдан дагуулалд биечлэн оролцож явсан юм аятай байцгаана.
Ашигт малтмалгүй л болчихвол бүгд шэнэхэний буриадуудын адил болно гэдгээ мэдэж сургамж авмаар” гэжээ.
Оросын “Московский комсомолец” сонинд “Хятадын хэт даврагчид буриадуудын бэлчээр лүү дайрч, малчдыг зодож доромжиллоо” гэх материал гарчээ. Үүнд:
“Буриадын ерөнхийлөгчид нэр дэвшигч Батодалай Багдаев фэйсбүкдээ энэ талаар мэдээлэл тавьжээ.
Шэнэхэний Баруун суманд нэг метр урттай саваа мод барьсан 100 гаруй этгээдүүд халдлагыг үйлдэж, үймээн самуун дэгдээлээ. Фото зургуудыг харахад эрчүүдийн ихэнхи хүнд бэртэл, шарх аван хэвтэж, зарим нь гараа сойсон байдалтай, эмэгтэйчүүд тэднийг асарч байна. Видеон дээр хятадууд тэдний үхрийг тууж, малчдыг ойртуулахгүй хөөж, заримыг нь олны дундаас татаж гаргаж бүлэглэн зодож байгаа нь үзэгднэ. Эмэгтэйчүүд: “Үхэрээ иижэ намнуулжа, сохюулжа байнабди, Залуушуул ерытээ, ерыт!” гэж аврал эрэн, малчин олныг уриалан хашгирч байв. Оросын буддын шашны лам Лобсан Чойнзин ( И.Сотников ) «Өвөр Монголд байгалийн баялгийн төлөө дайн болж байна” гэж мэдэгдэв.
«Яагаад Буриад, Ар Байгал, Агын олон нийтийн байгуулагынхан Шэнэхэний ахан дүүсээ дэмжихгүй, дуугүй байна вэ?” гэж эгэл хүмүүс асууж байна. Улаан-Үд дэх Монголын консулын газраас асуухад энэ талаар юу ч сонсоогүй, дуулаагүй гэв.
Буриадууд Шэнэхэн талд 1903 оноос суурьшиж эхэлсэн. Өнөөгийн Агын ӨЗ тойргийн нутгаас голдуу гарвальтай. Тэдэнд 9000 ам км нутаг дэвсгэр гаргаж өгсөн байдаг. Хайлаар хотын ойролцоохи Шэнэхэн нутагт гурван буриад сум бий. Хамгийн том нь 3600 хүн амтай Баруун сум. Ихэнхи буриадууд МАА эрхэлдэг” гэжээ.
“Байкал Дейли” сайтад “Шэнэхэний буриадуудыг Буриадад ирэхийг хориглож байна” гэсэн өгүүлэлд болсон үйл явдлын талаар мэдээлээд, цааш нь:
“Гэтэл Буриадад ажилгүйдэл их гэсэн шалтгаанаар шэнэхэний буриадуудыг хүлээж авах боломжгүй гэж албаны хүмүүс хэлж байна. Оросод амьдран сууж байсан хүмүүсийг болон үр хойчсыг нь ОХУ-д сайн дураараа шилжин ирэхэд туслах ерөнхийлөгчийн зарлиг гарсан ч, дагаж мөрдөх асуудал дээр нь ажилгүйдэл ихтэй газар бол ирүүлж болохгүй гэчихсэн. Малчин шэнэхэнчүүд нь ажилгүйдэл үүсгэхгүй, харин ажлын байр бий болгох билээ. Гадаадын ажиллах хүчний журмаар оруулж ирж бас л болохгүй . Ажилгүйдэл их гэсэн шалтгаанаар Буриадын гадаад ажиллах хүч авах квотыг маш багасгасан” гэжээ.
Эх сурвалж:ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ http://southmongolia.org/mn/2017/08/19/1959/
Comments
Post a Comment