Өнөөдрийн торлогдсон Өвөр Монголын бэлчээр нутгийн нэгэн өнгө төрх. |
Александр Махачкеев, “Буряад үнэн” сонин, https://burunen.ru/site/news?id=19051
Социал сүлжээнийн буриадын хэсэгт БНХАУ-ын Өвөр Монголд бэлчээр нутаг булаахын эсрэг тэмцэж байгаа кадрууд түгсэн билээ. Өмнө нь бусад монгол ястан малчдын эсэргүүцлийг харж байсан бол энэ удаад бидэнтэй цус нэг шэнэхэн буриадуудын хохирогч болох ээлж иржээ. Бичлэгт зодуулсан эрчүүд болон буриадаар нэгэн эмэгтэй “Биднийг авраач!” гэж хашхирч байгаа нь илхэн. Сэтгэл шимшрэм бөгөөд итгэхэд бэрх дүр зураг…
Өнгөрсөн жилийн 12-р сард миний бие Шэнэхэнд Цасны баярт оролцож, тэмээн уралдаан харж зогссон сон. Ирээд: “Шэнэхэний баяр сайхан явагдаж өнгөрлөө, үндэсний хувцсаараа гоёсон зочид болон оролцогчид шинэхэн машнууддаа суугаад сэтгэл хангалуун тарж явцгаалаа. Төрөл нэгтнүүд маань сайн сайхан амьдарч байгааг мэдэрсэн бид ч сэтгэл хангалуун буцлаа” гэж бичиж билээ.
Жилээс жилд тэндхийн буриадуудын амьдралын төвшин өсч байгаа гэж бодогддог байв. Анх би 2003 онд Шэнэхэнд очиж, хоёр том суурингийн нэг – Баруун суманд зочилсон. Сууринд 3600 хүн 150 мянган толгой таван хошуу малтай АА-г эрхэлж байв! Харьцуулахад, тэр үеийн бүх Буриадад 400 мянган толгой мал байлаа. Энд эмнэлэг, малын эмнэлэг, музей, хүүхдийн цэцэрлэг байх бөгөөд суурин руу орчин үеийн авто зам тавьжээ. Гэвч үүнээс хамаарахгүйгээр шэнэхэнчүүд Орос руу буцаж очих хүслийг өвөрлөдөг байлаа.
“Буриадууд энд дэвшиж дээшлэхэд хэцүү. Бэлчээр нутгийг маань барилга, уурхайд шаардлагатай боллоо гээд худалдаж авдаг. Орос руу явмаар байна, бид үгүй юм аа гэхэд үр хүүхдүүд маань орос хэл сурч, өвөг дээдсийнхээ нутагт дасан зохицоосой гэж бодох юм” гэж шэнэхэн буриад бодлоо хуваалцаж билээ.
Ийм санаа бодол үүсэх шалтгаан олон, тэдгээр дотор МАА-г эрчимжүүлэх бодлого орно. Энэ нь нүүдлийн хэвшлээс татгалзах, малын өндөр үр ашигтай импортын үүлдрүүдийн суурин АА-г дэлгэрүүлэхэд хүргэнэ.
Хайлаарт би нэгэн баярт оролцож байхдаа саалийн үнээний парад, саах тэмцээн үзэж байв. Саальчин хятад эмэгтэй түрүүлсэн. Хөх хотод сүүний цогцолборт жилд 60 000 литр сүү өгдөг үнээнүүд байх агаад, дэлэнг нь тэргэнцэр дээр тавьж явахад хүрдэг. Робот бүхнийг хийж, программчлагдсан тракторууд жолоочгүй зорчин ажиллана. Хятадуудын биед байдаггүй сүү шингээн боловсруулахад шаардлагатай лактозыг нэмнэ. Мах бэлтгэл аж үйлдвэрийн горимоор өрнөнө.
Монголчууд ба буриадуудын дургүйцлийн гол шалтгаан нь энэхүү үйлдвэржсэн дарамт, тариачин хятадуудын шилжин суурьших түрлэгт оршно. Уул уурхайн компаниуд, хятадын фермерүүд бэлчээр нутгийг булаан эзэлдэг. Малчдын эсэргүүцлийг засгаас хатуу чангаар таслан зогсоодог. 2011 оны 5-р сард нүүрс зөөх машины жолооч нарын хэрцгий балмад дайралтын золиос болж, малчин Мэргэн амь насаа алдсан. Энэ нь олон жагсаал цуглаан болох, цагдаа нар хүч хэрэглэн тараах, идэвхтэнүүдийг баривчлахад хүргэж байсан.
Буриадын ЗГ хөндлөнгийн ажиглагч байгаагүй. 2006 онд, БНБуриад улсын Ерөнхийлөгчийн ТГ-ын Үндэстэн хоорондын харилцааны хорооны дарга Александр Елаев шэнэхэнчүүдийг цагаачлуулан ирүүлэх хөтөлбөрийг санаачилсан. Тэр нь 2006.06.22-ны ОХУ-ын ерөнхийлөгчийн “Гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийг ОХУ-д сайн дураар шилжин суурьшихад дэмжлэг үзүүлэх зарим арга хэммжээний тухай” зарлиг дээр суурилсан. Хөдөөгийн районууд шилжин суурьшигчдад төрийн мэдлийн газраас бэлчээр нутаг хуваарилж өгөх ёстой болов. БНУ-д 1 ам км-т 2,8 хүн оногдож, ашиглагддаггүй газрын хэмжээ их байлаа.
Өдгөө Буриадын УИС-ийн профессор Александр Елаев хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэх нь бүтээгүй гэж дурсаж сууна. Зарлиг зөвхөн орос хэлтэн шилжин суурьшигчид зориулагдсан байж. Шэнэхэнчүүд орос хэл мэдэхгүйгээс гадна, хятадын иргэнчлэлээсээ татгалзахыг хүсэхгүй байлаа. МАА-н газрууд хувьчлагдсан, ашиглахад зохистой газар үнэн хэрэгтээ их биш үлдэж. Орон нутгийн оршин суугчдын хувьд хөдөлмөрч, туршлагатай шэнэхэн малчид хүчтэй өрсөлдөгч гэж харагдах байв.
Гэхдээ хөтөлбөр нурсны гол шалтгаан нь Хятадын хүн амын орлогын өсөлт байсан юм.
Харин өнөөдөр? Түүх ээлжит удаагаа тэднийг даажигнан тохуурхаж байх шиг. Тэд тэнд ч, энд ч хэрэггүй болжээ. Шэнэхэнчүүдийн, ер нь өмнөд монголчуудын драм нь хойд зүгийн “варварууд”, Хятадын тариаланч соёлын мянган жилийн эсрэгцлийн сүүлчийн үзэгдэл мэт ажээ. Нүүдэлчид байлдан дагуулж, төр улсыг нь эзэгнэж, уусаж үгүй болж байлаа. Хятадууд цол хэргэм өгч, хооронд нь эвдрэлцүүлж, “Хуваа, захир” гэх бодлого явуулж ирсэн. Юутай ч өнөөдөр Цагаан хэрэм хил хязгаар биш, жуулчны үзмэр болж, харин нүүдэлчид мөхөж байна.
(Орос хэлнээс орчуулав)
Эх сурвалж:ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙ http://southmongolia.org/mn/2017/08/19/1113/
Comments
Post a Comment