МАЛЧДЫН ШИНЭ АГУУЛГАТАЙ ТЭМЦЭЛ


Өмнөд Монгол дахи малчдын эсэргүүцэл үргэлжлэн өрнөсөөр. Урьд өмнө төдийлөн байгаагүй эсэргүүцлийн агуулга хэлбэрүүд гарч байна.

Үүний нэг нь үүл буудахыг эсэргүүцэх явдал юм. Хятадууд янз бүрийн байгууллагыг төлөөлөн, хур бороо оруулна хэмээн, хаа сайгүй үүлийг ихээр буудаж буй ч, харин эсрэгээрээ хуурайшилт, ган гачиг нэмэгдэж байна гэж малчид үздэг. Тиймээс энд тэндгүй буудуулахгүй гэж эсэргүүцэх, бэлчээр нутагтаа үүл буудагчдыг нэвтрүүлэхгүй гэж манах, машин тэргийг нь балбаж цохих явдал гарч байна. Баргын Шулуун хөвөөт цагаан хошуунд машин тэргийг нүдэж, дээр нь гарцгаан дэвхэрсэн 9 залууд баривчлах шийтгэл оногдуулсан билээ.

Үер уснаас сэргийлэх зорилгоор хур оруулахгүй зориулалттай пуужинг мөн хэрэглэдэг. Тийм пуужингаар буудаад байна уу гэх хардлага байгаа аж. Мал аж ахуйг хавчих бодлогод нийцүүлэн хорлол хийж байж болох юм гэж малчид таамаглаж байгаа ажээ. Хөрш Монгол улсад Хятадаас олон пуужин авч, түймэр унтраана гэж үүл буудсан боловч, хойд зүгээс хур ихтэй циклон орж ирж төвийн аймгуудаар бороошсоныг эс тооцвол үр дүн бараг гараагүй. Гэтэл эрх баригчид ард иргэдийн улс төрийн идэвхийг бууруулах, түймэрт өртсөн газруудад мод бэлтгэж Хятад руу гаргах гэх зэрэг зорилгоор түймэр унтраах сонирхолгүй байна гэсэн хардлага их байгаа нь сонирхолтой.

Нөгөө эсэргүүцэл нь мөн Баргад голдуу өрнөж буй, бэлчээрийн торыг авч хаях хөдөлгөөн юм. Хэд хэдэн малчин торыг авч, бэлчээрээ нийлүүлэн, урьдын уламжлалт мал адгуулах хэвшилтэй ойролцоо байдлыг үүсгэх нь мөн тохиолдож байна. Энэ нь Хятадын нам засгаас хэрэгжүүлж буй малчдыг хүчээр суурьшуулах, нүүдэлчин соёлыг үгүй хийх, бэлчээр нутгийг уурхай, үйлдвэр, гахайн аж ахуйд дайчлах бодлогод шууд харшилж байгаа юм. Тиймээс тороо авч хаяж байгаа малчид болон цагдаа нарын хооронд зөрчил толхилцоон цөөнгүй гарах болжээ.



Comments