Өмнөд Монгол Бумбын орон болоосой


Сэтгүүлч, иргэний хөдөлгөөний зүтгэлтэн Ч.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрээр сүүлийн жилүүдэд Монгол туургатны хамтын ажиллагаа, Монгол улс дахь шударга бус улс төрийн дэглэм, байгаль орчины доройтол, цөмийн аюулын эсрэг, Өмнөд Монголчуудын эрхийн төлөө түлхүү анхаарч, тэмцэж ирсэн нэгэн билээ.

-Та Өмнөд Монголын Их Хуралдайд оролцоод иржээ. Хуралдайн зорилт хийгээд үр дүн нь юу байв?


-Өнөөдөр өмнөд монголчууд бэлчээр нутгаа булаалгаж, хүчээр суурьшигдан амьдрах аргагүй болж, түүх соёл нь шахагдаж, эрх чөлөө нь хумигдаж буй явдал үргэлжилсээр, индианчуудын адил хүнд бэрх хувь заяа нүүрлээд байна. Энэ бүхний эсрэг БНХАУ-ын хилийн дотоод гадаадад олон өмнөд монгол хүн янз бүрээр тэмцэж ирлээ. Хятадад бол тэмцэхэд хэцүү. Өмнөд
Монголын Ардчилсан Холбоог байгуулав гэж 15 жилийн ял авч хоригдоод, суллах нь аюултай гэгдэж ялгүй бас хоригдоод, одоо гэрийн хорионд байгаа ч боломжоороо тэмцлийн дуу хоолойгоо өргөсөөр байгаа Хадаа гуайн жишээ байна.


Харин хилийн чанадад байгаа дүрвэгч мянга мянган өмнөд монголчуудын хувьд бол түмэн олныхоо дунд байж чадахгүй бэрхшээл буй ч, дэлхий дахинд нөлөөлөн тэмцэх боломж нь илүү. Харин тэдний цөөнгүй нам холбоо, зөрүүтэй илэрхийлэл байх тул хэнийг нь сонсох вэ, дэмжих вэ гэдэг нь асуудалтай байсан. Тиймээс нэгдэж нийлж нэгэн том дээвэр байгууллагыг үүсгэе гэдэг нь өмнөд монголчуудын эртний хүсэл эрмэлзэл байлаа.


Энэхүү олон жилийн мөрөөдөл тэмүүлэл нь 2016 оны 11-р сарын 9-ний өдөр Япон улсын нийслэл Токио

хотноо болсон Өмнөд Монголын их хуралдайг үүсгэн байгуулах хурлаар биеллээ. Энэ бол түүхэнд тэмдэглэх үйл явдал бөгөөд, өмнөд монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн шинэ шатанд гарсан хэрэг юм. Японд хамгийн олон тэмцэгч өмнөд монгол хүн байдаг тул Токиод хуралдсан болно.


Хуралд Ази, Европ, Америк тивд суух өмнөд монгол тэмцэгчдийн төлөөлөл биечлэн болон, интернет сүлжээгээр оролцож, хуралдайн дүрэм, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөөний асуудлыг хэлэлцсэн. Хуралдайн тэргүүнээр, гаднаас үй олон шилжин суурьшигч ирүүлэхийг эсэргүүцсэн Өвөр Монголын Оюутны 1981 оны хөдөлгөөний партизан, алдар тэмцэгч Шобшууд Тэмцэлт, ЕНБД-аар олон жил итгэл зүтгэлтэй тэмцсэн Олхунууд Дайчин нарыг сонголоо. Хуралдайн зорилго бол өмнөд монголчуудын НҮБ-аас тунхагласан өөртөө эзэн мэдэх эрхийг бүрэн хэрэгжүүлэх, өмнөд монголчуудын хүний эрхийг хамгаалах, өмнөд монголчуудын аж амьдрал, соёл уламжлал, байгаль орчныг өмгөөлөх, бүх даяар монголчуудтайгаа ойртон нөхөрлөх зэрэг юм. Юуны өмнө мэдээллийн ажлыг идэвхжүүлье гэж ярилцлаа.


Гурван өдөр хуралдаан үргэлжилсэн. Хуралдаан хоёрдахи өдрөө Японы парламентын дэд байранд болж, Японы парламентын гишүүд оролцон баяр хүргэж үг хэлж байсан. Мөн Япон, Тайвань, Хонконгийн улс төрчид, ардчилсан үзэлтнүүд, БНХАУ-аас дүрвэгчдийн Уйгур, Түвд, Хотон, Манж, Хятад үндэстний иргэний хөдөлгөөнийхөн биечлэн үг хэлж дэмжиж байсан. Олон байгууллагаас мэндчилгээ ирсний дотор Ребия Кадыр дуут мэндчилгээ явуулсан. Энэ хуралдааны үеэр парламентын байрны гадна коммунистууд болон, хятадын талыг баримтлагчид эсэргүүцлийн жагсаал хийсэн. Мөн хуралдайн гишүүд Дээрхийн гэгээн Далай ламтай золгосон. Хуралдайн тухай олон орны хэвлэлд мэдээлсний дотор Америкийн “Ньюсуик” сэтгүүлд Огунус Цогт гуайн үгүүлэл гарлаа.

-Хуралдайн өмнө зарим өмнөд монгол хүн эсэргүүцээд байх шиг байсан. Үүний учир юу вэ? Хуралдайд Өмнөд Монголын нам холбоод бүрэн нэгдэж чадсан уу?


-Нэгэн зорилгын төлөө явж байж, ойлголцохгүй түр зуурын явдал гарахыг алийг тэр гэх вэ? Тэр нөхөд бол Хуралдайн зохион байгуулагчид Өвөр Монголын бүрэн тусгаар тогтнолын төлөө гэж ярихгүй байна, Өмнөд Монгол биш, Өвөр монгол гэх хэрэгтэй гэхчилэн шүүмжилсэн.

Өмнөд монголчуудын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхийг харахад тусгаар тогтносон Монгол улсад нэгднэ, өөрөө түр тусгаар тогтнож зохих асуудлуудыг зохицуулна, тэгш эрхтэй улсуудын холбоот Дундад улс байгуулагдвал түр нэгдэж, бас зохих асуудлуудыг зохицуулна гэж саналууд гарч байсан байдаг. Энэ бүхэн нь эцсийн бүлэгтээ Монголд нэгдэх нэгэн зорилготой байсан гэж манай ШУА-ийн хэсэг эрдэмтэд дүгнэсэн байдаг. Ийм учир Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө гэхээсээ илүү, өмнөд монголчуудын эзэн мэдэх эрх буюу өөрийн хувь заяагаа өөрөө шийдвэрлэх эрхийн төлөө гэх нь зүйтэй гэж гишүүд үзсэн. Мөн бид тусгаар тогтноно оо гэвэл монголчууд, дэлхийн улс түмнүүд, нам холбоод, идэвхтэн зүтгэлтнүүд дэмжихээс болгоомжлоно гэдгийг бодолцох хэрэгтэй.

Өвөр Монгол гэвэл ӨМӨЗО-ы л монголчууд гэж ойлгогдно, Өмнөд Монгол гэвэл ӨМӨЗО-оос гадна амьдарч байгаа БНХАУ дахь бүх монголчуудыг хэлсэн болно гэж төлөөлөгчид санал нэгтэй үзлээ.

Хуралдайд нэгдээгүй тэр санал зөрүүтэй нөхөд маань олонхио хүндэтгээд удахгүй нэгдэж нийлэх байх аа гэж бодож байна.

-Таныг Монгол үндэстнийг нэгтгэх шинэ төлөвлөгөө боловсруулсан гэлцдэг. Дэлхий дээр ойролцоогоор 50 гаруй газар Монгол үндэстэн амьдардаг гэх, тэдний дийлэнхи нь Өмнөд хөршид байна. Та тэдгээр Монгол гарал үүсэлтэй хүмүүсийг газар нутгийн хувьд нэг дор, өөрөөр хэлбэл Монголд суурьшуулах төлөвлөгөө ярьж байна уу? Оюун санааны хувьд нэгдмэл байхыг уриалж байна уу?

-Боломжтой бүх аргаар нэгдэн ойртох арга замуудыг би томьёолсон. Одоо албан ёсоор оршиж байгаа монгол үндэстний нэртэй, агуулгатай засаг захиргааны нэгжүүд эдийн засаг-соёлын холбоо байгуулъя гэж санал гаргасан. Монголд гадаадын уугуул монгол хүн ирж амьдарч болох Уугуулшууллын хуулийн төслийг 2006, 2009, хүссэн гадаадын уугуул монгол хүнд давхар иргэнчлэл, паспорт олгох Элэгшүүллийн хуулийн төслийг 2007, 2009 онд төрд өргөн барьж, ухуулж сурталчилж ирсэн маань төрийн бодлогод тусгалаа олоод явж байгаа. Монгол үндэстэн нэгдэхтэй холбоотой бусад санал санаачилгуудаа ч төрд танилцуулж байлаа, нөлөөлж ч байлаа. Хожим боломж нь бүрдээд газар нутгаар нэгдэх бололцоо гарч ирж гэмээж нь хэрхэх вэ гэдэг талаар ч бичсэн.

-Монгол улсад ажиллаж, амьдардаг Өмнөд Монголын иргэдийг хавчин, гадуурхдаг, элдэв дарамт мөрдлөгөн дунд амьдардаг зарим тохиолдод хэлмэгдүүлэн харгисласан гэж бичсэнийг тань уншлаа. Бид Өмнөд Монгол ахан дүүсдээ тийм хүнийрхүү ханддаг гэж үү? Ямар учир шалтгаантай байдаг гэж та үзэж байна вэ?

-Монгол улсын иргэд биднийг хар багаас нь Зөвлөлтийн суртал ухуулга албадан тархи угаалтад оруулж байсан учир шалтгаантай. Тэр үед өвөр монгол айл бүрийн эрчүүдийг хороох юм уу хорьж, харин хятад эрчүүдийг хэд хэдээр нь ч суулган бүрэн уусгаад үгүй хийчихсэн юм, буриад, халимаг, тува нь түрэг гаралтай өөр биеэ даасан үндэстэн юм гэж албан ёсоор номлодог байсан. Үүнийг сөрсөн хүн гарвал үндсэрхэг үзэлтэн гэж шийтгүүлдэг байв. Тэгвэл 1990 оноос хойш монгол үндэстний эв нэгдлийн төлөө чиглэсэн төрийн бодлого гарч ирээгүй, үндэстний үнэн түүхийг мэдүүлээгүй, мэдүүлэх гэсэн үндэсний үзэлтэн хэдийгээ улсуудын найрамдалд харш юм хэлэв хийв гэж хавчдаг байж ирсэн. Ингэхээр зөвлөлтийн үеэс улбаатай буруу ойлголт төсөөлөл амь бөхтэй оршиж байна.

Тиймээс тийм үзэл сурталтай хүмүүс Эрээн, Хөх хотод очоод хятад олонхийг хараад өвөр монголчууд чинь хятад юм байна гэж төөрөлддөг. Өмнөд монголчуудаа дэмждэг цөөн хэд бараг гучин жил орилж хашгирч байж арай гайгүй болгов гэхэд хилсдэхгүй.

Би “Монгол дахи өмнөд монголчуудын хүний эрхийн зөрчигдлөөс...” гэж цуврал нийтлэл бичсэн, японоор орчуулагдаж байсан. Тэндээ бол хүний эрхийг зөрчөөд байгаа нь төрийн байгууллагын зарим албан тушаалтан л байгааг онцолсон. Тэд бол монгол үндэстний эв нэгдэлд саад хийх замаар харьд ая тал засах гэсэн эрмэлзлээсээ болж ингээд байна гэж ойлгогддог. Түүнээс биш, Монголын ард иргэд бол ноцтой зөрчөөд байгаа зүйл төдийлөн үгүй, улам гайгүй болсоор л байна. Гэхдээ бид нэг үндэстэн шүү гэдгээ шууд ухамсарлачих л хэрэгтэй байгаа юм л даа.

-НҮБ, хүчирхэг гүрнүүд ч Хятад улс дахь хүний эрхийн асуудалд дорвитой нөлөөлж чадахгүй байхад Монголчууд бид “Тэсээрэй дээ та хэд минь” гэхээс өөрөөр хэрхэн, яаж Өмнөд ахан дүүсдээ тусалж чадах вэ?
-Дэлхийн хамтын нийгэмлэг Хятад дахи хүний эрхийн байдалд байнга эергээр нөлөөлсөөр ирсэн. Цаг үеуүдийг харьцуулж үзэх хэрэгтэй. Одоо Хятад ЗХУ-ын перестройкийн эхэн үетэй төстэй нөхцөл байдалтай байгаа шүү дээ. Тэнд хүмүүс олон асуудлыг чөлөөтэй ярьж илэрхийлэх болсон. WeChat-д ороод л юу ямар хэмжээнд яригдаж хэлэлцэгдэж байгааг үз. Тэр болгонд шийтгээд хориод байхгүй. Бидний хүн ёсны санаа зовнил, хичээл зүтгэл нь тодорхой нөлөөгөө үзүүлж чадна. Хүсвэл ганц хүн ч ихээр нөлөөлж чаддаг. Өвөр Монголын хоёр багш заргалдсаар монгол бичгээр эхэнд нь зэрэгцүүлж бичих нь алдагдаад байсныг сэргээж чадсан байх жишээний.

-Өвөрмонголчууд маань ч өнгөрч гэж бодьё, бид тэднээс илүүрхээд байх юм байна уу? Хятад улсын манайд үзүүлэх эдийн засаг, улс төрийн нөлөө их байх шиг харагдана? Ингэж хоосон лоозондож суухаар өөрсдийгөө бодвол дээргүй юу?

-Манай улс тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хүрээд байгаа. Бүх юм уналтанд орсон. Ямар сайндаа би өнөөдөр “Монголын ард түмэн сөнөсөн үү?” гэх пост фэйсбүкэд хийгээд сууж байхав. Өмнөд монголчуудын үзэж амсаж байгаа бэрхшээлийг манайхан сайн мэдэхгүй байгаа нь маш харамсалтай. Одоо гадаадын компаниудад ажил хийж байгаагийнхаа дайтайгаар харь улсын харьяанд орохыг төсөөлөөд байх шиг байна.

Би байнга нийтлэл бичлэгээрээ амин чухал асуудлуудыг ухааруулж сэхээрүүлэхийг оролдож, нэг хэсэг төрд хууль шийдвэрүүдийн төсөл өгч нөлөөлөхийг чармайж, 2011 оны эхнээс идэвхтэй эсэргүүцэл жагсал, иргэний хөдөлгөөний үйл ажиллагаанд орсон. Миний тэмцлийн ихэнхийг Монгол улсын эрүүл нийгэм, саруул ирээдүйн төлөөх үйл ажиллагаа эзэлдэг л дээ. Гэхдээ нэг үндэстэн болохоор хилийн чанадын уугуул монголчуудын байдал балчир хүүхэд байхаас л зовоож ирсэн. Төрөлхийн юм гэж хэлж болно.

-Монголд бизнес хийгээд ашиг орлоготой, сайн сайхан яваа Өвөрмонгол иргэд их л байх шиг байдаг. Уул уурхай, боловсролын байгууллага, хөнгөн үйлдвэр, ресторан, зочид буудал гээд л бараг салбар бүрт. Олон дунд “болдоггүй” нөхдүүд ч бас байдаг. Хууль бус бараа тээвэрлэх. Эртний эдлэл, үнэт чулууд, хориотой ангийн эд эрхтэн авах, Хятад иргэдэд хэлмэрчлэх, зуучлах зэргээр?

-Монголд их мундаг сайн яваа өвөр монголчууд тийм олон биш шүү, миний ажигласнаар. Энэ нь дээр ярьсан хүний эрхийн зөрчигдөлтэй холбоотой. Болдоггүй хүн байдаг л байх. Бидэнтэй л адил монголчууд болохоор гэрэл сүүдэртэй. Энийг ойлгочиход л болно. Өвөр монголчууд манай иргэдийг тусгаар тогтносон Монгол улсын ардууд гэсэн утгаар их хүндэтгэж ханддаг. Тэгэхлээр манайхан өвөр монголчуудыг алдаа мадаггүй бурхан хүн гэж төсөлөөд, тэр төсөөллөөрөө хараад байдаг, хүний сүүдэр илрэхээр их эмзэглэн хүлээж авдаг. Зарим нь бүр давраад, өвөр монголчууд л гэж манай иргэдэд үйлчилж дарлуулж байх ёстой юм шиг мунхаглаж, тэр нь бүтэхгүй болохоор өсөрхөн хорсох нь буй. Тийм мунхаг хүн цөөн байдаг нь яамай, гэхдээ нэг хүнээс ч их гай гарч болдог.

Хэрвээ өвөр монголчууд бидэн шиг л монголчууд шүү, бид нэг үндэстэн шүү, бид ахан дүүс шүү гээд сэтгэвэл олон зүйл ойлгогдно. Гуйвсан мэдээлэл их байдгийг ялгаж салгаж ч сурна. Зарим хэвлэл мэдээлэл өвөр монгол хүн сайн юм хийвэл хятад хүн гэж бичээд, хятад хүн муу юм хийвэл өвөр монгол хүн гэж бичээд байхаа болиосой. Ингэж тал засах гэж оролдож байгаад харин Өвөр Монгол улсын иргэн гээд ч биччихдэг юм билээ. Сая нэг манай том сонинд “Өмнөд Монголын сумын дарга татвар хураамж нэмснээс болж бидний хувь заяа буруугаар эргэх нь” гэх гарчигтай бухимдал бичсэн байна. Хятад улсын төв ЗГ-ын бодлогогүйгээр өвөр монгол сумын дарга хүн өөр улсын хувь заяаг эргүүлэх шийдвэр гаргах ямар ч боломжгүй шүү дээ.

-Зуун жилийн дараахи Өмнөд Монголыг төсөөлөх гээд үзье? Танд юу харагдаж байна?

-Түүхэнд хэрвээ байдаггүй гэдэг нь түүхийг өөрчилж болохгүй гэсэн утгаар хэлснээс бус, хийсвэрлэлийг шаардах хэрвээ гэх үгийг үгүйсгээгүй, түүхийн хийсвэрлэлийг үгүйсгээгүй байдаг. Тэгвэл ирээдүйн талаар бол бүр олон хэрвээ яригдах нь ойлгомжтой. 100 жилийн дараа одоогийнх шиг зовлон бэрхшээл үгүй, язгуурын уугуул ард өөртөө эзэн мэддэг, хүний эрх бүрэн хэрэгжсэн, үндэсний соёл цэцэглэсэн, сэр сэр салхитай, бур бур бороотой Бумбын орон шиг байгаасай гэж би мөрөөдөж байна. Хэрэв үндэстнийхээ эрхийн төлөө даян дэлхийн түгээмэл үнэ цэнэт зүйлсийг баримтлан зөв зүйтэй тэмцэл өрнүүлж чадваас тийм болно. Эсбөгөөс сөнөнө л гэж хэлье дээ.

Ярилцсан Ч.Явуухүү

Comments