Сяньбийн мөхөлд буддизм нөлөөлсөн нь
Буддизм гэх балагтай вирусийн халдварыг авч, төрөө мөхөөж, хятадчилагдсан бас нэг үндэстэн бол Монголын дээдэс гэж яригддаг Сяньби нар юм.
Сяньбийн Бөрий хэмээх Туват хаан /Tuo ba Tao 408–452/ хамгийн анх буддын хор уршгийг таньж, цаазлан хориглосон төрийн зүтгэлтэн юм. Тэрээр “Өрнийн дээрэмчдийн/Хятадын нутгаас баруун зүгт орших улс аймгуудыг нэрлэсэн дуудлага/ хоосон номлол”, “ертөнцийн амьдралд гэм хор ихтэй” хэмээн үздэг байсан ба 444 онд лам нар төрийн эргэлт хийхээр хуйвалдан нууц нь илэрч, 446 онд сүм хийдэд нууж байсан их хэмжээний зэр зэвсэг эд мөнгө илэрсэн нь буддизмийг цаазлан хориглох шууд шалтгаан болжээ. Wei Shou/506-572/-гийн зохиол “Вэй улсын бичиг”-т: “улс даяар бурхны зураг хөрөг, баримал шуумал, ном судар байсныг эвдэж шатаасан ба лам нарыг залуу хөгшин гэж ялгалгүй бүгдийг амьдаар нь булаав”(1) гэж тэмдэглэсэн нь буй. Мөн “Вэй улсын бичиг”-т “тухайн үед 100 сая хүнтэй улс орон/Вэй улс нь Хятадын Хөх мөрнөөс хойш орших улс үндэстнийг нэгтгэсэн Сяньбийн байгуулсан том эзэнт гүрэн/-д 30 мянган сүм хийд, 2 сая лам хувраг байсан” гэж тэмдэглэсэн байдаг нь буддизмийн вирус нэгэнт улс орныг мөхөөх хэмжээнд хүртэл архагшсаныг харуулж байгаа явдал билээ.
Харамсалтай нь Дуват хааныг тэнгэрт халимагц түүний суурийг залгамжилсан Тувачин хаан/Tuoba Jun 440–465/ буддизмийг дахин сэргээх бодлого хэрэгжүүлжээ. Түүний дээр Тувачин хаан 14 настай Фэнг овогт хятад охиныг хатан болгон авчээ. Энэ Фэнг овогт Тувачин хааны хүү ба ач нарыг бага байхад нь хүмүүжүүлж, хаан болоход нь хөшигний араас төр барьж хоёр төрд улсын эх хэмээн өргөмжлөгдөн хятадчилах далд ухаан явуулж ирсэн нэгэн байв.
Буддизм, хятад хүүхэн хоёрт автан Тува Сяньбийг мөхөөх үйлийг гардан гүйцэтгэсэн хүн бол Тувачин хааны ач бөгөөд Фэнгийн сургаалаар хүмүүжсэн Вэй улсын долдугаар хаан Тувахун/Tuoba Hong 467–499/ юм.
Өнөөгийн хятадын Хэ Нан мужид орших Лүнг Мэн чулуун агуй/Longmen Grottoes/хэмээх буддизмийн уулан агуйд байгуулсан шүтээний газрыг Тувахун нийслэлээ Лүэяаньд нүүлгэсний дараа 494 оноос эхлэн байгуулжээ. Энэ Лүэнмэн нь 2000 онд дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн буддизмийн түүхэнд чухал байр эзлэх дурсгалт газар болох юм. Буддын шашны бие хамгаалах урлагаар дэлхийд нэрд гарч улс орон болгонд салбар төвүүд байгуулагдан ажиллаж байгаа Шао Лин хийд/Shaolin Temple/-ийг мөн Туваханы зарлигаар байгуулжээ. Монголчуудын цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулан хөл алдан очиж мөргөдөг Утайн сүм хийд нь бас Тувахуны дэмжлэгээр хөгжин дэвжиж иржээ.
Үүний зэрэгцээ тэрээр улс даяар Сяньби хэлээр ярьж, Сяньби хувцас өмсөхийг хориглон Хятадаар ярьж, Хятад хувцас өмсөхийг хуульчлан, Хятад хүнтэй гэрлэхийг сайшаан дэмжжээ. Нийслэлээ Хятадын дотор газар орших хятадын уламжлалт нийслэл Лүэяань хотод шилжүүлэн өөрийн Тува овгийг халж “Юань”/энэ “Юань” хэмээх ханз нь Хубилайн байгуулж, Бээжинг нийслэл болгосон Юань улсын “Юань”-тай дуудлага бичлэг нь адил ханз/ хэмээх Хятад овог хэрэглэх болжээ.
Ийнхүү Сяньбийн Тува хэмээх овог устаж, түүний байгуулсан Вэй хэмээх гүрэн хятатчилагдан мөхөн сөнөхийн эхлэлийг тавьжээ.
Гэвч 554 онд Баруун Вэй улсын Туваку хаан/537-557/ нь Тува овгоо д ахин сэргэж, Сяньбийн байгуулсан Хойт Жү улс/557-581/-ын Yu Wen Yong /543–578/ хэмээх сяньби гаралтай хаан буддизмийг дахин дарсан боловч үр дүнгээ үзэж амжилгүй 581 онд хятадын Сүй улсын эрхшээлд орон Сяньбийн түүх өндөрлөсөн байдаг.
Юү Вэн Юүнг хаан буддизмийг сохроор дараагүй, тодорхой үндэслэлтэй хандахыг хичээн, 560-570-аад онд бичиг цэргийн эрдэмтэнд ба Күнзийн сургаал, Даогын бумба, буддизмийн лам нарыг цуглуулан улс орон ямар үзэл суртал, шашин шүтлэгээр явбал зохистой болох талаар олон удаа хэлэлцүүлсэн байдаг. Үүний үр дүнд буддизм ба Даосизмыг дарах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч уг бодлогоо тууштай хэрэгжүүлсэн нь Фэй Жанг Фангийн бүтээл “Ши Дай Сан Вао Жинг”(2) байв. Тухайн үед хэлэлцүүлэгт ялагдсан лам нар Юү Вэн Юүнг хаанаас:
“Будда бол ертөнцийн эзэн, өглөг буян түгээгч билээ. Эзэн хаан буддизмийг дарваас тамд орж зовлон эдлэх болой. Эрхэм дээдэс эс айх буюу?” хэмээн асууваас, хаантан:
“Түмэн олон жаргаж, төр гүрэн хөгжин мандваас миний бие там орж зовлон эдлэхээс айх зүйлгүй” хэмээн хариулсан гэдэг.
Монголчуудын туршлагаас суралцаж буддизмийг дарсан үндэстэн бол дээр хэсэгт өгүүлсэн Хятадууд байв. Хятадуудын онцлог нь Монголчуудыг бодвол тууштай бөгөөд төрийн бодлогын залгамж холбоотой явж иржээ. Хятадын төр болгон төрийн түүх бичиж үлдээсэн байдаг ба дараа дараагийн хаад, төрийн түшмэд нар нь уншин судалж, туршлага сургамж аван, бодтой хэрэгжүүлэн төрөө төгөлдөржүүлж чаддаг байв. Сяньбийн хувьд нэг хаан нь дархад дараачийн хаан нь дэлгэрүүлэх байдлаар туушгүй, залгамж холбоо муутай явж ирсэн нь ялагдал ба мөхөн сөнөхийн гол шалтгаан болсон юм. \Зохиогч: Г.Гэрэлбаатар\
Ишлэл:
1.《魏書》:「諸有佛圖、形像及胡經,盡皆擊破、焚毀;沙門無少長,悉坑之!」
2.历代三宝纪- “毁破前代关山西东数百年来官私所造一切佛塔,扫地悉尽。融刮圣容,焚烧经典。八州寺庙(出)共40千,尽赐王公,充为宅第。三方释子减300万,皆复军民,还归编户”
3.Фэй Жанг Фанг-费长房
Comments
Post a Comment