20-р зууны эхээр Ар Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, 1911 онд шашны тэргүүнээ хаан залж Богд хаант Монгол улсыг байгууллаа. Энэ үед Өвөр Монголын 49 хошууны дийлэнх нь (зарим судлаачид 36, 38 хошуу гэдэг), Хөхнуур, Алшаагийн Монголчууд шинээр тогтсон улсад дагаар орохоо баталж байв. 1913-1914 онд Богдын засгийн газраас Дундад Иргэн Улсын цэргийг Өвөр Монголоос үлдэн хөөхөөр цэрэг илгээн байлдаан үүсгэж байлаа.
Дэ ван хэмээх Дэмчигдонров
1915 оны Монгол, Орос, Хятад гурван этгээдийн Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нийлүүлэх Монголын төлөвлөгөө үгүйсгэгджээ. Чухамдаа Хаант Орос Японтой Гадаад Монголыг Оросын, Дотоод Монголыг Японы нөлөөний хүрээнд хамруулна гэж тохиролцсоноо барьсан болон Өвөр Монголын газар орныг лавшруулан эзлэх Дундад Иргэн Улсын хүсэл үүнд нийлсэн байдаг.
Тэгэвч Өвөр Монголын ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японыг түшиглэн Хятадын эзэмшлээс гарахаар хэсэг ноёд чармайсан байдаг. Энэ үеийн эрх чөлөөний тэмцлийг Дэмчигдонров ван оройлсон.
1945 оны Японы Квантуны армийн эсрэг Зөвлөлтийн армийн давшилтанд туслах, Японы цэрэг болон Хятадаас Өвөр Монголыг чөлөөлөхөөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цэрэг Өвөр Монголд нэвтэрсэн. Чөлөөлсний дараахан Өвөр Монгол Монголын цэргийн мэдэлд тогтнож байлаа. Гэвч Алс Дорнодод АНУ-ыг сөрөхийн тулд Манж Чин Улсын дайтай Хятад орныг нэгтгэх Иосиф Сталины төлөвлөгөө хэрэгжсэнээр Мао Зэдуны хүчин ахин Өвөр Монголыг эзлэсэн. Дэмчигдонров болон бусад эх орончид 1949 он хүртэл эрх чөлөөний төлөө тэмцсээр байжээ..
Comments
Post a Comment