ДАЛАЙБААТАР, ТУЛГУУРЫН ХЭРЭГ IV
















ДАЛАЙБААТАР, ТУЛГУУРЫН ХЭРЭГ IV
Зургаа. Улс төрийн үйл ажиллагаа ба хүний эрхийн тэмцэл хоёр бол ялгаатай ойлголт
Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарыг дээдсийн нутаг Монгол улсаас нь албадан гаргаад бүтэн зургаар сар боллоо. Энэ үйлдэл нь олон улсын ч, Монгол улсын ч хууль дүрэм, тунхаглал, гэрээ хэлэлцээр, санамж бичгүүдийг зөрчсөн тухай НҮБ, Хүний эрхийн төвүүд ба ТББ-ууд удаа дараа албан ёсоор бичиг ирүүлж холбогдох газруудад мэдэгдсэн, Ч. Мөнхбаяр, Г.Ням-очир тэргүүтэй нөхдүүд хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийлгэж, гаргасан буруу шийдвэрээ татаж авахыг шаардсан, Америк, Японд оршин суудаг Монголчууд бас элэг нэгтнээ хамгаалж дэмжихийн оронд ялгаварлан гадуурхаж, хатуурхаж байгаад харамсал илэрхийлж эсэргүүцэл гаргасан. Гэвч төр засаг, холбогдох байгууллагуудаас нааштай хариу өгөхгүй байна. Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа гурвын асуудал бол зөвхөн энэ гурван хүний хэрэг биш, Монгол улсыг тойрон хүрээлж, харын түрэмгийллийн халхавч, хаалт болж ирсэн бусад монгол туургатнаа гомдоосон, итгэл сэтгэлийг нь алдсан гоомой явдал болсон юм.
Хүний эрхийн нэрт зүтгэлтэн, сэтгүүлч Ч. Мөнхбаяр ИХШХЕГ -аас албадан гаргасан шалтгааныг тодруулж асуухад “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль” -ын 27.3 -ыг үндэслэн гаргасан гэж тодорхойгүй хариулт өгчээ. Учир нь 27.3 нь дотроо хэд хэдэн зүйл ангитай байдаг аж. Миний ойлгосноор “Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулах”\8.1.3\гэсэн заалтыг зөрчсөн гэдэг “тагнуул, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн”\27.3.1\ бололтой. Учир нь тэднийг Монголд байх хугацаанд ТЕГ-ын ажилтан уулзаж “Хиагтын гэрээний тухай” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж болохгүй, Өвөр Монголын ардчилсан намыг үүсгэн байгуулж болохгүй гэх мэтээр сануулга өгч, хэрвээ дуулгаваргүй байвал албадан гаргана гэж дарамталж байжээ.
Тэгэхлээр ТЕГ-аас өмнөд монголчуудыг мөрдөж мушгиж, үзэл бодол, үйл ажиллагаанд нь хяналт тогтоож БНХАУ-ын эрх ашгийг улаан цээжээрээ хамгаалах нь хир тохиромжтой байх эсэх ба улс төрийн үйл ажиллагаа гэгч чухам юуг заадгийг тус хэсэгт товч авч үзье.
Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарын байгуулсан Өмнөд Монголын залуучуудын холбоо (ӨМЗХ) бол албан ёсны бүртгэлтэй төрийн бус байгууллага бөгөөд Өвөр Монголын ардчилсан нам бол албан байтугай албан бусаар ч байгуулагдаагүй зөвхөн байгуулах тухай ярилцаж байсан аж. Хэрвээ Өвөр Монголын ардчилсан намыг байгуулсан гэж Монгол улсаас албадан гаргасан бол хийгээгүй хэргийнх төлөө ялласан хэлмэгдүүлэлтээс өөр юу ч биш. Үнэхээр Өвөр Монголын ардчилсан намыг байгуулж үйл ажиллагаа явуулсан бол Монгол улсаас албадан гаргаж БНХАУ-д тушаах биш, Монгол улс хамгаалалдаа авч улс төрийн орогнол олгох учиртай байжээ. Учир нь Монгол улсын “Үндсэн хууль”-ын Арван наймдугаар зүйлийн 4-т “Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харъяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол улсад орогнох эрх олгож болно” гэсэн бол “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ын хоёрдугаар бүлгийн 7.3.3- “улс төрийн орогнол хүсэх” эрхтэй гэжээ. Үүнээс үзвэл хэрвээ Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарыг “улс төрийн үйл ажиллагаа явуулсан” гэж албадан гаргасан бол Монгол улсын үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 4, “ГИЭЗБТХ”-ын хоёрдугаар бүлгийн 7.3.3 -ыг зөрчсөн гэдэг нь тодорхой байна. Хэрвээ Япон, Өмнөд Солонгос мэтийн ардчилсан улсын иргэн Монголд “улс төрийн үйл ажиллагаа” явуулж хууль зөрчсөн бол нутаг уруу нь албадан гаргаж болно. Учир нь Япон, Өмнөд Солонгос бол ардчилсан улс болохоор албадан тушаагдсан ч ял шийтгэл амсахгүй. Харин Өвөр Монгол, Хойд Солонгосын иргэн улс төрийн үйл ажиллагаа явуулсан ч албадан гаргаж болохгүй. Учир нь Өвөр Монгол, Хойд Солонгос бол ардчилалгүй, нэг намын хатуу дарангуйлалтай коммунист улс. Эдгээр иргэд албадан тушаагдвал дарамт шахалт, эрүү шүүлт, ял шийтгэл амсах, эрх чөлөөгөө хасуулах өндөр эрсдэлтэй байдаг. Тийм болохоор НҮБ ба ардчилсан улс орнууд улс төрийн дүрвэгчийг хамгаалах бодлого барьж ирсэн юм.
“Улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага” \Political organisation\ гэж явцуу утгаараа голдуу нам ба сонгуультай холбоотой байгууллагыг заадаг. Улс төрийн намын гол бөгөөд эцсийн зорилго нь төрийн эрхийг авах явдал. Энэ зорилгоо ардчилсан улс оронд сонгуулиар дамжин биелүүлдэг. Монгол улсын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ын 8.1.2-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох”-ыг хориглоно гэж заасан байдаг болохоор гадаадын иргэн “улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага” байгуулсан ч сонгох сонгогдох эрхгүй учир зорилгоо биелүүлэх боломжгүй юм. Харин үйл ажиллагаанд нь оролцох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр сонгуулийн үр дүнг нөлөөлдөг байж болно. Гэвч Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нар эдгээр үйлдлийн алинд нь ч хамаарагдахгүй байна. Өргөн утгаар нь үзвэл нийгмийн амьдрал улс төртэй бүгд холбогддог. Энэ утгаар нь бүх байгууллагыг “Улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага” гэж мэтгэлцэж болно. Тэгвэл гадаадын иргэн Монгол улсад ямар ч байгууллага байгуулж болохгүй, оролцож болохгүй, мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж болохгүй гэсэн туйлшрал үүснэ. Гэтэл Монголоор дүүрэн гадаадын элдэв сан, байгууллагууд үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ. Тэр байтугай Хятадын банк хүртэл салбараа нээгээд байна. Хамгийн гол зангилгаа нь “Улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага” гэж яг юуг зааж байгаа юм бэ гэдэгт асуудал оршино. Жишээ нь: хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зэрэг байгууллагыг төрийн байгууллага гэх ба төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ. Төрийн жинхэнэ албан хаагч нь өөрөө бас “улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй” \13.1.8.\ бөгөөд “албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох”-ыг хориглосон \15.1.1. \ байдаг юм. Эндээс үзвэл төрийн байгууллага нь улс төрийн байгууллага биш бөгөөд төрийн албан хаагч нь улс төрчид биш аж. Харин төрийн албанд тусгай улс төрийн алба гэж байх ба энэ албанд улс төрийн намаас сонгогдох буюу томилогдсон хүмүүс ажилладаг улс төрийн шинжтэй байгууллага болно. Гадаадын иргэн нам байгуулах, сонгох, сонгогдох эрхгүй болохоор мэдээж энэ улс төрийн албыг хаших бололцоогүй. Ийм учраас Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарыг төрийн байгууллагын улс төрийн үйл ажиллагаанд оролцсон гэж хардаж сэрдэх үндэслэлгүй байна. Үүний дээр Төрийн жинхэнэ албан хаагчаар “гадаадын иргэн, харьяалалгүй хүн” ажиллахыг хориглосон\2002 оны Төрийн албаны тухай хууль-3.1; 16.2.5\ байдаг. Гэтэл Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нар бол Монгол улсын төрийн жинхэнэ албан хаагч байтугай жирийн албан хаагч ч байгаагүй, Монголын улс төрийн нам, төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож байгаагүй зөвхөн Монголдоо ажиллаж амьдрахыг зорьж байсан эгэл жирийн Өмнөд Монголын сэхээтэн залуус байсан юм.
“Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль” 8.1.3 -д заасан улс төрийн үйл ажиллагаа гэдэг бол голдуу Монгол улсын дотоодын улс төрийн нам бүлэг, сонгуулийн үйл ажиллагаанд оролцохыг хэлж байгаа болохоос биш, гадаадын иргэн өөрийн улс орны улс төрийн үйл ажиллагаанд оролцох, нам бүлгийн гишүүн байхыг хориглосон гэж ойлгож болохгүй мэт санагдана. Энд хуулийн нэр томьёо, утга агуулгад холбогдох байгууллага тайлбар хийх шаардлагатай.
Төрийн байгууллагаас гадна Төрийн бус байгууллага гэж байдаг. Төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг заадаг\1997 оны “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ын 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо\ ба “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг”\1997 оны “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ын 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо\-ыг тус тус заадаг аж. Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарын оролцож гэмт хэрэгтнээр тодорч Монгол улсаас хөөгдөн гарсан байгууллага бол “Өмнөд Монголын залуучуудын холбоо” нэртэй Монгол улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага юм. “Төрийн бус байгууллагын тухай хууль”-д “Энэ хуулийн зорилт нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлсон хүний эрхийг хэрэгжүүлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”\тус хуулийн 1 дүгээр зүйл\ гэж зорилтоо тодорхойлжээ. Үүнээс үзвэл ТББ-ын гол зорилтын нэг нь хүний эрхийн төлөө эвлэрэлдэн нэгдэх явдал аж. Гэтэл энэ хуулийн дагуу хүний эрхийн төлөө тэмцэсэн Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нар өөрөө төрд дарангуйлагдаж, өөрсдийнх нь хүний эрх ноцтой зөрчигдсөн байх юм. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 4-д “Төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн байдаг.
Тэгвэл гадаадын иргэн ТББ байгуулах буюу түүнд оролцож болох уу гэвэл мэдээж болно. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 6-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага байгуулах буюу төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно” гэж тодорхой заажээ. Мөн ойрын хугацаанд шинээр баталж магадгүй “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ын шинэчилсэн найруулгад Монгол улсад оршин амьдарч байгаа аливаа гадаадын иргэн ТББ байгуулж, оролцож болохоор төсөл гарсан байна. Ямар ч байсан гадаадын иргэн Монгол улсад төрийн бус байгууллага байгуулах, эсвэл оролцох нь хуульд харшлахгүй бөгөөд энэ эрх нь цаашид илүү нээлттэй болох хандлагатай байна.
Түүнээс гадна “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ын 9 дүгээр зүйлийн 5-д “Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саналыг нь үндэслэн төрийн бус байгууллагыг оролцуулж болно” гэж заасан нь гадаадын иргэн тодорхой хэмжээнд Монгол улсын төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцож болохыг хуульчлан баталсан явдал болох юм. Мөн дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 6-д “Төрийн бус байгууллага төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийж болно” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу 2014 оны 5-р сарын 9-ний өдөр Н.Алхааг Монгол улсаас албадан гаргах шийдвэрийг эсэргүүцэж зохион байгуулсан хэвлэлийн хуралд “Өмнөд Монголын залуучуудын холбоо” ТББ-ын гишүүд болох Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нар оролцох гэсэн нь Монгол улсын хуулийг зөрчөөгүй байна.
Монгол улсад өнөөдөр хүний эрхийн тэмцлийг улс төрийн үйл ажиллагаа гэж буруу ойлгосон ташаарал ихээхэн газар авч байгаа нь харамсалтай. Монгол улсад гадаадын иргэн хүний эрхийн төрийн бус байгууллага байгуулах буюу түүнд элсэн орж үйл ажиллагаа явуулах нь олон улсын ч, Монгол улсын ч хуулийг зөрчихгүй юм. Харин ч НҮБ -ын дүрэм ба Монгол улсын үндсэн хуулийн зориг санааг дэмжсэн ажиллагаа буюу Монгол улсад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахад оруулж буй хувь нэмэр гэж үзүүштэй. Хүний эрх гэж чухам юу байдаг талаар мэдэхийг хүсвэл НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг уншиж болно. Энэ талаар Монгол улсын үндсэн хуульд ч тусгагдан орсон байдаг. Хүний салшгүй эрх нь гадаад дотоод, ар өвөр монгол гэж ялгахгүй бүх хүнд төрөлх заяасан эрх юм. Харин улс төрийн үйл ажиллагаа гэдэг нь нам байгуулах, сонгуульд оролцох, эдгээртэй холбогдолтой байгууллагад ажиллах зэрэг явцуу хүрээний ойлголт. Монгол улсын холбогдох хуулиудаар энэ эрхийг хориглосон байдаг. Өмнөд Солонгост орон нутгийн сонгуульд гадаадын иргэн оролцож болдог, Япон ч сүүлийн үед энэ талаар хүчтэй ярилцаж байгаа гэх мэтээр улс орон болгонд улс төрийн эрхийн талаар байдал нэлээд өөр өөр байна. Ямар ч байсан Монголын одоогийн хуулиар энэ эрх хаалттай байгаа. Гэвч Монгол улсад нам байгуулах, түүнд элсэн орохыг хориглосон хууль байдгаас биш, Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа гадаадын иргэн ямар нэгэн улс төрийн нам бүлгийн гишүүн байж болохгүй гэсэн хууль дүрэм байдаггүй юм. Хэрвээ тийм хууль байдаг бол бүр балрах нь л дээ. Монголд жуулчлах, айлчлахын төлөө хүмүүс намаас гараад л, Монголд байгаа гадаадын иргэдийг нам бүлгээс нь албадан гаргуулаад л, гарахгүй бол Монголоос хөөж туугаад л. Хятадын улаан хувьсгал дээр “Өвөр Монголын ардын нам”-ыг малтаж арилгана гээд олон монголчуудыг хөнөөсөн шиг үйл явдал болж мэдэхээр байна. 2014 оны 5 сард Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарыг барьж саатуулан, зодож нүдсээр Монгол улсаас хөөж гаргасан нь “Өмнөд Монголын залуучуудын холбоо” ТББ -ын үйл ажиллагаанд оролцож Өвөр Монголын Ардчилсан Намыг байгуулахаар оролдсон гэж үзэж байсантай нь холбоотой байж мэдэх юм. Гэтэл энэ гурван залуу нам байгуулах тухай ярьж, төлөвлөж, дүрэм журам боловсруулж байсан болохоос биш, албан ёсоор нам бүлэг байгуулж үйл ажиллагаа явуулаагүй байсан юм. Хэрвээ үнэхээр тийм нам байгуулаад байсан ч энэ нь Монгол улсын улс төрд оролцсон явдал огт биш, тэр нь Өвөр Монголын ардчилсан нам болохоос биш, Монгол улсын ардчилсан нам биш, Монгол улсын улс төрийн сонгуульд оролцож, төрийн эрхийг авах зорилгогүй нь нэн тодорхой. Монгол улсад яагаад Өвөр Монголын ардчилсан намын гишүүд оршин сууж болдоггүй гэж? Монгол улс нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг\Community of Democracies\- ийн даргаар ажиллаж байсны хувьд ч Өвөр Монголын ардчиллыг дэмжих ёстой мэт санагдаж байна. Хэрвээ Монгол улсад Өвөр Монголын нам бүлэг, холбоо эвслийн гишүүд оршин сууж болохгүй гэж үзэж байгаа бол хуулийн өмнө хүн болгон эрх тэгш гэдэг зарчмаар Монголд байгаа бусад улс орны иргэд ч нам бус байх ёстой биш үү. Тэд хаа нэг газар уулзалдан нам бүлгийнхээ асуудлаар ярилцаж байж мэднэ. Цахим хуудас, хэвлэл мэдээлэл дээр юу ч хэлж бичсэн байж мэднэ. Тийм болохоор Монгол улсад амьдарч байгаа гадаадын бүх иргэдийг тагнаж чагнах хэрэг гарах нь л дээ. Хэрвээ зөвхөн Өвөр Монголчуудыг мөрдөж мушгиж, тагнаж чагнаж байгаа бол “аливаа хүнийг үзэл бодол, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй” гэсэн олон улсын ба Монгол улсын хууль, тунхаглалыг зөрчсөн хэрэг. Хэрвээ гадаадын бүх иргэдэд адилхан ингэж хандаж байгаа бол ардчилсан, хүмүүнлэг иргэний улс биш, Хойд Солонгос, БНХАУ шиг ардчилал, эрх чөлөө, тэгш эрх, шударга ёсгүй, хамгийн харгис, харанхуй дэглэмтэй улс болж хувирч л гэж ойлгоход хүрнэ.
Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нар Өвөр Монголын ардчилсан нам байгуулах санал, санаачлаг гаргасан нь цаг үеэ олсон, ард түмний олон жил хүсэж хүлээсэн үйл явдал байлаа. Олон жилийн турш нэг нам, нэг үндэстний дарангуйлал, колонид оршиж ирсэн Өмнөд Монголчуудын хувьд баяр талархал хүлээж, итгэл найдвар төрүүлж байсан нь гарцаагүй билээ. Ардчилал бол терроризм биш, хүний эрхийн тэмцэл бол алан хядах үйл ажиллагаа бус. Ардчилсан нийгмийн үнэт зүйлс нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, иргэдийн оролцоо юм, түүнийг хамгаалах, хөгжүүлэхийн төлөө дэлхийн ард түмэн цус хөлсөө урсган тэмцсээр ирсэн. “Ардчилал бол хүмүүсийн бүтээсэн, хүмүүсийн төлөөх хүмүүсийн засаглал мөн” гэж Абрагам Линкольн хэлсэн байдаг. Үүнээс үзсэн ч ардчиллыг дарангуйлж байгаа нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болохоос биш өөр юу ч биш билээ.
Монгол улс Өмнөд Монголын ардчилагчид, хүний эрхийн зүтгэлтэн нарыг дэмжих нь Хятадаас салгах, өөртөө нэгтгэх гэсэн зорилго, үзэл санааны үүднээс биш, зөвхөн тэнд зөрчигдөж байгаа хүний эрхийн асуудлын талаарх байр суурь, арга хэмжээ гэж гэж ойлговол зохилтой. АНУ зэрэг ардчилсан улсууд ч БНХАУ-д хүний эрх зөрчигдөж байгаа талаар байнга ярьж шүүмжилж байдаг бөгөөд шууд гар биеэрээ оролцож хамгаалах арга хэмжээ ч авч ирсэн байдаг. “Хүний эрх нь хувь хүний эрх болохоос биш нийтийн эрх ашиг биш. Хүний эрхийн талаарх тусагдахуун нь хувь хүн юм. Иймд бид хүний эрхийн талаар ярихдаа зөвхөн үндэсний цөөнхийн хэл, улс төрийн харьяалал (тухайлбал нийтийн эрх, автономит эрх) зэргийн талаар авч үзэх бус харин үндэсний цөөнхөд хамаарч буй хүмүүсийн эрхийн талаар хэлэлцэх ёстой” гэж Польшийн хүний эрхийн нэрт зүтгэлтэн Марек Новицки “Хүний эрх гэж юу вэ?” гэсэн нийтлэлдээ дурдсан байдаг.
Тийм ч учраас хүний эрхийн нэрт зүтгэлтэн, сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Монгол улсад өмнөд монголчуудын эрх ихээр зөрчигдсөөр ирлээ. Энэ бүхнийг эцэс болгох цаг ирсэн. Өмнөд монгол ахан дүүсийг маань ялгаварлан гадуурхаж, дарлан доромжилж буйг монгол үндэстнийхээ сайн сайхны төлөө гэсэн элгэн халуун сэтгэлтэй, эх оронч үзэлтэй хүмүүс хүчээ нэгтгэн таслан зогсооё” гэсэн уриатай хэвлэлийн бага хурлыг 2014 оны 11 сарын 07 өдөр байрт зарлан хуралдуулсан юм.
Үнэнийг хэлэхэд Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний тэмцэл “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг болж байна. Коммунист Хятадад жараад жил нухлагдаж арай гэж Монголоо бараадаж ирэхээр “Чонын амнаас гараад барын аманд орох” гэгч болж барьж аваад Хятадад тушаадаг бузар уламжлалт тогтоод удаж байна. Үүний хамгийн анхны жишээ бол Дэ вангийн хэрэг болно.
Дэ ван хэмээх Дэмчигдонров бол Чингис хааны алтан ургийн хун тайж бөгөөд Шилийн голын чуулганы дарга байснаа Өвөр Монголыг Хятадаас тусгаарлан бие даасан улс болгож Монголын Нутгийн Нэгдсэн Автономит Засгийн Газар буюу Монголын Өөртөө Засах Улс\ тус улсын 1940 оны анхны шуудангийн марк дээр бичсэн нэр\- ыг байгуулж тэргүүнээр нь сонгогдон ажиллаж байсан юм. 1949 онд Хятад улс байгуулагдан Өвөр Монголд Хятадын цэрэг цөмрөн орж ирснээр Дэ ван Монгол улсаас хамгаалал хүсэж өөрийн цэргийн хамт 1950 онд Улаанбаатарт хүрэлцэн иржээ. Тэрээр Чойбалсантай хамтран Өвөр Монголыг Хятадаас чөлөөлөх хүсэл сонирхолтой байжээ. Харамсалтай нь түүний хүссэн зүйл огт болоогүй, Дотоод явдлын яам түүнийг мэхлэн баривчилж, тус жилдээ БНХАУ-д хүлээлгэж өгсөн юм. Том хүү Дугарсүрэнг нь бас хэлмэгдүүлж 1952 онд Улаанбаатарт буудаж алсан байдаг. Дэ ванг Хятадууд 13 жил шоронд хорьж тамлан зовоож байснаа 1963 онд сулласан боловч шоронгийн нөхцөлд бие сэтгэл доройтож өвчин эмгэгт баригдсан тул тун удалгүй 1966 онд таалал төгссөн юм. Ингэж Монгол, Хятад хамтран Өвөр Монголын Монголтойгоо нэгдэх, аль эсвэл тусгаар тогтнох боломжийг Хиагтын гэрээнээс нааш хоёрдох удаагаа боомилсон түүхтэй. 1950-аад оны Төвдийн асуудал бас Өвөр Монголтой төстэй байсан. Ялгаа нь 1959 онд Далай лам Энэтхэгийн Дарамсалад дүрвэж ирэхэд нь түүнийг Энэтхэгийн тал баривчилж Хятадад тушаагаагүй. Далай лам Энэтхэгт Төвдийн цагаачлалын Засгийн газрыг байгуулж Төвдийн эрх чөлөөний төлөө тэмцсээр байна. Түүний үйл ажиллагааг дэлхий үнэлж 1989 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртээсэн байдаг. Хэрвээ Өвөр Монголын тэргүүн, Чингис хааны алтан ургийн хун тайж Дэ ван хэмээх Дэмчигдонровыг Монгол улс орогнуулах боломжгүй байсан бол аль нэг гадаадын улс орон уруу гаргачхаж болох байсан юм. Тэгсэн бол Өвөр Монголын байдал өнөөдөр өөр л байх байжээ. Дэ ван ч Монголд биш, 2000 морьт цэргээ дагуулаад Энэтхэг уруу гарах бодолтой байжээ. Гэтэл Монголын Дотоод явдлын яам түүний хүү Дугарсүрэнгийн нэрээр “Чойбалсан тантай хамтарч ажиллах сонирхолтой байна” гэсэн агуулгатай хэд хэдэн захиа бичүүлж мэхлэн авчирсан байдаг юм. Үнэндээ цаана нь Орос Хятадын хуйвалдан байсан гэж ярьдаг ч эцсийн бүлэгтээ гардан гүйцэтгэсэн нь Монголчууд өөрсдөө юм. Дэ вангийн асуудал дээр Өвөр Монголчууд олон жилийн турш Ар Монголчуудад санал гомдолтой явж ирсэн нь нууц биш. Өчүүхэн бичээч миний хувьд ч бодох болгон дотор зангирдаг юм. Хүйтэн дайн дуусаж Монгол Оросын захиргаадалтаас гараад 25 жил боллоо. Хиагтын гэрээгээр Өвөр Монголоо худалдаж өөрөө тусгаар улс болоод ч 100 жил боллоо. Бие даасан улс бие даасан бодлого хэрэгжүүлж, харьд эзлэгдсэн бусад элэг нэгтнээ харж үзэх цаг болсон мэт санагдана. Гэтэл бусад Монгол туургатандаа хандах хандлага нь огт өөрчлөгдөөгүй, 50-аад оны байдал үргэлжилсэн хэвээрээ. Үүний амьд жишээ бол энд яригдаж байгаа Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа, Н.Алхаа нарын асуудал юм.
“Хоёр аралтай тэрэгний нэгэн арал хугарвал, үхэр түүнийг чирч чадахгүй. Тэр мэт нэгэн арал чинь би биш билүү? Хоёр хүрдтэй тэрэгний нэгэн хүрд эвдэрвэл явж чадахгүй. Тэр мэт нэгэн хүрд чинь би биш билүү?”\МНТ зүйл-77\ хэмээн Тэмүжин Ван ханд хэлж байжээ. Ар Өвөр хоёр монгол бол нийт Монголын хоёр гол хэсэг юм. Хоёр монгол тэрэгний 2 арал, 2 хүрдэн мэт эв санаагаа нэгтгэж хамтран зүтгэж байж Монгол улс, монгол угсаатан илүү аз жаргалтай, илүү удаан оршин тогтноно. Харин уул мэт өмөг түшиг болсон Монгол улс минь эцэг Ван хан мэт бүү овилгогүй зан гаргаасай гэж хүсдэг хүмүүс олон байдаг юм.

Үргэлжлэл буй.

Comments