Д.ДАЛАЙБААТАР, Н.ТУЛГУУРЫН ХЭРЭГ \НЭГ\
Далайбаатар, Тулгуур хоёр улс төрийн золиос болж хятад уруу ачигдаад хэдэн сар өнгөрлөө. Нэрт сэтгүүлч, хүний эрхийн зүтгэлтэн Ч. Мөнхбаяр нарын цөөн хүмүүс хамгаалж тэмцсэнийг эс тооцвол хүмүүс ерөнхийдөө нүд сохор, чих дүлий байцгаана. Харин цахим хуудсанд жиргэгчид янз бүр бичсэн байх харагдана. Өмгөөлж хамгаалж бичсэнээс гадна бас нэг хэсэг харалган бодолтой хүмүүс нь муусайн хужааг хөөж гаргах нь зөв, өвөр монгол хүн хужаагаас цааш ч гэх шиг, лав том асуудалтай байх, манай төр мундаг ажиллаж байна ч гэх шиг элдэв шалдав зүйл бичсэн байх юм. Тэгвэл энд энэ хоёр нөхрийн тухай дэлгэрэнгүй бичихийг зорилоо. Үнэн худал, зөв бурууг нь эрхэм уншигчид шүүн тунгаахыг хүсье.
Монгол улсын хүчний байгууллага Монгол улсад оршин амьдарч байсан Өвөр Монголын Өөртөө засах орны иргэн Довчиндоржийн Далайбаатар ба Норовречингийн Тулгуур хоёрыг 2014 оны 5 сарын 12-13 өдөр БНХАУ-д албадан гаргасан байна. Энэ хоёр хүн бол НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар \НҮБДДКГ\ -аас олгосон орогнол хүсэгчийн тодорхойлолттой байсан юм. Үүнд:
1.Д.Далайбаатар НҮБ-ын орогнол хүсэгчийн тодорхойлолтын хугацаа 2014.4.29 өдөр дууссан боловч 2014.7.1 хүртэл хүчин бүхий оюутны сурах визтэй байв.
2.Н.Тулгуур орогнол хүсэгчийн 2014.3.18-2014.6.16 өдөр болтол хүчин бүхий тодорхойлолттой байсан.
Нэг. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар \НҮБДДКГ\ -аас олгодог орогнол хүсэгчийн тодорхойлолттой гэж юу бэ?
Орогнол хүсэгчийн тодорхойлолтыг англиар Asylum Seeker Certificate гэдэг. Үнэндээ “Certificate”-ыг “тодорхойлолт” гэж хэлэх нь оновчгүй, “Certificate” бол гэрчилгээ, баталгаа, үнэмлэх, эрхийн бичиг гэх мэтийн утгатай бөгөөд монгол хэлэнд тэгж орчуулагдаж ирсэн байдаг. Тус сертификат дээр “НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар \НҮБДДКГ\ нь тус хүний орогнол хүссэн тухай асуудлыг судалж байгааг үүгээр нотолж байна. Орогнол хүсэгч болохын хувьд эл хүнийг дүрвэгчийн эрх зүйн байдлын талаарх эцсийн шийдвэр гараагүй байхад амь нас буюу эрх чөлөөнд нь аюул учирч болзошгүй улс орон уруу хүчээр буцааж үл болно. Эл хүн болон гэр бүлийн гишүүдэд нь \хамт байгаа нөхцөлд\ аливаа туслалцаа үзүүлэхийг гүнээс хүсэж байна” гэж бичээд төлөөлөгчийн гарын үсгийг зурж НҮБДДКГ-ын тамгыг дарсан байдаг.
Дүрвэгч ба цагаач хоёр бол ялгаатай ойлголт. Монголд хууль бусаар амьдарч байгаа цагаач хятадууд дүрвэгч биш. Дүрвэгч гэдэг нь харьяат буюу байнгын оршин суудаг орноосоо гадна буй бөгөөд харьяат буюу байнга оршин суудаг орныхоо хамгаалалтыг авах боломжгүй, эсвэл хамгаалалт авахыг хүсэхгүй байгаа, тухайн орондоо буцах боломжгүй, эсвэл буцахыг хүсэхгүй байгаа арьс үндэс, шашин шүтлэг, иргэншил, улс төрийн үзэл бодол эсвэл нийгмийн тодорхой бүлгийн гишүүнчлэлийн улмаас мөрдлөг хавчлагад өртсөн эсвэл өртөх үндэслэлтэйгээр болгоомжилж буй хүнийг дүрвэгч гэдэг байна. Монголд голдуу коммунист дэглэмтэй Хойд Солонгос, БНХАУ хоёроос дүрвэгч ирдэг. БНХАУ-аас Монголд ирдэг дүрвэгчийн олонх нь коммунист дэглэм ба их хятадчилах бодлогыг эсэргүүцсэн, дургүйцсэн үндэстний цөөнх болох Өвөр Монголын Өөртөө Засах Оронд оршин амьдардаг бидэнтэй угсаа гарвал, цус яс нэгтэй Монголчууд байдаг.
Энэ удаагийн орогнол хүссэн хоёр ч Өвөр Монголын Ордос хотын Монголчууд бөгөөд улс төрийн шалтгаанаар нутаг буцах боломжгүй болж НҮБДДКГ -аас орогнол хүсээд байсан юм.
Учир иймийн тулд орогнол хүсэгчийн тодорхойлолттой байсан хүнийг Монгол улсын хүчний байгууллага яагаад БНХАУ-д албадан гаргасан бэ? Үүнийг Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, хууль зүйн яам ба засгийн газрын бусад холбогдох байгууллагаас дахин нягтлан үзэх шаардлагатай. Мөн тус захидлыг уншсан бүх ард иргэд нээлттэй шүүн хэлэлцэхийг хүсэж байна.
Монгол улс нь 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж хамтран ажиллаж бодлого шийдвэрийг нь хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Гэтэл дүрвэгсдийн асуудал дээр НҮБДДКГ-ын хууль дүрмийг удаа дараа зөрчиж хамгаалалтаа авсан иргэдийг нь хүч хэрэглэн баривчилж БНХАУ-д тушааж буйд гайхаш төрж байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын Газрын Тайландын Бангкок хотод байрладаг Өмнөд ба Зүүн Азийг хариуцсан бүсийн төлөөлөгчийн газраас 2014 оны 5 сарын 20 өдөр Монгол улсын гадаад харилцааны яаманд UCR/BKK-RO/MSC/033 тоот албан бичиг ирүүлж орогнол хүсэгчийн тодорхойлолттой байсан Д.Далайбаатар, Н.Тулгуур нарыг БНХАУ-д албадан гаргасан явдлыг олон улсын хуулийг зөрчсөн гэж буруушаан шүүмжилсэн нь буй.
Хоёр. Монгол улс нь 1951 онд батлагдсан НҮБ-ын дүрвэгсдийн статусын тухай олон улсын конвенц ба 1967 оны протоколд нэгдэн ороогүй гэдэг нь НҮБДДКГ орогнол хүсэгчийн тодорхойлолттой иргэдийг Монгол улсаас албадан гаргаж БНХАУ-д тушаах үндэслэл болж чадах уу?
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын Газрын Тайландын Бангкок хотод байрладаг Өмнөд ба Зүүн Азийг хариуцсан бүсийн төлөөлөгчийн газраас 2014 оны 5 сарын 20 өдөр Монгол улсын гадаад харилцааны яаманд UCR/BKK-RO/MSC/033 тоот албан бичигт « Монгол улс нь 1951 онд батлагдсан НҮБ-ын дүрвэгсдийн статусын тухай олон улсын конвенц ба 1967 оны протоколд нэгдэн ороогүй байна. Гэвч үүнээс үл хамааран аливаа улс орон дүрвэгч ба орогнол хүсэгчийг хамгаалах олон улсын хэвшиж тогтсон хууль дүрмийг хүндэтгэх, мөрдөн дагах үүрэг хариуцлагатай байдаг. Монгол улс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1984 онд батлан гаргасан “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенц ба Ерөнхий Ассамблейгаас 1966 онд баталсан “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ыг хүлээж зөвшөөрч нэгдэн орсон улс юм. Тус конвенцод “Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй” гэж заасан байдаг» -ыг сануулсан байдаг. Эндээс үзвэл Монгол улс нь 1951 онд батлагдсан НҮБ-ын дүрвэгсдийн статусын тухай олон улсын конвенц ба 1967 оны протоколд нэгдэн ороогүй ч бусад нэгдэн орсон конвенц, Пактын дагуу дүрвэгсдийг хамгаалах үүрэгтэй аж.
Мөн дээрх “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцын 3 дугаар зүйлийн 2-т “Тийм үндэслэл байгаа эсэхийг тогтоох эрх бүхий байгууллага уг асуудалд холбогдох бүх нөхцөл байдлыг, тэр дундаа тус улсад балмадаар, үй олныг хамруулан хүний эрхийг байнга зөрчдөг эсэхийг харгалзан үзнэ” гэжээ. Тус конвенцыг 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо баталж, 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болж Монгол улс 2000 онд нэгдэн орж соёрхон баталсан байдаг.
Тэгвэл БНХАУ нь ямар улс бэ гэвэл:
1. Коммунист дэглэмтэй улс. Коммунист улс гэдэг нь нэг намтай, нэг үзэл сурталтай, иргэд нь эрх чөлөөгүй, төр засаг нь ардчилалгүй, цэрэгжсэн, дарангуйлах засаг хэрэгжүүлж байдаг улс юм. 1989 онд Зөвлөлт Холбоот Улс нурж унаснаас хойш Монголыг багтаасан дэлхийн цөөнгүй улс орон энэ харгис, хүмүүнлэг бус нийгмээс татгалзсан. Гэтэл өнөөдөр Хойд Солонгос, Куба, БНХАУ зэрэг цөөн улс энэ дэглэмээ хамгаалсаар байгаа билээ.
2.2012, 2013 оны дэлхийн жагсаалтыг авч үзэхэд Хятад улс нь ардчилалгүй 25 улс ба хүний эрх хамгийн их зөрчигддөг 13 улсын тоонд багтаж байна. Үүний дээр Хятад нь дэлхийд хэвлэл мэдээлэл хамгийн эрх чөлөөгүй байдаг 7 улсын тоонд орж, ард иргэдийн улс төрийн эрх мэдлийн талаар дэлхийд хамгийн муу буюу адгаасаа тоолоод 2-р явж байна. \Эх сурвалж: http://jp.knoema.com/atlas/topics/ \
3. Өвөр Монголын хүний эрхийг хамгаалах хорооноос гаргасан бүртгэлийг үндэслэвэл 1947 -1991 оны хооронд 40 гаруй жилийн дотор БНХАУ -д амь насаа алдсан Монголчуудын нийт тоо нэг сая орчим хүрчээ. Тухайлбал: 1947 онд 12 000, 1948 онд 20 000, 1953 онд 10 000, 1957 онд 6000, 1968- 1969 онуудад 45 953, 1970- 1990 онуудад 7000 хүн алагдсан байна. Үүний тал орчим нь “соёлын хувьсгал” дээр хоморголон устгагджээ. Мөн 79 000 хүн тахир дутуу болжээ. \Эх сурвалж: Д.Мөрөн" Миний өчил" нийтлэл\
Дээрх байдлаас үзвэл БНХАУ нь гарцаагүй “балмадаар, үй олныг хамруулан хүний эрхийг байнга зөрчдөг” гэдэг нь тодорхой байна. Монгол улсын засгийн газар үүнийг мэдэхгүй гэвэл худал. Тэд үндэс угсаа, үзэл бодлоосоо болж хавчигдан ардчилал, эрх чөлөөг эрж Монгол улсыг зорьж ирсэн элэг нэгтэй залуусаа баривчлан, олон улсын хуулийг зөрчин БНХАУ -д тушаасан байна.
Монгол улсад дүрвэн ирж, улс төрийн орогнол хүсэгч нар нь Монгол улсаас орогнол хүсэж, Монгол улсад цагаачлах хүсэлт тавьдаггүй, НҮБДДКГ -аас орогнол хүсэж, гуравдагч оронд цагаачлах хүсэлт тавьдаг. Монгол улс нь Олон улсын дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай 1951 оны конвенцод нэгдэн ороогүй тул НҮБДДКГ -ын зүгээс ч дүрвэгчийг Монгол улсад орогнуулах шаардлагаа тавьдаггүй хамгийн богино хугацаанд гуравдагч оронд гаргаж ирсэн. Энэ утгаараа дүрвэгчийн зүгээс ч НҮБДДКГ -ын зүгээс ч Монгол улсад ямар нэгэн төвөг, хүндрэл учруулж байгаагүй бөгөөд тэгэх үндэслэлгүй билээ. Гэтэл яагаад Монгол улсын засгийн газар энэ асуудалд хутгалдаж, НҮБДДКГ -ын шийдвэрээр гуравдагч орныг зорьж байгаа хүмүүсийг дундаас нь баривчилж БНХАУ -д тушааж байгаа нь хүмүүст хачирхалтай санагдаж, арай БНХАУ-аас хараат болж байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.
Гурав. Монгол улсаас орогнол хүсэх нь Үндсэн хууль ба Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нийцсэн хууль ёсны үйлдэл мөн
Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжин нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П. Оюунчимэгийн хүсэлтэд өгсөн албан ёсны хариу/2014.05.15-ны 1/1730 тоот/-даа “Монгол улс Олон улсын дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай 1951 оны конвенцод нэгдэн ороогүй тул конвенцын дагуу үүрэг хүлээхгүй болно” гээд Монгол улсын гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу тус хоёр иргэнийг Монгол улсаас албадан гаргана гэдгээ тодорхой заасан бөгөөд “Гэвч Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн гомдлын дагуу тухайн иргэний орогнол хүссэн хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл албадан гаргах ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байна” гэжээ. Үүнээс үзвэл Монгол улсын засгийн газар нь НҮБДДКГ -аас орогнол өгөхгүй бол БНХАУ -д албадан гаргана гэсэн байр суурьтай байдаг бололтой. Яагаад заавал НҮБДДКГ -аас орогнол авч чадахгүй бол Монгол улс албадан гаргах ёстой юм вэ? Дүрвэгч өвөрлөгч нарыг НҮБДДКГ үл тоомсорлосон ч Монгол улс өөрийн хамгаалалдаа авах бүрэн үндэслэлтэй байдаг. Учир нь:
1.Өвөрлөгч нар бол Хятад биш, Солонгос биш, түүхэн шалтгаанаар БНХАУ-д эзлэгдэж тэдний мэдэлд таслагдаж үлдсэн Монголчууд юм. БНХАУ-ын зүгээс тэднийг хайлуулж устгах бодлого эрчимтэй явуулж ирсэн ч Өвөр Монголчуудын олонх нь цэвэр цус, хэл соёл, үсэг бичиг, ёс заншил, монгол сэтгэхүйгээ хадгалсан хэвээрээ байна. Тэднийгээ өмгөөлж хамгаалах, ядаж Монголоо түшиж ирэгсдийг хөөж туухгүй байх бодлогыг Монгол улсын төр засгаас баримтлууштай юм. Тийм ч учраас Монгол улсын тусгаар тогтносон 100 жилийн ойгоор ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “олуулаа болох” уриалга гаргасан гэж ойлгодог.
2. Монгол улсын “Үндсэн хууль”-ын Арван наймдугаар зүйлийн 4-т “Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ѐсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харъяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол улсад орогнох эрх олгож болно” гэсэн бол Монгол улсад шинээр батлагдсан “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ын хоёрдугаар бүлгийн 7.3.3- “улс төрийн орогнол хүсэх” эрхтэй гэжээ. Хуучин хуульд нь ч “Монгол Улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санааны төлөө хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэнд тус улсад оршин суух эрх олгож төрийн ивээлд авч болно” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл улс төрийн орогнолыг заавал НҮБДДКГ -аас хүсэж, гуравдагч орныг зорих шаардлагагүй, Монгол улсаас ч хүсэж болдог бөгөөд Монгол улс ч орогнол олгох эрх зүйн үндэстэй байна.
Тэгвэл “Монгол Улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санаа” гэдгийг Монгол улсын Үндсэн хуулийн оршилд тусгагдан орсон “Монголын ард түмэн бид: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн зүйл хэмээн ойлгож байна. Үүнд орогнол хүсэгчтэй холбоотой нь “хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх” буюу түүний дотор ардчилсан үзэл санааг дэмжих явдал юм. Үүнээс гадна Монгол улсын тусгаар тогтнол, эв нэгдэлд өвөрлөгчид чухал үүрэг гүйцэтгэж ирсэн, энэ бол түүхэн үнэн бөгөөд цаашдаа ч учир холбогдлоо алдахгүй байх нь дамжиггүй билээ.
Үргэлжлэл буй.
Comments
Post a Comment