ДАЛАЙБААТАР, ТУЛГУУРЫН ХЭРЭГ III









ДАЛАЙБААТАР, ТУЛГУУРЫН ХЭРЭГ III

Тав. Тагнуулын ерөнхий газарт болсон явдал 

Н.Алхаа бол Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Далай сумын Баян Эрдэнэ багт төрсөн малчин айлын хүүхэд бөгөөд 1992 онд эцэг дээдсийн өлгий нутаг болох Монгол улсдаа ирж МУИС-д суралцаж, гэр бүл болж, үр хүүхэд төрүүлэн тасралтгүй 22 Монгол улсдаа ажиллаж амьдарсан үсэрсэн цус, тасарсан махны хэлтэрхий юм. Гэтэл 2014 оны 5 сарын 5 өдөр ИХШХЕГ -аас түүнийг 10 хоногийн дотор Монгол улсаас гарч явахыг сануулсан бичиг ирүүлсэн байна. Энэхүү ёс бус шаардлагад эгдүүцсэн зарим төрийн бус байгууллага ба хэсэг нөхөд хамтран 5 сарын 9 өдөр Н.Алхааг Монгол улсдаа үлдээхийг уриалсан хэвлэлийн бага хурлыг ТВ9 дээр зохион байгуулахаар болжээ. Гэтэл хуралд оролцохоор ирсэн Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарыг хүний эрхийн нэрт зүтгэлтэн, сэтгүүлч Ц. Мөнхбаярын хамт ТЕГ-ынхан баривчилж явсан жигтэй хэрэг үүссэн юм.

Д.Далайбаатар 7-р сард ирүүлсэн майлдаа болсон явдлын тухай ийн өгүүлжээ: 
“Тэр өдөр хэвлэлийн бага хуралд оролцохоор 12 цагт ТВ 9 дээр очсон. Тэгтэл хэдэн хүн тосож аваад машинд хүчээр оруулж эхлээд утсыг минь булаах гэж оролдсон. Би “Та нар яах гээд байгаа юм бэ” гэхэд “Бид бол Тагнуулын ерөнхий газрын ажилтан. Чи муу новш минь юугаа хуцаад байгаа юм бэ” гэж зандарсан. Машинд миний толгойноос дарж хүчээр утсыг авчхаад “Алан шүү, та нарыг” гэж айлган сүрдүүлсэн. Нэг мэдэхэд тагнуулын газрын арын хаалганд ирээд байсан, дотогшоо оруулаад мухрын булан уруу зогс гээд хана уруу харуулаад зогсоосон. Миний бичиг баримт бүх зүйлийг дээрэм шиг булааж авсан. “Яаж байгаа юм бэ” гэхэд “Битгий хуц, зүгээр байгаарай” гэнэ. “Үг дуу гаргаж болохгүй шүү новш минь , алан шүү” гэж том том орилоод байсан. Тэгээд нэг өрөөнд оруулаад нэг тарган намхан ах надаас байцаалт авна гээд юм асууж эхэлсэн. Зүгээр сууж байсан намайг “Яагаад байгаа юм, зүгээр байгаарай новш минь, ална шүү” гээд ахиад л том том орилж чарлаад “Хэн ТВ9 ийн хэвлэлийн бага хурыг зохион байгуулсан юм бэ” гэж асуухад би “Мэдэхгүй, Мөнхбаяр ах ч юм уу, Сарнай эгч л байх, тодорхой мэдэхгүй” гэсэн. “ТВ 9 дээр очиж яах гэсэн юм?” гэхэд би “Алхаа ахыг Монголд нь үлдээгээрэй гэж хүсэх гэсэн юм” гэж хариулсан” тухайгаа бичсэн байдаг. 

Цааш нь юу болсон тухайгаа Д.Далайбаатар ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид бичсэн өргөдөлдөө үргэлжлүүлэн: 
“ТЕГ-т байхад “Та нар хэвлэлийн хурлыг зохион байгуулсан” гэж үндэслэлгүй тулган, бид гуравт байсан хувийн хэрэглээний бага хэмжээний мөнгийг “Хэвлэлийн хурлын санхүүжүүлэлт, зохион байгуулалтын бодит баримт нотолгоо энэ байна” гэж зүтгэж, өдөржин саатуулж байснаа “За та нар буруугүй юм байна, хэвлэлийн хуралд холбогдолгүй юм байна, зөрчилгүй юм байна. Албадан гаргана гэж санаа зовох зүйлгүй. Бид адилхан монгол ахан дүүс. Юу гэж та нарыг заавал албадан гаргана гэж зүтгэх вэ, харин ч та нарт тусална, та нарыг дэмжинэ. Нэгдэх өдрийн өглөө найм хагаст бичиг баримттайгаа гурвуулаа ирээрэй. Хүн амьтанд өнөөдрийн энэ явдлын талаар бүү яриарай” гээд явуулсан.
Заасан өдөр цагт нь очиход өглөө ТЕГ-т, үдээс хойш ИХШХЕГ-т биднийг юу ч тайлбарлалгүй хорьж саатуулж, 20 цагт Н.Тулгуур бид хоёрыг хил рүү авч явсан. Азаар БНЧех улсад дүрвэгчээр очих виз нь 12-ны энэ өдөр гарсан тул В.Түвшинзаяаг Чех рүү албадан гаргах болж үлдээсэн” гэж бичжээ.

Эндээс үзвэл ТЕГ -аас Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарт Н.Алхааг Монгол улсад үлдээхийг уриалсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан буюу эсвэл санхүүжүүлсэн гэсэн ял тулгах гэж оролдсон нь илэрхий байна. Энэ хэрэг нь батлагдсан эсэх нь тодорхойгүй ч тус явдлаар шалтаг болгож албадан гаргах зорилгоо биелүүлсэн байдаг. 

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь зөвхөн Монгол улсын иргэдэд олгогдсон онцгой эрх дарх биш, гадаадад дотоод ялгахгүй Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа бүх хүн энэ эрхийг тэгш эдлэх хуультай байдаг. Үзэл бодол, үндэс угсаагаараа ялгаварлан гадуурхагдсан улс төрийн дүрвэгч нар ч өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс хэвлэлийн хурал зохион байгуулах, түүнд оролцох нь ардчилсан улсын хувьд хэвийн үзэгдэл бөгөөд олон улсын хуулиар ч, Монгол улсын Үндсэн хуулиар ч, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар ч энэ эрх нь хамгаалагдсан байдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа 1998 оны “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино”гээд 3 дугаар зүйлдээ “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл: гадаадын иргэн, дүрвэгч нар ч өөрийн эрхээ хамгаалах, хэвлэл мэдээлэлд хандах эрхтэй, үүнийг төрийн зүгээс хяналт тавих, таслан зогсоох эрхгүй байна. ИХШХЕГ ба ТЕГ нь хэрвээ хууль бус шаардлагаа тавьсан бол хэвлэл мэдээлэлд хандан ил тод болгож, холбогдох байгууллага, албан тушаалтны сонорт хүргэж, нийт ард түмнээр шүүн хэлэлцүүлэх нь зүй ёсны үйлдэл юм. Монгол улсад хууль ёсоор оршин суух хүсэлт тавих нь улс төрийн үйл ажиллагаа биш, цэвэр хүний эрхийн тэмцэл юм. Гадаадын улс гүрэнд тарж бутарсан, таслагдаж үлдсэн монголчууд Монгол улсдаа буцан ирж байгаа нь үндэсний хайр сэтгэлгээ юм. Цагдаа, тагнуулаасаа эхлээд улс төр ба хүний эрх хоёрыг ялган салгадаг наад захын боловсролтой байвал зохино. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь хүртэл чухам юуг үндэсний аюулгүй байдал болохоо тодорхойлж, албан хаагч нартаа удирдлага чиглэл өгдөг баймаар юм. Хэрвээ Монгол Хятад хоёр улсын хилийн зааг тогтоох үед цаад талд нь таслагдаж үлдсэн Дарьгангын удам Н.Алхаа Монгол улсдаа амьдрах нь “үндэсний аюулгүй байдлын заналхийлэл” болно гэж бүр инээдтэй хэрэг биш үү. 

“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-д бас “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.”, “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасан байдаг нь Монгол улсад хэвлэлийн хурал зохион байгуулахыг хориглосон хууль байдаггүй бөгөөд хэвлэлийн хурлыг хянадаг төрийн байгууллага ч оршдоггүй болохыг тодорхойлж байна. Үүнээс үзэхэд Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нар нь үнэхээр тус хэвлэлийн хурлыг зохион байгуулагч бөгөөд санхүүжүүлэгч нь байсан ч ТЕГ-аас хэвлэлийн хурлыг таслан зогсоож, ял тулган, Монгол улсаас албадан гаргах эрх зүйн үндэсгүй аж. Монгол улсын хуулийг жинхэнэ зөрчсөн нь Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нар биш, харин хууль зөрчсөн нь ТЕГ бөгөөд тус байгууллагыг “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” -ыг зөрчсөн гэж үзүүштэй байна. 

Мөхөс хүний ойлгож байгаагаар Төр нь үндсэн хуульдаа заасан өөрийн эрхэмлэн дээдэлдэг үзэл санаагаа хамгаалж хэрэгжүүлэх, батлан гаргасан хуулиа чандлан мөрдөж байвал сая жинхэнэ улс үндэсний аюулгүй байдлын баталгаа болж чадна. Үүнээс биш Хятадын дарлалаас зугтаж, элэг цус нэгтэй монголчуудаа бараадаж ирсэн өвөрлөгч нартаа элдэв нэр зүүлгэж хэлмэгдүүлснээр үндэсний аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй. Гэдрэгээ тойрон хүрээлсэн монгол туургатныхаа ивээл хамгаалал, итгэл сэтгэлийг алдаж, тусгаар тогтнолд жинхэнэ хар аюул нүүрлэнэ. Авилгад автсан, гадаадын улс төрийн хүчнээс хараат болсон хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлээс болж нийт монгол туургатны эрх ашиг хохирох ёсгүй мэт санагдана. Харин ч гадаадын улс төрийн хүчний захиалга, дарамтаар өөрийн улсын нутаг дэвсгэрт байгаа үндэс угсаа, үзэл бодлоороо ялгаварлагдсан улс төрийн дүрвэгч нарыг элдэв шалтгаар хоморголон баривчилж бэлэг болгож байгаа нь мөн чанартаа үндэсний аюулгүй байдлын хамгийн том заналхийлэл мөн гэдгийг дахин хэлмээр байна. Өнөөдөр Өвөр Монголын дүрвэгсдийг хоморголон баривчилж хар элэгтэнд тал засаж байгаа нөхөд маргааш өөрийн үндсэрхэг иргэдээ тэдний хүсэлтээр яаж ч мэднэ. Тусгаар тогтноод 100 жил, ардчилаад 25 жил болсон голомт Монгол улс минь өнөөдөр коммунист Хятадтай үгсэн нийлж харь элэгтний харгис дарлалд тарчилж буй Өвөр Монгол ахан дүүсээ үзэл бодол, үндэс угсаагаар нь ялгаварлаж, нухчин дарангуйлж байгаа нь үгээр илэрхийлэгдэшгүй нэгэн эмгэнэл, гутамшигт явдал билээ. 

Үргэлжлэл буй.




Comments