Монгол Улсын Иргэний Харъяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газрын (ИХШХЕГ) дарга Б.Пүрэвдорж Танаа

Монгол Улсын Иргэний Харъяалал, Шилжилт Хөдөлгөөний
Ерөнхий Газрын (ИХШХЕГ) дарга Б.Пүрэвдорж Танаа
ӨРГӨХ БИЧИГ
Танд энэ өдрийн амгаланг айлтгаж, дараахи асуудлуудаар хандаж байна
1. БНХАУ-ын иргэн Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа
(Dalaibateer, Tulaguer, Dubuxinjiya) нарын талаар
2014.5.13-14-ний өдрүүдэд эдгээр иргэдийг ИХШХЕГ-ын зүгээс Монгол улсаас албадан гаргасан билээ.
БНХАУ-ын иргэн, НҮБ-ын орогнол хүсэгч, Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа гурвыг хамтад нь БНХАУ руу албадан гаргахаар ИХШХЕГ-т хорьж, 2014.5.13-нд эхний хоёрыг гаргасан (В.Түвшинзаяа 2014.5.14-нд Монгол улсаас Чех улсад НҮБ-ын орогногчоор очихоор ниссэн) ноцтой явдал гарсан билээ.
Д.Далайбаатар (паспорт дээр Dalaibateer) НҮБ-ын Орогнол хүсэгчийн 2014.1.29-2014.4.29-нд хүчин төгөлдөр тодорхойлолттой байсан хийгээд, гадаадад ажлаар явах үед нь энэ тодорхойлолтын хүчинтэй хугацаа дуусч, ахин сэргээлгэхээр хөөцөлдөж байжээ. Гэхдээ Д.Далайбаатар 2014.7.1 хүртэл хүчин төгөлдөр сурах визтэй байсан тул албадан гаргах үндэсгүй байв.
Н.Тулгуур (паспорт дээр Tulaguer) Орогнол хүсэгчийн 2014.3.18-2014.6.16-нд хүчинтэй тодорхойлолттой байсан. Монгол улсын иргэн Д.Батзаяатай 2012 онд гэрлэжээ. Н.Тулгуур Монгол улсад суралцаж боловсрол эзэмшсэн залуу хүний адилаар ажиллаж амьдарч байсан. Тэдний гэрлэлт хууль ёсны дагуу, хайр сэтгэлээрээ бүтсэн атал, ийнхүү албан тушаалтануудын буруу ажиллагааны уршгаар 10 жилийн хугацаагаар сарниж байна. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.2-д “Төрийн захиргааны болон нийгмийн халамжийн байгууллага нь энэ хуульд заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална”, Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 23-р зүйлийн 1-д “ Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Монгол улсын иргэн Д.Батзаяа маш их гомдолтой байгаа бөгөөд, Монгол улсын ерөнхийлөгчид ил захидал бичиж, хүний эрхийн байгууллагууд, хэвлэл мэдээлэлд хандан гэр бүлийнхээ төлөө тэмцэж байна.
В.Түвшинзаяа (паспорт дээр Dubuxinjiya) 2012 оны 7-р сард НҮБДДКГ-т хандан, орогнол хүсэгч болж (эхнэр, 2 хүүхэдтэйгээ Монгол улсад ирсэн), улмаар орогногчийн статустай болоод, цаашид НҮБДДКГ-ын шугамаар БНЧех улсад очих нь 2014 оны 4-р сард тодорхой болсон. Н.Тулгуурт ИХШХЕГ гарах сануулгыг 2 удаа өгсөн бол, Д.Далайбаатар, В.Түвшинзаяа хоёрт бичгээр албан ёсны сануулга өгч байгаагүй байна. 2 удаа гарах сануулга өгөхөд Монгол улсаас гарч яваагүй гадаадын иргэнийг албадан гаргах хуультай байдаг.
2014 оны 3-р сарын 4-нд Тулгуурыг, 4-р сард энэ гурван залууг албадан гаргах асуудлыг ИХШХЕГ, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) тодорхой үндэслэлгүйгээр тавих болсон. Анхны гарах сануулга өгсөнөөс хойш Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын ажилтнууд байнга хардаж сэрдэх, асууж шалгаах, улс төрийн шаардлага тавих, хянах мөшгих зэрэг үндэслэлгүй бөгөөд хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдээр тэднийг дарамтлаж байсан. 2014.4.18-нд тэднийг ИХШХЕГ: 4-р сарын 21-нд түүхийн сэдэвтэй уулзалт зохион байгуулах гэлээ, албадан гаргана гэж саатуулан хорьсон. Энэ уулзалтын ажилд ИХШХЕГ, ТЕГ-ын шаардлагаар оролцохоо больж, хамтран зохион байгуулалцаж байсан Монгол улсын иргэн дангаар зохион байгуулах болсон. Гэвч та нар оролцохгүй байсан ч албадан гаргана гэж тийнхүү хорьж, үүнээс болж Монгол улсын иргэд зар, урилга нь түгээгдсэн хурлыг хийхээ больсон. Хурал зохион байгуулагдахгүй гэсэн бичигт гурван залуугаар гарын үсэг зуруулсны эцэст суллан явуулжээ. Монгол улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлийн 2-рт “Баривчлагдсан шалтгааныг хүн бүрт баривчлах үед нь мэдэгдэхийн зэрэгцээ буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ” гэсэн нь энэ гурван залуугийн хувьд байнга ноцтойгоор зөрчигдөж ирсэн.
Гурван залууг үндэслэлгүйгээр албадан гаргах гэдэг, үндэслэлгүйгээр хорьсон зэргийг НҮБДДКГ эсэргүүцэн, Монгол улсын Гадаад харилцааны яаманд албан бичиг өгчээ. Мөн хүний эрхийг хамгаалах Эмнести Интернешнл байгууллага эсэргүүцлээ бичгээр илэрхийлсэн байна.
Энэ оны 5-р сарын 8-нд НҮБДДКГ-ын Бангкок дахь бүсийн төлөөлөгчийн газрын дарга Жеймс Линч ИХШХЕГ-ын дэд дарга Цолмон нарын ажилтнуудтай уулзаж, гурван залууг албадан гаргаж болохгүй үндэслэлүүдийг тайлбарлажээ.
5-р сарын 9-ний Баасан гарагт, Н.Алхааг Монгол улсын ТББ-ууд өмгөөлөн хэвлэлийн хурал хийхэд сонирхон ирсэн дээрхи 3 залууг ТЕГ хүчээр авч явж, өдөржин саатуулсан. Тэгээд тэднийг зөрчил гаргаагүй байна, албадан гаргахгүй гээд суллаж, 5-р сарын 12-ны Даваа гарагийн 8.30 цагт бичиг баримттайгаа ирээрэй, та нарыг сургаж өгнө гэжээ. Дээрхи Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21-р зүйлд “Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө” хэмээн заасан байдаг. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20-р зүйлд “Хүн бүр чөлөөтэй тайван хуран цуглах,эвлэлдэн нэгдэх эрхтэй” хэмээн заасан байдаг.Гэтэл хэвлэлийн бага хурлыг Монгол улсын иргэд зохион байгуулсаны дээр, хэвлэлийн бага хуралд үндэсний аюулгүй байдалд харшлах зүйлийн тухай яригдаагүй бөгөөд, хүний эрхийн асуудал яригдсаныг зохион байгуулсан хүмүүс нь ТЕГ-т мэдүүлсэн билээ.
5-р сарын 12-нд, хэлснийх нь дагуу очиход, гурван залууг үдээс өмнө ТЕГ дээр, үдээс хойш ИХШХЕГ дээр саатуулж, 20 цагт ИХШХЕГ-ын ажилтнууд Д.Далайбаатар, Н.Тулгуурыг Монгол улсын өмнөд хилийн орчмын Замын-Үүд суурин руу авч явж, 5-р сарын 13-нд БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ, ямар ч баримт нотолгоо үндэслэлгүйгээр хууран мэхлэж бичиг баримтыг нь хураан авч, утсыг нь унтрааж, хоол ундгүй, бие засуулахгүй хорьж, зодож дарамталж, цочир хүйтэрсэн өдөр өмссөн нимгэн хувцастай нь хил рүү авч яван гаргаж, ар гэрийнхэн, ойр дотныхон, сургууль, ажлын газрынханд байтугай өөрсдөд нь ч юу болоод байгааг огт үл мэдэгдэн, хүний эрхийг онц ноцтойгоор зөрчин, хүн хулгайлах, наймаалах хэрэг гэж хардагдахаар ажиллагаа явуулсанд бид тун их харамсаж байна.
В.Түвшинзаяа болон эхнэрийнх нь холбогдолтой Чех улсын виз гарсан тул энэ залууг харин үлдээжээ. 13-нд ИХШХЕГ-ынхан В.Түвшинзаяаг Чехийн консул дээр аваачин, визийг нь авахуулаад, ахин хорьжээ. В.Түвшинзаяаг үргэлжлүүлэн хорьсоор, маргааш нь буюу 5.14-нд ИХШХЕГ-ын ажилтнууд шууд нислэгийн өмнө онгоцны буудалд хүргэжээ.
Д.Далайбаатар, Н.Тулгуурын талаар Монгол дахь холбогдох байгууллагуудад ТББ-ынхан албан бичгээр асуулга тавихад албан бичгээр зохих хугацаанд (14 хоногт багтааж хариу өгөх ёстой) хариу өгөөгүй. ИХШХЕГ-ын дарга: "тэднийг гаргах шийдвэрийг ТЕГ гаргасан, бид зөвхөн хил дээр хүргэсэн", ТЕГ-ын ажилтан: "тэднийг гаргах шийдвэрийг ИХШХЕГ аль дээр үед гаргасан байсан", Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд: "бидэнд тэднийг албадан гаргасан гэсэн мэдээлэл алга, Хууль зүйн яам НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй" гэсэн, НҮБДДКГ-ын ажилтан: "бидэнд юу ч мэдэгдэлгүйгээр гэнэт гаргасан, өөр мэдээлэл алга" гэж амаар хариулцгаасан.
Өөрөөр хэлбэл, Монголд тэднийг зөрчил гаргасан гэж Монголын аль нэг төрийн байгууллага үзсэн талаар ямар нэг баримт олдсонгүй. Тиймээс Монгол улсаас албадан гаргасан, 10 жил Монгол улсад нэвтрэх эрхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Гагцхүү асуудлыг нь НҮБ эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй гэсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гарын үсэгтэй бичиг л байна.
Энэ залуусыг албадан гаргасан нь Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг боллоо хэмээн үзэж байна. Энэ асуудлаар НҮБДДКГазраас 2014.05.20-нд Монгол улсын ГХЯ-нд ноот бичиг өгчээ.
Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарыг:
-Оршин суух эрхийг хууль ёсоор сунгалгүй,
-Тодорхой үндэслэлгүйгээр гарах сануулгыг удаа дараалан өгч,
-НҮБДДКГ-ын орогнол хүсэгчийг аюул эрсдэлтэй орон луу албадан гаргаж болохгүй гэсэн зүйлийг үл тоомсорлож,
- НҮБДДКГ-ын Бүсийн төлөөлөгчийн газрын даргын биечлэн өгсөн тайлбарыг үл ойшоож,
-ХЗЯ-ны “НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй” гэсэн шийдлийг огоорч,
- НҮБДДКГ, Эмнести Интернешнл зэрэг нэр хүндтэй байгууллагуудын ноот бичгүүдийг үгүйсгэж,
-Албадан гаргах шийдвэргүйгээр,
-Ар гэр, ойр дотны хүмүүст нь мэдэгдэлгүйгээр,
-Хуурч мэхлэн албан бусаар албадан гаргасан ноцтой хэргийг таны сонорт хүргэж байна.
Өнөөдөр Д.Далайбаатар, Н.Тулгуур нарын нөхцөл байдал хүнд, Д.Далайбаатар докторын сургалтаа үргэлжлүүлэх, Н.Тулгуур эхнэртэйгээ хамтын амьдралаа үргэлжлүүлэх зорилгоор Монголд нэвтрэх эрхээ сэргээлгэхийг маш их хүсч байна. Д.Далайбаатарын ээж энэ байдалд хямарсаар харвалтад орон, эрүүл мэнд нь хүнд байна. Д.Далайбаатар амиа хорлохын босгон дээр ирж, сэтгэл санааны маш ноцтой байдалтай байна. Тэдэнд БНХАУ –ын зүгээс ямар нэг ял шийтгэл, хязгаарлалт учруулаагүй байна.
Учир иймд, Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарын Монгол улсад нэвтрэх эрхийг сэргээж, Монголд эрхэлж байсан сурлага, хөдөлмөрийн үйлсээ үргэлжлүүлэхэд нь дөхөм үзүүлж, Н.Тулгуурт эхнэр Д.Батзаяатайгаа хамт амьдрах боломж олгохыг хүсье.
Таны зүгээс, 6-р сарын 5-нд “хайран хоёр залуу” гэж тэдний тухайд хэлж байсан болохоор итгэл найдвар төрж байна.
2. БНХАУ-ын иргэн Н.Алхаагийн талаар
2013.7.7-нд БНХАУ-ын иргэн, Монголд 1992 оноос сууж буй, Монгол улсын иргэнтэй 1994 онд гэрлэж, 1995 онд охинтой болсон Н.Алхаа (паспорт дээр Wenxin) НҮБ-ын орогнол хүсэгчийн тодорхойлолтыг авсан ч, НҮБДДКГ-ын Бээжин дэх Бүсийн төлөөлөгчийн газраас ирсэн ажилтан хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй хэмээн хавтаст хэргийг нь хаасан байна. Н.Алхаа нь улс төрийн орогногч болох бүрэн үндэслэлтэй нэгэн бөгөөд, тэр үед хилс хэрэгт холбогдон, 2013.1.17-ноос хойш цагдаагийн байгууллагад шалгагдан хэлмэгдэж байв (2013.11.11-нд цагаадсан). 2014 оны 5-р сард Монголын ИХШХЕГ, Mongolian Immigration Н.Алхааг "БНХАУ руу гар, эсбөгөөс албадан гаргана" гэж тодорхой үндэслэлгүйгээр, албан ёсоор сануулснаас болж, тэрбээр "хэрэв тэгэх аваас өөрийгөө шатаана" гэж мэдэгдэж, хэсэг хугацаанд тэр зорилгоор машиндаа байнга тусгай савтай бензин авч явах болжээ. Н.Алхаа 2014 оны 5-р сард дахин НҮБДДКГ-т өргөдөл өгөхөд "таны хавтаст хэрэг хаагдсан, хаагдсан хавтаст хэргээ задалж болох магадлал бий, шинэ хавтаст хэрэг үүсгэхгүй" гэж мэдэгджээ. Харин 2014.6.4-нд түүнд Орогнол хүсэгчийн тодорхойлолт өгчээ.
Монголд олон жил амьдарч идээшин дассан түүний байдал маш хүнд байна. Тэрбээр Монгол улсын харъяат болохыг ихэд хүсч байна.
БНХАУ-ын иргэн Н.Алхаагийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол улсын харъяат болгон өгч, гүн туслалцаа үзүүлнэ үү. 2014.6.5-нд “нэг жилийн дараа харьяат болох боломж бий” гэж та хэлж байсан болохоор Н.Алхаа болон нөхдөд нь өөдрөг байх үндэс харагдаж байна.
3. БНХАУ-ын иргэн Л.Үнэнбаатарын талаар
Л.Үнэнбаатар 1945 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зуу-Уд аймагт төрсөн. 1990 оноос Монгол улсад амьдарч байгаа бөгөөд, Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон. Монгол улсын эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтад чамгүй гавьяа зүтгэлээ нэмэрлэсэн, шударга бизнесмен нэгэн. Монгол улсын хөрөнгө оруулагчийн №1 үнэмлэхтэй.
Гэтэл 2014.04.21-нд нэр үл мэдэгдэх дөрвөн хүн компанийх нь албан тасалгаагаар дайран орж ирж, тагнуулын ажилтнууд гэж өөрсдийгөө танилцуулж, 500 сая төгрөг өгөхгүй бол албадан гаргахгүй гэж сүрдүүлж, хүчээр авч яван зочид буудалд хорьж дарамталсан. Улмаар тэрхүү мөнгөөр "газар худалдан ав" гэж дарамталсаар, 200 гаруй сая төгрөгийг гаргуулж авчээ. Л.Үнэнбаатар сүүлдээ энэ бүхнээс залхаж, “би тэр газрыг авахгүй, мөнгө нэмж өгөхгүй” гэж мэдэгдсэн.
Түүнээс хойш удалгүй, 2014.06.12-нд ИХШХЕГ-ын Сүлд-Очир зэрэг ажилтнууд Л.Үнэнбаатарыг “тагнуулын байгууллагынхны шийдвэрээр албадан гаргана” гэж авч яван, байгууллагадаа хүргэсэн. Л.Үнэнбаатарын даралт нь ихэсч, ухаан алдан унасан тул, гэрт нь хүргэж, “бие нь гайгүй болохоор албадан гаргана” гэжээ. Түргэн тусламжаар эмнэлэгт очиход эмч нар “биеийн байдал нь хүнд байна, харвалт болж магадгүй байна” гээд, Нэгдсэн III эмнэлгийн Зүрх судасны тасгийн Харвалтын хэсэгт хэвтүүлжээ.
2014.06.13-нд Л.Үнэнбаатарын өмгөөлөгч ИХШХЕГ-ын дэд дарга Бэхбаттай 15:45 цагт уулзахад тэрбээр” түүнийг албадан гаргах ямар ч шийдвэр байхгүй, харин хяналтдаа байлгах хэрэг байгаа” гэжээ. Энэ өдөр Л.Үнэнбаатар өөрийг нь дарамталж, 200 гаруй сая төгрөг авсан хэргийг шалгуулахаар, өмгөөлөгчөөрөө дамжуулан цагдаагийн байгууллагад ханджээ. Мөн эхнэр, нөхөд нь хууль бусаар албадан гаргагдах магадлалтай байгаа тул түүнийг хамгаалахыг хүсэн, цагдаа, прокурорын байгууллагуудад ханджээ. Гэвч хамгаалах боломжгүй гэсэн хариу өгчээ. Цагдаагийн 4 ажилтан ирж, нэг нь эмнэлэг рүү орон, Л.Үнэнбаатартай биш, ИХШХЕГ-ын ажилтантай далд байдлаар бүтэн хагас цаг ярилцаж, дараа нь л Л.Үнэнбаатартай уулзаж, хагас цаг хүрэхгүй хугацаанд хам хум тайлбар авсан болоод явсан. Тэр өдөр Харвалтын тасгийн үүдэнд ИХШХЕГ-ын нэг ажилтан харуулдаж хоносон. Мөн эмнэлгийн гадна өөр ажилтнууд нь харуулдаж байгаа бололтой байсан.
2014.06.14-нд цагдаагийн байгууллагын ажилтан Л.Үнэнбаатарын асуудлыг мэдээлсэн сэтгүүлчид хандан, "Албадан гаргагдах гэж байсан БНХАУ-ын иргэн Л.Үнэнбаатар алга болжээ. ИХШХЕГ-аас энэ талаар танаас лавлахыг хүслээ. Таны дүрс эмнэлгийн камерт үлдсэн байна" гэжээ. Л.Үнэнбаатарын эхнэр, нөхөд нь, эмч “эмчилгээ дууссан” гэсэн тул эмнэлгээс авч явсан байжээ.
Гэм зэмгүй бизнесменийг дарамталсан, албадан гаргах гэсэн, биеийг нь муутган харвалтын тасагт эмчлүүлэхэд хүргэсэн энэ асуудлыг эрхэм дарга та хянан үзэж, Л.Үнэнбаатарыг аюулгүй, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсье. Монгол улс-ӨМӨЗО-ы бизнесменүүдийн уулзалт дээр “Л.Үнэнбаатарыг албадан гаргахгүй, хөрөнгө оруулагчдыг хүндэтгэнэ” гэж хэлсэн таны үг зүйтэй билээ. Энэ хүний бичиг баримт ИХШХЕГ-т байгаа бөгөөд, үүнээс шалтгаалан ажил амьдралд нь бэрхшээл учирч байна. Тэрхүү бичиг баримтыг Л.Үнэнбаатарт олгон өгч мөн туслалцаа үзүүлнэ үү.
4. БНХАУ-ын иргэн А, Б нарын талаар
БНХАУ-ын иргэн, малчин ард А Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Олуулаа болцгооё!" уриалгыг баяр талархалтайгаар хүлээж авсан хүн юм. Тухайн үеийн түүхийн учир шалтгаанаар хагацаж салсан садан төрлүүд эргэж нэгдэн нийлэхэд "Олуулаа болцгооё!" уриалга туйлын сайн сайхан боломжуудыг нээн өгч байна. Тийм ч учир тэрбээр эхнэр, БНХАУ-ын иргэн Б-гийн хамт Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уриалгыг дэмжин, эгч, Монгол улсын иргэн В-гийн урилгаар Монгол улсад ирлээ.
1945 онд ...ын малчин ард Г-гийн нэг хүү Д гэр бүлийн хамт Монгол улсад очиж, ... аймгийн ... суманд суурьшсан бол, бас нэг хүү Е-гийн гэр бүл нутагтаа үлдсэн юм. Ингэж садан төрлүүд хагацаж салж, бие биеэ эрж хайсаар 1990-ээд онд л учран золгоцгоосон. Малчин ард Е-гийн зээ хүү нь А болно. Тэдний садан төрлийн харилцаа их ойр байдаг учир Монголд хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах бололцоотой гэж бодож байна.
1990-ээд оноос хойш, Д-ын хойчис, Е-гийн хойчис байнгын холбоотой, бие биеийнд зочилж байсаар, дотно харилцаатай садан төрлүүд болсон. Улмаар А Монгол улс дахь Д-ын хойчсынхны хамгийн ахмад нь болох В эгчдээ тусалж, харж асран суух хүсэлтэй болжээ. В эгч нь 69 настай, насан туршдаа сурган хүмүүжүүлэгчээр ажилласан, ... аймгийн төвд амьдардаг, бие муутай, харж асрах боломжтой хүн төдийлөн байхгүй, цөөнгүй хүний туслалцаа шаардлагатай байгаа буурал юм.
Хагацаж салсан байснаа, бараг 50 жилийн дараа эргэж холбогдон, нийлж нэгдэн дотноссон тэд хамтдаа, ойр дөт аж төрцгөөхийг хүсч байгаа юм.
А-г товч танилцуулахад: ... онд Өвөр Монголын ӨЗО-ы ... аймагт (одоо ...) төрсөн. ... онд ерөнхий боловсролын сургуульд суралцан төгсгөөд, ... онд ...ы ...ын сургалттай дунд сургуульд ...н ангид суралцсан. ... онд бөхийн спортын ...аар ажилласан. ... онд иргэн Б-тай гэр бүл болсон. Эхнэр, ...ийн (... настай) хамт амьдардаг. Их ... (... настай), бага ... (... настай) гэр бүлтэй болж, тусдаа амьдардаг. Түүнээс хойш хувиараа мал аж ахуй эрхлэн өдий хүрлээ. ... онд "Жишээч малчин" цол хүртсэн. Наадам, тэмцээнд ...оор оролцож, түрүүлж, медаль авч байсан. ... аймгийн ... хошууны ... сумын ... гацаанд аж төрдөг.
А Монгол улсын малчидтай хашаа хороо барих, худаг гаргах, техник ашиглах, хадлан авах, байгалийн гамшгийг даван туулах арга туршлагаасаа хуваалцан тусалж, мөн тэднээс суралцах эрмэлзэлтэй.
Малчин А, Б нар 2014 оны 6-р сарын сүүлээр ИХШХЕГ-т зохих бичиг баримтуудыг бүрдүүлэн очиход, цонхны ажилтан эмэгтэй бичиг баримтуудыг харах ч үгүйгээр: “Хувийн зорилгоор оршин суух огт өгдөггүй шүү дээ, өгөхгүй өгөхгүй” гэж зүтгэж, бүдүүлгээр маргаан өдөөх гэж дайрч, “Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн Олуулаа болох уриалгыг та нар дэмжиж ажиллах хэрэгтэй биз дээ” гэхэд маань “Тэгвэл тэр ерөнхийлөгчтэйгээ уулзаад шийдүүлэхгүй юу!” гэж ууртай хэлэн, материалыг буцааж өгөн, яриаг дуусгасан. А,Б нар дарга тантай уулзах боломжийг эрэлхийлэн горилон байсаар, арга буюу ард үлдсэн ажил төрлөөс болж, нутаг буцсан билээ. Иймэрхүү харьцаа хандлага ИХШХЕГ-т энгийн үзэгдэл юм уу даа гэж санагддаг агаад, “Авлигагүй бүс гэдэг нь бодит байдалд нийцэж байна уу, энэ бүх үндэслэлгүй татгалзалтууд, ойлгомжгүй зөрчлүүд нь авлигатай холбоотой биш биз?” гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлдгийг нуух юун.
Хэрэв тийм биш аваас, ИХШХЕГ-ын эрхэм Та бүхэн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олуулаа болцгоох уриалгыг дэмжин ирсэн, В эгчийгээ энэрэнгүй сэтгэлээр харж асран суух, хагацаж салсан хамаатан саднуудтайгаа нэгдэн, их гэр бүл үүсгэн, ойр дөт аж төрөхийг зорьсон малчин ард А-т болон түүний эхнэр Б-д Н-5 (Хувийн бусад зорилгоор оршин суух гадаадын иргэний) хэлбэрээр Монгол улсад оршин суух зөвшөөрлийг олгон, туслалцаа үзүүлэхийг хичээнгүйлэн хүсье. Хэрэв өөр хэлбэрийн оршин суух зөвшөөрөл тэдний байдалд тохирохоор бол мөн таарч тохирох зөвшөөрлийг олгож, туслалцаа үзүүлнэ үү.
5. БНХАУ-ын иргэн ...ийн талаар
Энэ ташрамд, нууцгай байдалтай байгаа ...ийн (албан баримт дээр ...) талаар дурдмаар байна. Тэрбээр улс төрийн хавчилга, мөрдөлтөөс зугтан, 2013.9.24-нд Монгол улсад нэвтрэн ирсэн. 2013.9.30-нд НҮБДДКГ-ын зүгээс түүнд Орогнол хүсэгчийн тодорхойлолт өгчээ. Сая, 2014.7.22-нд 2014.12.31 хүртэл хүчинтэй Орогнол хүсэгчийн тодорхойлолтыг мөн өгсөн байна. Харин одоо хүртэл ИХШХЕГ түүнд оршин суух эрх өгөөгүй байна. Түүний байдал маш эрсдэлтэй, түгшүүртэй байгаа юм.
Та бүхэн НҮБ-ын орогнол хүсэгч ...-д оршин суух эрх олгон гүн туслалцаа үзүүлнэ үү.
6. Афганистаны иргэн Мегдад Салехигийн талаар
Афганистаны иргэн Мегдад Салехи нь Монголд анх ирж суралцсан гурван хазар залуусын нэг юм. Тэрбээр Монгол улсад 5 жил амьдарч, монголчуудын хэл соёл, нийгмийг сайн мэддэг болсон. М.Салехи цаашид ч Монголд ажиллаж амьдрах хүсэлтэй. Гэвч харъяат болоход тавигддаг зарим өндөр шаардлагууд түүнд саад болж байна. Жишээ нь, 5 жилийн турш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин өндөр цалин авсан байх ёстой гэх мэт. Энэ залууд ямар нэг стандарт бус шийдлээр хандан, Монголын харъяат болгон өгч, гүн туслалцаа үзүүлнэ үү.
7. 60 өвөр монгол хүний хамтын хүсэлтийн талаар
Монголчуудын олон зууны турш бодож санаж, эрмэлзэж тэмүүлж ирсэн хүсэл зориг Монголын төрийн өндөрлөгөес 2011 онд Монголын их хувьсгалын 100 жилийн ойгоор цуурайтсан билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр өдөр "Монголчууд аа, олуулаа болцгооё!" хэмээн уриалан дуудсаан.
Монголын ерөнхийлөгчийн, Монгол төрийн Олуулаа болох санаачилгыг дэлхийн монголчууд талархан хүлээж авсан юм. Дэлхийн монголчуудын салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг өмнөд монголчууд мөн ихэд талархан хүлээж авсан.
Өмнөд монголчууд гэдэг нь өнөөгийн БНХАУ-ын хилийн дотор суугаа Өвөр монголчууд, Шинжааны монголчууд, Хөх нуурын монголчууд нарын олон монголчууд билээ. Өмнөд монголчууд 6 сая орчим, гэхдээ Олуулаа болох санаачлага хэрэгжсэнээр тэд төдийчинээ олноороо ирж, асуудал бэрхшээл үүсгэх магадлал үгүй юм гэдгийг энэ далимд тэмдэглэх нь зүйтэй. Янз бүрийн шалтгаанаар Монгол улсад амьдрахыг хүссэн өмнөд монголчуудын өмнө шинэ боломж гарч ирлээ гэж ойлгох нь зөв юм. Олуулаа болох бодлого хэрэгжсэнээр Монгол оронд эрс өөрчлөлт гарч, төрөл бүрийн хүндрэл үүсэх байдал үгүй юм шүү.
Монгол улсад ажиллаж амьдарч байгаа өмнөд монголчуудын төлөөллийн зүгээс, Олуулаа болох санаачилгыг дэмжих "Олуулаа" дугуйланг 2011 оны эцсээр байгуулан ажиллаж ирлээ.
Өнгөрсөн хугацаанд, Монголд суугаа өмнөд монголчуудын санал бодлыг хурааж, "Талархал" болгон цэгцэлж, Монголын төрд өргөн барив.
Мөн, өмнөд монголчууд Монгол улсад оршин суух, иргэн болоход дөхөм үзүүлэх "Санал"-ыг боловсруулж, мөн Монголын төрд өргөн барьж байна.
Монгол улсад байнга амьдран суудаг өмнөд монголчуудын зүгээс иргэн болох, оршин суух эрх авахад тус үзүүлэхийг хүссэн 60 хүний "Хамтын хүсэлт"-ийг боловсруулж, гарын үсэг цуглууллаа.
Тэгэхдээ тэдгээр 60 хүний хамтын хүсэлт хэрэгжилгүй өдий хүрэв. Хангалттай цаг хугацаа хэдийнээ өнгөрч, их хүлээгдсэн учир энэ асуудлыг анхаарах цаг болжээ.
Монголын нийгэмд ажиллаж амьдран идээшин дассан эдгээр хүмүүс ерөнхийлөгчийн "Олуулаа болох" уриалгын сайхан жишээ, хэрэгжилт болж чадна. Харин зарим хүн харъяат болох, оршин суухад тавигддаг өндөр шаардлагуудыг хангаагүй байж болох юм.
Учир иймд, бичиг баримтын ч юм уу, татварын зөрчлийг уучилж, цагаатгаж, стандарт бус шийдлээр энэ асуудлыг хэрэгжүүлж болно.
Иргэн харъяат, шилжилт хөдөлгөөний хууль-эрхзүйг Монгол үндэстэнд ээлтэй болгон өөрчлөх зүйлийг Та санаж сэдэж яваа гэдгийг бид мэдэх билээ. Тэрхүү үзэл санаагаа ч амьдралд биелэл болгоно гэж Танд найдаж байна.
Энэхүү өргөх бичигт маань байгаа санаануудыг амьдралд хамтдаа хэрэгжүүлцгээе. Монгол дахь гадаадын харъяат монголчуудын амьдралд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа гар нийлэн ажиллая.
Ингээд санаагаа хураангуйлан хэлэхэд:
1. Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарын Монголд нэвтрэх эрхийг сэргээцгээе!
2. Н.Алхааг Монголын харъяат болгоцгооё!
3. Л.Үнэнбаатарын Монголд ажиллаж амьдрах эрхийг баталгаажуулж, бичиг баримтыг нь буцааж өгцгөөе!
4.А, Б-д Монголд оршин суух эрх олгоцгоон, садан төрөлтэй нь нэгтгэцгээе!
5. ...-д оршин суух эрх олгоцгооё!
6. М.Салехийг Монголын иргэн болсон хамгийн анхны хазар хүн болгоцгооё!
7. Монголын иргэн болох, Монголд оршин суух хүсэлтээ хамтдаа гаргасан 60 өвөр монгол хүний хүсэлтийг биелүүлэн тусалцгаая!
8. Монголын иргэн харъяат, шилжилт хөдөлгөөний хууль-эрхзүйг Монгол үндэстэнд ээлтэй болгон өөрчилцгөөе!
9. Монгол үндэстэн гадаадын иргэдэд бичиг баримтын, татварын зөрчлийг уучлал, цагаатгал үзүүлж, стандарт бус шийдлээр асуудлыг нь шийдвэрлэх гарцыг олон, хэрэгжүүлцгээе!
10. ИХШХЕГ-ийг олон нийтийн хяналттай, олон нийтийн зөвлөлтэй болгож, Авлигагүй бүс гэсэн сайхан нэрэнд нийцүүлэх зорилгын төлөө хамтран ажиллацгаая!
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
ТББ-ууд:
...
...

...




  Sain baicgaana uu! Mongol dahi oemnod mongolchuudiin bdal hunderseer bn. Tedend hatuu shiruun, havchin gaduurhsan bdal urgeljilseer bn. Shinjaanaas irsen neg mongol emegteig undeslelguigeer albadan gargasan, ter emegtei nen ih himarsan, gomdson bdaltai bn. Ene baidliig ooerchlohiin toeloo ers shiidemgii temcehgui bol bolohoo baijee. Hevleliin hural hiij, moen dorhi Oergoh bichgiig Immigration-d oegoy gej heseg noehod yarilcaj bn. Ene bichigt sanaa onoogoo nemerlene uu! Negdeh TBB-uud medegdne uu! Hevleliin hurald orolcoh huseltei huemuus medegdne uu! Hevleliin hurlaar oegoh message bol: Mongold oemnod mongol huen amidrah n gemt hereg bish! Ta buehniig oemnod mongol ahan duusee oemgoolohiig urialj bn! Mongol undestnii ueil hereg bidniig duudaj bn!



Comments