НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар луу нам холбоод өвөр монголчуудын хүний эрхийн асуудлаар дорхи албан бичгийг явууллаа.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар луу нам холбоод өвөр монголчуудын хүний эрхийн асуудлаар дорхи албан бичгийг явууллаа.
--------------------------------------

НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газарт

Өргөдөл

2014.07.25
Утга нь: Монгол дахь НҮБДДКГ-ын орогнол хүсэгчдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай

Даян дэлхийн олон нийт танай байгууллагыг хүний эрхийн нэгэн баталгаа гэж харж, итгэж найдаж байдаг билээ.
НҮБ-ын Дүрвэгчийн Дээд Комиссарын Газрын (НҮБДДКГ) Бүсийн салбарын Монгол дахь офис нээгдсэнээс хойш эрх нь зөрчигдөн, аюул эрсдэлтэй байдалд орсон цөөнгүй хүн НҮБДДКГ-ынхны тусламжтайгаар аюулгүй улсууд руу явж, аврагдсанд бид бүхэн баяртай байдаг.
Үүний сацуу, Монгол дахь НҮБДДКГ-аас орогнол хүсэгчдэд тохиолдсон зарим ноцтой сөрөг үйл явдлуудад та бүхний анхаарлыг хандуулахыг хүсч байна.

БНХАУ-ын иргэн, монгол үндэстэн Батзангаа (албан баримт дээр Batuzhangga)-г Улаанбаатар хотод 2009.10.3-нд Монгол, БНХАУ-ын цагдаагийн ажилтнууд хамтран барьж, БНХАУ руу хүчээр авч явсан. Батзангаа эхнэр, охины хамт Монголд зугтаж ирсэн, 2009.5.29-нд НҮБ-ын Дүрвэгчийн Дээд Комиссарын Газраас Орогнол хүсэгчийн тодорхойлолт авсан (Asylum Seeker Certificate) нэгэн билээ. 
Тэр үед, НҮБДДКГ-ын Монголын офисийн ажилтнууд дээрх улсуудын цагдаагийнхантай хамтран ажиллаж, Батзангааг офис дээрээ хууран дуудаж авчирч, НҮБДДКГ-ын зохих шийдвэргүйгээр, дур мэдэн тэдэнд шилжүүлж өгсөн. Батзангаа Хятадад 4 жилийн тэнсэн харгалзах ял авч, удалгүй дүрвэхийг оролдоод, 3 жилийн хорих ял аван, ялаа эдэлж байна. 
Батзангааг өгсөнтэй холбогдсон шуугианы үеэр, Монгол дахь офисийн ажилтан Н.Анар өөрийн хүслээр халагдсан бол, ажилтан Д.Эрдэнэбулган одоо болтол НҮБДДКГ-ыг төлөөлөн ажилласаар байна.
2012 оны 3-р сард Монгол дахь НҮБДДКГ-ын офис санхүүгийн асуудлаар хэмээн хаагдаж, офисийн ажилтан Д.Эрдэнэбулган өөр ажилтай хавсран, НҮБДДКГ-ыг төлөөлөн ажиллах болов.

БНХАУ-ын иргэн, монгол үндэстэн Н.Алхаа (албан баримт дээр Wenxin) Монголд 1992 оноос сууж буй, Монгол улсын иргэнтэй 1994 онд гэрлэж, 1995 онд охинтой болсон. 2013.1.17-ноос хойш цагдаагийн байгууллага түүнийг үндэслэлгүй шалтгаанаар, хүний эрхийг нь бүдүүлгээр зөрчин шалгаж байв (2013.11.11-нд цагаадсан). Н.Алхаа 2013.1.26-нд дээрх тодорхойлолтыг авсан ч, НҮБДДКГ-ын Бээжин дэх Бүсийн төлөөлөгчийн газраас 2013.6.7-нд ирсэн ажилтан хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй хэмээн хавтаст хэргийг нь хаасан байна. Н.Алхаа нь улс төрийн орогногч болох бүрэн үндэслэлтэй нэгэн юм.
2014 оны 5-р сард Монголын Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар (ИХШХЕГ, Mongolian Immigration) Н.Алхааг "БНХАУ руу гар, эсбөгөөс албадан гаргана" гэж тодорхой үндэслэлгүйгээр, албан ёсоор сануулснаас болж, тэрбээр "хэрэв тэгэх аваас өөрийгөө шатаана" гэж мэдэгдэж, хэсэг хугацаанд тэр зорилгоор машиндаа байнга тусгай савтай бензин авч явах болжээ. Н.Алхаа 2014 оны 5-р сард дахин НҮБДДКГ-т өргөдөл өгөхөд "таны хавтаст хэрэг хаагдсан, хаагдсан хавтаст хэргээ задалж болох магадлал бий, шинэ хавтаст хэрэг үүсгэхгүй" гэж мэдэгджээ. 2014.6.4-нд НҮБДДКГ-аас түүнд Орогнол хүсэгчийн тодорхойлолт өгчээ. 
2014.6.5-нд ИХШХЕГ-аас түүнд оршин суух үнэмлэх (1 жилийн хугацаатай) олгож, тус газрын дарга хэвлэл мэдээллийн камерын өмнө Н.Алхаад биш, Монгол улсын иргэн хадмуудад нь өгч байгаа юм гэж мэдэгджээ.

2014.5.12-нд БНХАУ-ын иргэн, НҮБДДКГ-ын орогнол хүсэгч, Д.Далайбаатар, Н.Тулгуур, НҮБДДКГ-ын дүрвэгч В.Түвшинзаяа гурвыг хамтад нь БНХАУ руу албадан гаргахаар ИХШХЕГ-т хорьж, тэр өдөр эхний хоёрыг гаргасан ноцтой явдал гарлаа. Хэрэв азтай тохиолоор 5.12-нд В.Түвшинзаяад Чех улс виз олгоогүй бол, түүнийг бас албадан гаргах байсан. 5.14-нд ИХШХЕГ-ын ажилтнууд В.Түвшинзаяаг ИХШХЕГ-ын саатуулахаас шууд онгоцны буудал руу, УБ-Москва чиглэлийн онгоц нисэхийн өмнөхөн аваачжээ.
Д.Далайбаатар (албан баримт дээр Dalaibateer) НҮБ-ын Орогнол хүсэгчийн 2013.1.29-2013.4.29-нд хүчинтэй тодорхойлолттой байсан бөгөөд, асуудал бэрхшээлээ ойлгуулсаар атал, НҮБДДКГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгч тодорхойлолтыг нь сунгах талаар зохих анхаарал тавин ажиллаагүй байна. Гэхдээ Д.Далайбаатар 2014.7.1 хүртэл хүчинтэй, сурах визтэй байв.
Н.Тулгуур (албан баримт дээр Tulaguer) Орогнол хүсэгчийн 2013.3.18-2013.6.16-нд хүчинтэй тодорхойлолттой байсан. Монгол улсын иргэн Д.Батзаяатай 2012 онд гэрлэжээ.
Эхнэр, 2 хүүхэдтэйгээ Монгол улсад ирсэн В.Түвшинзаяа (албан баримт дээр Dubuxinjiya) 2012 оны 7-р сард НҮБДДКГ-т хандан, орогнол хүсэгч болж, улмаар дүрвэгчийн статустай болоод, цаашид НҮБДДКГ-ын шугамаар БНЧех улсад очих нь 2013 оны 4-р сард тодорхой болсон. 
Н.Тулгуурт ИХШХЕГ гарах сануулгыг үндэслэлгүйгээр 2 удаа өгсөн бол, Д.Далайбаатар, В.Түвшинзаяа хоёрт тийм сануулга өгч байгаагүй байна.
2014 оны 4-р сард энэ гурван залууг албадан гаргах асуудлыг ИХШХЕГ, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) тодорхой үндэслэлгүйгээр тавих болсон. 
2014.4.18-нд тэднийг ИХШХЕГ: 4-р сарын 21-нд салан тусгаарлах сэдэвтэй бага хурал зохион байгуулах гэлээ, албадан гаргана гэж саатуулан хорьсон. Салан тусгаарлах биш, түүхийн сэдэвтэй бага хурал болно, түүнд бид оролцохгүй, Монгол улсын иргэн зохион байгуулна гэж тэд мэдэгдсэн ч гэлээ, "тийм байлаа ч албадан гаргана" гэж тийнхүү хорьсон. Монгол улсын иргэд зар, урилга нь түгээгдсэн хурлыг арга буюу хийхээ больсны дараа л гурван залууг түр суллан явуулжээ.
Тэднийг үндэслэлгүйгээр албадан гаргах гэдэг, үндэслэлгүйгээр хорьсон зэргийг НҮБДДКГ, Эмнести Интернэшнл эсэргүүцэн, Монгол улсын Гадаад харилцааны яаманд албан бичиг өгчээ. 
Энэ оны 5-р сард бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан, Монгол улс дахь НҮБДДКГ-ын асуудлыг Бээжингээс бус, Бангкокоос хамаарах боллоо. 5-р сарын 8-нд НҮБДДКГ-ын Бангкок дахь бүсийн төлөөлөгчийн газрын зохицуулагч Жеймс Линч ИХШХЕГ-ын дэд дарга Ц.Цолмон нарын ажилтнуудтай уулзаж, гурван залууг албадан гаргаж болохгүй үндэслэлүүдийг тайлбарлажээ.
5-р сарын 9-ний Баасан гарагт, Н.Алхааг Монголын ТББ-ууд өмгөөлөн хэвлэлийн хурал хийхэд сонирхон ирсэн дээрхи 3 залууг ТЕГ хүчээр авч явж, өдөржин ойлгогдох шалтгаангүйгээр саатуулсан. Тэгээд тэднийг зөрчил гаргаагүй байна, албадан гаргахгүй, санаа зовох зүйлгүй гээд суллаж, 5-р сарын 12-ны Даваа гарагийн 8.30 цагт бичиг баримттайгаа ирээрэй, ёс төдий жаахан ажил байна гэжээ. 
Тэдний хэлсний дагуу очиход, гурван залууг үдээс өмнө ТЕГ дээр, үдээс хойш ИХШХЕГ дээр саатуулж, орой нь ИХШХЕГ-ын ажилтнууд Д.Далайбаатар, Н.Тулгуурыг Монгол улсын өмнөд хил рүү авч явж, 5-р сарын 13-нд БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. 
Түүнээс хойш, БНХАУ руу албадан гаргагдсан 2 залуугийн талаар мэдээлэл бага байна. 
Албадан гаргагдах асуудал тавигдсанаас эхлүүлэн, ИХШХЕГ, ТЕГ-ын ажилтнууд Д.Далайбаатар, Н.Тулгуур, В.Түвшинзаяа нарын хувьд хүний эрхийн бүдүүлэг зөрчил гаргаж, хэрэгцээт нөхцлөөр дутаан тамлах, зодох, айлган сүрдүүлэх, доромжлох болон бусад хэрцгий, хүнлиг бус, нэр төрийг гутаах чиглэлийн харьцаа, шийтгэлүүдийг учруулж байжээ. Эдгээр нь Монгол Улсад бусад өмнөд монголчуудын хувьд хэрэглэгдэх нь ч энгийн үзэгдэл юм.
2014.07.15-нд Д.Далайбаатар даян дэлхийн хүний эрхийг хамгаалагч байгууллагууд, идэвхтнүүдэд бичгээр хандаж, өмнөх амьдрал, үйл ажиллагаагаа сэргээхэд туслахыг хүслээ.
Д.Далайбаатар, Н.Тулгуурын талаар Монгол дахь холбогдох байгууллагуудад ТББ-ынхан албан бичгээр асуулга тавихад албан бичгээр албан ёсоор хариу өгөөгүй. ИХШХЕГ-ын дарга: "тэднийг гаргах шийдвэрийг ТЕГ гаргасан, бид зөвхөн хил дээр хүргэсэн", ТЕГ-ын ажилтан: "тэднийг гаргах шийдвэрийг ИХШХЕГ аль дээр үед гаргасан байсан", Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд: "бидэнд тэднийг албадан гаргасан гэсэн мэдээлэл алга, Хууль зүйн яам НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргахгүй гэсэн", НҮБДДКГ-ын ажилтан: "бидэнд юу ч мэдэгдэлгүйгээр гэнэт гаргасан, өөр мэдээлэл алга, бид одоо юу ч хийх боломжгүй" гэж амаар хариулцгаасан. Өөрөөр хэлбэл, Монголд тэднийг зөрчил гаргасан гэж аль нэг байгууллага үзсэн талаар ямар нэг баримт олдсонгүй. Тиймээс Монгол улсаас албадан гаргасан, 10 жил Монгол улсад нэвтрэх эрхгүй болгосон нь үндэслэлгүй байна. 

Энэ ташрамд, уугуул ард түмний эрхийн төлөө тэмцэгч, нууцгай байдалтай байгаа ...-ийн (албан баримт дээр ...) талаар дурдмаар байна. Тэрбээр улс төрийн хавчилга, мөрдөлтөөс зугтан, 2013.9.24-нд Монгол улсад нэвтрэн ирсэн. 2013.9.30-нд түүнд орогнол хүсэгчийн тодорхойлолт өгснөөс өөр тусламжийг НҮБДДКГ-ын зүгээс үзүүлээгүй байна. Мөн одоо хүртэл Монголын ИХШХЕГ түүнд оршин суух эрх өгөөгүй байна. Түүний байдал маш эрсдэлтэй, түгшүүртэй байгаа юм.

Өмнөд монголчуудын (БНХАУ дахь монголчууд) хүний эрхийн талаар санаа зовнигч бид НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт хандаж:
1. Д.Далайбаатар, Н.Тулгуур нарын байдлыг хяналтдаа оруулж, ивгээл хамгаалалдаа авч, тэдний талаар үнэн бодтой мэдээлэл цуглуулан түгээх,
2. Д.Далайбаатар, Н.Тулгуур нарын Монгол дахь НҮБ-ын орогнол хүсэгчийн статусыг нь болон Монгол улсад нэвтрэх эрхийг (энэ тохиолдолд мөн В.Түвшинзаяагийн нэвтрэх эрхийг) нь сэргээж, Монголд эрхэлж байсан сурлага, хөдөлмөрийн үйлсээ үргэлжлүүлэхэд нь дөхөм үзүүлэх,
3. Хүний эрх, улс төрийн эрх, иргэний эрх, уугуул иргэдийн болон үндэсний цөөнхийн эрх ахин иймэрхүү байдлаар Монгол улс, БНХАУ-д зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээ авах,
4. НҮБДДКГ-ын Орогнол хүсэгчид, дүрвэгчдийг НҮБ-ын зүгээс илүү үр дүнтэй хамгаалахад дөхөм үзүүлэх,
5. Улаанбаатарт НҮБДДКГ-ын Бүсийн салбарыг төлөөлөх офисийг нээж, ажлыг нь эрчимжүүлэн сайжруулах,
6. Монгол дахь өмнөд монголчуудын хүний эрхийн байдлыг Монгол улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд элсэх асуудалтай холбон хянаж үзэхийг хүсч байна.

Та бүхний ажилд чин сэтгэлээсээ амжилт хүсье.

Монголын эрх чөлөө, холбооны нам
Өмнөд Монголын соёлын холбоо

"Хөх туг" нийгэмлэг

Comments