Өвөрмонголын иргэн Н.Алхаа Монгол улсын нутагт байгаа ч Хятадын "сүүдэрт" дагжиж байна


Өвөрмонголын иргэн Н.Алхаа Монгол улсын нутагт байгаа ч Хятадын "сүүдэрт" дагжиж байна

Өвөрмонголд хүний эрх хэрхэн зөрчигддөг талаар ам нээж, зоригтой дуугарсан хүмүүсийг “намнахаар” БНХАУ-ын тусгай албаныхан Монголын хууль хяналтынхантай холбоо сүлбээ тогтоож, хамтран ажилладаг байх гэж хүний эрхийн байгууллагууд харддаг. Хөгжим судлаач мэргэжилтэй Далайбаатар, Тулгуур нарын өвөрмонгол залуусыг өнгөрсөн сард Хятад руу ачихаасаа өмнө цагдаа нар тэдэнд зүй бусаар хандан, баривчилжээ. Тэд хүний эрхийн хэд хэдэн тэмцэгчтэй нийлж, өөрсдийнх нь адил хувь заяанд унасан Апхаа гэх өөр нэг өвөрмонгол залуугийн талаар, түүнийг Монгол дахь Хятадын нууц цагдаа нар хэрхэн мөрдөж мөшгидөг талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх гэж байсан юм.
Тулгуур Монголын нутгийг орхиж явахыг шаардсан албан бичгийг өнгөрсөн сарын 5-нд хүлээж авчээ. Түүнд ердөө арав хоногийн хугацаа өгсөн байв. Тулгуур тэр дор нь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхлэх Дээд комиссарын газарт хандаж, орогнох хүсэлт гарган, азаар нааштай хариу сонссон аж. Үүний дүнд Тулгуурт ногдсон Монголын нутгийг орхин гарах хугацаа Монгол Улсын Хууль зүйн яамны шийдвэрээр зургадугаар сарын 16 хүртэл сунгагдаад байлаа. Харин Далайбаатар оюутны визтэй байв. Гэсэн ч тэд улс төрийн орогнол хүссэний хувьд Хятадын төрийн урт гар хэзээ нэгэн цагт өөрсдийг нь барьж, хорих вий гэж үргэлж айдастай явдаг байжээ.
Тулгуур, Далайбаатар нар Ганбаатар, Мөнхбаяр, Сарнай нарын хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүдийн хамт Алхааг Хятад руу албадан гаргах гэж байгааг эсэргүүцэн, хэвлэлийнхэнд хандах гэж байж. Тийн албадан гаргах нь Монгол Улсын Үндсэн хуулиар ч, олон улсын дүрэм журмаар ч байж боломгүй үйлдэл юм. Тавдугаар сарын 13-ны 11.00 цагт тэд TV-8 телевизийн байранд хэвлэлийн хурал зарлаад байлаа. Тулгуур, Далайбаатар хоёр Ганбаатар, Сарнай нарын хамт телевизийнхнийг хүлээж байх зуур “Шударга иргэдийн эвсэл”-ийн Мөнхбаяр нарын гишүүд ирээгүй байхыг Сарнай анзаарчээ. Түүнийг Мөнхбаяр руу утасдахад цаадах нь энгийн хувцастай хэдэн хүн хэвлэлийн хурал болох газрын үүдэнд тэднийг тосож байгаад аваад явсан гэх нь тэр. Гэтэл хэсэг хугацааны дараа Мөнхбаярын нарийн бичгийн дарга Сарнай руу утасдаж “Манай хүмүүсийг бариад явчихлаа” гэжээ. Тэгээд Далайбаатар, Тулгуур хоёрт “Хурдхан зугт, олон хүний нүдэнд өртөөд хэрэггүй” гэж зөвлөсөн байна.
Сарнай хэвлэлийн хурлын үеэр энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэж, Алхаагийн тухай мэдээлэл өгчээ. Харин хурлын дараа Тулгуурын эхнэр түүн рүү залгаж Тулгуур, Далайбаатар хоёр баривчлагдсан тухай дуулгасан байна. Сандарсан хоёр эмэгтэй хүний эрхийн байгууллагуудад хандаж, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газраас хүртэл тусламж гуйн, тэднээс “Маргааш өглөө гэхэд хэргийг шалгаж өгнө” гэсэн ам өчгийг нь авчээ. Гэвч дараа өглөө нь Далайбаатар, Тулгуур хоёрыг хэдийнэ хил дээр аваачаад байлаа. Тэдэнд ямар нэгэн хэрэг үүсгэсэн, үгүйг Цагдаагийн газрынхан хэлээгүй байна. Тиймээс тэд эрх зүйн зөвлөгөө авах, гэр бүлийнхэнтэйгээ холбогдох эрхээ эдэлж чадаагүй аж.
“Гар утас руу нь зогсоо зайгүй залгасан. Утас нь нээлттэй, дуудаад л байсан хэрнээ утсаа авахгүй байсан. Далайбаатар ганц удаа утсаа авсан ч санаа алдаад л, миний нэг ч асуултад хариулаагүй” гэж Сарнай ярилаа.
Тулгуурын эхнэр Батзаяаг нөхөртэйгөө холбоо барих гэж өдөржин оролдож байхад Сарнай Батзаяагийн дэргэд байжээ. Сарнайгийн хэлснээр Тулгуур тавдугаар сарын 14-нд өглөөний 07.00-08.00 цагийн үед тэдэн рүү залгасан байна. Тэгээд “Бид Хятадын хил давчихлаа. Одоо яах вэ? Монгол руу зугтах гээд үзэх үү?” гэжээ. Батзаяа нөхөртөө юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан гэнэ. Тулгуурт удаан ярих боломж байсангүй, тэгсгээд утсаа тасалжээ. Эхнэр нь нөхрийнхөө дууг сүүлчийн удаа сонссон нь энэ.
Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвийн сэтгүүлчид мөн тавдугаар сарын 14-ний өдрийн өглөөний 09.00 цагийн үед Далайбаатартай холбогдсон байна. Тэгэхэд Хятадын хил давсан нь баттай болох тухай Далайбаатар хэлжээ. Харин хэн нь үл мэдэгдэх хүний дуу цаана нь гарч, түүнийг утсаа таслахыг шаардсан гэнэ.
Тулгуурын эхнэр Батзаяа болон Далайбаатарын найз бүсгүй хоёр хоёулаа Монгол Улсын иргэн. Тэд дээрх явдлын дараа Өвөрмонголын Эрээн хотод очиж нөхөр, найз залуугаа олохыг боджээ. Ярилцлага авъя гэсэн хэвлэлийнхний олон саналд энэ хоёр эмэгтэй татгалзсан хариу өгдөг. Батзаяагийн хэлэх нь тэдэнд хангалттай мэдээлэл байхгүй учир ам нээх нь зохисгүй гэнэ.
Одоо тэр хоёр эмэгтэйгээс ч сураг ажиг дуулдахаа болив. Сарнайгийн ярьснаар элдэв юм ярьж, Хятадын албаныхны сонорт хүргэчих вий, тэгвэл Далайбаатар, Тулгуур нарын байдал дордох вий гэж тэд эмээж байгаа аж. Харин Монголын хууль хяналтынхан тэднийг албадан гаргасан талаараа өнөөг хүртэл дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 
Иймэрхүү явдал танд 1930-аад оны Хэлмэгдүүлэлтийн үеийг санагдуулж мэдэх юм. Гэвч өнгөрсөн жил хагасын хугацаанд чухам ийм үйл явдлууд л Норовцэрэнгийн Апхаагийн амьдралд тохиолдоод байна.
Алхаа Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт 1968 онд малчны гэр бүлд төрсөн. Тэрбээр 1992 онд МУИС-д сурахаар Монголд иржээ. Алхаа оюутан байхдаа Э.Ундармаа гэдэг эмэгтэйтэй танилцан, 1994 онд гэр бүл болж, дараа жил нь Нандинцэцэг гэдэг охинтой болсон байна.
Богд хааны ордон музейн тайлбарлагч, Өвөрмонголтой холбоотой хэргүүдийг судалдаг Г.Ням-Очирын хэлснээр 1990-ээд оны эхээр мянга орчим өвөрмонгол хүн Монгол Улсад ирсэн гэнэ.
Харин арваадхан нь л үлдэж хоцорчээ. “Алхаа Монголд суурьшиж, гэр бүлтэй болж, энд 22 жил амьдрахдаа соёлын ялгаанаас ангижирч чадсан анхны өвөрмонголчуудын нэг. Тэр энд олон найз нөхөдтэй, Монголын иргэн шиг л амьдарч байсан” гэж Г.Ням-Очир ярилаа.
Алхаагийн хадам ээж Батмөнх мөн хүргэнээ олон найзтайг хэлэв. “Их тусч хүн. Өвдөөд эмнэлэгт хэвтэж байхдаа каракуль захтай пальтогоо хүнд өгөөд явуулчихсан байсан. “Гадуур хувцсаа яасан” гэхэд өөрөө бээрэх шахсан байж “Зүгээр ээ, аваад ирнэ” гээд хээв нэг байсан даа” гэж Батмөнх ярьсан юм.
Охин нь түүнд хэлдэг байжээ, Алхаагийн иргэншлээс болж элдэв асуудал үүсэх вий гэж. Батмөнх хүргэндээ санаа зовж байсан ч Дарханд таарсан хэдэн өвөрмонгол хүн “Амаргүй ч гэсэн Монгол ардчилсан улс болохоор санаа зоволтгүй” гэж сэтгэлийг нь амрааж байж.
Үнэхээр ч Монголд амьдрах амар байсангүй. Охин Нандинцэцэг нь бичиг баримт дээрх хятад овгоосоо болж хүмүүст адлагдах нь их байв. Тиймээс эцэг эх нь охиноо Франц руу явуулжээ. Тэнд Алхаагийн эхнэр Ундармаа докторантурт суралцахаар төлөвлөөд байлаа. Гэвч Ундармаа удалгүй хүндээр өвдөж, Францад хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаад 2010 онд нас баржээ. Алхаа виз авахын тулд Бээжин явахаас эмээсэн учраас эхнэрээ бүтэн тивийн цаана амьсгал хурааж байхад энд ганцаараа гашуудаж суув.
Ийм хагацал үзсэн ч Алхаа хадам ээж, охин хоёртойгоо ойр дотно байлаа. Батмөнх эгчийн ярьснаар Нандиа охин жил бүр аав, эмээ хоёр дээрээ ирж, зуны хэдэн сарыг хамт өнгөрөөдөг байж. Аав, охин хоёр Монголын аль л сайхан, байгалийн үзэсгэлэн бүрдсэн, түүхэн дурсгалт газраар аялна. Алхаа охиноороо "Монголын нууц товчоо" уншуулна. Жаахан хүүхдэд эхлээд уйтгартай санагдах энэ зохиолыг өдөрт бага багаар нь уншуулдаг байж.
Харин Алхаа сурагч байхдаа Өвөрмонголын түүхийг үнэн мөнөөр нь сурч мэдээгүйгээс гадна барууны орнуудыг бусдыг устгахыг хүсдэг империалист гэхээс өөр зүйл сонсож байсангүй. Түүний эмээ, өвөө хэлмэгдсэн бол тэр өөрөө бие султай хүүхэд байжээ.
“Өвөрмонголд байдал хүнд байгаа. Хүн бүр нэг л түгшүүртэй байх болсон. Бидний хэн нь ч тэнд болж байгаа зүйлсийн талаар ил тод ярих эрхгүй. Монгол, хятадуудын дунд зодоон боллоо гэхэд монгол хүн нь баригдаж, хятад нь суллагддаг. Хан хятадууд монголчуудын газар нутаг, байгалийн баялгийг булаадаг. Хятадад ер нь хүний эрх гэдэг юм байхгүй” гэж Алхаа ярив.
Алхааг дэмждэг өвөрмонголчуудаас хэдэн хүн зэрэмдэглэсэн морь, хэрцгийгээр алагдсан мал амьтны зураг надад харуулсан юм. Ийм зургууд өвөрмонголчуудын дунд их тарсан гэнэ. Үзэн ядалтаас үүдэлтэй иймэрхүү бусармаг хэрэг үйлдэгчид шийтгэл хүлээдэггүй нь өвөрмонголчуудын тэвчээрийг баржээ.
2011 онд Мэргэн гэдэг малчин залууг уурхайн тэрэг барьдаг, нэгэн хятад ажилтан санаатайгаар хөнөөжээ. Энэ явдлаас болж Хөх хотод нийтийг хамарсан жагсаал цуглаан болсон байна. Тэгтэл Хятадын Ардын чөлөөлөх армийнхан хотын гудамж, талбайг “самарч”, эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон их сургуулийн оюутнуудыг хүчээр даржээ. Алхаагийн ярьснаар бол албаныхан хохирогч залуугийн ээжийг нутгаас нь нүүлгэж, орон сууцанд оруулаад зогсохгүй тэтгэлэг өгсөн гэнэ. Төрийн телевизээр талархлаа илэрхийлсэн хөөрхий эмэгтэйн бичлэгийг эрх баригчид дээрх жагсаалын үеэр ахин дахин гаргаж байж. “Эмэгтэй тийм алхам хийгээгүй бол үлдсэн хөвгүүдэд нь муу юм болох байсан” гэж Алхаа ярьсан юм.
Өвөрмонголчуудын эрхийн талаар зоригтой дуугарч, энэ асуудлаар цуглаан зохион байгуулах болсон, хожим тодорхойгүй шалтгаанаар баригдан хоригдсон Өвөрмонголын иргэн Хадаагийн яриаг сонссоныхоо дараа буюу 1999 оноос Алхаа иймэрхүү үйл хэрэгт оролцож эхэлжээ. Дараа жил нь гэхэд тэрбээр Өвөрмонголоос зугтсан дүрвэгсдэд зөвлөгөө өгдөг болоод байв. Гэхдээ Алхаа үүнээс ч өмнө буюу 1990-ээд оны эхэн үеэс хойш л Хятадын тагнуулын албаныхны шахалт, дарамтыг мэдэрч байжээ. Монголд ирсний дараах эхний хэдэн жил түүнийг нутаг буцах болгонд Хятадын цагдаа нар гэрт нь очиж, удаан гэгч нь ажиглаж байгаад явдаг байв.
Алхааг хил давах бүрт Хятадын хилийн харуулууд түүнд дээрэнгүй хандаж, унаанд суухад нь үнэмлэхийг нь шалгахдаа аваад явах тохиолдол ч цөөнгүй байжээ. Тэгэхэд нь “Чи ямар хэрэг хийчихсэн хүн бэ” гэж автобусанд яваа хүмүүс асуудаг байв. Алхаа хоёр ч удаа хилийн харуулд баригдан, түр саатуулах байранд хоригдож байж. Торны цаана байхад нь түүнийг айлган сүрдүүлж, биед нь хүртэл халдсан удаатай. Алхааг 1994 онд 18 хоногийн хугацаатай хоригдоод байхад ээж нь бурхан болжээ.
2000-аад оны дунд үе гэхэд Алхаа Хятадын хууль, хяналтынхны овоо хараанд
бүр ч илүү өртөөд байв. Түүнийг дүрвэгсдэд тусалдаг гэсэн мэдээ тэдний сонорт хүрсэн бололтой. Харин 2013 оны нэгдүгээр сарын 17-нд цагдаа нар Алхааг баривчлахаар иржээ. Түүнийг ямар нь тодорхойгүй, холбогдогч этгээд нь одоо нас барсан гэх нэг гэмт хэрэгт холбоотой гэсэн ч цагдаагийнхан ямар ч нотлох баримтгүй байсан гэнэ. Харин Цагдаагийн газар руу явах замд нэг цагдаа Алхаад хандан “Таныг Монгол Улсын нутгаас гаргана” гэжээ. Алхаа цагдаагийн газар өгсөн анхны мэдүүлгийнхээ талаар НҮБ болон гадаадын ЭСЯ-дад илгээсэн бичигтээ “Энхтөр гэдэг хүн надаас “Чи хоёр хужаатай амьдардаг гэл үү” гэж асуусан. “Тэд хятад биш, өвөрмонгол” гэж намайг хариулахад тэр хүн “Өвөрмонгол гэж юу юм. Та нар бүгд алуулна. Чи яагаад хятадуудыг үзэн яддаг юм” гэж дуугаа өндөрсгөсөн” гэж бичсэн байна.
Алхааг дараа нь Цагдаагийн газрын хоёрдугаар давхарт байх дэд хурандаагийн өрөөнд оруулжээ. Тэр хүн Алхаагаас өнөөх гэмт хэргийн тухай биш, харин “Яагаад хятадуудад дургүй юм бэ” гэхээс өөр зүйл асуугаагүй гэнэ. “Таны яриад байгаа хүмүүсийн талаар би юу ч мэдэхгүй. Ямар буруу юм хийснээ ч мэдэхгүй байна. Өмгөөлөгч дуудаж өгөөч” гэж Алхаа хүсчээ. Гэвч түүний хүсэлтийг ёсоор болгоогүйгээр барахгүй энгийн хувцастай, нэгэн булиа эр (дараа нь сонсоход цагдаагийн томоохон албан тушаалтан байсан) өрөөнд орж ирээд, үгийн солиогүй 5-6 удаа цохиод авсан гэнэ. Тэр эр элдэв хараал урсгаж Алхааг “Муу чоно, нохойны эрлийз! Хятад, Монголын харилцааг балладаг чи хэн бэ!” гэж хашгирч байжээ.
Цагдаа нар Алхааг Монголоос гаргана гэж ахин дахин хэлж байв. Дэслэгч цолтой нэг хүн Алхаагийн нүдэн дээр Замын-Үүдийн цагдаагийн газартай холбогдож, Эрээн хот дахь Хятадын цагдаагийн газраас Алхаатай холбоотой баримт сэлт цуглуул хэмээн даалгасан байна. Дараахан нь Алхааг хориход аваачиж камерт хийгээд, гурав хоног хорьжээ. Алхаа хоол идэхээс өөр юу ч хийх эрхгүй байж. Харин Цагдаагийн газарт хэргийг нь бүртгэх үеэр цагдаагийн бичиг хэргийн ажилтан Алхаагаас “Толгой чинь яачихсан юм бэ” гэж асуужээ. “Намайг зодсон. Бие өвдөөд байна. Эмч дуудаж өгөөч” гэж Алхааг учирлахад тэр хүн толгой сэгсрээд өнгөрсөн гэнэ.
Нэгдүгээр сарын 20-нд буюу баригдсанаасаа хойш дөрөв хоногийн дараа, 14.00 цагийн үед Алхаа Цагдаагийн газарт дахин хүргэгджээ. Алхаа тэр шөнөө цагдаагийн байрны хонгилд, хогон дунд, халаалтын хоолойноос гавлуулж хоносон байна. Харин дараа өдөр нь 13.00 цагийн орчимд дөрвөн цагдаа хоёр энгийн иргэний хамт Алхаагийн гэрийг нэгжжээ. Түүнийг дээрмийн хэрэгт буруутган, хавтаст хэрэг үүсгэсэн ч таван сая төгрөгийн барьцаагаар сулласан аж. Дараагийн долоо хоногт нь Өвөрмонголд Алхаагийн найзыг Хятадын цагдаа нар барьж, байцаасан гэнэ. “Алхааг одоогоор хуулийн дагуу шилжүүлж авах боломжгүй байгаа. Гэхдээ удахгүй авчруулна. Тэгээд ална. Чамайг ч гэсэн энэ тухай ам нээвэл нухчихна шүү” гэж хятад цагдаа нар найзыг нь сүрдүүлжээ.
"Толгой нь хавдаад пэмбийчихсэн байсан. Хэд хоног холбоо барих гээд чадаагүй. Тэгээд хэд хоногийн дараа холоос тарган, цонхийсон юм гараад ирсэн. Дөхөөд очтол айхтар зодуулсан байсан даа" гэж Батмөнх эгч ярьсан юм. Зодуураас болж одоо Алхаагийн тархиар хатгуулах болж, хааяа ухаан нь балартан унадаг болжээ.
Цагдаа Алхаагийн гэх хэргийг бүтэн 11 cap прокурорт шилжүүлээгүй байна. Тэр хугацаанд цагдаа нар элдвээр хяхаж, хавчиж байсан гэнэ. Ажлын өдрүүдээр Алхаа цагдаагийн газар дуудагдаж, өглөөний 08.00 цагаас үдшийн 18.00 цаг хүртэл хонгилд суудаг байж. Байцааж сүйд болохгүй хэр нь байнга л өнөөх амны уншлага болсон үгээ хэлж, “Удахгүй нутаг буцаана” гэж айлгаж байжээ.
Алхаа удалгүй өмгөөлөгчтэй болов. Гээд өмгөөлөгчийг нь ч цагдаагийнхан хайхраагүйн дээр дарга нар нь “Завгүй байна” гэсэн шалтгаар түүнийг гурван cap хүлээж аваагүй байна. Алхаа ч бүр шантарч гүйцжээ.
Алхаа Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт 1968 онд малчны гэр бүлд төржээ.
Түүнийг ажлын өдөр бүр дуудах нь бүтэн дөрвөн cap, дараа нь алдаг оног дуудах нь дахин дөрвөн cap үргэлжилсэн аж.
Харин хавтаст хэргийг хүлээж аваад ахлах прокурор Алхаагийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэсэн ч Алхаа барьцаанд төлсөн таван сая төгрөгөө буцааж авч чадаагүй байна. Түүний мөнгийг хурааж авсан хүн Алхааг утасдах бүрт шалтаг тоочдог гэнэ. Ингээд Алхаа ажилгүй болжээ. Бичиг баримтыг нь хурааж, хаашаа ч хөдлөх аргагүй болгохын тулд өөрийг нь зориуд хоосолсон гэж тэр боддог аж.
Нэрээ нууцалсан нэг эрхмийн хэлснээр Хятадын Засгийн газартай шөргөөцөлдсөн хэнбугайд ч албаныхан ийм арга хэрэглэдэг гэнэ. “Цагдаагийн газарт ахин дахин дуудаж, тодорхойгүй шалтгаанаар хүнийг хаашаа ч явах боломжгүй болгоно. Дүрвэгсдийг хооронд нь холбодог Алхаа шиг хүмүүсийг хятадууд яаж хяхаж, хавчихаа сайн мэднэ” гэж тэр хүн ярьсан юм.
Энэ оны нэгдүгээр сард Алхаа Хятад дахь хүний эрхий асуудлаар хэлэлцсэн нэг уулзалтаас харьж явлаа. Гэтэл гэрийнх нь үүдэнд, Цагдаагийн газарт харж байсан, зүс мэдэх нэг цагдаа зогсож байж. Тэгээд шуудхан “Яагаад эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцоод байна. Ар, Өвөр Монголыг нэгтгэх санаа байна уу, үгүй юү” гэх зэргээр шалгаасан гэнэ. Алхаа “Энгийн нэг уулзалт шүү дээ” гэж хэлчихээд гэр рүүгээ оржээ.
Эхнэрээ нас барснаас хоёр жилийн дараа буюу 2012 онд Алхаа гэр бүлийн виз хүсчээ. Эхнэрийнх нь нас барсны гэрчилгээ, охиных нь төрсний гэрчилгээ, дээр нь өөрийнх нь орших суух зөвшөөрлийн бичиг байхад л болоод явчихаж. Тэр визийнх нь хугацаа 2014 оны гуравдугаар сард дуусна гэдгийг Алхаа мэдэж байлаа. Тиймээс хоёрдугаар сард нь буюу баривчлагдсанаасаа жил гаруйн дараа визээ сунгуулах хүсэлт гаргажээ. Гэтэл Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар “Таны хүсэлтийг шалгаж байна” гэхээс өөр хариу өгөөгүй аж.
Харин тавдугаар сарын 5-нд, хүсэлтээ гаргаснаас хойш бараг таван сарын дараа Алхаа гэр бүлийн визийг нь хүчингүй болгосон тухай бичиг хүлээж авчээ. “Таны эхнэр нас барсан. Бас та охинтойгоо 14 жил уулзаагүй юм байна” гэж албаныхан шийдвэрээ тайлбарласан байж. Аихаа хадам ээжийнхээ хамт Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар очиж уулзаад ч нааштай хариу сонссонгүй. Харин ч төөрөгдөл үүсгэсэн, Монгол Улсын нутгаас даруйхан гарах ёстой, Хятадад очоод өөр төрлийн виз мэдүүлж болно гэсэн гэнэ. Тэгээд зогсохгүй ногоон паспортыг нь нүдэн дээр нь урж, хар тамга дарсан бичиг өгөөд, арав хоногийн дотор Монголоос гарахыг шаарджээ. Алхаагийн толгойд тэр үед “Хятадын хорих лагерь” гэсэн үг л эргэлдэж байлаа.
"Эхлээд Тулгуурыг гаргахгүй гэж байснаа сүүлдээ Далайбаатартай хамт гаргасан. Монгол Улсын Үндсэн хууль болоод олон улсын гэрээгээр тухайн улс орон нь амь насанд нь аюултай тохиолдолд албадан гаргахгүй гэсэн үүрэг хүлээдэг" хэмээн Олон улсын хүний эрхийн мэргэжилтэн хэллээ. Мөн “Тусгаар тогтносон Монгол Улс нь Өвөрмонгол иргэдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж буй цөөхөн орны нэг хэдийнэ болж” хэмээн Ч.Мөнхбаяр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
Албадан гаргалтаас сэргийлэхийн тулд гэр бүлийн визээ сунгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн нээлттэй захиаг Апхаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж руу явуулахаар боловсруулсан байна. Захианд Алхаагийн охин сургуулиа төгссөний дараа зун болгон Монголд ирж байсныг гэрчлэх паспортын хуулгыг хавсаргасан охины гарын үсэгтэй мэдэгдэл байсан аж.
Тавдугаар сарын 5-ны өдөр Алхаагийн хадам ээж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас асуухаар очжээ. “Танд энэ асууддыг шийдэх олон арга байсан ч та шууд хэвлэл мэдээлэлд хандсанаар олон нийтэд бидний тухай буруу ойлголт төрүүлсэн. Тийм учраас бид ямар нэгэн онцгой тусламж үзүүлж чадахгүй. Алхаа тус орноос гарсны дараахан хүсэлт гаргах шаардлагатай” гэж ажилтан мэдэгджээ.
Тавдугаар сарын 21-нд албаны төлөөлөгчид “Монгол” ТВ-ийн оройн мэдээнд ярилцлага өгсөн байна. Асуултын хариулт болгон албаны түшмэл “Алхаа шударга бус байсан” гэж мэдэгдээд цааш ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан юм.
“Алхаа Хятад улс руу явахад учрах аюулын талаар асуухад нэг түшмэл Алхаа хүсэлт гаргахдаа Хятад улсаас өөр улс руу зорчиж болох талаар мэдээгүйд ихэд цочирдож байсан” гэж сэтгүүлч мэдээлжээ. Мягмар гарагт Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж Алхаа ба түүний хуульчтай холбогдон тусламж үзүүлэхийг санал болгов. 2014 оны зургадугаар сарын 5-нд Алхаатай уулзаж өөрийн биеэр нэг жилийн хугацаатай оршин суух үнэмлэхийг гардуулсан гэж Алхаа хэлэв. “Тулгуур ба Далайбаатарт их харамсалтай зүйл тохиолдсон. Та Монгол Улсын иргэн болж болно, бүх юм нээлттэй” гэж тэрбээр Алхаад хэлжээ.
“Ихэнх монголчууд их сайн хүмүүс бөгөөд бие биенийгээ дэмждэг” гэж Алхаа хэлэв. Мянга гаруй хүн түүний гэр бүлийн байдал ба сайн зан чанарынх нь талаарх тодорхойлолтод гарын үсэг зуржээ. Тавдугаар сард хэсэг хумүүс “Тулгуур ба Далайбаатарыг чөлөөл” нэртэй группийг фэйсбүүкт үүсгэн, дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Мэдээний гол таван сайт дээрх Алхаагийн оршин суух зөвшөөрлийн талаарх мэдээнд 84 хүн лайк дарж, 127 сэтгэгдэл үлдээсэн байна. Коммент үлдээгчид Алхааг монгол хүн гэж тодорхойлоод, иргэншил авахыг нь дэмжсэн байв.

“Монгол Улсын иргэн болсон ганцхан Өвөрмонгол хүнийг би мэднэ” гэж Г.Ням-Очир хэлэв. Түүний нөхөд Өвөрмонгол иргэд Монголын нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилготой ТББ байгуулж байгаа юм. Харин энэ үеэр Тулгуур ба Далайбаатарыг хайсан эрэл үргэлжилсээр... 







Comments

Post a Comment