МОНГОЛ ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ЭРХ АШГААС ИЛҮҮ МОНГОЛ ХЯТАДЫН НАЙРАМДАЛ ЧУХАЛ ГЭЖ ҮҮ









МОНГОЛ ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ЭРХ АШГААС ИЛҮҮ МОНГОЛ ХЯТАДЫН НАЙРАМДАЛ ЧУХАЛ ГЭЖ ҮҮ
2014.05.13 -ны өдөр Монголд ажиллаж амьдарч байсан Өвөр Монголын хүний эрхийн төлөө тэмцэж зүтгэж байсан Н.Тулгуур, Д.Далайбаатар гэсэн хоёр Өвөр Монгол залууг манай хүчнийхэн баривчилж коммунист Хятадын шоронд хүргэж өгчээ. Түүнээс гадна цус нэгтэй өвөрлөгч нараа хамгаалж дуугарсан Монголчуудыг хүртэл тагнуулынхан мөрдөж мушгин, Монгол Хятадын найрамдлыг эвдэж болохгүй, дугуй суу гэж анхааруулсан бололтой.
Тэгвэл эхлээд манай Монголын тагнуул гэгч чухам юу хийдэг, ямар байгууллага болох тухай Генерал Ж.Баатарын яриа /Эх сурвалж: “Генерал Ж.Баатар: Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл”- “Зууны мэдээ” сонин 2010 оны 5 сар http://news.gogo.mn/r/69745 / -аас зарим зүйлийг танилцуулъя. Генерал Ж.Баатар бол насан турш аюулаас хамгаалах, тагнуулд ажиллаж даргын албан тушаалыг нь хүртэл хашиж байсан, тус салбарыг алган зураас шигээ мэддэг хүн юм.
-Монголын тагнуул голдуу юу хийдэг байсан бэ?
“-НАХЯ улс орны гадаад, дотоод бодлого, улс төрийн нөхцөл байдалтай холбоо бүхий өргөн цар хүрээтэй мэдээллээр намын дээд байгууллагыг тасралтгүй хангаж ирсэн. Нэн ялангуяа дотоод асуудлаар байнга мэдээ бэлтгэнэ. Жишээ нь, цаг үеийн ажил гэж байна. Хаврын тариалалт, төл хүлээн авалт, ноос, ноолуур, мах бэлтгэл, сүү тос, мал эрүүлжүүлэх ажил, худаг ус, хадлан тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл гэх мэт олон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж, нэгтгэн дүгнэж, мэдээлдэг байсан. Уг чанартаа ХААЯ-ны хийх ажлыг НАХЯ шүүрч авч, давхар хяналт тавьдаг байж.”\ТЕГ -ын дарга асан генерал Ж.Баатар\
-Монголын тагнуул юуг тагнадаггүй бэ? Тагнасан ч дээш мэдүүлэхгүй нууж хааж, нүд байсан ч сохор, чих байсан ч дүлий, ам байсан ч хэлгүй, гар байсан ч утгын сохор бэ?
“-Цаг үеийн бодлоготой холбогдуулж үнэн бодит мэдээллийг дарах зүйл бишгүй байсан. Эрдэнэт үйлдвэрийн баяжмалыг гаргахад дагалдах маш үнэтэй, ховор элементийг хэдий ах дүүгийн найрамдалт орон ч гэсэн Зөвлөлт рүү гаргаж, Монгол Улс юмаа алдаад байна гэдгийг НАХЯ мэддэг байсан ч энэ тухай дээш танилцуулахгүй орхичихдог байсан. Зөвлөлтийн цэрэг Монголд экологи, ан амьтан сүйтгэж, айлын хоттой хонийг дайрч, амьтан хүн буудаж алж байсан, эрчим хүч ашиглалтын асуудал гээд олон зүйл бий. Гэвч энэ тухай мэдээ бичвэл найрамдлын эсрэг зүйл болно гээд хав дарна. Жишээ нь, НАХЯ Монголд олборлох биш боловсруулах үйлдвэр хэрэгтэйг мэддэг ч энэ тухай ярьдаггүй байсан. Иймд Монголд үйлдвэр хөгжөөгүй, хоцрогдсон нь бодлогоосоо болсон хэрэг. Дээд дарга нар ямар мэдээлэл сонирхож байна, түүнд нь зохицуулж мэдээлдэг буруу чиг хандлага, сөрөг үзэгдэл байсан.”\ТЕГ -ын дарга асан генерал Ж.Баатар\
-Монголын тагнуулын хамгийн мэргэшсэн ажил нь юу бэ?
“Ард түмнээ, сэхээтнээ үзэл бодлоор нь хянадаг буруу тогтолцоотой, бүхнийг коммунист үзлээр хэмжинэ. Монголын сэхээтнүүд намын үзэлд үнэнч байх ёстой. Тэд энэ хэмжээнд байна уу, үгүй юу гэдгийг харна. Гадны хэвлэл хэн үзэж байна, гадны үзэл сурталд хэн автагдаж болзошгүй, гадаадын радио нэвтрүүлгийг хэн сонсож байгааг хянана. Зөвхөн дотоод асуудлаар гэхэд нэг иймэрхүү. Гадаад нөхцөл байдал, гадаад улс орны асуудлаар мөн мэдээлэл бэлтгэж, явуулна. Тэр үед Хятад, Монголын харилцаа хүйтэн байсан. Энэ бүх уур амьсгалыг аюулгүйн үүднээс судалдаг, нэгтгэн дүгнэдэг, тухайн үеийн бодлогод тусгаж, хэрэгжүүлдэг байв. ”\ТЕГ -ын дарга асан генерал Ж.Баатар\
-Монголын тагнуул юу хийж чадахгүй бэ?
“Ер нь бол 1950-иад оны үед манай хоёр орны харилцаа сайн байсан юм билээ. 1960-1990 он хүртэл хүйтэн дайны үе байлаа. Хятадын цэрэг, армийн хүч манай эсрэг чиглэж, бууныхаа овоо хараанд Монгол Улсыг онилчихоод байсан цаг үе. Тагнуул туршуулаа ч манай улсын эсрэг илгээж, элдэв шалтаг халхавчаар Хятадын талаас олон зуун хүн Монгол Улсын хилээр орж ирдэг байсан. Энэ бүхэн нь Монголын Аюулаас хамгаалах, тагнуулын байгууллагын анхаарлын төвд байсан. МОНГОЛЫН ТАГНУУЛЫНХАН ХЯТАДЫН ЭСРЭГ ТАГНУУЛ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. Хамгийн гол нь манай тал Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааг сэргээж бэхжүүлэх, хоёр орны уламжлалт хамтын ажиллагааг сайжруулах чиг хандлагыг барьж байсан. Тэр үед албан ёсны тоо нь гучин хэдэн мянга гэдэг ч би дотроо 300 мянга байх гэж боддог. Ийм тооны барилгын ажилчин оруулж ирж, Монголын бүх суманд тарж суурьшсан.”\ТЕГ -ын дарга асан генерал Ж.Баатар\
- Монголын тагнуулд засгийн газар ямар үүрэг өгсөн вэ?
“Ер нь Монголын нутаг дэвсгэр дээгүүр хаа сайгүй хятадууд олширч дураараа авирлаж байна. Ан гөрөө, худалдаа наймаа хийх нэрийн дор хятадууд судалгаа хийж, мэдээлэл цуглуулах боллоо. Хятадууд ийм замбараагүй болж байгааг хянах хэрэгтэй гэхээр “Хятадаар оролдохоо боль” гэж прокуророос хүртэл таньдаг хүнээр хэлүүлж байсан. Засгийн газар ч “Хятадын асуудлыг сөхөж тавихаа боль” гэж дургүйцнэ. Манай нутаг дэвсгэр байлдааны буу зэвсэг наймаалцах талбар нь болж байлаа. Энэ бүх сөрөг үзэгдлүүд Монгол Улсыг хүнд байдалд оруулна гэдгийг тэр үед сануулж, сэрэмжлүүлж байсан шүү дээ. Одоо яг тэр хэлснээр явж байгааг та нар харж байгаа биз дээ. …. Хотын прокурорын орлогч байсан Дамчаасүрэн тэр үед “Хятад хүний нэг үс унахад Ж.Баатар хариуцна” гэж яллаж байсан.”\ТЕГ -ын дарга асан генерал Ж.Баатар\
Энд өгүүлсэн зарим зүйл нь мэдээж социализмын үетэй холбоотой ч зарим зүйл нь огт шинэчлэгдээгүй хэвээрээ байгаа нь ТЕГ -ын дарга асан генерал Ж.Баатарын ярианаас ажиглагдана. Жишээ нь: хуучинд зөвлөлт оросын эсрэг зүйл бичвэл найрамдлын эсрэг зүйл болно гээд хав дарж, Монголын нутагт тэд бузар муухай, үндэсний эрх ашигт хортой зүйл хийж байсан ч дээш мэдүүлж арга хэмжээ авдаггүй байжээ. Зөвлөлт холбоот улс нурсан 1989 оноос хойш Монголд оросын нөлөө багасаж, Хятадтай харьцаа холбоо сайжирсан. Зөвлөлтийн нөлөөнд байх үед “Монголын тагнуулынхан Хятадын эсрэг тагнуул хийнэ гэж юу байхав дээ” байсан Монголын тагнуул одоо бүр юу ч хийж чадахаа больсон биз. Гэвч үнэндээ Монголын тагнуулын чадвар тийм ч муу биш, хийвэл юуг ч хийж чаддаг бололтой. Даанч харамсалтай нь төр засгийн бодлого нь буруу. Эсвэл бодлого нь буруу биш, зөвхөн төр барьж буй хэсэг ноёд, улс төрч, үзэл сурталч нарын мэдлэг боловсролгүй, аль эсвэл зориуд Хятадын талыг баригчдын тархи угаалгын үр дүн ч байж мэднэ. Хөрш улс Хятадтай найрамдалтай байхын тулд төр засаг нь ТЕГ-таа “Хятадын асуудлыг сөхөж тавихаа боль”гэж тушаал өгнө. Хотын прокурорын орлогч нь хүртэл “Хятад хүний нэг үс унахад Ж.Баатар хариуцна” гэж хэлсэн гэнэ. Их Монгол улсын үед Монголын төрд гавья байгуулсан хүнд “дархан цол” олгож ес удаа алдаа гаргахад уучилдаг байсан шиг өнөөдөр Монголын нутагт Хятад хүн ганц ширхэг үсээ ч унагаалгахгүй эрх дархтай болжээ. “НАХЯ Монголд олборлох биш боловсруулах үйлдвэр хэрэгтэйг мэддэг ч энэ тухай ярьдаггүй байсан. Иймд Монголд үйлдвэр хөгжөөгүй, хоцрогдсон нь бодлогоосоо болсон хэрэг” гэж Ж.Баатар хэлсэн. Энэ бол өнгөрсөнд Монголын үндэсний эрх ашгаас илүү Зөвлөлт Монголын найрамдлыг хүндэтгэж үзсэнээс болжээ. Тэгвэл өнөөдөр бас л Монгол Хятадын найрамдлыг Монголын үндэсний эрх ашгаас дээгүүр тавьж байна. Үүний үр дүнд Монгол улс Хятадын далд колонийн орон боллоо. Энэ тухай эрүүл ухаантай, эх оронч сэтгэлтэй хүн болгон ярьж бичиж, баримт салд, бодит байдлыг дэлгэсээр байна. Төр засаг минь, ноёд хадагтай нар минь, тагнуул цагдаа нар минь бидэнд Монгол Хятадын найрамдлаас илүү Монголын үндэсний эрх ашиг илүү чухал, үнэ цантай. Харь оронтой найрамдахын төлөө биш, үндэсний эрх ашгийнхаа төлөө ажиллаж зүтгэх ёстой гэдгээ ухаарах цаг ирсэн биш үү. Өөрөө хэлбэл үндэсний эрх ашиг нэгдүгээрт, хөрш орны найрамдал хоёрдугаарт байвал зохино. Гэтэл энэ харьцаа социализмын 70 жил ч, ардчиллын 25 жилд ч эсрэг явж иржээ. ФБ дээр жиргэгчид “Монгол улс Хятадын Ар Монголын Өөртөө Засах Орон боллоо” гэж бичиж байна. Энэ нь саяхан болж өнгөрсөн нэг үйл явдалтай холбоотой.
2014 оны 5 сарын 13 өдөр Улаанбаатарт ажиллаж амьдарч Өвөр Монголын ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэж байсан Довчингийн Далайбаатар, Нороврэнчиний Тулгуур гэсэн хоёр өвөр монгол иргэнийг Монгол улсын хүчний байгууллага баривчлан коммунист дэглэмтэй БНХАУ-д хүлээлгэж өгчээ. Шалтаг нь Монголд оршин суух визийн хугацаа дууссан, Шалтгаан нь Монгол Хятадын найрамдалт харилцааг нөлөөлсөн гэж албаны тал үзсэн бололтой. Эсвэл Хятадын талын дарамт шахалт, нууц захиалга байж болзошгүй хэмээн хардаж байна. Учир нь Д.Далайбаатар бол Өвөр Монголын Ардчилсан Намыг үүсгэн байгуулагч бөгөөд Н.Тулгуур нь Өмнөд Монголын залуучуудын холбооны дэд тэргүүний үүрэгтэй байжээ. Өвөр Монголын Ардчилсан Нам нь дүрэмдээ “ Өвөр Монголын Ардчилсан нам нь Өвөр Монголын монголчуудын үндсэн эрх ашиг өв соёлыг дээдлэн эрх зүйт төр, хууль ёс, эрх чөлөөт Ардчилсан нийгмийг бий болгож Өвөр Монголын монголчуудын бүрэн эрхт төр засгийг байгуулах зорилго эрмэлзэл бүхий иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн чөлөөт ардчилсан үзэл баримтлалыг онол, суртахуун, үйл ажиллагааныхаа үндэс болгосон улс төрийн байгууллага” гэж заасан нь коммунист Хятадын дургүйг хүргэсэн байж болох юм. Хятадын коммунист намын эсрэг үзэл бодолтой хүмүүс АНУ-д дүрвэж ирээд нам эвсэл байгуулж, жагсаал чуулган хийж л байдаг. Үүнд нь Хятадууд дургүйцэл илэрхийлж байдаг ч АНУ-аас улс төрийн оргодол ганц хүнийг ч баривчлан Хятадад тушааж байгаагүй билээ. Монгол улс ч Америкийн загвараар ардчилсан улс болсон, ардчилсан улс болохын тул өлсгөлөн зарлан амь насаараа дэнчин тавьж тэмцэж байснаа өнөөгийн төр засгийн зарим удирдагч нар арай мартах болоогүй биз. Магадгүй тэгж тэмцээгүй эрх мэдэл хулгайлж авсан хүмүүс нь ардчилал, хүний эрх гэгчийг үл ойлгон уландаа гишгэж, ярьж тохирдог, наймаалж худалддаг зүйл мэт үздэгээс болсон байж мэднэ. Монгол улс нь Азын үлгэр жишээ ардчилсан улс гэгдэг байж, коммунист Хятадтай үгсэн нийлж ардчиллыг нухчин дарах хүн төрөлхтний үнэт зүйлийн эсрэг гэмт хэрэг үйлдэх нь хир зохимжтой бэ гэдгээ дахин бодож үзэцгээе. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /Community of Democracies/ гэдэг Америк, Япон тэргүүтэй 25 улсын бүрэлдэхүүнтэй ардчиллын төлөө байгууллагыг Монгол улс 2011-2013 онд удирдаж даргаар нь ажиллаж байсан. Энэ утгаараа Монголын ардчилал нь дэлхийд үнэлэгдэж байжээ. Гэтэл итгэл найдвар даахгүй, өөрийг нь бараадаж өмөг түшиг хүсэж ирсэн өмнөд Монголынхоо ардчилсан залуусыг хоморголон баривчилж дэлхийд хамгийн ардчилал, хүний эрх, шударга ёсгүй коммунист Хятад улсад бэлэг болгон тал засжээ. Монгол улс нь Хятадын дургүйцэл, залхаан цээрлүүлэлтээс айдаг гэнэ. Тэгвэл ардчилал хүний эрхийг дээдэлдэг хамтын ажиллагаатай бусад улс орныхоо дунд нэр хүнд унах, үл итгэлцэл буй болохоос огт санаа зовдоггүй хэрэг үү? Монгол улс нь хөрш Хятад улстайгаа муудалцахаас айж, өөрийн тэргүүлж байсан ардчиллыг эрхэмлэдэг 25 улсынхаа үнэт зүйлийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа явдал биш гэж үү. Монгол улс цаашдаа коммунист Хятадын улсын гар хөл болж ажиллах уу, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа шигээ тус байгууллагын үзэл баримтлал, гаргасан тунхаглал, гэрээ хэлэлцээрийг нь ч улс орондоо үнэн бодитой хэрэгжүүлж чадах уу гэдэг асуудал хурцаар тавигдаж байна.
Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжин нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П. Оюунчимэгийн хүсэлтэд өгсөн албан ёсны хариу/2014.05.15-ны 1/1730 тоот/-даа “Монгол улс Олон улсын дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай 1951 оны конвенцод нэгдэн ороогүй тул конвенцын дагуу үүрэг хүлээхгүй болно” гээд Монгол улсын гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу тус хоёр иргэнийг Монгол улсаас албадан гаргана гэдгээ тодорхой заасан бөгөөд “Гэвч Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн гомдлын дагуу тухайн иргэний орогнол хүссэн хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл албадан гаргах ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байна” гэжээ. Олон улсын дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай 1951 оны конвенцод Монгол улс нэгдэн ороогүй боловч НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхлэх газраас орогнол олгох эсэх нь шийдэгдэх хүртэл албадан гаргаж болохгүй гэсэн хууль зүйн сайдын байр суурь бол гарцаагүй зөв юм. Гэтэл хууль зүйн сайд Х.Тэмүүжин “албадан гаргах ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байна” гэсэн бичигт гарын үсэг зурж байх үед энэ хоёр иргэн албадан гаргагдаад нэгэнт хоёр хоночихсон байжээ. Сонин байгаа биз. Монголын зарим цагдаа, тагнуул, албан газрууд нь ерөнхийлөгч, ерөнхий сайд, яамд, дээд удирдлагадаа захирагдахаа больж ямар ч хууль хяналт, удирдлагагүй болж өөрийн хүссэнээ санаан дураараа хийдэг болчихсоны баримт боллоо. Эсвэл Монголын тагнуул, цагдаа, иргэний харьяаллын газрыг БНХАУ-аас далд мөртөө шууд удирдаж байгаа хэрэг үү. Эрхэм сайд аа, нэг бол та өөрийн харья байгууллагаа удирдаж чадахгүй байна. Үгүй бол таны харъя байгууллагыг та биш, БНХАУ-аас удирддаг бололтой. 
Хууль зүйн сайдын албан бичигт Н.Тулгуурыг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхлэх газраас орогнол олж дүрвэгсэд хүлээж авдаг оронд гарч чадахгүй бол Монгол улсын гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Хятад улсад тушаана гэдгээ тодорхой хэлсэн. Тэгвэл Д.Далайбаатар нь 2014 оны 7 сарын 1 өдөр болтол Монгол улсад оршин суух оюутны визтэй байсан. Тэгвэл “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ыг зөрчөөгүй хүнийг яагаад албадан гаргасан бэ? Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн буюу сэжиглэгдэж байгаа бол бүр ч Монгол улсаас гарч явахыг түдгэлзүүлэх тухайн дээрх хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл Монголын нутагт гэмт хэрэг үйлдсэн этгээд Монголын шүүхээр шүүлгэж Монголын шоронд ялаа эдлэх хуультай байдаг юм. Мөн дээрх хуульд “Албадан гаргах нь улс хооронд ялтан шилжүүлэх асуудалд үл хамаарна” гэсэн заалт байдаг. Эндээс үзвэл Н.Тулгуур, Д.Далайбаатар хоёр нь шилжүүлэн гаргагдаж байгаа ялтан биш байна. Тэгээд яагаад Монгол улсад ажиллаж суралцаж байсан цус нэгтэй өвөрлөгч залуусаа баривчилж Хятадын шоронд хийлгэв ? гэж асуумаар байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажлын процессыг ажиглаж үзвэл эхлээд оршин суух зөвшөөрлийг нь сонгохоос татгалзана. Дараа нь хугацаа хэтэрсэн нэрээр албадан гаргана. Энэ хавраас ийм байдал хэд дахин давтагдлаа. Монголд гэр бүл болж хууль журмын дагуу 22 жил тасралтгүй ажиллаж амьдарсан Норовцэрэнгийн Алхаабаатарт гэнэт нэг өдөр бичиг ирж 10 хоногийн дотор Монголоос гарч яв гэсэн байх юм. Үүнд цочирдсон Н.Алхаабаатар хэвлэлийн хурал хийлгэж хэрвээ Хятадад хөөж явуулбал өөрийгөө зулын гол болгож шатаж үхнэ гэдгээ илэрхийлжээ. Тэгээд бид сая Өвөр Монголчуудыг элдэв шалтгаар хөөж тууж, Хятадын шорон уруу ачих компанит ажиллагаа явагдаж буйг гадарлалаа. Н.Алхаабаатар шиг Хятадад боол явахаар Монголдоо нэр төртэй үхье гэж ил тод зарлаж, гаргасан буруу шийдвэрээ эргэж харахыг уриалсан нь зөвхөн энд нэр нь гарч буй цөөн хүн төдий. Гэтэл цаана нь насаараа Монгол эх орондоо амьдарчхаад Н.Алхаабаатартай адилхан 10 хоногт гарч явах бичиг аваад нүдэндээ нулимстай, зүрхэндээ гунигтай үг дуугүй гарч яваа хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Зарим нь хүний нутаг хөндлөнгийн газарт дүрвэгч болж явлаа. Н.Тулгуур, Д.Далайбаатар нартай хамт тагнуул цагдаад саатуулагдан байцаагдсан Номч овгийн Төвшинзаяа хэл усыг нь мэдэхгүй, таньдаг мэддэг хүнгүй Чех улсад зугтаж гарсан мэдээ буй. 
Н.Алхаабаатар бол Сүхбаатар аймгийн урд хэсэгт хилийн цаана бараг бараа нь харагдах газарт малчны гэрт төрсөн монгол хүүхэд. Монгол Хятадын хил тогтоох үед л алдсан газрын нэг хэсэг. Н.Алхаабаатарын садан төрөл нь Монголд байдаг эсэхийг сайн мэдэхгүй ч, нутгийнхаа дундуур хил татуулж гэр бүл, ах дүү садангууд хоёр улсад хуваагдаж учирч уулзаж чадахаа больсон хүмүүс цөөнгүй байдаг. Арай гэж 1990 оноос хил нээлттэй болж, ах дүү, төрөл садан уулзалдаж, ирж явалцдаг болсон. Ерээд онд Монголдоо ирж суралцсан анхны оюутнуудын дотор Н.Алхаабаатар багтаж байсан. Тэрээр бүр 1995 онд Дархан хотын охин Э.Ундармаатай гэрлэж оюутан байхдаа Нандинцэцэг охиноо төрүүлсэн. Ар Өвөр монголчууд үг хэл, ёс заншил, үзэл бодол, цус нэгтэй болохоор залуус нь бие биедээ хайр сэтгэлтэй болж гэр бүл болох явдал түгээмэл байдаг. Хожим нь Э.Ундармаа Францад явж, 2010 онд өвчний улмаар таалал болсон, охин нь одоо Францад сурч байгаа гэсэн. Эхнэр нь нас барсан гээд 22 жил Монголд амьдарсан хүнийг хөөж болохгүй биз дээ. Ийм туршлага дэлхийн аль ч улс оронд байхгүй. Зарим нөхөд Монгол улсад ийм олон жил аж төрж амьдартлаа яагаад Монгол улсын иргэн болоогүй бэ гэнэ. Өвөр Монголчуудын хэн нь ч Хятадын дор дарлуулах дургүй, олонх нь Монголдоо ирж, иргэн нь болж Монгол улсынхаа төлөө хүчин зүтгэх чин хүсэлтэй байдаг. Гэвч Монголын иргэн болох даваа шалгуур нь хэт өндөр байдаг болохоор хориод жилд хуруу дарам цөөн тооны өвөрлөгч Монголын иргэн болсон. Н.Алхаабаатар нь Монголын иргэн болж чадаагүй ч Монголд байнга оршин суух цагаачийн үнэмлэх буюу ногоон паспорттай байжээ. Ногоон паспорт гэдэг бол дахиж шалтаг, шалтгаан хэлж, виз хүсдэггүй Монголд насан турш амьдрах эрх олгосон бичиг баримт юм. Ногоон паспорт авсан хүмүүс голдуу тухайн оронд гэр бүл болсон, байр савтай, тогтсон ажил төрөлтэй байж, нутаг буцахгүй, тухайн оронд насан турш амьдрахаар төлөвлөсөн байдаг. Ийм хүмүүс нэгэнт олон жил тухайн оронд амьдарсан тул өөрийн төрөлх улс орныхоо амьдралаа хэт хөндийрч, буцаж хариад амьдралд хөл тогтоход бэрхшээлтэй байдаг. Тийм болохоор зөвхөн Монгол биш, аливаа улс оронд ногоон паспорт олгохдоо хатуу шалгууртай байж, харин нэгэнт олговол тэр болгон цуцалж хөөж туугаад байдаггүй. Учир нь хүний амьдрал гэгч жижиг албан тушаалтнуудын тоглоом биш, хүмүүнлэг энэрэнгүй үзэл бол ардчилсан нийгмийн нэг шалгуур, үнэт зүйл нь болдог. 

Н.Тулгуур, Д.Далайбаатар хоёр ч Н.Алхаабаатартай адилхан сайхан монгол охидтойгоо үерхэж хайралцаж Монголд гэр бүл болсон хүмүүс юм. Н. Тулгуурын эхнэр Д.Батзаяа нөхрөө гаргаж авна гээд усан нүдлээд Эрэн уруу явлаа. Чингисийн төр хар Хятадад тал засаж нөхрийг нь Хятадын шоронд цөлсөн бол ганц нялзрай охин эх орондоо, өрх гэртээ цус нэгт нөхрөө буцааж авчирна гээд мөнгө ч үгүй, хэл ч үгүй, таньж мэдэх хүнгүй, нойр хоолгүй ядарсан амьтан Хятадын нутагт бэдэрч шороон түмэн Хятадтай тэмцсээр байна. Н.Тулгуур, Д.Далайбаатар хоёр бол хоёулаа Өвөр Монголын Ордос аймгийн залуус. Ордос бол Батмөнх даян хааны үеийн зургаан түмний нэг бөгөөд одоо ч Халх , Цахар, Ордос аялгууг Монгол хэлний төв аялгуунд тооцдог/Ш.Лувсанвандан/. Өөрөө хэлбэл: Ордос бол манай Монголын гол бүрэлдэхүүн хэсэг. Чингис хааны онгон шүтээн буюу ерөнхий шүтээн найман цагаан гэрийг Ордосчууд харж хамгаалж ирснээрээ түүхэнд гавьяатай гэдэг. Зөвхөн Ордос Цахар биш, Өвөр Монгол бол Монгол улсын тал хагас юм. 1911 онд Манж мөхөж Ар Монгол тусгаар тогтноход Өвөр Монгол хүч мөхөстөн Хятадын мэдэлд үлдсэн. Өвөр Монголчууд тусгаар тогтнож Монголтойгоо нэгдэж чадаагүй ч, Монгол улсын тусгаар тогтнолд олон өвөрлөгч баатрууд хүчнээ өргөсөн гэж түүхчид хуучилдаг. Гэвч энэ хооронд бас зүгээр байгаагүй, Монголын талаас ч Өвөр Монголоо нэгтгэж авах гэж хэд хэдэн удаа оролдож байсан ба Өвөр Монголчууд ч тусгаар тогтнолынхоо төлөө тасралгүй тэмцэж, 1940-өөд онд өөрийн засаг төртэй, бие даасан байдалтай байжээ. Харамсалтай нь Өвөр Монголын тусгаар тогтнолыг гол дэмжигч Их наран улс дайнд ялагдан бууж өгснөөр Өвөр Монгол нь Хятадын улаан цэрэгт эзлэгдэн 1949 онд коммунист Хятадын нэг автономит муж болж үлджээ. Эндээс үзвэл Өвөр Монгол нь Хятадын мэдэлд ороод ердөө л жараадхан жилийн нүүрийг үзэж байгаа аж. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман улс хоёр хуваагдаж үзэл суртлаараа сөргөлдөж байснаа 1989 онд дахин нэгдсэн, Солонгос ч хоёр хуваагдсан боловч одоо хүртэл Хойд Солонгос нь Ким овогтны 3 үеийн хатуу ноёрхолд оршсоор байгаа тул одоохондоо хараахан нэгдэж чадаагүй байна. Хятадад нь БНХАУ ба Хятад иргэн улс гэж хоёр хуваагдсан ч Тайван нь АНУ-ын нөлөөнд байж коммунист дэглэмтэй эх газрын Хятадтайгаа нэгдэх сонирхолгүй байгаа нь ажиглагддаг. Түүнээс гардан Тайван бол Хятадын нутаг биш гэж тус нутгийн уугуул иргэд үздэг тал буй. Монголчууд ч гэсэн зүүн баруун Герман, өмнөд хойд Солонгостой адилхан ар өвөр гэж хоёр хуваагдсан эмгэнэлтэй үндэстэн юм. Өмнөд хөрш нь Өвөр Монголд хүн амаа нүүлгэн суурьшуулах ба бусад олон төрлийн Хятадчилах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд жараадхан жилийн дотор Өвөр Монголчууд нь ихээхэн доройтож, тусгаар улс болох, Монголтойгоо нэгдэх асуудал нь нийлээд төвөгтэй болж байгаа нь нууц биш. Учир иймийн тулд голомт болсон, тусгаар тогтносон Монгол улсын зүгээс БНХАУ-д алдсан тал нутаг, тал хүн амаа буцааж авах хатуу шаардлага тавихгүй ч гэсэн Хятадын ноёрхолд амьдрах дургүй Монголоо бараадаж ирсэн цус нэгтнээ баривчилж колоничлогч, коммунист Хятадад улсад тушаан гяндан шоронд оруулж тамлуулж талуулах нь зохимжгүй мэт. Казахстан улс тусгаар тогтноод бусад улс оронд аж төрж байгаа хасаг иргэдээ буцаж ирэхийг уриалж, тарж бутарсан хасагчуудаа нэгтгэж чадсан. Хоёр Солонгос дайны байдалтай байвч, хойд Солонгосоос өмнөд Солонгост орогнол хүсэж ирсэн ганц иргэнийг ч буцааж байгаагүй. Япон ч адилхан, зуугаад жилийн өмнө латин Америкт цагаачилж явсан Япон хүний удам угсаа буцаж ирвэл бусад гадаад иргэдээс ялгаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр хүслийнх нь дагуу иргэн болгох, эсвэл ногоон паспорт олгож, нийгмийн халамжийн асуудалд нь онцгой анхаардаг. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “олуулаа болох уриалга” гаргасан ч ажил хэрэг болж амьдрал дээр хэрэгжихгүй байна. Харин ч энэ хавраас байдал эсрэгээрээ эргэж олон жил Монгол эх орондоо аж төрсөн өвөрлөгчдөө ад үзэн хоморголон баривчилж Хятадын шорон уруу удаа дараа ачлаа. Манай Монгол улс газар нутаг уудам, хүн ам цөөнтэй, хөдөлмөр хүчний дутагдалтай улс. Халимаг, Буриад, Ойрд, Өвөр Монголоос Монгол цустангуут Монголоо бараадаж ирвэл хадаг сүүгээ бариад угтаж байлтай, мундаг мэдлэг мэргэжил авчирч хөгжил дэвшилд хүргэхгүй ч ядаж хөдөлмөр хүч болно. Вагон вагоноор нь Хятадад ажилчдыг оруулж зам засуулж, барилга бариулж, худалдаа наймаа хийлгүүлж Монгол улсыг Хятадын колони болгуулж байхаар эргэн тойрныхоо Монгол туургатныг шингээн авч цусаа сэлбэж, хүчээ нэгтгэх нь Монгол улсын оршин тогтнолд алс хэтийн ач холбогдолтой юм. Халимаг, Буриад, Ойрд, Өвөр Монголчуудаа Орос, Хятад, Солонгос мэтийн гадаадын иргэнтэй адилтган үзэж болохгүй. Тусгай хууль журам гаргаж, хөнгөлөлттэй нөхцөлөөр оршин суух үнэмлэх олгох, иргэн болгох талд анхаарвал зохино. Өвөр Монголчууд бол Хятадын колонид дарлуулж байгаа ард түмэн, иймээс тэд яс махандаа шингэсэн үндэсний үзэлтэй байдаг. Хятадын эсрэг тэд л сөрөн зогсож, халхавч хэрэм болсоор ирсэн. Тойрон хүрээлсэн Монгол туургатныхаа хүчээр өнөөдөр манай Монгол улс оршин тогтнож байна. Харин Хятад улстай найрамдсан, тэдний зээл тусламжийг авсны хүч огт биш. Өнөөдөр ч гэсэн Өвөр Монголчуудаа хамгаалж дэмжих нь эцсэний бүлэгтээ Монгол улсын оршин тогтнолд ач холбогдолтой. Монгол хятадын найрамдлаас илүү манай үндэсний эрх ашиг чухал болой. Нэмж хэлэхэд Олон улсын дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай 1951 оны конвенцод Монгол улс нэгдэн ороогүй нь үнэн. Бид тус конвенцод Монгол улсыг нэгдэн ор гэж шаардахгүй, харин конвенцоос илүү эдүгээ хүртэл мөрдөж ирсэн нэг зүйл нь түүхэн үндэслэл гэгч юм. Монгол Хятадын найрамдал ярих буюу конвенцод нэгдэж ороогүй гэдэг шалтгаар Өвөр Монголчуудаа хөөж явуулах уу. Аль эсвэл түүхэн үндэслэлд тулгуурлан хэдэн мянга, түмэн жилийн түүхтэй яс махны тасархай, улс үндэснийхээ тал хагас болсон Өвөр Монголчуудаа өмгөөлж хамгаалах уу гэдгээ дахин тунгааж үзэх цаг болжээ.

Comments