МОНГОЛ УЛСАД ӨВӨР МОНГОЛ ХҮН АМЬДРАХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БИШ


1

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олуулаа болцгооё!” гэж уриалсан ч, энэ нь лав л монгол туургатанд хамаатай үг биш шиг санагдах боллоо. Гадаадын ажиллах хүч гэх гол төлөв хятад үндэстэн хүмүүс л улам олноор орж ирэх болсон. Нэг сараас илүү хугацаагаар Монгол улсад суух гадаадын иргэдийн тоо 48 мянгад ч хүрдэг болсныг ИХШХЕГ-ын дарга мэдээлсэн. Үүний ихэнх нь нэг улсын иргэд болох нь тодорхой. Нэг улсын иргэд Монгол улсын хүн амын 1 хувиас давах тоогоор орж ирэн оршин сууж үл болно гэсэн үндэсний аюулгүй байдлын хязгаар ийнхүү зөрчигдчихөөд байж байгаа байх юм.
Гэтэл төмөр нүүрт төр маань Монголд амьдрах гэсэн цөөн хэдэн өвөр монголчуудаа нийгмийн №1 дайсан мэт хялайж, улайран тэмцэлдэж ирлээ. Монгол улсад өвөр монгол хүн амьдрах нь гэмт хэрэг мэт байдаг нөхцөл байдал огт өөрчлөгдөхгүй байна.
Дөрвөн өвөр монгол хүнийг хэлмэгдүүлэн албадан гаргахыг завдаж, хоёрыг нь хулгайлан Хятадад тушааж (Д.Далайбаатар, Н.Тулгуур), нэг нь өөрөө гадаад руу одож (В.Төвшинзаяа), үлдсэн нэгийг нь албадан гаргахаар (Н.Алхаа) хийрхэж буй Монголын төрийн балмад харгис явдал хэдийнээ олон улсын хүрээнд анхаарал татан гайхагдаж байна. Өөр өвөр монголчуудыг ч албадан гаргахаар зэхэж байна. Өвөр монголчууд өнөөдөр Монгол улсад айдас түгшүүр дүүрэн сууцгааж байна.
Довчиндоржийн Далайбаатар (паспорт дээр Dalaibateer) 1983.9.6-нд ӨМӨЗО-ы Ордос нутагт төрсөн. БНХАУ-д сурч боловсорч байгаад 2007 онд Монгол улсад ирсэн. 2007-2011 онд Хөгжим бүжгийн коллежийг дүүргэн бакалавр, 2011-2013 онд МУҮИС-д урлаг судлан магистр болсон, өдий хүртэл МУҮИС-д доктор цол хамгаалахаар судалгаа хийж ирсэн, эрдэм чадалтай залуу сэхээтэн, авьяаслиг уран бүтээлч.
2012 онд цаг сайхан болтол БНХАУ-д буцаж очихгүй, өвөр монголчуудынхаа эрх чөлөөний төлөө тэмцэнэ гэж мэдэгдсэн тэрбээр тэр ондоо Өмнөд Монголын залуучуудын холбоо (ӨМЗХ), тус холбооны санг, 2013 онд Дэлхийн монгол оюутны клубийг нөхөдтэйгээ хамт санаачилсан бөгөөд, эдгээр нь улс төрийн байгууллагууд бус, ӨМЗХ Монгол улсад ТББ-ын албан ёсны бүртгэлд бүртгэгдсэн юм. 2013 онд Улаанбаатарт болсон Дэлхийн ардчилсан улсуудын чуулганд оролцож, Соёлын хувьсгалд өртөн хэлмэгдсэн өвөр монголчуудын дурсгалыг хүндэтгэх цуглаан, хурлыг зохион байгуулалцжээ. 2014 онд Өвөр Монголын ардчилсан нам, Өвөр Монголын ногоон нам, Өвөр Монголын эмэгтэйчүүдийн холбоог нөхөдтэйгээ санаачилж, Тайбэйд болсон ардчиллын талаархи олон улсын чуулганд оролцжээ. Өвөр монголчуудын эрх чөлөөний төлөөхи цөөнгүй арга хэмжээнд оролцож байсан түүнийг манай төрийнхөн Өвөр Монголын дүрвэгч засгийн газар байгуулах гэсэн ч гэж байсан.
Зарим хүн хэрэв Д.Далайбаатар нар Монгол улсын хуулийг зөрчин улс төрийн үйл ажиллагаа явуулж байсан бол албадан гаргах нь зөв байж шүү дээ гэх магад. Үгүй шүү, тэд Монгол улсын хуулийг зөрчөөгүй, харин Монгол улс тэднийг дэмжих ёстой байсан юм.
Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай (ГИЭЗБТ) хуулийн 8.1.3-д гадаадын иргэд Монгол улсад улс төрийн байгууллага байгуулах, тийн байгуулагдсан байгууллагын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно оо гэсэн байгаа. Бүх улс төрийн үйл ажиллагааг хориглодоггүй юм. Хэрэв тэгж хорих аваас Путин Си Жинпин хоёр хөтлөлцөөд ирлээ ч гэсэн амбаардаад хөөнө, албадан гаргана гэсэн үг болно. Далайбаатар нар нам байгуулна гэдэг нь юуны өмнө тэдний хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө, хэтийн зорилго байсан болохоос яг таг эмхлэн байгуулчихсан бус. Тэгээд ч байгуулж болох оронд нь байгуулна гэдэг байсан бөгөөд тэр нь ч бүтэхээр байв. Анд В.Төвшинзаяагийнх нь гуравдагч оронд улс төрийн орогнолоор одох цаг ойртоод байсан. Тэд хойчийн ажлаа төлөвлөн ярилцаж, бэлтгэл хийж байсан болохоос, Монголд улс төрийн байгууллагууд байгуулаад бэхжүүлчихсэн байсан юм биш ээ. Гэхдээ тэдэнд маш их ирээдүй байсан, байгаа гэдэг нь ойлгомжтой.

ГИЭЗБТ хуулийн 7.3.3-д гадаадын иргэд Монгол улсаас улс төрийн орогнол хүсэх эрхтэй гэж байна. 9.1-д: “Монгол улсад эрхэмлэн дээдэлдэг үзэл санааны төлөө хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэнд Монгол улсын ерөнхийлөгч тус улсад орогнох эрх олгоно” гэсэн байна. Д.Далайбаатар нарын улс төрийн үйл ажиллагааг Монгол улс бүр дэмжих ёстой гэсэн хуулийн үндэслэл байж байгаа юм.
Монголын төр тэднийг улс төрийн асуудлаар хууль зөрчсөн гэж үзсэн баримт олдоогүй байна.
Д.Далайбаатар 2013.1.29-4.29 хүртэл НҮБ-ын Орогнол хүсэгчийн тодорхойлолттой байсан агаад, энэ статусыг нь яагаад ч юм сунгаагүй аж. Гадаадад зорчсон байсантай нь холбоотой байж болно. Мөн 2013.7.1 хүртэл оюутны виз нь хүчинтэй байжээ.
Д.Далайбаатарын хамтран зүтгэгч анд Норовринченгийн Тулгуур (паспорт дээр Tulaguer) 1984.3.8-нд Ордос нутагт төржээ. 2007 онд Монголд ирж СУИС-ийн эстрад-жаазын ангид, дараа нь “Монголжингоо” ДС-д суралцжээ. 2010 онд Монголын иргэн Дашдондогийн Батзаяатай танилцан дотносож, 2012 онд гэрлэлтээ батлуулжээ. Тэрбээр “Ордосын гурав” гэгдэх нөхдийнхөө дунд улс төрийн хувьд хамгийн даруухан нь байсан ч, хамгийн анх буюу 2014.3.4-нд “татвар төлөөгүй” гэх үндэслэлгүй шалтгааны улмаас, 10 хоногийн дараа гарах сануулгыг ИХШХЕГ-аас авчээ. Дашрамд, сануулгын огнооноос хойш 10 хоногийн дараа гэхэд гаргасан байх ёстой гэдэг ч, сануулгыг цаг алдалгүй өгөх гэж нэг их хичээдэггүй л юм билээ.
Н.Тулгуур 3.18-нд НҮБ-ын Дүрвэгчийн дээд комиссарын газрын (НҮБДДКГ, UNHCR) төлөөлөгчид хандаж, 6.16 хүртэл хүчинтэй Орогнол хүсэгчийн тодорхойлолт (Asylum Seeker Certificate) авчээ.
4.15-нд ИХШХЕГ Н.Тулгуурт дахин 10 хоногийн дараа гарах сануулга өгч, Mongolian Immigration-ы бүртгэлээс хасав гэсэн утгатай тамгыг баримт бичиг дээр нь даржээ. ГИЭЗБТ хуулийн 27.3-ын дагуу гаргана гэсэн ч, 27.3 нь дотроо 4 заалттай бөгөөд, ямар шалтгаанаар гаргаж буйг албан бичгээс мэдэх аргагүй, бичиг үйлдсэн хүмүүс нь ч мэддэг эсэх нь тодорхойгүй.
Тус газрын тэргүүн дэд дарга М.Мөнхбат НҮБДДКГ-ын явдлыг бид хэрэгсэхгүй гэж мэдэгджээ. Монгол улс НҮБ-аас гарчихаагүй л байлтай.
Улмаар ИХШХЕГ “Ордосын гурав” Д.Далайбаатар, В.Түвшинзаяа, Н.Тулгуур нарыг гурвууланг нь гаргана хэмээн хатуурхах болсон юм. Ялангуяа энэ залуус 4.21-нд Монголын иргэдтэй хамтран Хиагтын гэрээгээр Өвөр монгол Монгол улсаас хагацаж салсны 100 жилийн ойн хурлыг зохион байгуулах гэснээс хойш.
Энэхэн цаг үед ИХШХЕГ нь ямар ч аврал өршөөлгүй, монголчуудыг гаргах мангас машин шиг санагдаж байсныг нуух юун. Энэ байгууллага нь гадаадын иргэдийн гарах орохыг бүртгэн хянахын оронд, улс төрийн цагдаа мэтээр ажиллаж, монголчуудыг тагнаж чагнадаг, гүтгэн дайрдаг, дарамтлан байцаадаг, цензүрдэн шүүмжилдэг, хийх хийхгүйг тулгадаг гэх зэргээр төрөл бүрийн улс төрийн бохир даалгаваргүйцэтгэдэг мэт сэтгэгдэл төрж байсан шүү. ТЕГ-тай хамтарч байсан байх л даа. Гэхдээ л тийм сэтгэгдэл төрсөн.
Чухам ИХШХЕГ дээр л Монгол улсын харьяатууд тэр хурлыг зохион байгуулсан ч та гурвыг тэр дор нь гаргана гэж мэдэгдэж, хийгээгүй зүйлийнх нь төлөө ч хийсэн мэтээр харгислана гэж заналхийлж, цааш хүнд хэлбэл мөн гаргана хэмээн сүрдүүлж, гурван залууг барьцаалан террорчлох замаар Монголын ард иргэдийн Хиагтын гэрээний талаар дуугарах эрхийг, ер нь үг хэлэх эрх чөлөөг хорин боогдуулж, давран туйлширч байсан нь үнэнтэй билээ. Ордосын гурван залуу биш, төрийн байгууллагын иймэрхүү муйхар үйл ажиллагаа л Монголын үндэсний аюулгүй байдлыг алдагдуулна. Ийм хандлага даамжирваас Монгол хамгийн харгис бурангуй, харанхуй гажиг улсуудын эгнээнд жагсаж, бүхий эрүүл, шударга улс орон биднээс дайжиж, сүйрэл мөхөл л нүүрлэнэ.
Гурван залуу Монголын төр юу ч гэсэн зөрүүдлэн зүтгээд байгаагүй бөгөөд, монгол үндэстний маань төр юм даа хэмээн хүндэтгэж, наануу цаануутай хандаж, уян хатан байхыг хичээж, хэрэв тэгэхгүй чингэхгүй аваас гаргахгүй гэх ам өчгийг ч сонсож явсаан. Үүнийг бичигч бээр ч зохицуулалт ойлгуулалтын ажилд оролцож, боломжоороо өмгөөлж, “хэрэв аягүйдвэл хамаг хэргийг ах руугаа л бухчихаж бай, ах нь Монгол улсын иргэн болохоор алзахгүй” гэж арга барсан хамгаалалтыг ч санал болгон, үйл явдлын халуун цэг дээр байсан тул, нөхцөл байдлыг сургаар мэдэж буй бус билээ.
5.9-нд ч миний бие 3 залуу Н.Алхааг өмгөөлөх хэвлэлийн хурлын ажилд оролцоогүй гэж тагнуулынханд тал бүрээс нь баталж нотолж, суллагдан явахад нь дөхөм үзүүлсэн л юм. 3 залуу маань “огт санаа зовох зүйлгүй, биднийг ямар ч асуудалгүй, гаргахгүй гэсэн” гээд албадан гаргагдахынхаа өмнөхөн сэтгэл өндөр явж байхтай таарсан нэгэн дүү хүү надаас маргааш нь Хятадад тушаагдсаныг сонсоод, үлгэр домгийг үнэн хэмээсний дайтай гайхаж, огтхон ч хүлээж авахгүйбайсан сан. Гэвч 5.13-нд зүүдэнд ч оромгүй явдал болсон л юм.
2 удаа сануулга өгсөн болоод л монголчуудыг шууд гаргах энэ энэрэлгүй машин бүхнийг хууран тайвшруулж байгаад, залуусыг ч хуурч авч яваад л, амсхийлгүй довтолгон хил дээр аваачиж, хятадуудад тушаан өгчээ. Хөөрхий дүү нар минь Монголын нутаг захгүй болоосой, аян зам бүү хороосой хэмээн бүлтэгнэж, юутай өрөвдөм шимшрэм явсан бол. Надад маш их итгэдэг байсан дүү нарыг минь "гаргасан" гэх аюумшигт мэдээ дуулдсан, тэнгэр хүртэл мэлмэрсэн тэр өдөр миний амьдралын хамгийн хар өдрүүдийн нэг байлаа. Дүү нь ахдаа итгэдгээр итгэж, ахыгаа агуу хүчтэн, авралт шидтэн мэт төсөөлж, нөмөр нөөлөг хайн ханддаг байсан сан, тэд. Даанч... даанч...
Ардчилсан, эрүүл улс орнуудад бол ингэж шууд бариад тушаачихдаггүй, давж заалдах, дахин хүсэлт тавих, хөөцөлдөх, өөрийгөө хамгаалах боломжийг нь олгож, шүүх юм уу зохих байгууллага нь 10 хувийн улс төрийн эрсдэлд орох магадлалтай гэж үзвэл тийм орон руу гаргахгүй байх шийдвэр гаргадаг гэнэм. Гэтэл манайд гаргахгүй гаргахгүй гэж байгаад л гэнэт мэхлэн хулгайлав.
Энд одоо ардчилал, эрүүл зэрэг үгс яриад ч яахав. Монгол туургатандаа ингэж тэгж хандах ёстой гэж хэлэхэд ч үг хэл эвлэхгүй байна. Харин НҮБ-ын Орогнол хүсэгчийн тодорхойлолтод “...дүрвэгчийн статусынх нь талаар эцсийн шийдвэр гараагүй байхад, ялангуяа амь нас буюу эрх чөлөөнд нь аюул занал учирч болзошгүй улс орон руу хүчээр буцааж болохгүй...” гэсэн байдгийг сануулмаар. Гэхдээ манай төрийн байгууллагууд Монгол улс НҮБ-ын гишүүн гэдгийг мэддэггүй.
5.14-нд Тулгуурын гэргий Батзаяа цөхрөнгөө барсан янзтай ярьж, тэднийг Эрээн хотоос хааш нь ч мэдэгдэхгүй газар руу аваад явчихлаа гэсэн билээ. Нөхрөө аварна хэмээн БНХАУ-д очин тэмцсэн энэ хатан зоригт бүсгүйгээс бид бүхэн үлгэр авууштай.
Өдгөө тэднийг Улаанхадын (Тунляо) улс төрийн шоронд чандлан хорьж байна. Хэзээ тэдэнд ямар ял оноохыг хэн ч үл мэднэ. Зарим нь, чимээгүй байвал Хятад тэднийг өршөөн энэрч магад гэж байна. Зарим нь,дуугүй байж болохгүй гэж байна. Зарим нь, оргоод Монголд ирчихсэн гэнэ гэж шивэр авир хийж байна. Олон хүн санаа зовж байна.
Хэргийн мөрөөр нөхдийн хамт сурвалжлан явахад ИХШХЕГ хоёр залууг гаргахад бид оролцоогүй, ТЕГ л шийдсэн, хийсэн гэж байна. ТЕГ-ын хүмүүс болохоор ИХШХЕГ-ыг тэгж хэлж байна. Хоёр залууг гаргасан газар, хариуцах газар Монголд үгүй бололтой.
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) бид өргөдөл гаргасан хүнийг л хэрэгсдэг, тиймээс Далайбаатар бидэнд холбогдолгүй, Тулгуур, Алхаа нарын өргөдлийг тэнд дурдагдсан байгууллагууд руу явуулчихсан, бид шаардагдах бүхнийг хийчихсэн, асуудал дууссан гэж байна. Юу хийхэв, яахав гэж биднээс асууж лавлаж байна. Хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн өмгөөлөл хийх, хүний эрх зөрчигдсөн эсэх талаар шинжиж, тодорхойлох, эс бөгөөс эдгээрийг хийхэд туслах хэрэгтэй гэхэд бид тийм зүйл хийдэггүй гэж ойлгуулж байна.
ХЭҮК-ийнхэн 5.20-нд биднийг очиход “Тулгуурыг гаргасан гэж үү?” гэж гайхаж угтсан. Далайбаатар, Тулгуур нарыг гаргасан өдрөөс 2 хоногийн дараа, ХЭҮК Тулгуурын өргөдлийн мөрөөр бичиг явуулснаас хойш 20 хоногийн дараа хуульзүйн сайд Тэмүүжин албан бичиг илгээхдээ, Тулгуурыг гаргах үндэслэл байгаа юм байна, гэхдээ НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргалтыг нь хойшлуулаад байна гэчихсэн юм билээ л дээ. 2 залууг гаргагдахаас хэд хоногийн өмнө ХЗЯамны ТНБД Ж.Баярцэцэцэг мөн НҮБ эцэслэн шийдвэрлэтэл гаргахгүй гэж байжээ. ИХШХЕГ ХЗЯаманд, ТЕГ ерөнхий сайдад харьяалагддаг.
Монголын ЗГ-ын албан ёсны байр суурьт итгэх аваас тэд албадан гаргагдаагүй юмсанжээ. Тэд Улаанхадын улс төрийн шоронд бус, Монгол улсад байгаа ажээ.
Ордосын гурвын нэг болох Ваанчигийн Түвшинзаяаг энд танилцуулахгүй өнгөрч болохгүй билээ (паспорт дээр Dubuxinjiya). Их зуу аймаг буюу Ордос нутагт 1984.2.1-нд төрсөн. Далайбаатартай нэгэн дунд сургуульд “онжавууд” байсан, багын найзууд. 2006 оноос Японд суралцсан, 2008 оноос Өвөр монголчуудын эрх чөлөөний тэмцлийн идэвхтэн болж, жагсаал цуглаан, арга хэмжээнд зүтгэлтэй оролцож, холбогдох сайт, блог, форум, фейсбүк, твиттерийг хөтөлж газар шороогоо хамгаалж яваад амиа алдсан малчин баатар Зоригтын тухай гадаад ертөнцөд анхлан мэдээлэх зэргээр Японд үйл ажиллагаа явуулж байсан. Нөгөө хоёрынхоо дэргэд өвөр монголчуудын эрх чөлөөний тэмцлийн “партизан”. 2012.7.8-нд Монгол улсад ирж, цаашид хоёр нөхөртэйгээ хамтран, тэдэнтэй адил үйл ажиллагааг явуулсан. Далайбаатар Тулгуур нарын албадан гаргагдахтай зэрэгцэн виз нь гэнэт гарсан учраас гуравдагч улс руу НҮБ-ын улс төрийн орогнолын шугамаар одсон. Хэрэв тэр л ховорхон аз тохиогоогүй бол, мөн Монголын төрийн төмөр хавчуурт хавчигдан, хятад лууны саварт тушаагдах байсан нь дамжиггүй.


2

5-р сарын “Өвөр Монголын дуулиан шуугиан” “Ирвэс ренноваци” компанийн ажилтан Н.Алхааг албадан гаргах гэснээс үүдэлтэй буюу. 2 удаа сануулга өгөөд л монголчуудыг шууд гаргадаг, Монголын төрийн шинэ хар машин энэ хүнийг хэзээ л бол хэзээ, яаж л бол яаж гаргахаар давшлан буй.
1968.8.8-нд Сүхбаатар аймгийн Наран, Онгон сумдын цаахна, хилээс 40 км-ийн зайтайд Шилийн Гол аймгийн Зүүн Сөнид хошуунд төрсөн түүнд хятад эмч Шинэсоёл буюу Вэньшинь (паспорт дээр Wenxin) гэсэн нэр өгчээ. Албан бичигт Вэньшин ч, амьдралын хүрээндээ Алхаа байж иржээ.
1992 онд МУҮИС-д суралцахаар ирж, 1994 онд Монгол улсын иргэн Эрдэнэ-Очирын Ундармаатай ханилан, 1995 онд үрийн зулай үнэрлэж, Нандинцэцэг гэх охинтой болжээ. 1999.3.18-нд Алхаа гэр бүлийн шалтгаанаар Монгол улсын албан ёсны цагаач болсон байна. Хууль ёсоор Монгол улс цагаач авах учиртай ч (ГИЭЗБТ хууль, 29-р зүйл), хэдэн жилийн өмнө хууль бусаар цагаачийн статусыг үгүй болгосон юм.
Алхаагийн эхнэр охиноо бага байхад Франц руу сурахаар одож, улмаар амьдралын эрхээр тэндажиллахаар үлдэж, Нандинцэцэг охин 9 настайдаа ээж рүүгээ очжээ. Э.Ундармаа 2010 онд ходоодны хорт хавдраар өөд болсон эмгэнэлт явдал тохиожээ.
Охин болон хадмууддаа чадлаараа тусалсаар, янз бүрийн ажил хийн аж төрж ирсэн Н.Алхааг 2013.1.17-нд хилс хэрэгт хэмлэгдүүлжээ. 4 хүн гэрт нь хүч түрэмгийлэн дайрч орж ирж нэгжиж түйвээгээд, баривчлаад, хулгай дээрмийн бүлгийн толгойлогч гэсэн ял тулгаж, зодож занчиж, доромжилж дарамталж, 72 цаг хорьж, хорионоос буцаахдаа цагдаагийн газар халаалтын ширэмнээс гавлан хонуулж зовоожээ. Мөн 5 сая төгрөгийг нь дээрэмджээ.
Хэдэн жилийн өмнө (2008 онд юм уу даа) Г.Авирмэд,Г.Балдандугар, М.Ганболд, Б.Бат-Эрдэнэ, Т.Нямдэлгэр, Б.Вандансанги нарын иргэд бүлэглэн хятадуудыг дээрэмдсэн гэнэ. Авирмэд мөрдөн байцаалтын явцад "амиа хорлосон" гэгдэн, учир битүүлгээр нас баржээ. Гэтэл “Балдандугар, Ганболд хоёр Авирмэд амьд байхдаа дээрэмдэх хятадуудыг надад Алхаа зааж өгдөг байсан гэж хэлсэн” гэх үнэн худал нь мэдэгдэхгүй “үндэслэл” гаргаж, манай хүнийг зохиомол хэрэгт холбогдуулсан байна. Авирмэд хэдэн жил хоригдохдоохууль хяналтынханд Алхааг мэдүүлээгүй байж, нөгчсөнхойноо мэдүүлнэ гэдэг маш сэжигтэй буюу. Балдандугар(Авирмэдийн дүү), Ганболд нар ч тэгж хэлээгүй гэжээ. Түүнийг хэлмэгдүүлсэн “үндэслэл” батлагдаагүй учир ХУД-ийн прокурорын тогтоолоор 2013.11.11-нд цагаадсан.
Алхаа тэр үед 10 сарын турш өдөр бүр цагдаагийн газар очиж, өглөөнөөс орой хүртэл хүлээн зогсох учиртай болж ажил амьдралаа алдан хохироод байв. Суллагдахдаа барьцаа болгож төлсөн 5 сая төгрөгийг нь өөрийг нь шалгаж байсан цагдаагийн ажилтан хувьдаа авч завшсан агаад, удахгүй өгчихнө хэмээн хуурч, хүлээж авсан гэж гарын үсэг зуруулчихаад, өдгөө мөнгөө авсан шүү дээ, баримт нь байгаа гэж гүтгэж буй (тэр ажилтан одоо ИХШХЕГ-ын албан тушаалтан). Зүй нь Монголын төр Н.Алхаад багагүй хэмжээний нөхөн төлбөр өгч, гэмээ цайруулах ёстой. Гэтэл төрийн албан хаагчид мунхгаар өсөрхөн, хэрэгт холбогдуулж болохгүй бол албадан гаргана гэсэн л хандлагатай болжээ.
Мөн л ямар учраас албадан гаргах гэж буйгаа мэдэхгүй байгаа. ИХШХЕГ-ын албан бичигт тэр нь Н.Тулгуурын тохиолдлын адилаар тодорхойгүй тусгагдсан, ажилтнууд нь цагдаа тагнуулын саналаар, гэр бүл үгүй болсон тул, татвар төлөөгүй, гэмт хэрэгт холбогдолтой, нам байгуулах гэсэн гэхчлэн ам ангайх бүр өөр өөрөөр, заримдаа бүр газар дээр нь санаанаасаа зохион ярьж ирсэн болой.
Н.Алхаа оршин суух бичиг баримтаа сунгуулахаар, хугацаа нь дуусахаас сарын өмнө 2014.2.1-нд өгөхөд судалж байна гэсээр хүчингүй болгочихоод, 2014.5.5-нд үнэмлэхийг нь цоолж, гарах тамга даржээ (Урьд нь жил гаруй хугацаагаар “судалж” байж сунгаж байсан явдал буй аж). Чингээд янз бүрийн шалтаг хэлэн байснаа, БНХАУ руу гараад ороод ир, зохих статусыг олгоё гэжээ. НҮБ-аас улс төрийн орогнол хүсэж байсан энэ хүнийг БНХАУ руу гараад ороод ир гэдэг нь Улаанхадын улс төрийн шоронд ороод гараад ир гэсэнтэй өөрцгүй юм.Ташрамд, Улаанхадын улс төрийн хоригдол байсан хүнийг нам засаг маань хүлээж авах болов уу?
НҮБ-аас Н.Алхаа 2013.1.26-нд орогнол хүсэж, 2013.7.7-9.5-нд орогнол хүсэгчийн тодорхойлолттой байсан бөгөөд, харамсалтай нь хилс хэрэгт холбогдоод байсан, улс төрийн үйл ажиллагаанд оролцож ирсэн түүний асуудалд туйлын хариуцлагагүй хандан, хамгаалалдаа аваагүй байна. Саяхан тэрбээр ахин НҮБ-аас орогнол хүссэн. Зөвхөн Монголдоо л гэдэг байсан тэр ийнхүү арга буюу өөр оронд оршин сууж ч магадгүй болжээ.
БНХАУ-ын цагдаагийн газар түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шаардаад байгаа гэжээ. Манай юм уу, Хятадын тал худал ярьж буй нь илт. Н.Алхаа 1994 онд гэрлэхэд Хятадын цагдаагийн газар гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгч байж. Түүнээс хойш хил бараг даваагүй тэрбээр хэдий завандаа, хэрхэн БНХАУ-д гэмт хэрэг үйлдсэн байх вэ. Очингуут нь хардаж сэрдэж, мөрдөж мөшгиж, үндэслэлгүйгээр баривчилдаг, торгодог байсныг ч хэлэх үү.
Энд Н.Алхааг гаргана гэж бужигнаж байхад өмнөд хөршид мөн агаар нэгэн ажил явагдаж, манай хүний ар гэр, анд нөхдөөс элдвийг асууж шалгаах, хянаж мөшгих зэргээр түжигнэсэн байна (Ноднин жил ч тэгжээ). Өвөр монголчуудыг гаргана гэдэг бол хятад төрийн ч ажил, монгол төрийн ч ажил, нэг л ажил юм байна.
Ер нь манай төр өвөр монгол хүнийг сайн байна уу гэхийн оронд гарах гэж байна уу гэх дөхдөг, сав л хийвэл гаргана шүү л гэдэг амны уншлагатай, буруутай ч буруугүй ч хамгийн наад захын шийтгэл нь албадан гаргалт л байх гээд байдаг. Үүний цаана хүний хувь заяа, амь насны асуудал байгаа гэдгийг мэдрэлгүй 24 жил боллоо, “ардчилсан” төр маань.
Үнэнийг л өчсөнийх нь төлөө, өнөөдөр ИХШХЕГманай байгууллагыг гутаан доромжлов, уучлал гуй гэж Н.Алхаагаас шаардан гэдийж буй. Яахав манай ажилтнууд гар гэсэн явдал буй, гэвч үүний мөрөөр бичсэн өргөдлийг нь уншаад уяран, энэ хүнийг бүү гарга гэж ажилтнууддаа даалгасан, тэд ч оршин суух хугацааг нь сунгасан, гэтэл энэхэн хооронд хий хоосон дуулиан шуугиан дэгдээлээ гэж тус газрын нэг удирдах ажилтан хэлсэн. Гэвч хэрэг дээрээ тийм биш гэж Н.Алхаа, түүний нөхөд үгүүлж байна. Оршин суух хугацааг нь сунгасан гэж олон нийтэд мэдэгдсэн болохоос, сунгаагүй л байгаа, сунгуулъя гээд хадамтайгаа очиход уучлал гуй гээд халгаагаагүй аж. ХЭҮК (2014.5.20-нд Н.Алхаа тус комисст хандаж өргөдөл өгсөн) чи тэр уучлалыг нь гуйчихаач дээ, асуудал чинь л шийдэгдэж байвал яасан ч яадаг юм бэ, ИХШХЕГ энэ хоёрыг яаж эвлэрүүлэхээ мэдэхгүй байна, юу хийсэн нь дээр вэ, яах вэ, бид ч хийдгээ хийчихсэн л дээ гэж байна.
Хэрэв Н.Алхааг гаргахгүй л гэж байгаа бол түүнийгээ албажуулах ёстой (Өдгөө тэр Монгол улсад оршин суух баталгаатай эрхтэй болох, Монголын иргэн болох, эсвэл гуравдагч улсад орогнохыг хүсэж буй). Гаргахгүй гаргахгүй гэж мэхэлж байгаад хоёр залууг хулгайлж тушаасан явдал давтагдах ёсгүй. Анд найзыгаа гаргуулчихаад, Free Alkhaa! гэсэн лоозон бариад явж баймааргүй байна. Тэр лоозон найзыг маань орлохгүй.
Монголд 22 жил амьдарснаараа л "буруудсан" энэ гэм зэмгүй хүмүүн цөхөрч гүйцээд, хэрэв намайг гаргах гэвэл өөрийгөө шатаан амиа егүүтгэнэ гэж буй билээ. БНХАУ-д хүмүүс өөрийгөө шатааж байна, Монгол улсад шатаах гэж байна. Бид хаашаа явж байна вэ?


3

НҮБ орогнол хүсэгчдээ хамгаалж чадахгүй, БНХАУ-ын хүчнийхэнд алдчихаад санаа зовдоггүй, гаргуунд нь гаргаж, зөнд нь хаядаг явдал зөвхөн өнөөдөр тохиолдож байгаа биш юм.
Монгол хүүхэд залууст зориулсан хувийн сургууль байгуулж, монголын хэл соёлыг хамгаалах гээд буруудсан Батзангаа (паспорт дээр Batuzhangga) 2009.5.29-нд орогнол хүсэгчийн тодорхойлолт авч, Монгол улсад эхнэр хүүхдийн хамт сууж байсан. Энэ хүнийг 2009.10.3-нд Хятад, Монголын цагдаа нар НҮБ-ын байрны дэргэд хүлээж байгаад барьж авч явсан. Үүнд НҮБДДКГ-ын ажилтан Х (өвөр монголчуудын аюулгүй байдлыг харгалзан, одоохондоо нэрийг нь үл дурдав), Н.Анар нар идэвхтэй оролцсон гэж бичигдсэн. Гэр бүлийн хүрээнээс гадна зөвхөн тэр хоёр л утас, хаягийгнь мэдэж байсан. Гэвч тэр хоёр утас, хаягийг нь цагдаа нарт мэдээлж өгч байж. Мөн асуудлыг чинь шийдвэрлэнэ гэж худал хэлэн НҮБ-ын офист ирүүлэн саатуулж байгаад, цагдаагийнхны ажил бэлэн болоход Х. дагуулан гарч тэдэнд тушаасан гэдэг. Бүх хууль дүрмийг зөрчиж, ямар ч бичиг баримт, албажилтгүйгээр, үндсэндээ хүн хулгайлав гэж үзэж болохоор хэрэг үйлдэгджээ. Батзангаа БНХАУ-д 3 жил хоригдох ял авч, тэр нь 4 жилийн тэнсэн болсон ч, төдөлгүй гадаад улсад улс төрийн орогнолоор явах гэж оролдсоноос болж ял нь жинхэлсэн юм.
НҮБДДКГ-ынхаа зохих шийдвэргүйгээр, албан бусаар үйлдсэн энэ хэрэгт Х. оройлон оролцсон, нэн идэвхтэй зүтгэсэн гэж Батзангаа “Монгол туургатан” сонинд утсаар өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тэгвэл энэ хүн өнөөдөр НҮБДДКГ-ын Бүсийн төлөөлөгчийн газрын Монгол дахь ажилтан хэвээрээ л байна.
Түүнийг харьцааны соёлгүй, ааш зан доголдолтой, ажилдаа тааруу, хариуцлагагүй, ажлаасаа зугтдаг, Дүрвэгчийн газраа санхүүгийн бэрхшээлээс болж хаагдсан, одоо өвөр монголчуудын асуудлыг хүлээж авахгүй гэж худал зарлаж байсан, хэл ам гарахаар “хаагдаагүй ээ, яагаад та нар олон юм яриад байна” гэж өвөр монголчуудыг зэмлэж байсан гэх юм билээ. Энэ бүхэн үнэн бол хэцүү л байна. Удахгүй уулзаж ярилцахад олон зүйл тодорхой болох байх.
Монгол улс 1951 оны НҮБ-ын Дүрвэгчийн конвенцид нэгдээгүй нь аз хэмээн нэгэн хүн өгүүлсэн. Нэгдсэн аваас Монгол улс нь эрхийнхээ дагуу дүрвэгч аваад нэн ихээр зовоож хэлмэгдүүлэх, худалдах, золгүй дүрвэгч Монголоос гадагшаа (урьдын сууж байсан орныг нь эс тооцвол) явах аргагүй болж мухардах байсан юм гэж тэрбээр өчсөн билээ.
Тэр тусмаан НҮБ орогнол хүсэгчдээ илүү сайн хамгаалах учиртай юм. Хэрэв НҮБ-ын ивээлд байгаа хүнийг хэний хүү хэнбугай нь ч хааш нь ч аваачиж тушаагаад, яаж ч наймаалцаж болдог бол НҮБДДКГ гэж нүүгэлтэж байхын хэрэг юун. Улаанбаатарт НҮБ урьдынхаасаа олон дахин том сайхан байшинтай болсон ч ДДКГ-ынх нь ажил улам муудан дордож байх шиг.
4-р сард НҮБДДКГ Далайбаатар, Тулгуурыг хорьсныг эсэргүүцэж ноот өгсөн, 5-р сарын эхээр бүсийн дарга нь болох Жеймс Линч ИХШХЕГ-ынхантай уулзаж орогнол хүсэгчийг албадан гаргаж болохгүйг мэдэгдсэн ч, Монголын төр нохой хуцахын дайтай үзээгүй байна (5.20-нд НҮБДДКГ Монголын төрд хоёр залууг гаргасныг эсэргүүцэж ахин ноот бичиг өгсөн ч тоосонгүй).
Өнөөдөр НҮБ нэр сүрээ хамгаалж, эрх хэмжээгээ хэрэгжүүлэхийн тулд, манай ивээлд байсан хүмүүсийг буцаан өгч, хулгайлагдахаас өмнө байсан хэвэнд нь оруулах нөхцөлийг бүрдүүл гэж БНХАУ, Монгол улсад шаардан биелүүлгэх хэрэгтэй байна. Энэ ажилдаа олон улсын уриалан оролцуулж дэм хам нэмэрлүүлж ч болно.
НҮБ-ын гишүүн л юм бол дүрэм журмыг нь дагах л ёстой. Эсбөгөөс НҮБ-аас гар. НҮБ л юм бол дүрэм журмаа сахиулах л учиртай. Эсбөгөөс Нэгдсэн үндэстний байгууллага гэгдэхээ больж, Нисдэг үлмэдэгдэх биет гэгд.
Ямарваа нэг улс орны засгийн газар болохгүй бүтэхгүй байвал НҮБ-д мэдүүлнэ. Хэрвээ НҮБ болохгүй бол яах вэ. Яах ч аргагүй юу? Тийм биш ээ. НҮБ-ыг шүүмжилж, шинэчилнэ, тэгэхдээ юуны өмнө удирдлагыг нь халж солино. Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэсэн шиг байж болохгүй юм шүү. Хүн төрөлхтний ариун дээд үнэ цэнэт зүйлсийн төлөө НҮБ тууштай тэмцэх ёстой…
Тэмүүжин сайдын албан бичиг, засгийн газрын албан ёсны байр суурийн дагуу бол тэд гаргагдах ёсгүй юм байна, гаргагдаа ч үгүй юм байна, гэвч тэд тэгвэл хууль бусаар гаргагджээ, хулгайлагдан гаргагджээ. Хүний наймааны золиос болжээ.
Намайг энд нуршиж суух хооронд тэд хаана яаж байгаа бол гэж бодохоос өр өвдөж, элэг эмтэрнэм. Далайбаатар 4.21-ний хурлыг заавал хийнэ гэж зүтгэж, БНХАУ-д тушаагдахаас ч эс эмээж, “Бид монголчуудынхаа төлөө мянган үеийн баатар болдоггүй юм аа гэхэд нэгэн үеийн баатар болох учиртай” гэж байжээ. Баатар хаа байна гэж хайгаад, өлийгөөд байх хэрэггүй аж. Баатар хажууд байдаг юм байна. Баатруудаа бид ойлгодоггүй, дэмждэггүй, хардаггүй юм байна. Тэд баатрууд байжээ, байгаа ч ажээ.
Өнөөдөр хэсэг хүн чимээгүй байцгаа, тэгэх аваас Хятадын нам засаг уяран хайлж тэднийг суллах болно хэмээн ухуулж байна. Өчнөөн явдал суудал, зохион байгуулалт хийж байж тэднийг гаргуулж авсан Хятад улс хэдэн хүн юу ч хараагүй, юу ч сонсоогүй, юу ч хэлэхгүй гэж суулаа гээд залуусыг суллана гэж горьдох нь үнэг турж үхсэний үлгэр болох биз ээ. Дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг л гэж өмнөд хөршид ойлгох буй заа.
5.12-нд ИХШХЕГ-ын албадан гаргалтын саатуулахад хоригдож байхдаа Далайбаатар: “Хэрэв бид БНХАУ-д албадан гаргагдвал үлдэж байгаа нөхөд бидний талаар сайн дуугараарай, бидний үнэнийг ойлгуулаарай, бидний үйл хэргийг үргэлжлүүлээрэй!” гэж захисан юм шүү!
Ч.Мөнхбаяр
2014.5.24

Comments