12-Р САРЫН 25-НД ЦУГЛААН ХИЙХ ГЭСЭН МАЛЧДЫГ БАРЬЖ ГЭРИЙН ХОРИОНД ОРУУЛЛАА


12-р сарын 25-нд Онниуд хошууны тэмцэгч малчин Энгэр, Манлай нарыг суллуулах, Өмнөд монголын малчдын эрх ашгийг хохироохыг зогсоохыг шаардсан цуглаан хийхийг өмнөд монгол малчид уриалсан билээ. Гол зохион байгуулагчид нь малчдын эрхийг хамгаалах “Голомт” холбооны тэргүүн, Шилийн гол аймгийн малчин Янжиндулам, малчдын эрхийг хамгаалах “Мөнх гал” холбооны тэргүүн, Хянган аймгийн малчин Давхарбаяр нар юм.

Гэтэл 21-ний өдөр Улаанхад (Чифэн) хотын Онниуд хошууг чиглэн Баруун Баарин хошуунд явж байсан малчин Янжиндуламыг тус хошууны цагдаа нар “амар төвшний тусын тулд” гэж саатуулж, хүчээр машинд суулган, Шилийн голын цагдаа нарт аваачиж тушаажээ. Тэд Янжиндуламыг гэрт нь аваачиж, гэрийн хорионд оруулан, өдөр шөнөгүй үүдэнд нь харуулдаж сахиж байна. Мөн өдөр Онниуд хошууг чиглэн явж байсан малчин Давхарбаярыг мөн цагдаа нар барьж Хянган аймгийн Улаан хотын нэгэн зочид буудалд суулгаж, хорьж цагдаж байна. 25-ны өдөр өнгөртөл ийнхүү хорих төлөвтэй байна.

Энэхүү малчдын тэмцэл нь бүрэн хууль ёсны юм. БНХАУ-ын лидер Ши Жинпин цөөн тоот үндэстний уламжлалт аж ахуйг дэмжнэ, эрхийг хэрэгжүүлнэ, соёлыг тэтгэнэ, үүнд харшлах зүйл хийсэн орон нутгийн дарга нарт хариуцлага хүлээлгэнэ, ялангуяа авлигачдыг хатуу гэсгээн цээрлүүлнэ гэж удаа дараалан тодорхой мэдэгдсэн. Гэвч, үндэстний уламжлалт аж ахуйг боомилон устгаж, эрхийг хүчээр дарангуйлж, соёл орших үндсийг үгүй хийж, орон нутгийн дарга нар дураар авирлаж, ялангуяа авлигачид нь ямар ч шийтгэл үзэлгүй гаарч байна.Орон нутагт Ши Жинпингийн үгийн эсрэг хүч бүрэн ялж байна гэж харагдахаар ажээ. Ам ажлын зөрүү гэдэг л энэ. Ши Жинпингийн үгийг сонссон малчид эрхийнхээ төлөө тууштай тэмцье хэмээн идэвхижсэн. Гэвч хуулийн дагуу явсан тэднийг хууль бус авлигачдын гэсгээл цээрлүүлэл л угтаж байна.

Янжиндулам:

“Монгол хүн үнэн үг хэлэх гэвэл ингэж л хориглож байна. Үндсэн хуулинд жагсаал цуглаан хийх, эсэргүүцэл илэрхийлэх зэрэг ардчиллын эрхүүдийг баталгаажуулан заасан байгаа. Хэрэгжүүлэх гэхээр хэрэгтэн болдог. Саяхан ард иргэдийн заалдлагыг дарж болохгүй гэж төрөөс чиглэл өгсөн. Бидэнд тус болох төрийн бүх үг л эсрэгээр хэрэгжих юм. 25-ны жагсаал цуглааныг зохион байгуулах гэсэн хүмүүсийг хүчээр эрхшээж байна. Уг нь малчид сүрхий хөдөлмөөр байсан, одоо яахыг бүү мэд.

Энэ намар би Эрээн-Бээжингийн онгоцонд суух гэтэл компьютер дээр миний талаар гарсан мэдээллийг үзээд, намайг тусгай өрөөнд оруулж, хоёр өвч бүрэн зэвсэглэсэн хүн аюултай террорист байгаа юм шиг удтал нэгжиж шалгаж, шаахайг минь хүртэл эргүүлж тойруулж шинжсэн. Ноднин өвөл би Монгол улсын Сайншанд хотод очсон. Гэтэл Хятадын тал хил дээр намайг маш их шалгаж, түвэг чирэгдэл учруулсан. Монголын хил гаалийнхан бас тэгж нарийн чанд шалгасан. Үнэн үг хэлбэл ийм л болж байна даа” гэж ярьж сууна.

Байдал нэгэнт ийм болсон тул, газар газрын монголчууд 12-р сарын 25-нд Онниуд хошууны тэмцэгч малчин Энгэр, Манлай нарыг суллуулах, Өмнөд монголын малчдын эрх ашгийг хохироохыг зогсоохыг шаардсан цуглаан, эсэргүүцлээ өргөнөөр хийж, эрхэм тэмцэгчдээ сэтгэл санааны хувьд дэмжицгээе ээ!


Comments