“ЧӨЛӨӨТ АЗИ” РАДИО


Radio Free Asia буюу “Чөлөөт Ази” радио (ЧАР) нь хувийн, ашгийн бус, радиостанцийн болон, интернет-мэдээний үйл ажиллагаа явуулдаг, Вашингтонд төв нь байдаг байгууллага юм. Түүний санхүүжилтэд АНУ-ын холбооны төсөв, Солонгосын соёл, эрх чөлөөний сан болон иргэний секторын байгууллагууд тусалж ирсэн. Азийн 10 хэлээр нэвтрүүлэг явуулж ирлээ.

“Ардчилал, эрх чөлөөг дэлгэрүүлэх, АНУ-ын талаар болит мэдээлэл түгээх…” гэж радионэвтрүүлгийн удирдах зөвлөлийн зорилгод тусгажээ. Чөлөөт мэдээлэл дутагдсан хүмүүст, цензүрт өртөн дарагддаг мэдээллийг цаг тухайд нь хүргэдэг.

1996 онд байгуулагдсан цагаас нь эхлэн, БНХАУ ЧАР-гийн долгионыг байнга хааж ирэв. 1998 онд ерөнхийлөгч Билл Клинтон Хятадад айлчлахын өмнө ЧАР-гийн 3 сурвалжлагчид олгосон визээ цуцалж байсан. Америкийн төрөөс гомдол мэдүүлсэн ч сэргээгээгүй.

Вьетнам нэвтрүүлгийг мөн эхнээс нь Вьетнам улс хаасан. АНУ-д сигнал хаахыг эсэргүүцэх техникийг хөгжүүлэх талаар хууль хэлэлцэгдэж байгаа. ЧАР хаалтын эсрэг юу хийх вэ гэдэг талаар сонсогчдод зөвлөгөө өгдөг. Мөн интернетийн блоклох аргыг ЧАР-гийн эсрэг их хэрэглэдэг. Үүнийг хэрхэн сөрөх талаар мөн ЧАР зөвлөгөө өгдөг.

2010.3.30-наас Хятадын “Алтан бамбай” буюу “The Golden Shield Project” гэдэг сүлжээний шүүлтүүр “RFA” буюу ЧАР-гийн англи товчлолыг интернетэд блоклож туршиж байв.

ЧАР нь :

1996 оны 9-р сараас хятад хэлний мандарин аялгуугаар өдөрт 12 цаг,

Тус оны 12-р сараас түвд хэлээр өдөрт 10 цаг,

1997 оны 2-р сараас бирм хэлээр өдөрт 4 цаг,

Тус оны 2-р сараас вьетнам хэлээр өдөрт 2 цаг,

Тус оны 3-р сараас солонгос хэлээр өдөрт 5 цаг,

Тус оны 8-р сараас лаос хэлээр өдөрт 2 цаг,

Тус оны 9-р сараас кхмер хэлээр өдөрт 2 цаг,

1998 оны 5-р сараас хятад хэлний кантон аялгуугаар өдөрт 2 цаг,

Тус оны 12-р сараас уйгур хэлээр өдөрт 2 цаг радио нэвтрүүлэг явуулж, үүний зэрэгцээ мэдээллийнхээ аудио, текстийг интернетэд тавьдаг.

ЧАР нь өмнөд монголчуудын хүний эрх, эрх чөлөөний асуудлыг хамгийн их ойлгодог, дэмждэг газруудын нэг юм. Өмнөд Монголын холбогдолтой мэдээллийг түргэн шуурхай, байнга нийтлэх талаараа бол тэргүүлж манлайлан явдаг. Цаашдаа шууд өмнөд монголчууд руу чиглэсэн нэвтрүүлгийг монгол хэлээр нэвтрүүлэх нь Азийн ардчилал, эрх чөлөөний үйлсэд нэн тустай санагдна.

http://southmongolia.org/mn/2017/10/16/news-5/

Comments