ТЭМЦЭГЧ НӨХДӨӨ СУЛЛАХЫГ СҮЛЖЭЭЧИН МАЛЧИД ШААРДЛАА


Янжиндулам, Шинээ, Саруунаа, Баяр, Манлай, Жанхай, Оюунхуар, Жо Гофу зэрэг санаа нийлсэн Шилийн гол, Хөх хот, Жирэм, Улаанхад, Хянган, Ордос, Хөлөнбуйр зэрэг хот аймгийн 13 малчин голдуу сүлжээчид ӨМӨЗО-ы дарга Бу Шиаолинд хандан ил захидал бичиж, түүнтэй уулзан асуудлаа шийдвэрлэхийг хүсэн Хөх хотод ирээд байна. Захидлын эх хувийг Засгийн ордны бичиг хэрэгт хүлээлгэн өгөөд, хариу хүлээцгээж байна.

Загасан нуурын газрыг зарсныг эсэргүүцэн тэмцэж ирсэн Бао Гунианыг 7-р сард баривчилсан бол, одоо Байцаах хороонд шилжүүлж, үймээн самуун дэгдээсэн гэж ял хүлээлгэх болоод байна. Бао Гуниан энэ асуудлаар олон удаа Хөх хот, Бээжинд очиж тэмцэж хөөцөлдөж байсан, хошууны засгийн ордны өмнө 300 гаруй өдөр суулт хийж байсан. Ноднин баривчлагдаж хоригдож байгаад суллагдаж байв. We Chat-ын нэлээн нэртэй сүлжээчин, үнэнч шударгаараа алдаршсан түүнийг суллахыг малчид хүсэж байна. Түүнд туслахаар малчид мөнгө хандив цуглуулж байна.

Мөн нутаг бэлчээрийг нь худалдахыг эсэргүүцэн сүлжээнд бичсэн Хорчин зүүн гарын хойд хошууны малчин Вэн Минд 2 жилийн ял оноосон, Онниуд хошууны гахайн хөнөөл ихт аж ахуйг эсэргүүцсэн эгч дүү нарыг бас хорьсон. Энэ мэт хилсээр хоригдсон бүх малчдыг суллахыг сүлжээчид хүсчээ. Яагаад хилс вэ гэвэл орчин ахуйгаа хамгаалах нь хуулинд заасан ариун үүрэг, хүн төрөлхтөн ч үүний төлөө байгаа гэж тэд үзэж байна. Илчлэгдсэн кадруудыг биш, илчилсэн ардуудыг харгислаж байгаад хилэн хорсол дүүрэн байгаагаа илэрхийлж байна.

Орон нутгийн түшмэд, цагдаа нарын хууль бусаар дураар авирлахыг таслан зогсоох, ард түмнийг эсэргүүцэх биш, ард түмнийг үндэс болгодог байхыг хүсэлтдээ тэд дурдсан байна.

Тодотгол хийхэд: Энэ оны 7-р сард Тунляо (урьдын Жирэм аймаг) хотын Жарууд хошууны Долоот сумын Өмнөбулагт гацааны малчид гацааны хятад даргынхаа эсрэг зарга хийж байгаагаа Малчдын өргөөнд цуглан, олонд зарласан. Гацааны дарга нь хоёр хэсэг газрыг тогтсон үнээс 2 дахин хямд үнээр, гацааны малчдад мэдэгдэлгүйгээр бусдад түрээслүүлсэн юм. Уг нь гацааны малчдын 2/3 нь зөвшөөрсөн бол түрээслүүлэхийг зөвшөөрөх дүрэм журамтай. Мөн Загасан нуурыг авлига авч, хууль зөрчин түрээслүүлсэн байна. Энэ асуудлаар Хөх хотод очиж заргалдна гэж малчид мэдэгдэж байсан билээ. Гэтэл тус сарын 26-ны өдөр энэ хөдөлгөөний удирдагч Бао Гунианыг гэнэт баривчлан авч явсан билээ.





Comments