Германд болсон уулзалтын үеэр. |
Далай лам энэ өдрүүдэд Герман, Итали, Латви улсуудад айлчилж байна. Германд байхдаа үндэсний эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцэгчидтэй уулзжээ. Энэ талаар Өмнөд Монголын тэмцэгч Тэмцэлт Шовцууд:
-Бид буусан буудалд нь очиж, Далай ламтай уулзлаа. Герман, Швейцари, Францад суудаг монголчууд хамт байлаа. Мөн уйгурууд, Хятадын буддистууд болон ардчилсан үзэлтнүүд, Тайваний үзэл санаа нэгтнүүд, герман нөхөд, Францын эрдэмтэн судлаач гээд хүмүүс байлаа.
Далай ламд бид өмнөд монголчуудын мянга мянган жилийн уламжлалтай МАА-г хязгаарлаж хорьж, бэлчээр нутгийг булааж, хордуулж, газар дорхи баялгийг цөлмөн хоосолж байгаа шимшрэм үнэнийг ярьлаа.
Далай ламтан эрүүл ухаан, харилцан ойлголцол, энхийн замаар монголчуудын хүнд бэрх байдлыг сайжруулан шийдвэрлэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэв. Бөмбөрцөг дээр бүх улс түмэн зэрэгцэн орших эрхтэй, тиймээс илэн далангүй яриа хэлэлцээ үүсгэж, найрамдал нөхөрлөлийн үрийг тарин байж асуудлуудыг шийдвэрлэхээс өөр зам үгүй гэж тэрбээр хэллээ. Хятад дахи бүх ард түмнүүдийн ирээдүй сайн сайхан болоосой гэж ерөөв.
Чингээд бид санал бодлоо солилцов. Бидний хувьд Далай багш цаашид тэмцэх урам зоригийг маань нэмэгдүүлж, чухал бодол санаануудыг төрүүлж, эрч хүч хайрлалаа” гэж сэтгүүлчид ярилаа. http://www.rfa.org/mandarin/yataibaodao/shaoshuminzu/gr-09132017095603.html
Ноднин жилийн намар Далай лам Японд айлчлах үетэй Японы Токио хотноо Өмнөд Монголын их хуралдай эмхлэн байгуулагдах явц цаг хугацааны хувьд давхацсан. Хуралдайн төлөөлөгч дэмжигч 28 хүн Йокохама хотын Интерконтинентал зочид буудалд Далай ламтай уулзаж байсан билээ.
Тэмцэлт Шовцууд энэ талаар:
-Энэ эв нэгдлийн хуралдай нь 25 жил бодож мөрөөдөж явсан зүйл минь юм. Үүнтэй Далай ламын айлчлал давхцаж, тэрбээр бидэнтэй уулзан сургаалиа хайрлаж, адислал ерөөлөө өгч, санал бодлоо солилцсон нь давхар давхар баяр юм. Далай ламтай анх уулзсанаас хойш хорь гаруй жил өнгөрч байна. Дээрхийн гэгээнтэн түвдүүд монголчууд бол жаргал зовлон нэгтэй ахан дүүс гэдэг нь юутай үнэн билээ. Бид байдлаа танилцуулж, зөвлөгөө хүсэхэд тэрбээр, хэл, соёл, шашин гурваа хайрлан хамгаалж чадвал үндэстнээ хамгаалан оршин тогтнуулж чадна гээд үнэт зөвлөгөөг өгсөн гэж ярьж байсан юм. http://www.rfa.org/mandarin/yataibaodao/shaoshuminzu/gr-11252016102356.html
Тэрбээр Өмнөд Монголын их хуралдайн тэргүүн. Эрхэм Тэмцэлт өмнөд монголчуудын төлөө 1970-аад оноос тэмцэж ирсэн бөгөөд, 1992 онд Германд улс төрийн дүрвэгч болж ирсэн. Өдгөө Герман улсад үйл ажиллагаа явуулдаг.
2016 онд Японд болсон уулзалт. |
Comments
Post a Comment