Монгол улсын тавдахь ерөнхийлөгч Х.Баттулгад хүргэсэн баярын захидал


2017 онд хоёр үе шаттайгаар явагдсан Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтанд итгэлтэйгээр ялалт байгуулсан, Монгол улсын тавдахи ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Танд баяр хүргэе!

Өнөөдөр дэлхийн монголчуудын өмнө ээдрээтэй цаг үе тулгарч ирээд байна. Нийт монголчуудын ихэнхи нь үндэстний тусгаар тогтнолын гал голомт болсон Монгол улсын хилийн гадна, өөр улсын иргэний хувиар, их бага янз бүрийн зовлон бэрхшээлтэйгээр аж төрж байна. Өөрсдийн хүсэл зоригоор ингэж аж төрөв үү гэвэл үгүй юм. 20-р зуунд нийт монголчууд нэгэн гэр улсыг байгуулах тэмцлийг их хийсэн, бүтэхийн даваан дээр ч ирж байсан. Гэвч их гүрнүүдийн эрх ашиг үндэстнийг маань хэдэн хэсэг болгон, хилээр хэрчиж, улсаар уусгасан байдаг. Ингэхдээ үй олноор нь алж хядах харгислалуудыг нэг бус удаа үйлдэж байсан.

Монгол улсын хувьд ч, харь гүрний харгис түрэмгий бодлогод өртөж, нэг гүрний дарлалаас салавч нөгөө гүрний дарлалд орж, баавгайн савраас луугийн аманд дөхсөн явдал буй. Харин энэ байдлыг зоригтойгоор хэлж шүүмжилж, “их улс гэж гэдийх, бага улс гэж бөхийх жишиг ёсон үгүй” гэж мэдэгдэж, хамаг дэлхийн шударга улстай хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж, эрх тэгш найрамдал нөхөрлөлийг хөгжүүлэн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн Таны нэр дэвшсэн явдал нь бүх монголчуудын анхаарлын хүрээнд орсон билээ. Бүх монголчууд дэмжсэн, итгэсэн, хүлээсэн. Таны мөрийн хөтөлбөрт дэлхийн монголчуудаа анхаарна, хамтын ажиллагааг хөгжүүлнэ, дэмжнэ гэж заасан нь Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшсэн бусад бүх хүнээс онцлогтой. Манай Өмнөд Монголын их хуралдай ч нэр дэвшигч Х.Баттулга таныг дэмжиж, өнөөдөр монгол үндэстний баяр бахдалыг хуваалцаж байна.

Манай Өмнөд Монголын их хуралдай нь 2016 оны 11-р сард Токиод байгуулагдсан, өмнөд монголчуудын эзэн мэдэх эрхийн төлөө, мөн өмнөд монголчуудын хүний эрх, үндэстний, уугуул оршин суугчдын, соёлын эрхүүдийг хамгаалах зорилготой, хилийн гаднахи өмнөд монголчуудын нам холбоодыг нэгтгэсэн шүхэр байгууллага. Дээрхи зорилгодоо нийцсэн зохих үйл ажиллагааг явуулж ирсний дотор, сүүлийн үед Соёлын хувьсгалын үеэр өмнөд монголчууудыг аймаглан хядсаныг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэх ажлыг зохион байгуулж хийж байна.

Дэлхийн монголчууд Монгол улсын ерөнхийлөгчийг нийт монголчуудын удирдагч гэж харах гээд байдаг. Монгол улсын ерөнхийлөгчид янз бүр байлаа. Таны Монгол улс үндэстнээ гэсэн чин сэтгэл зүтгэл харин монголчуудад тод мэдэгдэж байна. Тийм болохоор Таныг дэлхийн монголчуудаа анхаарна, хамтын ажиллагааг хөгжүүлнэ, дэмжнэ, ялангуяа Монгол улс дахи өмнөд монголчуудыг хайрлан хамгаална гэдэгт бид бүхэн цагаан сэтгэлээр итгэж байна.

Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалж бэхжүүлэх, улс орны эдийн засгийг хөгжүүлж цэцэглүүлэх, нийгмийг эрүүлжүүлж дэвжүүлэх, монгол үндэстнээ сэргээн мандуулах асар ариун гэгээн их үйлсэд ихийг бүтээж, дэлхийн дэвжээнд МОНГОЛОО ЯЛУУЛЖ явахыг Монгол улсын тавдахи ерөнхийлөгч Танд Өмнөд монголын их хуралдайн зүгээс хүсэн ерөөе!

Өмнөд Монголын их хуралдай.

Япон улсын Токио хот.

2017 оны 7-р сарын 8.

http://southmongolia.org/mn/2017/07/08/yeronkhiilogch/

Comments