ДӨРВӨД ХОШУУНЫ 200 МАЛЧИД ТЭМЦЭЖ, ДӨРВӨН МАЛЧНЫГ СУЛЛУУЛАВ

Энэ оны 7-р сарын 26-нд Улаанцав хотын Дөрвөд хошууны малчид үүл буудаж байгаа хятад иргэдийг барьж, мэдүүлэг авч, ажиллагааг нь таслан зогсоогоод явуулжээ. Үер уснаас хамгаалан бороо оруулахгүй сумаар үүл буудаж байна гэсэн хардлагаас үүдэлтэй юм. Ингэснээр ган гачиг үүсгэж, мал аж ахуйг доройтуулж, улмаар бэлчээр нутгийг булаах, малчдыг хүчээр суурьшуулахад дөхөмтэй болно гэж олон малчин үздэг. Малаасаа салбал амьдралгүй болно гэж малчид боддог бөгөөд, олон тохиолдолд энэ нь батлагддаг.

Үүл буудахыг зогсоосон хэрэгт Тулгуур, Мөнхзаяа нарын 4 малчныг хошуу засгаас барьж хорьжээ. Тэднийг 30 хоног баривчлана гэжээ. Цусны шинжилгээ хийх зэргээр, хориход бэлтгэжээ. 4 малчнаа суллуулахаар 200 малчин Дөрвөд хошууны төв рүү явжээ. Малчид: “Бүгд ашиг тусынхаа төлөө сэтгэлээр нэгдэцгээе! Тал нутаг маань бороо хургүй болохоор амь орохоо байлаа! Ажил яаруу гээд битгий хойш суугаарай! Бидний эн тэргүүний ажил бол малчин нөхдөө суллуулах шүү!” гэж уриалжээ.

Тэднийг суллах шаардлагаа тавихад хошуу засгаас “хэрэв малчид тарж явбал 4 малчныг суллана” гэжээ. Харин малчид тэднийгээ суллуулаад авч явна гэж зүтгэсээр 29-ний орой зорьсондоо хүрсэн байна. Малчид эв санаагаа нэгтгэвэл ялалтад хүрч болдог юм байна гэж тэд баясаж сууна.

Өмнөд Монголын бэлчээр нутагт хятадууд сэм сэмээр хэрэн хэсэж, үүл буудсаар. Үүл сарниулах сум харваж байна гэж малчдын сэжиглэх ихэссээр. We Chat-ын сүлжээнд малчид “Үүл сарниулахыг хүчтэй эсэргүүцье. Ган гачиг болбол малгүй болно. Малгүй болбол амьдралгүй болно. Хотод очиж суувал монгол соёлгүй, монгол цусгүй болно. Тэгвэл монгол хүн устаж үгүй болно!” гэж тэд бухимдан бичиж байна.

Comments