Өвөрмонголчууд НҮБ-д Хятадуудтай "үзэлцэв"


Өвөр Монголын тэмцэгчид НҮБ-ын Үндэсний цөөнхийн асуудлаархи хуралдаанд оролцож, Хятад дахи уугуул монголчуудын түмэн зовлон бэрхшээлийг таниулан, хамгаалж өмгөөлөхийг уриалжээ. Хятадын төлөөлөгч яриаг тасалдуулж, салан тусгаарлагч гэх зэргээр дайрч, сонсохгүй байхыг шаардсан ч, ОУ-ын төлөөлөгчид Хятадын элчийг эсэргүүцэж, санал хураалтаар олонхи нь үргэлжлүүлэн сонсно гэж мэдэгдэж, өвөр монголын Энхбат Тоочог, Долгион Хатагин
нарын үгийг анхааран сонсож, ойлгон хүлээж авсан байна.

Тэрхүү явцыг Uuganbayar Terelj түмэн олондоо толилуулан сийрүүлснийг дамжуулъя.

(Англи хэлээрх эх нь доорх линкэнд буй)

Үндэсний цөөнхийн асуудлаар хийсэн НҮБ-ын хуралд Өвөрмонголын хүний эрхийн мэдээллийн төвийн захирал Т.Энхбат Enkhbat Toochog гуай Хятад улсын Өвөрмонголд хэрэгжүүлж буй бодлого,
Өвөрмонгол нутгийг "Эрчим хүчний хамгийн том бааз суурь" гэж Хятадын төр засгаас зарласнаар байгалийн баялаг олборлохоор Хятадын маш олон компани Өвөрмонгол руу хошуурч, малчдын малын бэлчээрийг хүч түрэмгийлэн хураасаар буй, мөн байгаль орчин сүйдэж, Өвөрмонголчуудын эдлэх ёстой хүний үндсэн эрх зөрчигдөн, тэд ихээр хохирч, соёлыг нь үндсээр нь устгах Хятадын бодлого эрчимжиж, 6 сая Өвөрмонгол хүний цааш цаашдын оршин тогтнол эргэлзээтэй болж буй талаар ярьж байв.

Хятадын төлөөлөгч түүний яриаг зогсоохыг
шаардахдаа Өвөрмонголчууд хохирч буй талаарх баримтад огт анхаарал хандуулалгүй, энэ яриаг зөвхөн салан тусгаарлах үзэлтэй холбон буруутгаж, Хятад улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг л онцлов. Салан тусгаарлах үзэл гаргалаа хэмээн дахин дахин онцлон хэлэв.

Энд ирсэн Орос (Хятадын шинэ холбоотон, өөрөө олон үндэсний цөөнхтэй), Венесуэл (Хятадтай адилхан коммунист), Пакистан (Хятадад ихэд талтай хөрш), Иран, Мавританы (Хятадууд өөрсдийнх нь мөн чанарыг сайн мэддэггүй Африкийн олон улсыг аргандаа эхлээд оруулсан, одоо эрхэндээ хэдийн оруулж эхлээд буй) төлөөлөгч нар Хятадын төлөөлөгчийн байр суурийг шууд дэмжсэн бол Сирийн төлөөлөгч Хятадын төлөөлөгчийг дэмжихийн зэрэгцээ ТББ-уудын дуу хоолой ч чухал болохыг мэдэгдэж, Куба, Либийн төлөөлөгчид Т.Энхбатын илтгэлийн утга агуулгыг хэлэлцэх ёстой сэдвээс зөрүүтэй байна хэмээв.

Харин Австри, АНУ, Англи, Норвеги, Канадын төлөөлөгчид иргэний нийгмийн байр суурийг сонсох, хүний эрхийг хөсөрдүүлж буйд болон үндэсний цөөнхийн асуудалд анхаарал хандуулахын чухлыг онцлоод Өвөрмонголын хүний эрхийн мэдээллийн төвийн төлөөлөгчийн яриаг үргэлжлүүлэн сонсоход санал өгөв.

Т.Энхбат гуай товч мэдэгдлээ үргэлжлүүлэн Хятадын төр засаг Өвөрмонголын уламжлалт амьдралын хэв маягийг газар тариалан болгон өөрчилж, ялангуяа өвөрмонгол нутгийг уул уурхайн гол бүс нутаг болгосноор байгаль орчин нь маш их сүйдэж буй талаар онцлон ярьсны зэрэгцээ энэ бүхнийг эсэргүүцсэн Өвөрмонголын идэвхтнүүдийг хорьж саатуулдгийг 19 жил шоронд хоригдон гарч ирээд 2 жил (Энэ тоон мэдээллийг өөр анхдагч эх үүсвэрийн мэдээлэлд тулгуурлан засварлав) гэрийн хорионд буй Da Ha гуайн жишээгээр тайлбарлав.

Улмаар Хятадын төр засгийг Өвөр монголчуудын эдлэх ёстой хүний наад захын эрх, эрх чөлөөг НҮБ-ын конвенц, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн стандартуудын дагуу хүндэтгэхийг шаардсанаар яриагаа төгсгөв.

Comments