ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙГ ДЭМЖИЖ БАЙНА!

ӨМНӨД МОНГОЛЫН ИХ ХУРАЛДАЙГ ДЭМЖИЖ БАЙНА!


Мэндчилгээ

Манай Монголын хохирогчдын холбоо нь монгол хүнээ бүхий төрлийн хохирол хэлмэгдлээс аврахаар чармайн тэмцэж ирсэн билээ. Зөвхөн Монгол улсын төдийгүй, хилийн чанадын монголчуудыг ч хохирол хэлмэгдлээс өмгөөлж ирсэн. Өмнөд монголчуудыг хохироож хэлмэгдүүлэх, ялгаварлан гадуурхахын эсрэг манай Хохирогчдын холбоо янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, мэдэгдэл шаардлага гарган тэмцэж ирсэн.

Өмнөд монголчууд хамгийн их хохирч хэлмэгдсэн түмэн олон мөнөөсөө мөн билээ.
Өвөрлөгчид аль эрт XIX зууны сүүлч буюу Манж Чингийн засаглалд манжууд бодит эрхээ алдсан үеэс хэлмэгдэж эхэлсэн юм. 1891 онд Ян Ей Чуан гэгч тариачны удирдсан самуун цэрэг өмнөд Монголын урд зах Зостын чуулганы харчин гурван хошуунд 48 өдрийн дотор 150 мянган монголчуудыг хяджээ. Монголчуудыг хоёр гурван мянгаар нь бөөгнөрүүлж байгаад ганц ч хүн үлдээлгүй хороож байв.

1911 онд Манж нурж, Дундад иргэн улс байгуулагдахад өвөрлөгчдийн толгой дээр Манж Чингээс хэд дахин харгис харанхуй тавилан буусан юм. 1911-1947 онд, 36 жилийн түүхэн цаг үед хятадууд монголчуудыг хэрхэн дарангуйлж хичнээнийг хядан устгасан талаар өвөрлөгчидийн гарт ямар ч жинхэнэ ёсны тэмдэглэл тоолол үлдсэнгүй, өнөөг болтол нууц хэвээр байна.

1940-өөд онд Өвөр Монголд коммунистууд нэвтэрч эхэлмэгцээ монгол ван гүн, тайж язгууртан, ноёд баяд, бичиг соёлтой хүмүүс, лам хувраг, үндэсний үзэлт хүмүүс хийгээд гадагш явж нүд нээгсдийг төлөвлөгөөтэй, алхам дараатайгаар устгажээ. 1947 онд коммунист ноёрхол “Өвөр монголын өөртөө засах орон” нэрээр тогтсоноос 1978 онд зах зээлийн эдийн засагт шилжих бодлого тогтоох хүртэл гучин жилд үндэс яс ялгалгүй олон нийтийг хамарсан алаан бариан зогсолтгүй үргэлжилснийг бүгд мэднэ, нэг нэгээ залгасан цуст хэлмэгдлүүдийн аль нь ч өвөрлөгчдийг тойрч гарсангүй.

“Газар шорооны хуваарилалт”, “Баруунтныг эсэргүүцэх”, “Нэгдэлжүүлэх” “Соёлын хувьсгал”,”Хөрөнгөтний сүүлийг огтлох” гэх мэтийн хөдөлгөөнд тоолшгүй олон өвөрлөгчид эд хөрөнгөө хураалган нутаг орноосоо хөөгдөж, хорих лагерт цөлөгдөж, шоронд сууж, гэр бүл сарнин, амь насаа алджээ.
Зөвхөн 1968 оны өвлөөс 1969 оны хаврын хоорондох хагасхан жилд “Өвөр монголын ардын намын” хэрэг гэдгээр хичнээн өвөрлөгчдийг хоморголон устгасан гэдгийг өөрийн төр засаггүй, эрх мэдэлгүй өвөрлөгчид бүү хэл, алах булахын их эрхийг атгасан засаг ч өөрсдөө тод мэдэхгүй болсон нь энэ хядлага юутай зэрлэг балмад, догшин ширүүн явагдсаныг гэрчилнэ.

1980 онд Хятадын дээд прокурорын газраас нийтэлснээр 346 652 хүн хэлмэгдэж, 16 222 хүн алагдаж, 87 188 хүн зэмдэг болжээ. 1989 онд ӨМӨЗО-ны намын хорооноос нийтэлсэн тоонд 480 гаруй мянган хүн хэлмэгджээ гэсэн байдаг. Харин өвөрлөгчид сүүлийн үед 40-50 мянган хүн амь насаа алдаж 200 мянган хүн зэрэмдэг болсон магадлал их гэж тооцоолох болжээ.

XX зуунд хятадын гарт амь насаа алдсан өвөрлөгч нэг сая гэж сүүлийн үед эрдэмтэд үзэх болжээ. Өвөрмонголд явагдсан хядлага нь чанарын хувьд Гитлер, Сталин, Милошевич нарын үндэстнийг хоморголон устгахтай ямар ч ялгаагүй юм.

Өвөр монголчуудын газрыг булааж, хүчээр суурьшуулах асуудал олон жилийн турш явагдсаар ирлээ. Хүчээр суурьших хот сууринд нь хятад хэлт олонх байх бөгөөд, монгол хэлээ л сайн мэдэх малчид хятад хэлээр тэдэнтэй өрсөлдөн ажил үйл эрхлэх нь бүтэшгүй байдаг. Нийгмийн байр суурь, орон зай тэр хятад олонхитой хот суурингуудад малчдын хувьд үгүй юм.

Сүүлийн үед малчид руу шинэ довтолгоон хийх болсон нь гахай түрэмгийлэл. Таван хошуу мал нь бэлчээр нутаг сүйтгэдэг, үржил шим муутай гээд, тэднийг гахайгаар солих хэрэгтэй гэсэн бодлого явуулж байгаа билээ. Гахайнууд хятад гахайчидтайгаа хамт ирж байгаа. Гэтэл гахай нь эмзэг газар хөрсийг сэндийчин малтаж, таван хошуу малаас илүүтэйгээр сүйтгэн цөлжүүлж буй аж.
Ийм нөхцөлд БНХАУ-аас гадуур байгаа өмнөд монголчуудын нам бүлгүүд эвлэлдэн нэгдэж, Өмнөд Монголын хуралдайг байгуулан чуулах гэж байгаа явдлыг манай Монголын хохирогчдын холбоо дэмжин, баяр хүргэж байна. Өмнөд монголчуудын эрх ашгийг хамгаалах үйлсэд Өмнөд Монголын их хуралдай туйлбартай шантаршгүй тэмцэж, ялалт амжилтад хүрч явах болтугай гэж ерөөе! Сайн үйлс мандан бадраг!

Монголын хохирогчдын нэгдсэн холбоо
Тэргүүн Х.Оюунцэцэг

Comments