Монгол улс дахь өмнөд монголчуудын хүний эрхийн зөрчигдлөөс - Ч.Мөнхбаяр

Монгол улс дахь өмнөд монголчуудын хүний эрхийн зөрчигдөл XX зууны 10-аад оноос эхтэй. Ар Монгол харийн ноёрхлоос салан тусгаар тогтнох үед, хамтдаа нэгэн Монгол улсыг байгуулах гэсэн өмнөд монголчууд цэрэг жанждынх нь олонхийг бүрдүүлж, яам бүрийн дэд сайдаар ажиллаж, улс орныг удирдалцаж байв.

Гэвч Өмнөд Монголоос ирж хүчээ өргөсөн нэрт зүтгэлтнүүдийн олонхид нэн харамсалтай, эмгэнэлтэй явдлууд тохиолдсон билээ. Урд хойд хөршийн эзэрхийчүүдийн үйл ажиллагаа, харийн аялдан дагалдагч ар монгол зарим ноёдын хорлол зэрэг нь энэ бүхэнд их үүрэг гүйцэтгэжээ.

XX зууны 10-аад оноос 40-өөд онуудад өмнөд монголчуудын БНМАУ-тай нэгдэх, БНМАУ-д олноороо ирж амьдрах, БНМАУ-ыг дэмжих хөдөлгөөнүүд их байлаа. Гэвч тэднийг Зөвлөлтийн түрэмгийчүүдийн янз бүрийн хэлмэгдүүлэлт хүлээж байдаг байв. Бүх монгол туургатныг, эсэхүл Хятад гүрнийг нөлөөндөө оруулах Зөвлөлтийн эрмэлзлүүд ээлжлэн хүчжиж, хэрэв хятад зүтгэлтнүүдтэй харилцаа сайжирвал, холбоотон хятад зүтгэлтнүүд нь хүчтэй болвол монголчуудыг хэлмэгдүүлж эхлэх нь түгээмэл байв.



Нэг бол, Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэх бэлтгэл хийж буй мэт үйл ажиллагаанууд явуулж, нэг бол янз бүрээр хилс буруутган өмнөд монголчуудыг хэлмэгдүүлнэ. Дагалдаад өмнөд монголчуудын тухай суртал нэвтрүүлэг өөрчлөгдөнө.

Үндэс угсаагаа гэсэн сэтгэлтэй цогт тэмцэгч Дэмчигдонров ванд "эсвэл бүх монгол туургатныг, эсвэл Хятадыг эрхэндээ оруулна" гэсэн санаархлаараа хандаж, 1949 онд эхлээд "Нэгдсэн Монголын нэгэн удирдагч болгоно" гэж БНМАУ-ын албан тушаалтнуудаар мэдэгдүүлэн, Улаанбаатар хотод гэрийн хорионд байлгаж байсан.

Холбоотон Мао нар нь хүчээ авах нь тодорхой болоход Дэмчигдонров ванг 1950 онд Монгол улсад буруутган баривчилж 7 сар хориод БНХАУ-д тушааж, хүүг нь Монгол улсад хэлмэгдүүлэн хороож байсан. Их Монгол улсыг байгуулах үзлийг таашаадаг гэх, зарим нь БНМАУ-тай янз бүрээр хамтран ажиллаж байсан 2400 гаруй өмнөд монгол хүнийг илчлэн, холбогдох мэдээллийг нь БНХАУ-д тушаасан, тэдгээр хүмүүсийн ихэнх нь "баруунтан" хэмээгдэн, хэлмэгдэж, нэлээд нь амь насаа алдсан гэдэг.
Саяхан Х.Гокогийн "Хэлмэгдүүлэлтээр шоронд 34 жил", А.Өлзийбаярын "Монголдоо тэмүүлсэн сэтгэл" гэх номууд Улаанбаатарт хэвлэгдлээ.

Эхний номд, 1945 онд БНМАУ-ын Намын дээд сургуульд элсэн орж байснаа, 1947 онд "хувьсгалын эсэргүү" гэгдэн 25 жилийн ял сонсож, 1954 он гартал Улаанбаатарт хоригдоод, БНХАУ-д тушаагдсан, энэ нь цаашид 27 жил хоригдохынх нь шалтгаан болсон, эмгэнэлт хувь заяатай С.Соёлжавын тухай үгүүлнэ. Дараагийн номд, хүүхэд насандаа БНМАУ-ыг үлгэрийн орон мэт санан оргож ирсэн ч, насан туршдаа хардагдаж сэрдэгдэж, хужаа хэмээн чичлүүлж, гадуурхагдаж хохирч, алба тушаал ахих, гавъяа шагнал хүртэх, иргэн болох эрхгүй, II сортын хүн байж явсаар сүүлдээ АНУ-ын харъяат болсон А.Өлзийбаярын тухай үгүүлнэ.

1987 оны "өөрчлөн байгуулалтын" үед өмнөд монголчуудад хандах харгис хандлага өөрчлөгдсөнгүй, НҮБ-д Өвөр Монгол дахь хүний эрхийн байдлыг таниулах гэж БНМАУ-д зугатаж ирсэн Баатар, Улаангэрэл нарыг БНХАУ-д тушаав.

Харин 1990 оноос хойшхи "ардчиллын" үед байдал өөрчлөгдөв үү?

2. Монгол улс өмнөд монголчуудын хувьд хаалттай бүс

Монгол улсад ардчилал ялсан гэх мэдээг дуулаад Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос олон монголчууд хойд хөрш рүүгээ очиж амьдрах хүсэлтэй болсон. 1993 онд түрүүч нь болох 14 гэр бүл Монгол улсад ирснийг төрөл бүрээр зовоож шаналгасаар 10 гэр бүлийг БНХАУ-д буцааж, 4 гэр бүлийг ОХУ руу гарахад хүргэжээ. Нэг гэр бүлийн хоёр хүнийг үлдээн суурьшуулахыг Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбатаас, түүний ахиж дэвшихэд их тус үзүүлж явсан ачтай хүн нь хичээнгүйлэн хүсчээ. П.Очирбат ерөнхийлөгч зөвшөөрсөн ч, биелүүлж чадсангүй. Улсын ерөнхийлөгч хөөцөлдөөд хөөцөлдөөд, өмнөд монгол хүнийг Монголын иргэн болгож чаддаггүй явдал одоо ч давтагдаж байдаг бололтой.

1991 онд Тайваний өмнөд монгол 6 гэр бүл Монгол улсад ирж суухыг хүссэн нь бүтсэнгүй. АНУ-ын эрдэмтэн Наранбаатар, Алтан-Өлзий, Тайваний эрдэмтэн Хагаанчулуун нарын өмнөд монгол гаралтай эрдэмтэд Монгол улсад хөдөлмөрлөх хүслээ илэрхийлэхэд мөн эс зөвшөөрсөн хийгээд, Наранбаатар эрдэмтэн 300 мянган долларын үнэтэй лабораторитойгоо ирнэ, төрөөс цалин, дэмжлэг авахгүй гэж байжээ.

Хүний эрхийн идэвхтэн Д.Мөрөн, судлаач Ц.Эрдэнэбаяр нарыг Швед, ОХУ-д амьдрахад хүргэсэн (хоёулаа тодорхойгүй шалтгаанаар алагдсан). Д.Мөрөн Монголд олон жил (1989-2000) аргалж чаргалан сууж, бүрмөсөн үлдэхийг үнэхээр их хүсч байсан юм. Монголын нэгэн сонинд ажиллаж байсан сэтгүүлч М.Бадамыг гэнэт үндэслэлгүйгээр баривчлан гаргасан нь шуугиан дэгдээж байв. Гадаадын хөрөнгө оруулагчдад төрөөс нэн сайн хандана гэдэг ч, өмнөд монгол хөрөнгө оруулагчдыг хүлээж аваагүй тохиол олон.

2009 онд монгол соёлын төлөө тэмцэгч Батзангаа дүрвэгч болохоор Улаанбаатарт ирээд, НҮБ-ын хамгаалалд ороод байхад нь, Монгол, Хятад улсуудын цагдаа нар НҮБ-ын салбарын монгол ажилтантай нийлж, НҮБ-ын байранд дуудан, гадаа нь отож баривчилсан. 2008 онд Монгол улсын иргэн, өмнөд монголчуудын хүний эрхийн идэвхтэн Ж.Соёлтыг БНХАУ-д ажлаар очиход Монгол улсын хүчнийхэн Хятад улсын хүчнийхэнтэй хамтран ажиллаж, баривчлуулж 6 сар хориулах ажлыг зохион байгуулалцсан гэдэг. Ж.Соёлт ийнхүү хэлмэгдсэнийг Монголын янз бүрийн төрийн байгууллагууд нуун дарагдуулж ч байсан.

2011.5.30-нд Улаанбаатарт болсон Өмнөд Монголын дэмжих цуглааны дараахан, түүнд оролцсон 10 өмнөд монгол хүн гадаад улс руу дүрвэн одсон. Өмнөд Монголын нэрт тэмцэгч малчин Мэргэн алагдсанаас хойш, хүний эрхийн идэвхтэн дөрвөн өмнөд монгол хүн Монгол улсад ирсэн ч, мөн гадаад руу дүрвэхээс өөр аргагүй байна. Нэг нь бүсгүй хүн бөгөөд, амьжиргааны ямар ч эх үүсвэргүй, айл айл дамжин өдөр хоногийг төөрүүлж байгаа гэнэм.

1990 оноос хойш 1000 орчим өмнөд монгол хүн Монгол улсад ирснээс, хавчиж шахах, барьж тушаах, эрүүдэн шүүх, луйвардан цөлмөх зэрэг зүй бус үйлдлүүдээс болж, 900 орчим нь гадагшаа гарч, 100 орчим нь л үлдсэн гэж Монголын "Хөх толбо" сонины "Өмнөд монголчуудын өр лүү өшиглөсөн он жилүүд" үгүүлэлд бичжээ (2011 оны №33).

3. Хилсээр хэлмэгдүүлдэг жишээнүүд

Монгол улсад өмнөд монголчуудыг худал хэрэгт холбогдуулан гүтгэдэг, бүр эрүүдэн тамладаг нь арилахгүй байсаар. Зарим жишээг дурдъя...

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бизнесмен Алтансангийн хөрөнгийг битүүмжилж, хуурамч хэрэгт холбогдуулан шалгаж, шүүхээр буруугүй нь нотлогдоход, улс төрийн үйл ажиллагаа явуулав (Монгол улсад гадаадын иргэн улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй гэгддэг) гэж хорин, хүнд хэрэгтнүүдээр тархинд нь хадаас зоох зэргээр харгисаар тамлуулж, улмаар БНХАУ руу гаргасан. Өвөр монгол бизнесмен Зууннастын хөрөнгийг мөн элдэв арга бач хэрэглэн залилан авсан хэргийг өнөөгийн төрийн маш том албан тушаалтан хүн хийж байсан гэдэг.

Дээд Монголоос ирсэн, Монгол улсын иргэн эхнэртэй, 2 хүүхэдтэй эрдэмтэн Д.Мөнхбаатарыг Ажиа гэгээнд мөргөснийх нь төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулав гэж БНХАУ руу албадан гаргасан. Энэхүү албадан гаргасныг үндэслэлгүй зүйл боллоо гэж хөөцөлдөж явсан Дээд Монголын хоёр залууг мөн дээрх шалтгаанаар гаргажээ.

1998 онд Монголын ардчиллын эцэг гэгддэг С.Зориг алагдсаны дараа, өмнөд монголчуудыг мөн хэлмэгдүүлсэн. НҮБ-ын хамгаалал дор байсан, хүний эрхийн идэвхтэн Д.Ялалтад С.Зоригийг хөнөөсөн хэргийг хилсээр хүлээлгэх гэж халаалтын ширэм мөргүүлэн зодох зэргээр харгислаж, НҮБ түүнийг Швед рүү дүрвүүлэх ажлыг яаралтай зохион байгуулсан. Хүнд гэмтсэн Д.Ялалтыг дамнуургаар шоронгоос онгоц руу хүргэж байсан. НҮБ-ын хамгаалалт дор байна гэдэг нь Монгол улсад ямар ч хамгаалалтгүй байна гэсэн үг гэхэд болно.

2006 онд нэгэн өмнөд монгол хүнийг хүчнийхэн хулгайлан, БНХАУ-ын талд сэм өгөх гэж, хөнгөн тэрэгний тээшийн саванд хийж тээвэрлэн хилийн ойролцоо аваачиж, бие засах газар удтал хорьсон агаад, тэрбээр амиа хорлохыг ч оролджээ. Хилчид тохиолдлоор илрүүлж аварсан агаад, хүн хулгайлсан төрийн албан хаагчид зугтаж алга болсон байдаг.

2010 онд Монголын иргэн, иргэний хөдөлгөөний идэвхтэн Т.Сүхболдын амь насыг хөнөөсөн эзэн эхнээсээ тодорхой байсан атал, өмнөд монгол Соёлтыг уг хэргийг үйлдсэн хэмээн гүтгэж хорьсон. Иргэний хөдөлгөөнийхөн жинхэнэ буруутанг шийтгэхийг шаардаж тэмцсэн учраас л Соёлтыг сулласан.

2012 онд өмнөд монгол О.Цэнгэлийг төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэх хэрэгт холбогдуулан хорив. 3 сарын дараа, уг хэрэгт холбогдон хоригдож байсан, хэргийн гол зохион байгуулагч гэгдэж асан хүнийг сулласнаар О.Цэнгэл уг хэргээр хоригдож буй цорын ганц хүн болов. Түүнийг хээр аваачин цаазалж буй мэт дүр үзүүлэн хий буудах, хүнд гэмт хэрэгтнүүдээр зодуулах, дээрэмдүүлэх, хэрэгт холбогдогчид дундаас ганцааранг нь хүнд нөхцөлтэй өөр шоронд аваачиж хорих зэргээр, зүсэн зүйлээр зовоож иржээ. Өдгөө түүний хэрэг бүр шийдэгдээд, ял сонсох л дутуу байна гэнэ. Гэтэл О.Цэнгэл төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэх нотолгоо, үндэслэл үгүй юм. Ийнхүү энэ өмнөд монгол хүн хамгийн хүндэд тооцогддог гэмт хэргүүдийн нэгийг үйлдсэн гэгдэн хилсдэж байна.

2013 оны 1-р сард өмнөд монгол Н.Алхааг дээрмийн бүлгийн толгойлогч хэмээн хилсдүүлэн хорьсон болно. Ингэхдээ зодох, барилгын шатан дор халаалтын ширэмнээс гавлан хонуулах, сүрдүүлэн заналхийлэх зэргээр зүй бусаар ханджээ. Түүнийг барьцаагаар сулласан ч, заавал ямар нэг буруутгалд оруулах гэж, өдөр бүр дуудан, өдөржин суулгалгүй хүлээлгэх зэргээр зовоосоор байна.

Нэгэн өмнөд монгол хүнийг хэрэгт сэрдэн шалгахдаа, гутлаа долоолгох зэргээр доромжлон хандсан тухай мэдээлэл саяхан чих дэлслээ...

Ийнхүү Монгол улс Хятадын дараа орох, өмнөд монголчуудын эрхийг хамгийн ихээр зөрчин зовоодог орон байсаар байна.

4. Өмнөд монголчуудын эсрэг өргөн суртал нэвтрүүлэг

Саяхан, газраа булаалган амьдрах аргагүй болсон өмнөд монгол өрхүүдийн эхчүүд Бээжинд очиж эрх баригчдад биечлэн гомдлоо мэдүүлэх гээд, вокзал дээр хүчнийхэнд замаа хориулан, өвдөг сөхөрцгөөчихсөн уйлалдаж байсан өрөвдөлт дүр зураг түгсэн билээ. Энэ мэт асуудал бэрхшээлтэй болсон өмнөд монголчууд Монгол улсад ирж амьдрахыг хүсэх л болно.

Гэтэл Монголын зохих байгууллагууд үүнд яаж хандаж байна вэ? Тэд Монгол улсыг өөр улсын харъяат монголчуудын хувьд нэвтрэх суухад хориотой орон болгосон хэвээр байна. Нэгэн албан тушаалтанд миний бие: "Хууль дүрмийн дагуу шаардлагаа хангачихсан, Монгол улсад олон жил суун нийгэмшиж, манай хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хэн болохоо харуулсан, аюул осолтой элемент биш гэдгээ баталсан 60 гаруй өмнөд монгол хүнд иргэний болон, зохих оршин суух эрхүүдийг нь өгөх хэрэгтэй" гэхэд: "Шаардлага хангасан байлаа ч болохгүй, маш аюултай" гэж хариулсан билээ.

Саяхан "Өглөөний сонин"-д (2013.3.21): "Энэ сарын байдлаар Монгол улсад 28 мянган гадаадын иргэн амьдарч байна" гэжээ. Мөн залгуулаад, "2013 онд засгийн газрын квотоор гадаадын 30 мянган иргэн Монголд ирж ажиллах болсон" гэжээ. ГИХАЭГ-ын даргын үгнээс эш татан, дээрх баримтуудыг дурдсан байна. Ийм олон мянган гадаадын иргэнийг Монголын төрийн байгууллагууд аюултай гэж үздэггүй. Харин тэдгээрийн хэдэн зуу нь болох өмнөд монголчуудыг л маш их аюултай гээд байдаг нь хачирхалтай шүү.

Тэгвэл тус газрын өөр нэг албан тушаалтны зүгээс өмнөд монгол хүнд: "Өвөр монгол хүн Монгол улсад цагаачлах ямар ч шалтгаан байхгүй" гэж нэлээд албан ёсны маягтайгаар, ажлынхаа удирдамж болгосон янзтайгаар хэлсэн байдаг. Тэгвэл НҮБ-ын дүрвэгчийн комиссариатын монгол ажилтан "Дүрвэгчийн газар ажиллахаа болилоо" гэж өөрийн дураар хэлээд л өмнөд монголчуудтай харьцахаа больж байсан бөгөөд, Монголын зарим иргэд шуугиан дэгдээх төлөвтэй болоход л "Дүрвэгчийн газар ажиллах болсоон. Та нар яагаад элдэв юм яриад байгаа юм?" гэж дургүйцэн хэлж, "нээж" байсан байдаг.

Өөрсдийг нь нэвтрүүлэхгүй хааж хорих хэрнээ, өмнөд монголчуудын эсрэг хорт суртал ухуулгыг Монгол улсад янз бүрийн этгээдүүд өргөнөөр өрнүүлдэг. "Өвөр монгол хүнээс цэвэр цусны хятад дээр" гэх үг оргил нь гэлтэй. Хорт суртал ухуулгын гол агуулга нь: өвөр монголчууд шиг муу муухай хүмүүс хорвоо дээр байхгүй.

Миний бие 2012 оны 3-р сард нөхдийн хамт "Өмнөд монголчуудад зүй бусаар хандахаа больцгооё!" сэдэвт хэвлэлийн хурал зохион байгуулалцсан болой.

Тус хэвлэлийн хурлын бичлэгийг саяхан БНХАУ-д хорьсон байна. Яагаад тэр вэ? БНХАУ-ын эсрэг гэхээр зүйл яригдаагүй, харин ч нөгөө талаар БНХАУ-ын зарим иргэдийн эрх ашгийг хамгаалсан ч гэж ойлгогдохоор зүйл яригдсан. Ийнхүү, өмнөд монголчуудад зүй бус хандахыг эсэргүүцэхэд таагүй реакци хариуд нь үзүүлдэг нэгдмэл орон зай Монгол улс, БНХАУ-д байх мэт.

Үнэн худлыг нь магадлаагүй байж, "өвөр монгол хүн хэрэг үйлдэв" гэж яаран, сүр бадруулан мэдээлэх, өвөр монгол биш байсан ч, "Өвөр Монголын иргэн", "Өвөр Монголоос ирсэн" хүн хэрэг үйлдэв гэж онцлон мэдээлэх хандлага нэлээн буйг анзаарч болно.

2011 онд МХЕГ-ын лабораторийн барилга дээрх хужаа нарыг өвөр монгол хүн "Дайраад!" гэж уриалсан гээд л мэдээлэгдсэн. 2012 онд "Роял Таун"-ы танхайрсан хужаа нарыг өвөр монгол Ганаа оруулсан гэж онцлон мэдээлсэн. Өвөр монголчууд л хятад ажилчдыг оруулж ирээд байна, Бөхөө гэдэг хүн хятадуудад Монголын визийг зардаг, Монголын хүчний байгууллагуудыг атгадаг гэх дуулиан 2013 оны 6-р сарын эцсээр дэгдсэн. Монгол улсад өөр ажил олдохгүйн улмаас, өмнөд монголчууд Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад ажиллах, хятадуудад хэлмэрчлэх нь түгээмэл. Гэтэл ердөө л хэлмэрчилж явсан хүнийг хэргийн гол эзэн мэтээр "ойлгох" нь энгийн үзэгдэл.

Өвөр монголчуудыг гутаан гүтгэсэн "Цөөвөр Монгол" хэмээх зохиогч нь тодорхойгүй нийтлэл 2012 оны зун ихэд түгсэн. Саяхан, "өвөр монгол хүн: "бид бүх ар монгол охидыг биеэ үнэлэгч гэж боддог" гэсэн" гэх эх сурвалжгүй, утгагүй мэдээлэл их түглээ. Өвөр монголчуудыг үгийн муугаар хэлж, хараалын муугаар дайрсан "хип-хоп дуу" ч гарсан.

2011 оны хавар "Үнэн" сонинд гарсан "Өвөрлөгч этгээдэд зугаатай зорчсон тэмдэглэл" гэх, өмнөд монголчуудын үг яриаг гуйвуулан шоог доог болгосон зохиомж гарсан нь үлэмж түгсэн. Түүнээс хуулбарлан зохиосон "Ар-Өвөр монгол толь" гэх утгагүй, бүдүүлэг зүйл бүр их дэлгэрсэн. Янз бүрийн дизайнтайгаар, 2011 оны эцсээс өдий хүртэл тараасаар байгаа эл зүйлийг фейсбүкэд мянга мянган удаа шейрлэдэг. Хошин шогийн "Маск" хамтлагийнхан үүнийг жүжигчлэн тоглож, үзэгчдийн доог тохуу болгосон. Өдгөө, өмнөд монголчууд англи хэл үзэж байгаа тухай гэх даажигнаж тохуурхсан бичвэр идэвхтэйгээр цацагдаж байна.

Элэглэл хийдэг гэх бүх хүн л өмнөд монголчуудын үг яриаг элэг доог болгож байдаг нь харуусалтай. Энэ нь хошин шог, нөхөрсөг шог ердөө биш, чухам элэг доог болгох л үйл болой. Урьд ийм "элэглэл" их хийдэг Д.Цовоо гэх жүжигчин их л содон санагддаг байсан. Тэгвэл одоо бүх "элэглэгчид" ахан дүүсээ голгүй гомдоох нүгэл үйлдэж байна. Мистер Боки гэх "элэглэгч" бараг үүгээр бүтэн тоглолт бэлтгээ шив. "Помогите нам" кинонд тиймэрхүү зүйл орсон. Энэ мэтэд эмзэглэн түгшсэн өвөр монгол эмч З.Сүхээ ар монголчуудад хандан ил захидал бичлээ.

"Алтан микрофон" наадам дээр алдарт хуурч Чи.Булаг гуай үг хэлэхээр гарч ирж, мэнд мэдэнгүүт үзэгчид өмнөдийн аялгууг нь сонсоод нирхийтэл хөхрөлдөж, тэр эрхэм хүнийг маш эвгүй байдалд оруулж байсан билээ. Доог тохуучдын гай балаг энэ! Нэрт дуучин Цахар Тугчи Урнаа ч өмнөд монголчуудад энэ мэт зүй бус ханддаг явдлын талаар харуусан ярьж байсан удаатай.

Монгол Улсын Төв Номын Сангийн ажилтнууд өвөр монголчуудыг янз бүрээр ялгаварлан гадуурхаж, "Та нар захиалсан номоо хуулан бичиж, Хятад руу манай оюуны баялгийг хулгайлан гаргадаг" гэж ямар ч үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж, зарим номуудыг захиалуулахгүй хэмээн эрхийг нь хөсөрдүүлэн, дээрэнгүй авирлаж байдаг гэсэн зөрчлүүд гарсан.

Өмнөд монгол хүнтэй гэрлэсэн, хамтран ажилласан, өмнөд монгол эцэгтэй юм уу, эхтэй хүнийг ч эрлийз хурлийз, тагнуул туршуул, хужаа луухаанаар нь дууддаг. Дуучин С.Сэрчмаа өмнөд монгол бизнесмен Баярттай, дуучин Ч.Цэлмүүн өмнөд монгол залуу Алтанхайрхантай, жүжигчин Б.Хулан өмнөд монгол бизнесмен Соёлтхүүтэй гэрлэснийхээ төлөө олон хүнд "хужаатай суулаа" гэж хараалгаж зүхүүлж, бараг л эх орноосоо урвагч гэгдэн үзэн ядагдах дөхсөн. Өвөр монгол хүнтэй гэрлэсэн эмэгтэйг эрлийз хурлийз хүүхэд гаргана гэж дайрдаг. Тэдгээр эмэгтэйчүүд дарамт шахалтаас болж, өвөр монгол хүнтэй суугаагүй гэж олон нийтэд ч мэдэгддэг, заримынх нь гэр бүл сарнидаг. Өвөр монгол эцэгтэй гэгддэг П.Очирбат, Өмнөд Монголоос гаралтай гэгддэг Ц.Элбэгдорж зэрэг Монгол улсын ерөнхийлөгчид сонгуулийн үед маш ихээр хужаа, эрлийз хурлийз, харь гаралтан гэж дайрагдаж байсан агаад, бусад цаг үед ч тийм дайралтууд бараг тасардаггүй.

Нэлээд юм уншсан, мэдсэн хүмүүс ч өвөрлөгч гэдэг бол хятад гэсэн үг гэх ойлголттой байх нь тохиолдоно. Тэгээд хятад гаралтай хүнийг өвөрлөгч гаралтай гээд, хятад санаа айхтар шүү гэх гээд өвөрлөгч санаа айхтар шүү гээд л явж байх. Зарим хүн бүр Хятадыг Өвөр Монгол гэдэг гэсэн ойлголттой явж байх жишээний. Олон жилийн тархи угаалтын үр дүн ч байгаа байх, өөр юм ч байгаа л байх.

"Өвөр монголчуудаас хол бай" гэж Монголын хүчнийхэн ард иргэддээ сануулж байдаг. Өмнөд монголчуудыг сонирхох, тэдэнтэй харьцах, хамтран ажиллах, эрхийнх нь төлөө үйл үйлдэл хийсэн хүмүүстэй тэд тусгайлан уулзаж, өвөр монголчууд бүгд тагнуул, эрүүгийн гэмт хэрэгтэн гэхчлэн ухуулдаг, ятгадаг, хов жив тараадаг, хутган үймүүлдэг. Монгол дахь өвөр монголчуудаар хүсэл зоригийнх нь эсрэгээр, янз бүрийн бохир, хууль бус үүрэг даалгавар өгөн биелүүлгэх гэж шахан дарамталдаг.

Өмнөд монголчуудын эрхийн төлөөх акциудыг авч үзье. 2011 оны 5-р сарын эцсээр БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө болсон жагсаал цуглааны дараа, гэм зэмгүй нэгэн зохион байгуулагч "Хөх Монгол" ТББ-ын тэргүүн Д.Гансүрэнд хилсээр эрүү үүсгэсэн.

6-р сард тэнд болсон цуглааныг цагдаа нар эхнээс нь эцэс нь хүртэл саад учруулан, үндсэндээ хийлгээгүй. 12-р сарын 10-нд болсон цуглааны мэдэгдлийн утга санааг СБД-ийн захиргаанаас "Өмнөд Монголын" гэх утгагүй болгон зөвшөөрсөн хариундаа засварлан бичсэн байсан агаад, ЭСЯ-ны өмнө бус, ойролцоо жижиг (Оюутны) талбайд хийлгэсэн, удалгүй тэр талбайг автомашины зогсоол болгосон. 2012 оны 3-р сард хүн зон олноор явдаггүй, цугладаггүй Битлзийн хөшөөний дэргэд хийлгэсэн. 5-р сард Тусгаар тогтнолын талбайд цуглаан хийхийг зөвшөөрсөн байснаа гэнэт үгүйсгэн, маргааш нь цуглааныг явцынх нь туршид цагдаа нараар үймүүлгэсэн, идэвхтэн 7 хүнийг цагдаагийн газар хуурч аваачин, хэрэг бүртгэн байцааж, 5 цаг саатуулсан. 9-р сард Хятадын ЭСЯ-ны өмнө цуглааныг хэдхэн минут хийгээд байхад хүчээр тараасан, хүчээр тараах гэж цагдаагийн олон албан хаагчийг цуглуулж бэлтгэсэн байсан, зохион байгуулагчид торгох арга хэмжээ авсан.

Өмнөд монголчуудын эрхийн төлөөх хөдөлгөөнийг тагнах, дарамтлах, штрейкбрехер, провокатор шургалуулах, янз бүрийн шийтгэл оноох зэргээр бөхөөх чиглэлтэй ажиллагааг төрийн зүгээс явуулсаар, 2011 оны 5-р сарын оргил үетэй харьцуулахад өдгөө нэн идэвхгүй болгожээ. 2013.5.10-нд Сүхбаатарын талбайд болсон, малчин Мэргэний дурсгалд зориулсан цуглааны "зөвшөөрлийг" БЗД-ийн хамгийн олон мод тарина гэсэн өдөрлөгтэй цаг хугацаа, байршлын хувьд давхцуулан олгож, тэнд сайд дарга, мод таригчид үг хэлж, урлагийн тоглолт үзүүлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн.

Уг нь бол ар монголчууд өвөр монгол ахан дүүстээ дургүй биш юм. Харийн хорт бодлоготнууд, цөөн тооны үл бүтэх этгээдүүд л ар өвөр ахан дүүсийг хагаралдуулахыг оролдож буй нь ойлгомжтой. Гэхдээ хагаралдуулаад байгаа юм чинь хагаралдаад байхаас биш яахав дээ гээд мууг өөгшүүлэн сууж болохгүй. Чингэвээс, дискриминаци, расизм, апартейд, репресси, геноцид, шовинизм, сегрегаци, ксенофоби гээд хамгийн хүндэд орох гэмт хэргүүд үүсдэгийг анхаарууштай.

Ар монголчууд өмнөд монгол ахан дүүсийнхээ эрхийн төлөө их бага янз бүрийн хэмжээгээр тэмцэж ирсэн нь сайшаалтай.

Ч.Мөнхбаяр

MMXIII.V.XV


Comments