2015 02 06-ны 11 цагт Өвөр Монголын малчдыг дэмжиж буйгаа илэрхийлэлээ - Монгол улс Улаанбаатар

2015.2.6-ны 11 цагт Өвөр Монголын малчдыг дэмжиж буйгаа илэрхийлэхээр эвлэлдэн нэгдсэн хэсэг нөхөд БНХАУ-ын ЭСЯ руу зүглэсэн юм. Гэтэл олон цагдаа тэдгээр нөхдийг хүчээр автобусанд суулгаж, цагдаагийн газар аваачив. Цагдаагийн машин дохио хангинуулан явж, цагдаагийн газрын гадаа олон цагдаа бөөгнөн, нохой хуцуулан, сүрийг үзүүлэн угтав. Нэг офицер "Та нарыг барьснаараа бахархаж байна" гэж мэдэгдэв. Нэгийг маань шүүхэд шилжүүлээд байна. Ийнхүү жилээс жилд хүний эрх улам боогдож, Хятадын нөлөө улам л ихэсч байна даа.
БНХАУ-ын дарга Си Цзинпинь, 
БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэцянд
Өвөр Монголын малчдын эрхийг хүндэтгэ!
Шаардлага
Улаанбаатар хот 2015.02.06
Өнөөдөр дэлхий даяар уугуул ард түмнүүдийн эрхийг дээдлэх шинэ сэтгэлгээ түгж байна. Уугуул ард түмний хэл соёл, амьдрах уламжлалт хэв маяг, өөрсдийн хувь заяаг шийдвэрлэх эрхийг хамгаалах нь хүн төрөлхтний оршихуйтай холбоотой амин чухал
асуудал болоод байгаа билээ.
Гэтэл бидний яс махны тасархай өвөр монголчуудын уугуулын эрх маш их зөрчигдөж, сүүлийн үед улам нэмэгдэж байна. Ялангуяа, малчдын бэлчээр нутгийг хууль бусаар булааж, хүчээр суурьшуулан, аж амьдралыг нь бусниулах явдал ноцтойгоор ихэсч байгаа юм.
Монгол улсын хилээс холгүй байдаг Зүрхийн цэргийн баазыг өргөжүүлнэ гэж 800 өрхийн 3000 хүний амьдралыг түйвээлээ. Үүнийг Улаанцав аймгийн Дөрвөд хошууны малчид эсэргүүцэн хөдөлгөөн үүсгэж, зарга хийж, мэдээлэл түгээж, Бээжин хотод мэдүүлэх зэргээр тэмцсэн. Шилийн гол аймгийн Сөнид баруун, Авга, Баяннуур аймгийн Урадын хойд хошууны малчид ч урамшин зоригжиж, бэлчээр нутгийнхаа төлөөх тэмцлээ идэвхжүүлсэн. Холбогдох жагсаал цуглаанууд удаа дараалан явагдлаа. Авга хошууны малчин Төмөр харгис бодлогыг эсэргүүцэн, амь насаа егүүтгэлээ!
Харин БНХАУ-ын засаг төр малчдын хүсэл зорилгыг анхааран үзэж, шударга ёсыг тогтоохын оронд, хууль ёсны тэмцлийг нь хүчээр дарах ажиллагаа л хийж ирэв. Бээжинд очсон малчдыг хүчээр буцаав. 15 малчныг баривчилж, Одонхуар, Наранхуар, Давшилт, Адъяа, Алимаа нарт "зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан" гэж 15 хоног хорих шийтгэл оноов. Мэдээлэл түгээсэн өвөр монголчуудыг "улсын нууцыг задруулсан" гэхчилэн буруутгаж, заримыг нь хэд хоног баривчилж, заримд нь хатуу сануулга өглөө.
Энэ бүхэн нь Монгол улсын иргэд төдийгүй, даян дэлхийн шударга олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Тийм учраас өвөр монгол ахан дүүсээ дэмжигч Монгол улсын иргэд бид нийслэл Улаанбаатар хотдоо, БНХАУ-ын элчин сайдын яамны дэргэд, 2015.2.6-ны 11 цагт "Өвөр Монголын малчдын эрхийг хүндэтгэ!" хэмээх эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна.
Бид бүхэн БНХАУ-ын нам засагт хандан:
1. Найрамдалт хөршийнхөө хилийн дэргэд цэрэг-зэвсэглэлээр хөөцөлдөхөө багасгаж, цэргийн баазыг өргөжүүлэхээр малчдын бэлчээр нутгийг булаахаа зогсоо!
2. Уул уурхайн голдуу шаардлагаар монгол малчдын бэлчээр нутгийг булаахаа зогсоо!
3. Хууль ёсны тэмцэл өрнүүлсэн малчдыг суллан цагаатгаж, тэдний зөв зүйтэй шаардлагыг биелүүлж, хохирлыг нь барагдуулж, гэм буруутнуудыг шийтгэ!
4. Дэлхий нийтээр уугуул ард түмнүүдийн хэл соёл, амьдрах уламжлалт хэв маяг, өөрсдийн хувь заяаг шийдвэрлэх эрхийг дээдлэн хамгаалж буй хэм хэмжээг нэвтрүүлэн хэрэгжүүл! гэж шаардаж байна!
"Өвөр Монголын малчдын эрхийг хүндэтгэ!" 
цуглаанд оролцогч ТББ-ууд, иргэдээс










Comments