​ Дэлхийн өмнөд монголчуудын их хурлын тунхаг

Өмнөд монголчууд бид эрх чөлөөний тэмцлийн арвин их түүхтэй билээ. 19-р зууны үеэс үндэсний эрх чөлөөний тэмцлийг эрчимтэйгээр өрнүүлэн, 1911 оны Нэгдсэн Монгол улсыг байгуулах их хувьсгалд мөн идэвхийлэн манлайлан оролцсон билээ.
1915 оны "Гурван улсын гэрээ"-гээр шинэ тулгар Нэгдсэн Монгол улсыг бусниулан үгүйсгэж, монгол үндэстнийг тасчин хуваасан. Гэвч өмнөд монголчуудын тэмцэл эрчийг аван үргэлжилж, янз бүрийн арга хэлбэрээр өрнөж, төр засгуудыг хэдэнтээ байгуулж, тусгаар тогтнолын байдлыг 1933-1949 онд олж байсан билээ.
Гэтэл Хятадын Эв Хамт Нам холбооны чөлөөт улсыг хамтран байгуулъя, та бүхний санаанд эс нийцвээс холбоот улсаас гарч болно гэж хуурч мэхэлж, мөн хагалан бутаргах, хутган үймүүлэх зэрэг башир аргуудыг хэрэглэн, өмнөд монголчуудыг БНХАУ-ын бүрэлдэхүүнд оруулсан.
Түүнээс хойш Баруунтантай тэмцэх, Соёлын хувьсгал, Өвөр ардын намын хэрэг зэрэг томоохон хэлмэгдүүлэлтүүд, байнгын колонийн дарлал, уусган сөнөөх бодлого, хавчин ялгаварлах үйл ажиллагаа, нутаг ус, байгалийн баялгийг булаах дээрэм, үндэсний хэл соёлыг мөхөөх хорлол, хардлага сэрдлэг зэрэг түмэн харгис хэрцгий явдалд өртөн, өмнөд монголчууд олон арван жилийн турш зовж зүдэрч ирлээ.
Үндэсний эрх чөлөөнийхөө төлөө эрслэн тэмцэж ч ирлээ. Сурагчдын бослого, Хадаа багшийн хөдөлгөөн, “тэрслүү үзэлтнүүд” гэгдсэн эх орончдын эсэргүүцэл, Малчин Мэргэн алагдсанд хилэгнэсэн жагсаал цуглаанууд гээд олон жишээг дурдаж болно. Хилийн чанадад өмнөд монголчуудын үндэсний эрх чөлөөний төлөөх нам холбоодыг байгууллаа.
Гэвч өмнөд монголчуудын дарлагдал буурсангүй. Малчдын бэлчээр нутгийг булаах, өөр мужаас олон шилжин суурьшигчийг ирүүлэн зөрчил үүсгэх, хэт уул уурхайжуулах зэрэг ноцтой дарлалууд гарсаар, эсэргүүцэн тэмцэгчдийг дарсаар. Ийм нөхцөлд БНХАУ-ын хилийн дотоод гадаадад буй өмнөд монголчуудын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчид хүчээ нэгтгэн, илүү өргөн зохион байгуулалттайгаар ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнийг гүнээ ухамсарласан бид:
Дэлхийн өмнөд монголчуудын их хурал (ДӨМИХ) хэмээх байгууллагыг үүсгэн нэгдэж буйгаа тунхаглаж байна!
ДӨМИХ нь бүх өмнөд монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, хүний эрх, ардчилал, бие даасан хөгжил дэвшлийн төлөө эх оронч, тууштай, зарчимч, ажил хэрэгч, амь бие хайргүй, өргөн хүрээний, эв нэгдэлч тэмцлийг өрнүүлнэ гэдгээ тунхаглаж байна!
ДӨМИХ нь бүх өмнөд монголчуудын болон, даян дэлхийн шударга хүчнүүд, улс орон, ард иргэдийн хувьд нээлттэй хамтын ажиллагааг өрнүүлэн, үйл ажиллагаа явуулна гэдгээ тунхаглаж байна!

Comments