Олон улсын байгууллагууд өмнөд монголчуудыг өмгөөлсөн байр суурьтай байгаа

Ch.Mönkhbayar: Olon ulsyn baiguullaguud ömnöd mongolchuudyg ömgöölsön bair suuritai baiga





Ч.Мөнхбаяр: Олон улсын байгууллагууд өмнөд монголчуудыг өмгөөлсөн байр суурьтай байгаа
Өчигдөр "Нэгдсэн Монгол" хөдөлгөөнөөс өмнөд монголчуудыг Монгол Улсаас албадан гаргаж байгаа нь тэдний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн хэвлэлийнхэнд хандлаа. Энэ үеэр тус хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяртай ярилцлаа.
-Та бүхэн ямар учраас Өвөрмонголчуудын эрхийн төлөө ийн зүтгэж байгаа юм бэ?
-Өвөр монголчууд гэдэг маань бидэнтэй л адил монгол хүмүүс шүү дээ. Тэдний эрх Монгол улсад арай дэндүү зөрчигдөж байна, бүр улам ихэсч байна. Тийм болохоор үндэс угсаа нэгт ар монголчууд, үндэсний зүтгэлтэн бид санаа зоволгүй яах вэ. Биднийг хужаа, эрлийз хурлийзийн төлөө явж байна гэж мушгин гуйвуулдаг. Бид хэзээ ч тийм юм хэлж хийгээгүй, хэлж хийх ч үгүй. Харин монгол хүний төлөө бол хэлж хийнэ. Үүнээс санаа зовох зүйл байхгүй. Бид монгол хүн гэдгээ ялгаж салгаж чадна.
-Өмнө нь манай сонин энэ талаар мэдээлж байсан. Өнөөдөр (өчигдөр) дахин хэвлэлийнхэнд ханджээ. Өвөрмонголчуудын эрхийг зөрчсөн өөр асуудал гарсан юм уу?
-"Өдрийн сонин" үндэс угсаа нэгт ахан дүүсээ өмгөөлж хамгаалж байдагт монгол туургатнаа гэх сэтгэлтэй бид бүхэн их талархаж явдаг. 
Шинэ асуудлууд гарсаар л байгаа. Тухайлбал, өнгөрөгч лхагва гаригт ТЕГ-аас гаргасан мэдэгдэл байна. Энэ үеэр Далайбаатар, Тулгуур, Түвшинзаяа гэсэн гурван өмнөд монгол залууг хууль бусаар албадан гаргасан явдлаа ташаа мэдээллээ. Учир нь тэд өмнө нь уг асуудлыг "Мэдэхгүй" хэмээн мэлзэж байснаа, хагас жилийн дараа гэнэт учрыг нь олж ухаарсан янзтай, "Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйл ажиллагаа явуулсан учраас хууль ёсоор албадан гаргасан" гэж мэдэгдлээ.
-Өмнө нь юу гэж байсан юм бэ?
-ТЕГ-ын байр суурь өдий хүртэл ямар байсныг олон хүн гэрчилнэ. Тэдгээр залуусыг албадан гаргахаас өмнө хэд хэдэн удаа, бүр албадан гаргасан тэр өдрөө хүртэл "та нарыг албадан гаргахгүй, та нарыг буруутай гэж үзэхгүй байна" гэж ажилтнууд нь мэдэгдэж байсан. Албадан гаргасны дараа ч тийм л байсан. ТББ, ОУБ, хүний эрхийнхэн, олон нийт, ойр дотныхон нь өдий хүртэл асуухад "бид энэ асуудалд оролцоогүй" л гэдэг байсан.
Гэтэл өнгөрөгч лхагва гаригт ТЕГ тэр гэмгүй залуусын Хятадын тагнуул гэж ойлгогдож болохоор учир битүүлэг мэдээллийг олон нийтэд өгсөн. Тэгвэл Монголын төр, олон нийт, ТББ-ууд, иргэний хөдөлгөөнүүд, олон улсын болон хүний эрхийн байгууллагууд, НҮБ-ыг Хятадын тагнуул гээд мэдэгдчих л дээ. Учир нь энэ байгууллагууд албадан гаргагдсан гурван залууг, өмнөд монголчуудыг өмгөөлсөн байр суурьтай байгаа. 
Ер нь яамныхаа сайдын албан бичгийг нулимчих, дэвсчих л дээ. Тэр олон хууль дүрэм, конвенци, ноотоо ч устгачих. Дараа нь ийм мэдэгдэл хийгээсэй. Өнөөдөр Засаг огцорч, Төрийн байгуулалт хөдөлгөөнд орлоо. Энэ завшаанаар ТЕГ-т ч гэсэн хөдөлгөөн, өөрчлөлтийг дорвитойхон хийхгүй бол учраа олохоо байчихлаа.
-Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар үнэхээр Монгол Улсынхаа төлөө ийм зүйл хийж байна уу, эсвэл Хятадын төлөө элэг нэгтнээ ийн зовоож байна уу?
-Дээрх гурван залууг албадан гаргасан асуудалд ИХШХЕГ гол үүрэг гүйцэтгээгүй гэдгийг ТЕГ мэдэгдлээрээ ойлгууллаа. Гэхдээ өмнөд монголчуудыг хэлмэгдүүлэх ажлыг дээрх газар болон ТЕГ, цагдаагийн байгууллага аль аль нь хийдэг шүү дээ.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Олуулаа болцгооё!" гэж дэлхийн монголчуудад уриалаад байхад энэ нөхөд ийм юм хийгээд байвал Монгол Улсын төлөө ингэж байна гэж яаж ойлгох вэ дээ. Монголын төрийн эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгомоор байна.
-Яагаад тэр вэ?
-Манай зохих байгууллагууд асар их авлигажсан, ёс зүйгүй болсон, үүргээ ухамсарлахгүй байгаатай холбоотой болов уу. Бас их дүр эсгэдэг. Гадны хүндтэй зочин ирэхийн өмнө аюулгүй байдлыг нь хангаж байна гэж өмнөд монголчуудыг хэлмэгдүүлсэн гэх хардлага ч бий шүү дээ.
-Тэгвэл та ойрын үед өмнөд монголчуудыг гаргасан бодитой жишээ хэлж өгөхгүй юу?
-Ойрын үед 30-40 өвөр монгол хүнийг үндэслэлгүйгээр албадан гаргасан гэх асуудал яригдаж байгаа. Үүнийг бид үнэхээр хуулийн дагуу хийсэн эсэхийг судалж байна.
-Цаашид энэ байдал үргэлжилсээр байвал та бүхний зүгээс ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?
-Бид хууль ёсны бүхий тэмцлийн хэлбэрийг ашиглана. Өнөөдөр цөөнгүй нэр хүндтэй, потенциалтай зүтгэлтнүүд, ТББ-ууд, үндэсний үзэлтнүүд энэ асуудал дээр нэгдээд байгаа. Улам олуулаа болсоор байх болно. Өмнөд монголчуудын эрхийг өмгөөлөх хамгийн том төв, хамгийн том идэвхжил тэдний амьдрах улсаас гадна бол Монгол улсад байх учиртай. Үүнийг бид буй болгоно гэж ярилцаж байгаа. 1990 оноос өмнө Монгол улс дахь өмнөд монголчуудын асуудал гэж төдийлөн байсангүй. Түүнээс хойш харин ноцтой яригдах боллоо. Тэдний эрх зөрчигддөг энэ асуудлыг эцэс болгох цаг ирсэн.
-Ер нь элэг нэгтнээ өмгөөлж үлдэх төрийн эрх бүхий байгууллага, хүн ер нь хэн юм бэ?
-Үүнд юуны өмнө эрхийг нь зөрчөөд байгаа байгууллагууд хамаарагдана. Мөн "Олуулаа болцгооё!" гэж дэлхийн монголчуудад уриалсан Ерөнхийлөгчийн институтэд энэ асуудлыг анхааран ажиллаач ээ гэж хүсмээр байна. 
Бас Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн яам гэхчилэн. Гэхдээ яг цагаа тулахаар гадаадын уугуул монголчуудын эрхийг энэ байгууллага л хамгаалчих юм шүү дээ гэмээр тодорхой үүрэгжсэн байгууллага, албан тушаалтан олддоггүй.
-Гэхдээ Иргэний шилжилт хөдөлгөөний газар гэхэд хамгаалах биш харин ч эсрэг үйл ажиллагааг явуулаад байгаа юм биш үү?
-Бид зохих байгууллагуудад олонтаа хандаж ирсэн. Харин сүүлд нь тэдгээр байгууллагууд биднийг сонсох биш, биднийг эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол хууль бус юм. Үүрэгт ажлаа хийх хэрэгтэй шүү дээ.
Т.Гэрэлмаа

"Өдрйн сонин" 2014.11.08. №268 (4908)

Comments