Элэг нэгтэй Монгол ахан дүүсээ дэмжихийг хүсье.
ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ
ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТ ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ
2014.11.19 Өвөр Монгол иргэдийн
нөхцөлийг сайжруулах тухай
ИХШХЕГ Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэдтэй 11 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагт Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоот өрөөнд уулзалт зохион байгуулж, санал бодлыг нь сонсож, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээ мэдээлэл өгөх болсонд гүн талархал илэрхийлье. Ингээд энэ ховор завшааныг ашиглаж дараах саналыг дэвшүүлье.
Нэг. Засгийн газрын 2003 оны 62 дугаар тогтоолын хавсралт “Монгол улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам” -д заасан Монгол улсын иргэн болгох шалгуур нь хэт өндөр буюу бодит байдалтай нийцэхгүй байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Тухайлбал: тус журмын 2.1.2 -д “хүсэлт гаргагчийн сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү болох тухай холбогдох байгууллагын тодорхойлолт” гэсэн байна. Гэтэл Монгол улсад одоохондоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү цалин өгдөг байгууллаа, аж ахуйн нэгж маш цөөн, бараг алга гэж хэлэхэд болно. 2013 оны 9 сарын 1 өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг гэж тогтоосон, 10 дахин гэдэг нь 1 сая 920 мянган төгрөг. Гэтэл Үндэсний статистикийн хорооны 2014 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 962.3 мянган төгрөг гэж гаргасан байна. Энэ бол нэг хүний цалин биш, гэр бүлийн бүх орлого. Олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар үзсэн ч Монгол улсыг 450 орчим ам долларын дундаж цалинтай гэсэн байна. Гэтэл Монгол улсад Монголчуудтай адилхан нөхцөлд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэн яаж дундаж орлогын 2 дахин 2 сая төгрөгийг олох билээ? Үндэсний статистикийн хорооны мэдээгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2014 оны 3 дугаар улиралд 962.0 мянган төгрөг гэж гарсан байна. Иймээс Монгол улсын иргэн болж амьдрахад нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага болох сая орчим төгрөгийн орлоготой байхад хангалтай аж. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин биш, 5 дахин гэсэн үг. Учир иймийн тулд “Монгол улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам”-ийн 2.1.2 -д “хүсэлт гаргагчийн сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү болох тухай холбогдох байгууллагын тодорхойлолт” гэж заасныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 5 дахин илүү гэж өөрчлөхийг хүсэж байна.
Хоёр. Өвөр Монголчууд бол Монгол Хятадын хилийн зааг тогтоох үед Хятадын талд таслагдаж үлдсэн Монголчууд юм. Батмөнх даяан хааны 6 түмэн Монголын 5 түмэн нь Өвөр Монголд байдаг. Халхыг бас 12 отогт хувааж байсны 5 отог нь одоо хүртэл Өвөр Монголын нутагт аж төрөн амьдарсаар байна. Учир иймийн тулд Монгол улсдаа буцаж ирсэн Өвөр Монголчуудыг бусад гадаадын иргэдээс ялгаж үзэхийг хүсэж байна. Өвөр Монголчуудын виз хүсэх, оршин суух эрх авах, иргэн болох зэрэг асуудлуудыг бусад орны гадаадын иргэдээс хөнгөлөлттэй нөхцөлөөр авч үзэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Ийм жишиг дэлхийн олон оронд байдаг. Жишээ нь: Казахстан улс 1991 онд тусгаар тогтноод бусад улс оронд аж төрж байгаа хасаг иргэдээ буцаж ирэхийг уриалж, тарж бутарсан хасагчуудаа нэгтгэх бодлого хэрэгжүүлсэн, зөвхөн Монголын хасагчууд төдийгүй БНХАУ-д оршин амьдардаг хасагчууд ч олноор Казахстан улсдаа эргэн ирж, хөгжил дэвшилд нь хувь нэмэр оруулж хүчин зүтгэл үзүүлсэн байдаг. Япон ч адилхан, зуугаад жилийн өмнө латин Америкт цагаачилж явсан Япон хүний удам угсаа буцаж ирвэл бусад гадаад иргэдээс ялгаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр хүслийнх нь дагуу иргэн болгох, эсвэл ногоон паспорт олгож, нийгмийн халамжийн асуудалд нь онцгой анхаардаг.
Гурав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор “Олуулаа болох уриалга” гаргасанд нь дэлхийн Монголчууд талархалтай хүлээж авсан. Ерөнхийлөгчийн “Олуулаа болох уриалга”-ыг ажил хэрэг болгох ажлын хэсэг гарсан гэж сонссон. Энэ ажлын явц байдлын талаар мэдээлэл өгөхийг хүсэж байна.
Таны хамт олны ажилд амжилт хүсье. Өвөр Монголын Монголчуудаа ойлгож дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна.
Хүсэлт гаргасан нь:
ГАДААД УЛСАД ОРШИН АМЬДАРДАГ
ӨВӨР МОНГОЛЫН ХЭСЭГ ИРГЭД
Comments
Post a Comment