Ийм “Ардчилал”-ыг бид хүсээгүй.




Ийм “Ардчилал”-ыг бид хүсээгүй.
Хорь дөнгөж гарсан хүүхэд төр барилцаж
Хорин дөрвөн жил олны амьдрал доройтохыг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Ажил хийж шударгаар амьдардаг нь шорон явж
Авлига авч хөлждөг нь ордонд суухыг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Байгалийн баялгаа гадныханд зүгээр өгсөн нь баяжиж
Байсан бүхнийхээ төлөө дуугарсан нь буруудахыг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Газар шороогоо зөөсөн нь одон медаль хүртэж
Гол нуураа хамгаалсан нь өргөст торны цаана суухыг 
“Ардчилал гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Сүүлэрхээрээ адилхан хувааж идчихээд
Сөрөг хүчин болохоор нь эргээд намнахыг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Өмнөх нь хоолны халбагаар зугуухан идэж
Удаах нь наймын хувингаар өм цөм юүлэхийг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Хөдөлмөрлөж зүтгэсэн нь хог дээр гарч
Хулхидаж хошгируулсан нь тэнгэрт нисэхийг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Дүр эсгэж, чухал царай гаргасан нь дээш хөвж
Дуугүй үнэнчээр зүтгэсэн нь доош живэхийг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Алтан амиа ч хайрлалгүй бидний төлөө золиослосон
Анд нөхдөө мартаж “төвийг сахих” нэрээр жийхийг
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Зовох цагт ханилж явсан нөхрөө 
Зовлонгүйгээр араас нь хутгалахыг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Дарийн утаа үнэрлээгүй жаалхүү баатар болж
Дайчин баатар эр гавьяагүй хоцрохыг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Бөгс долоогчид нь чадуу амьдарч
Бүү солиор гэсэн нь ядуу амьдрахыг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Хэлсэн үгнээсээ буцаж няцаж
Хаясан шүлсээ эргэн залгихыг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
ТҮЦ, лангуу ч ажиллуулж үзээгүй нь тэрбумтан болж
Төрснөөсөө үхтлээ хөдөлмөрлөсөн нь тарчиг дорой амьдрахыг “Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Насаараа ажилласан нь нарсанд байгаагаас өөрцгүй амьдарч
Нял шаль хийсэн хүн цөөврүүд наранд жаргаж амьдрахыг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Өвөг дээдсээ дорд үзэж
Өрөөл бусдыг мөнгөтэй нь хамт шүтэхийг
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Хууль сахина гэж цээжээ дэлдсэн нэгэн
Харин энэ хуулиа өөртөө л зориулж батлахыг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Данжаадын хүүхэд даналзаж
Дархан монголын үрс өмөлзөхийг 
“Ардчилал гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Эх орон эзгүйрч, эд хөрөнгөөр солигдож
Эх орончдоо гудамжинд үнэгүйдүүлэхийг 
“Ардчилал” гэдэг юм бол ийм нийгмээс татгалзая
Хэрэв энэ бүх гажуудлаа засаж чаддаг юм бол 
“Ардчилал”-ыг дэмжье
Үгүй юм бол бүрмөсөн больё
Гомбосүрэнгийн Арслан 2014.09.10 


Comments