Өмнөд монголчуудын өмч хөрөнгийг булааж аваад хар тамга дараад гаргаж байна



Г.Ням-Очир: Өмнөд монголчуудын өмч хөрөнгийг булааж аваад хар тамга дараад гаргаж байна
Судлаач Г.Ням-Очиртой ярилцлаа. Өчигдөр тэрээр өөрийн найз болох “Өвөр монголчуудын соёлын холбоо”-ны тэргүүн Ч.Мөнхбаярын хамт өмнөд монголчуудыг Монгол улсаас хоморголон гаргаж байгаа асуудлаар хэвлэлийнхэнд хандсан билээ.
-Та яагаад өмнөд монголчуудын талаар ярих болсон юм бэ?
-Би шашны судлаач хүн л дээ. Ажлынхаа хүрээнд Өмнөд монгол руу их явдаг юм. Энэ хугацаанд би хувь хүний хувьд нэг зүйлд их гутарч, харамслаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олуулаа болох уриалга гаргасан. Үүнээс хойш олон өмнөд монголчууд нутагтаа ирсэн нь тун сайшаалтай. Гэтэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас авахуулаад энэ оны наймдугаар cap хүртэл Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар 40 орчим өмнөд монгол хүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хөөж гаргалаа. Ингэхдээ 3-10 жилийн хар тамга дарж явуулсан. ГИХАЭГ хуулийн хүрээнд ажиллаж байгаа байх л даа. Гэхдээ энэ бол арай хүн чанаргүй, ёсзүйгүй асуудал болж байгааг хэлэх гэсэн юм.
-Яагаад заавал өмнөд монголчуудыг гаргаад байгаа юм бэ?
-Манайд амьдарч байгаа Хятад, Солонгос гэх мэт гадаадын иргэдийн хувьд бизнес хийдэг хүмүүс нь улсад тодорхой хэмжээний татвар төлөхөөс гадна дунджаар 500-800 ам.доллар төлөөд визээ хүссэн хэмжээгээрээ сунгуулаад амьдарч байгаа. Гэтэл манайд ирж байгаа өмнөд монголчуудын хувьд голдуу оюутан, судлаач, эрдэмтэн, дуучин гэх мэт тогтмол мөнгө өгөөд байх боломжгүй хүмүүс байдаг. Өмнө нь тэдгээр хүмүүс ГИХАЭГ-т очоод учир байдлаа хэлээд визээ сунгуулчихаж болдог байлаа. Гэтэл одоо болохоо байчихсан. Өөрөөр хэлбэл, өмнөд монголчуудыг мөнгөгүй болохоор хүчээр гаргаж байгаа юм. Энд би ганцхан жишээ дурдъя. Д.Далайбаатар гэж залуу байна. Энэ хүү дуурийн дуулаачийн мэргэжлээр Монгол Улсын хөгжим бүжгийн дунд сургууль, Монгол Улсын их сургуулийн соёл, урлаг судлалын хүрээлэнд нийтдээ найман жил суралцсан. Монгол Улсын гавьяат жүжигчин А.Бүтэд гуай зэрэг олон багш нарын шавь. Гэтэл энэ залуугийн сургалтынх нь виз дуусаагүй байхад хөөгөөд гаргачихсан. Ингэхдээ бүр паспорт дээр нь 10 жилийн хар тамга дарсан. Энэ хүн найман жил сурсан боловч дипломоо ч авч чадаагүй гарсан шүү дээ. Одоо энэ хүн Хятадын цагдаагийн байнгын хяналтад байгаа.
-Яагаад тэр вэ?
-Өмнөд монголчууд хар тамга даруулаад орж ирсэн хүнийг Монгол Улсын төрийн эсрэг ямар нэг гэмт хэрэг хийсэн байна гэж ойлгож, хүлээн авдаг. Тиймээс ч найз, нөхөд, танил талынхаа холбоог тасалдаг. Дээрээс нь хар тамга даруулсан хүн байнгын цагдаагийн хяналтад ордог. Ингэж бид зүгээр нэг хар тамга дараад гаргачихаж байгаа бус элэг нэгтнээ бараг насан туршид нь хүний ёсноос гадуур тарчилган зовоож, эрүүдэн тамлаж байгаатай адил болгож байгаа юм.
Хятад Улс коммунист тогтолцоотой. Өнөөдөр Хойд Солонгос гэж байна. Хэзээ ч Хойд Солонгосоос зугтаасан хүн Монголоор дамжаад ч юм уу Өмнөд Солонгостоо очсон бай буцааж өгдөггүй. Хэрэв өгвөл тэр хүнд алах ял өгсөнтэй ялгаагүй хэрэг болно. Баруун зүүн Герман гэж байлаа. Коммунист Германаас капиталист Герман руугаа зугтсан хүнийг хэзээ ч буцааж өгдөггүй л байхгүй юу.
-Ерөнхийлөгч олуулаа болцгооё гэж уриалсан. Тэгвэл таны ярьж буйгаар энэ уриалга дунд, доод шатандаа огт хэрэгжихгүй байгаа юм байна?
-Тийм. Би судалгаа хийдэг хүний хувьд тэр хүмүүс дунд очлоо, уулзаж ярилцлаа. Ер нь бол өмнөд монголчуудын маань эх нутагтаа амьдрах нөхцөл байдал ийм хүнд байгааг хэн ч мэдэхгүй. ГИХАЭГ-т очиж энэ талаар асуувал хэзээ ч үнэнээр хэлэхгүй. Энэ бол угаас хаалттай мэдээлэл.
Нэгэнт хүчээр гарчихсан хүмүүс “Би Монголоо гээд очсон. Надад тэндээ сурах, хөдөлмөрлөх, амьдрах маш их хүсэл байсан. Гэтэл миний хүслийг хар тамга дараад хүчээр гаргачихлаа. Ерөнхийлөгчийн маань олуулаа болъё гэсэн хөтөлбөрийн утга учир хаана явна аа” гэж асуух нь олонтаа байдаг.
-Хамаг буруу нь ГИХАЭГ-т байгаа юмаа даа?
-Энэ газрын даргаар шинэ хүн томилогдсоноос хойш байдал ийм хүнд болсон. Учир нь энэ газрын даргаар “Нэг ардчилал” клубээс Б.Пүрэвдорж гэдэг нөхрийг томилуулсан юм билээ. Уг нь энэ клубт УИХ-ын гишүүн М.Батчимэг, Х.Тэмүүжин гээд гайгүй залуучууд байдаг гэж сонссон. Гэтэл томилсон хүн нь ийм л хүн байна. Тус газрын дэд дарга Т.Хангэрэл гэж хүн бас бий. “Номин талст” хамтлагийн дуучин. Энэ залууг дуулж явахыг нь мэднэ. Намын томилогоогоор ийм хүмүүс орж ирсэн. ГИХАЭГ хуулийн дагуу ажлаа хийх ёстой байх. Гэхдээ бас хүн чанартай байх ёстой. Хуулиар зохицуулагддаггүй Монгол хүний ёс зүйн асуудал байна аа даа. Энэ тухайгаа Б.Пүрэвдорж гэдэг хүн бидэнд биш юмаа гэхэд олуулаа болох хөтөлбөрийг санаачилсан Ерөнхийлөгчид тайлангаа тавих ёстой.
-Одоогийн байдлаар хичнээн өмнөд монголыг гаргаад байгаа юм бэ?
-Хүмүүстэй уулзаж ярилцаж байхад 50 гаруй хүн гаргасан байна. Бид өнгөрсөн жилээс эхлэн хөөцөлдөхөд 5, 6 хүнийг л авч үлдэж чадсан.
ГИХАЭГ цагдаа тагнуултай хамтарч ажилладаг юм байна. Ингэхдээ тэд бизнес эрхэлж байгаа өмнөд монголчуудын өмч хөрөнгийг сүрдүүлж, булааж аваад хар тамга дараад гаргаж байна. Ингэснээр өмч хөрөнгө булааж авдаг шинэ гэмт хэрэг үүссэн байна. Энэ үйлдэл одоо бүр сүлжээ болчихжээ. Үүнд өртсөн томоохон бизнесмэнүүдийн тухай ярьж болно. Н.Алхаа гэж хүн байна. Монголчууд ерөөсөө өмнөд монголчуудыг хүн гэж үзэхээ байсны жишээ энэ. Хууль бусаар баривчилж аваад батлан даалтад гаргасныхаа төлөө нэг цагдаа нь таван сая төгрөг авчихсан. Гэвч тэр мөнгийг нь бүр хожим буцааж өгсөн. Энэ цагдаа өдгөө ч цагдаагийн байгууллагадаа ажлаа хийгээд явж байгаа. Нэр усыг нь хэлээд яахав. Энэ мэтчилэн дээр, дооргүй ёс зүй ярих болсон өнөө үед байж боломгүй зүйл олон байна.
Японд амьдарч байсан өмнөд монгол залуугийн жишээг бас ярья. Тэр залуу хоёр хүүхэдтэй, хөл хүнд эхнэртэйгээ хамт Монголдоо амьдаръя гээд ирсэн. Гэтэл тэр залууг Д.Далайбаатарын асуудлаар хоморголон Хятад руу гаргах гэж байсан. Харин золоор хүний эрхийн байгууллагынхан хөөцөлдөж байгаад эхнэр хүүхэдтэй нь тэр дор нь Европ руу гаргасан. Ингэж түүний гурав дахь хүүхэд Европын иргэн болсон. Эцсийн дүндээ энэ хүнд ямар буруу байгаа юм бэ. Гагцхүү Монгол хүн болж төрсөндөө л тэдний буруу байгаа байх.
-Тухайн үед ГИХАЭГ-аас визний хугацаа нь дуусч, удаан хугацаагаар амьдарч байсан тул гаргалаа гэж байсан шүү дээ?
-Үгүй. Хугацааны хувьд асуудал байгаагүй. Дээр хэлсэн Д.Далайбаатар гэхэд сургалтынх нь виз дуусаагүй байсан шүү дээ.
-Та дээр хэлэхдээ өнгөрсөн оноос эхлэн хар тамга дарах нь ихэссэн гэсэн. Яагаад ийм хугацаа хэлж байгаа юм бэ?
-Хятадын Ерөнхийлөгч Ши Жинь Пин ирэх сургаар өмнөд монгол иргэд, оюутнуудыг ямар нэгэн байдлаар жагсаал цуглаан хийж магадгүй гэсэн хардлагаар энэ арга хэмжээг явуулсан гэж харж байгаа. Гараад явсан олон хүмүүс ийм жагсаал цуглаан болсон тохиолдолд очоод үзэл бодлоо илэрхийлчих бодолтой хүн байсан гэхэд болно. Монгол Улс ардчилсан орон. Гэтэл Хятадын Ерөнхийлөгчийн ирэх сургаар нэг ч гөлөг ган хийсэнгүй.
-Өмнөд монголчууд жагсаал хийе гэж бэлтгэж байжээ?
-Тийм яриа хөөрөө байсныг үгүйсгэхгүй. ГИХАЭГ-ынхан бол тийм зүйл болж магадгүй гэдэг байдлаар хоморголон гаргасан л даа.
Ер нь ГИХАЭГ бүдүүлэг газар. Хуулиараа ч тийм эрхтэй байх л даа. Тиймээс төрийн албан хаагч, байгууллагын буруу зүйл хийсэн эсэхийг бид шүүх эрхгүй. Гэхдээ үйл явдалд өртсөн хүмүүстэй уулзаж байхад итгэмээргүй зүйл олныг ярьдаг. Нэг жишээ дурдъя л даа. ГИХАЭГ нь Хятад нэртэй өмнөд монголчуудыг огт оролддоггүй гэж байгаа. Монгол нэртэй өмнөд монголчуудыг л илүүтэй мөрдөж, мөшгөдөг.
-Яагаад хятад нэртэй хүнийг оролддоггүй юм бол?
-Хятадууд авлига их өгдөг. Тухайн үедээ биш юм аа гэхэд дараа нь авлига өгнө гээд визны хугацааг нь сунгачихдаг юм шиг байгаа юм. Харин өмнөд монголчууд нутагтаа ирсэндээ найдаад “Би монгол хүн” гэж хэлчихээр хар тамга даруулчихдаг.
-Өмнөд монголчуудын талаарх мэдээллийг яаж олж мэдээд, хар тамга дардаг юм бэ?
-Нэг өдөр паспортыг чинь хүчингүй болголоо гэж дуудаад л очихоор нь хоёр гарыг нь гавлаад, ГИХАЭГ-ынхаа доод хонгилд хонуулаад маргааш нь шууд гаргачихдаг. Тэд эргээд эндээ үлдсэн хамаатан садандаа ч хэлж чаддаггүй. Өмссөн хувцастайгаа л явдаг. Угаас хууль нь тийм л дээ. Хэзээ хойно нь л тэр, энэ алга болчихлоо, гарчихаж дээ гэж энд удсан өмнөд монголчууд нь л мэддэг.
-Ер нь гадаадын иргэдийг шахаж гаргах бодлого барьж байгаа юм болов уу?
-Манай хуулийн заалт хөрөнгө оруулагчдад буюу мөнгөтэй хүмүүст үйлчилдэггүй. Солонгос, Хятадын олон иргэд хөрөнгө оруулах нэрийдлээр манайд ажиллаж байна. Гэтэл өмнөд монголчуудад тийм мөнгө байдаггүй. Өмнөд монголчууд насан туршдаа ганцхан удаа гадаад паспорт авах гэж ямар их хүлээдгийг хэн ч мэддэггүй. Тэрбум 600 сая хүнийг гадаад паспортоор хангана гэдэг асар хэцүү шүү дээ. Амьдралдаа ганцхан удаа авсан гадаад паспорт дээрээ хар тамга даруулахад тэр хүн хэзээ ч Дундад улсаас гарах эрхгүй болж байна гэсэн үг.
-Одоогоор хичнээн өмнөд монголчууд Монголд байгаа вэ?
-1990-ээд оноос хойш мянга гаруй хүн ирсэн байдаг. Манайхаар дамжаад гуравдагч орон руу гарсан 900-аад хүн бий. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэн болох шаардлага хангасан буюу 10 гаруй жил амьдарсан 60 гаруй өмнөд монгол байгаа. Тэдний талаар Б.Пүрэвдоржид хэлэхээр хүлээж авдаггүй. Угтаа Б.Пүрэвдоржоор дамжиж Ерөнхийлөгч Монгол Улсын иргэн болох эрх олгодог юм.
Ер нь бидний хэсэг нөхдүүд хамтарч өмнөд монголчуудадаа туслахыг хичээдэг. Тэднийг ирэхээр соёлынх нь ялгааг гаргасан, нийгэмшүүлсэн үйл ажиллагаа явуулахыг боддог. Туслах малчны ажилд зуучлах ч гэх мэтээр ямар нэг байдлаар ажил олж өгөхийг боддог. Энэ бүхэн нь зөвхөн Монгол хүний нэг нэгнээ гэсэн сэтгэл л юм.
Т.Гэрэлмаа

"Өдрийн сонин" 2014.10.21 №252 (4892)

Comments