"Д.Далайбаатарт тусалцгаая" хэвлэлийн бага хурлын бичлэг 2014.10.20



"Д.Далайбаатарт тусалцгаая" хэвлэлийн бага хурлын бичлэг:

Монгол улсад суралцаж байгаад, хууль бусаар, албан бусаар албадан гаргагдсан, хэлмэгдсэн
ордос монгол залуу Д.Далайбаатарыг өмгөөлөхөөр, түүний Монгол улсад нэвтрэх эрхээ сэргээх, сургалтаа үргэлжлүүлэхэд нь туслахаар бид бүхэн нэгдээд байна.

1983 онд ӨМӨЗО-ны Ордост төрсөн тэрбээр 2006 оноос хойш 2014 оны 5-р сар хүртэл Монгол улсад урлагийн чиглэлээр суралцсан. Албадан гаргагдахын өмнө МУҮИС-ын докторантурт суралцаж байсан, эрдэм боловсролтой залуу. Монгол улсын иргэн оюутан нөхөд нь түүнийг "Үе тэнгийн оюутан залуусыг манлайлан амжилттай суралцаж, хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож, оюутан залуусын шинэ санааг дэмжиж, бүтээлч ажлыг өрнүүлэхэд хувь нэмэр оруулдаг оюутан" гэж тодорхойлоод, "Монгол улсад үргэлжлүүлэн суралцах асуудлыг холбогдох байгууллагууд зохих журмын дагуу нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж" байгаагаа илэрхийлж байна.

Д.Далайбаатар нөхдийн хамтаар "Дэлхийн монгол оюутан" клуб, Өмнөд Монголын залуучуудын холбоо гэсэн хоёр ТББ-ыг Монгол улсын хуулийн дагуу албан ёсоор байгуулалцсан. Монгол улсын хуулинд харш ямар нэг байгууллагыг байгуулаагүй юм. Тийм учраас Монгол улсын хуулийг зөрчсөн гэж үзэх ямар ч үндэслэлгүй.

Гэтэл Д.Далайбаатар болон түүний нөхдийг энэ оны 3-р сараас хүчний байгууллагууд элдвээр зовоож ирсэн. Мөрдөж мөшгих, хянаж тагнах, дарамтлах, заналхийлэх, хов жив хутгаж үймүүлэх, байцаах, дахин дахин дуудаж хүлээлгэн чирэгдүүлэх, зүй бус улс төрийн шаардлагууд тавих, харааж доромжлох, хорьж саатуулах, нөхцлөөр зовоох, хардаж сэрдэх, цохиж зодох зэргээр хүний эрхийг нь зөрчсөн нь тоо томшгүй. Олон улсын хүний эрхийн байгууллагынхан бичгээр болон биечлэн удаа дараалан шаардлага сануулга өгсөн ч, тэдний үгийг уландаа гишгэсэн. Эцэст нь гурван залууг 5-р сарын 12-нд "албадан гаргахгүй" гэж хуурч мэхлэн ирүүлж, хоол унд ч үгүй, бие засуулахгүй хорьж байгаад, өөрсдөд нь ч, ойр дотныхонд нь ч ямар ч тайлбар өгөлгүйгээр, гэрээс нь юу ч авахуулалгүйгээр, гэнэт цочир хүйтэрсэн атал өмссөн нимгэн хувцастай нь, "хүний хулгай, хүний наймаа" гэж хардмаар байдалтайгаар хүчээр авч явж, БНХАУ руу албадан гаргасан.

Үүний мөрөөр Монгол улсын хүний эрхийнхэн эрэн сурвалжлахад, дээрх хэрэгтэй холбоотой ИХШХЕГ (Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар), ТЕГ-уудын аль аль нь "манай байгууллага шийдвэрлээгүй, холбогдолгүй" гэж мэдэгдсэн. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн гарын үсэгтэй "НҮБ асуудлыг нь эцэслэн шийдвэрлэтэл албадан гаргаж болохгүй" гэсэн байр суурь олдсон. Ингэхлээр, Д.Далайбаатарыг Монголын ямар ч төрийн байгууллага "буруутай" гэж үзээгүй, харин "албадан гаргаж болохгүй" гэж үзсэн гэж дүгнэж болохоор байна.
Албадан гаргасны дараа НҮБ-ын Дүрвэгчийн Дээд Комиссарын Газар (НҮБДДКГ), "Эмнести Интернешнл" ОУБ эсэргүүцэл илгээж, хэсэг нам холбоод НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газарт бичиг өргөж, Монголын Ногоон Нам Д.Далайбаатарыг эргэж очих хүсэлтээ илэрхийлж, хэсэг иргэд Д.Далайбаатарт туслах фейсбүкийн хуудас нээн ажиллуулсан байна. Гэвч Монголын төр засаг таг чиг.
Судлаач Их Монгол дээрх хэргийн талаар бичихдээ: "Д.Далайбаатар нар Монгол улсын үндэсний аюулгүй байдалд (ҮАБ) заналхийлсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Тэднийг буруутгасан хүмүүс улс орныхоо эрх ашгийн эсрэг ажилласан. Өндөр албан тушаалтнууд, хүчний байгууллагын хэсэг нөхөд Монгол улсын ҮАБ гэж Хятадын эрх ашиг, хүсэл сонирхлыг хамгаалах явдал гэж ойлгодог. Авлигад автсан, гадаадын улс төрийн хүчнээс хараат болсон хэсэг бүлэг хүмүүс ҮАБ-д заналхийлж, Хятадын коммунистуудтай үгсэн нийлж, монгол ахан дүүсээ нухчин дарангуйлж байна" гэжээ. 
Хятадын тал Д.Далайбаатар нарыг шалгаад, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Гэхдээ Д.Далайбаатарын байдал хүнд байна. Монгол улсад нэвтрэх эрхээ 10 жилээр хасуулсан, дуртай сонирхолтой сургууль судалгаанаасаа хөндийрсөн, ханилан суух гэж бүсгүйгээсээ хагацан салсан, "үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг үйлдсэн" гэж байсан хүмүүс дөлсөн, үүнээс болж ажил сургуульд ороход хүндрэлтэй болсон, ээж нь хямарч харвалтад өртөн доройтсон, ирээдүй нь эрсдэлтэй болсон хүнд хэцүү нөхцөл байдалд өнөөдөр тэр ороод байна. Үхмээр, амиа егүүтгэмээр ч болдог байна. Монголын олон нийтэд хандан, "туслаач" хэмээн хоёр ч удаа захидал бичсэн. Мөн Монгол улсын ерөнхийлөгчид хандан захидал бичсэн. Хууль ёсны хугацаанд ерөнхийлөгчийн зүгээс хариу өгсөнгүй. Харин эгэл монголчууд чадах ядахаараа туслахыг хичээж ирлээ.
Д.Далайбаатар нарыг албадан гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль, ГИЭЗБТ хууль, Гэр бүлийн тухай хууль болон бусад хуулиуд, Хүний эрхийн түгээмэл тунхаг болон, Монгол улс нэгдэн орсон ОУ гэрээ конвенциуд, ОУ түгээмэл эрх зүй, НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэг, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд элсэх шалгуур, НҮБДДКГ, Эмнести Интернешнл зэрэг нэр хүндтэй ОУБ-уудын ноот бичгүүд, НҮБДДКГ-ын Бүсийн төлөөлөгчийн газрын даргын биечлэн өгсөн тайлбар, НҮБДДКГ-ын орогнол хүсэгчдийг албадан гаргаж болохгүй жишиг, үүний дагуу "албадан гаргаж болохгүй" гэсэн ХЗЯ-ны байр суурь, "улсын байцаагчийн дүгнэлт болон газрын даргын шийдвэрээр албадан гаргана" гэсэн хуулийн заалт зэргийг зөрчсөн, ноцтой хууль бус үйлдэл болжээ.
Учир иймд, Д.Далайбаатарт туслахын төлөө санал нэгдсэн бид төр засагт хандан, Д.Далайбаатарын:
-Монгол улсад нэвтрэх эрхийг сэргээ,
-Сургуульдаа үргэлжлүүлэн суралцах бололцоог нь өг,
-Хохирлыг нь барагдуулж, нөхөн төлбөр олго, гэм буруутнуудад хариуцлага тооц гэж шаардаж байна!
Ард түмэндээ хандан:
-Д.Далайбаатарт хуулийн, хүний эрхийн, боловсролын, санхүүгийн, сэтгэлзүйн, мэдээллийн, бүх талын тусламжийг үзүүлэхийг уриалж байна.
Д.Далайбаатарыг аврая!
Д.Далайбаатарт тусалцгаая!
Д.Далайбаатарын төлөө нэгдгэцгээе!
Монгол туургатныг дэмжигч ТББ-ууд
2014.10.20

Улаанбаатар хот



















Comments