Д. ДАЛАЙБААТАР: ЗҮРХ УРУУ МИНЬ БҮҮ БУУД
Зарим увайгүй нөхдийн ажлын алдаа, харалган бодлогоос болж, миний бие Монгол эх орноосоо хөөгдөж өсөж төрсөн өлгий нутагтаа харьж ирээд хэдэн сарын нүүр үзлээ. Яах вэ дээ, энд ямар ч баяр баясгалан аз жаргалгүй, гомдол гутралтай яваа миний асуудлыг тэд шийдэж өгөхгүй байж болно. Би үнэндээ амьдрах хүсэлгүй болжээ. Би үхлээс ч айхгүй болсон . Аль нэг өдөр би энэ хорвоог орхиход хүрвэл анд найз нар минь намайг Монгол улсын зарим алба, зарим хүмүүсийн болчимгүй явдлын золиос болсон гэдгийг санаж яваарай. Ийм харанхуй бүдүүлэг явдал дахиж бүү давтагдаасай. Надаар сургамж болог. Үнэндээ би цааш амьдармааргүй байна. Ганц нэг шүлгийг минь хаяа уншиж байгаарай. Надаас үлдэж хоцрох өв хөрөнгө минь тэр билээ.
Монгол улсад миний хайрлаж хүндэлдэг, дурлаж бахархдаг, баярладаг талархдаг хүмүүс минь байдаг юм. Мөн адилхан надад хайрлаж дурлаж, намайг хүндэлж биширч, надад баярлаж талархдаг олон хүмүүс ч байдаг. Монгол улс бол хэн ч халдашгүй дархан амгалан орон шүү. Өвөр монгол ахан дүүстээ хэлэхэд миний асуудлаас болж битгий Монгол улсыг буруугаар ойлгоорой. Өчүүхэн надаас болж та бүхний амар тайвныг алдагдуулсныг минь уучлаарай. Далайбаатар би гэмт хэрэг хийгээгүй, харин хүний эрхийн төлөө тэмцсэн нь үнэн. Хойшид ч тэгэх болно . Хурд хамтлагийн дуунд байдаг шиг “би дахин төрвөл эх орондоо төрнө” гэж хэлмээр байна. Сэтгэл нэгтэй Ар Өвөр Монголын ахан дүүстээ сайн сайхан бүхнийг ерөөж аз жаргал хүсье. Би 10 жилийн хар тамгатай сургуулиа төгсөж чадаагүй . Өөрийн мөрөөдлөө хаяхаас өөр замгүй болсон. Гэвч би монгол улсдаа гомдохгүй. Дархан амгалан орны тайван амгалан бүхнийг хүсэж байна. Амьд яваа цагт та бүхнээ мартахгүй, амьд яваа үедээ би дуулж явна . Энд нэгэн шүлгийг та бүхэндээ зориулъя:
Над уруу бууд.
Толгой уруу минь шууд бууд .
Зүрх уруу минь бүү бууд.
Учир нь тэнд эх орон минь оршиж байдаг юм.
- Довчиндоржийн Далайбаатар
Миний өмнөөс харамсаж явсан бүх хүмүүст баярлалаа. Мөн миний төлөө санаа зовж, зөвөөр ойлгодог бүх хүмүүст баярлалаа. Та бүхний халуун сэтгэлийг дахин төрөхдөө хариулна, хайртай шүү та бүхэндээ !
Амьдрал ганцхан заяадаг. Амьдралд хайртай, ганцхан заяасан ээж аав хоёр бол миний амьд эрдэнэ. Мөн амьдралд хайртай бас нэгэн сайхан охин байдаг. Учир нь бид дурладаг, хайрладаг. 9 жилийн хугацаанд би Монгол улсад эрдэм ном сурч монгол хүний сайн сайхныг хүртээсэн монгол орондоо баярлалаа . Бүх багш нартаа баярлалаа . Бүх анд нөхөд, ангийнхандаа баярлалаа. Надад итгэж явдаг анд нөхөд та бүхэндээ баярлалаа. Намайг дэмжиж ойлгодог олондоо баярлалаа.
Докторын зэрэг хамгаалах нь миний хүсэл мөрөөдөл байсан. Оюутан байх хэчнээн гоё гэж. Монгол улсад сурч эрдмийн зэрэг хамгаалах нь бүр бахархал, монгол хүн болж төрсний нэр төрийн хэрэг. Хэчнээн хэцүү ч гэсэн би өөрийнхөө сонгосон бүх зүйлдээ харамсахгүй . Би зоригтой, омогшилтой байна.
Хайртай хүмүүс мань ойлгож дэмжиж байна. Анд нөхөд минь миний өмнөөс уйлж байна. Би юугаар ч дутахгүй азтай хүн. Маргааш үхсэн ч баяр хөөртэй монгол эр хүн шиг дуулж явна. Би монгол хүн. Босоо бичигтэй босоо хийморьтой монгол эр хүн . Намайг доошоо хийсэн намайг муу муухайгаар ярьсан хүмүүстээ бас баярлалаа. Та нарт таалагдаагүй байсан бол уучлаарай. Монгол улсдаа ир гэж бүх дэлхийн монголчуудаа уриалсан Монгол улсын ерөнхийлөгчдөө баярлаж явдаг шүү. Бас олон олон монгол туургатнаа Монголын иргэн болгосонд тандаа баярлалаа. Та бол зөвхөн Монголын биш, нийт монгол туургатны ерөнхийлөгч гэж би боддог. Монгол орноо хөгжүүлж, Монгол улсаа дэлхийд хэн ч халдашгүй дархан орон болгоорой. Монгол улсын сайн сайхныг ерөөе.
Хүний эрхийн байгууллагуудад бас баярлалаа. Намайг хамгаалах гэж бүх чадлаараа ажиллаж билээ та нар минь. Залуу насандаа олон зүйлийг хийж бүтээж чадаагүй ч гал халуун сэтгэл надад байсан . Хэчнээн хэцүү зүйлийг туулж өнгөрөөсөн ч тэдгээр сайхан цаг үеэ дурсахад дэндүү гоё санагддаг. Далайбаатар гэдэг нэрийг аав маань босоо монголоор бичиж надад өгсөн. Бичиг шигээ босоо, нэр шигээ эх орныхоо төлөө далай их баатар явахыг хүссэн. Харин тэгж чадаагүй бол анд нөхөд минь уучлаарай. Эр хүн долоо доройтож, найм сэхдэг гэж ярьдаг юм билээ.
Би айж амьдрахгүй, би гутарч амьдрахгүй. Баяр хөөртэй монгол дуугаа дуулсаар явна !
Довчиндоржийн Далайбаатараас
2014 оны 8 сарын 25 өдөр
Comments
Post a Comment