Казахстан нутаг дэвсгэртээ Баян-Өлгийг оруулжээ


Казахстан нутаг дэвсгэртээ Баян-Өлгийг оруулжээ



Казакстан улс нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний талаарх газрын зурагтаа манай улсын Баян-Өлгий-н нутаг дэвсгэрийг оруулсан байна. Энэ бүхнээ гэрчлэх газрын зургийг цахим ертөнцөд тарааж эхэлсэн нь багагүй шуугиан дэгдээгээд буй юм. Энэхүү зургийг саяхан avtotut.ru сайтад нийтэлж, Казахстаны замын хөдөлгөөний дүрэм Оросынхтой маш төстэй байдаг гээд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар бичжээ.
Уг нь Казахстан улс дэлхийд 9-р байрт, далайд гарцгүй орнуудаас тэргүүн байрыг эзлэхээр том буюу 2.724.900 км2 талбай бүхий нутаг дэвсгэртэй. Орос, Хятад, Хиргис, Узбек, Туркмен гэсэн таван оронтой 12.012 километр зурвасаар хиллээд, 1.894 км газар Каспийн тэнгисийг эмжиж оршдог. Чухам яагаад ийнхүү манай улсын Баян-Өлгийг өөрийн газар нутагт оруулж, хэвлэл мэдээллээр цацах болов гэдэг эрхгүй сонирхол татаж буй юм. 
Дашрамд дурдахад, орон нутгийн иргэдийн мэдээлж байгаагаар, өнөөдөр Баян-Өлгий аймагт бүтээн байгуулалт хийгдэхгүй байгаа аж. Бүр харанхуй бүдүүлэг эртний үе мэт, хүүхэд залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ганц ч байхгүй байна гэсэн шүүмжлэл хэлж байна. Нутаг орны удирдлага иргэдийнхээ амьдрал, амьжиргааг дээшлүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгааг ч нутгийн иргэд нуухгүй байна. Энэ бүхний цаана юу нуугдана вэ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Comments