Хятадын хэвлэлд ийм зүйл гарч байгааг манай дээдсүүд анхаарч байгаа болов уу


Төрөөсөө хатуу хяналттай Хятадын хэвлэлд Монголын талаар ийм мэдээлэл тархсан байна. Хятадын junshi.xilu.com вэб сайтад энэ сарын 6-ны өдөр тавигдсан өгүүллийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Энэхүү өгүүлэл нь wechat  зэрэг Хятадын мэдээллийн цахим хэрэгслээр цацагдаж байгаа болно. 

Хятад, Орос гар нийлж тогтворгүй, гуйвамтгай Монголыг хатуу гараар илбэн тохинуулна

Энэ сарын сүүлээр Си дарга, Путин ерөнхийлөгч нар Монголд айлчлахаар харилцан тохирч, Монголын улс төрийн чиг баримжаа, зах зээлийн байр суурийг нь хамтарч тогтоож өгнө. Илүү тодруулбал, Хятад, Орос Монголын улс төрийн хүсэл эрмэлзлийн талаар өөрсдөөс нь мэдээлэл авч, Монголын гуйвамтгай, айж эмээсэн сэтгэлийг тайвшруулж, өөртөө итгэлгүй хөршөө хяналтандаа оруулж, зах зээлийн эдийн засгийн хөшүүрэг ба өмнө байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг ашиглан Хятад, Орос хоёр их хөршөөс өөр хоёр дахь сонголт Монголд байхгүй гэдгийг ойлгуулах болно.

Нэг. Цаг хугацаа, газар зүй, хүний хүчин зүйл Монголд боломж олгож байна

1.    Хятад, Оросын аль аль нь Монголын шарх юм

Хятад, Монгол бол түүхээсээ нэгэн гэр бүл, тасаршгүй мах цусны холбоотой байж ирсэн.Түүх биднийг хайр энэрэлгүйгээр хувааж, нийлүүлж, бас дахин хуваасан. Үүнд зөвхөн бидний өөрсдийн хүчин зүйлээс гадна хүчирхэг гүрний эрх ашгаас үүдэлтэй шалтгаан бий бөгөөд гар, хөл, мах цусаараа холбогдсон үндэстний нэг гишүүнийг маань урт удаан хугацаанд орон гэрээс нь холдуулж, гэр нь байхад буцаад ирэхэд хэцүү, улс нь байхад эргээд нийлэхэд хүндрэлтэй болгож,  хаяа хязгаарт, баримжаагүй эрлийн дунд хэцүүхэн оршин тогтнуулж байна.  Ялангуяа, дэлхийн II дайны дараа Японы эсрэг хийх дайны шаардлагаас болж Монголыг  “нөхцөл” болгон эх орноос нь өрөвдөх сэтгэлгүйгээр таслан “тусгаар улс” болгосон юм. Энэ бол эх болсон эх орны боломж чадал муу байсан гэхээсээ эх орны маань гутамшиг болсон. Манай олон үндэстнээс бүрдсэн улс хэдхэн сая хүнтэй энэ үндэстэнг орхиж болно гэж үү? Үгүй, огтхон ч болохгүй. Энэ үндэстэн өөрийн эх орноо хаяж явсан уу?  Хариулт нь мөн л үгүй. Хэрэв үүний шалтгааныг судлах бол гурван талтай юм. 

Нэгдүгээрт, үндэстнээрээ бахархах хүчтэй үзлийг нь эх орны их гэр бүл ойшоож үзээгүй, үндэстэн хоорондын  дайн, сөргөлдөөны улмаас уг үндэстэн итгэл үнэмшлээ алдаж, өөрийн тусгаар тогтнол, сайн сайхан ирээдүй рүү тэмүүлсэн. 

Хоёрдугаарт, хөрш зэргэлдээ хүчирхэг гүрний тасралтгүй булаан эзлэлт, өөрийн ашиг сонирхлын улмаас хүчээр газар нутгаа өргөжүүлэх колоничлолын үйл ажиллагаа. 

Гуравдугаарт, эх орны сул дорой, чадваргүй байдал нь хятад үндэстний түүхэнд дахин нэг “хуваагдсан газар” бий болох эмгэнэлт байдлыг бий болгосон. Үүний зөв, буруу нь түүх болж үлдсэн. Бид яагаад дахин бүр эхнээс нь дүгнэн үзэж, ирээдүйгээ харж болохгүй гэж? Эдүгээ дахин маргаж, хэлэлцэхэд ач буян, хорсол гомдол ач холбогдолгүй юм. 

2.    Хятад, Оросын аль аль нь Монголыг үл ойшоож,  хяналтдаа байлгадаг

Монголчууд тусгаар тогтносны дараагаар хөгжин бадрах боломжтой болно гэж үзэж байсан. Гэвч “тусгаар тогтносон”-оор эх орноосоо гээгдэн, сураг чимээгүй болж, улмаар хуучин ЗХУ-ын колони, талхилагдах газар нь болно гэж  тэд төсөөлж ч байгаагүй. Монголыг  сул дорой хурга  болгож, үндэсний  язгуур шинжийг нь алдагдуулснаар бусдын үл ойшоолт, дарамтан  дор амь зогоох болсон. Хятадтай сөргөлдөх шаардлагадаа нийцүүлэхийн тулд зөвлөлтүүд монгол иргэдэд Хятадаас салгах, Хятадын эсрэг хүмүүжил боловсролыг олгож, мах цусаараа нэгдэх, элгэмсэг сэтгэлийг үгүй хийсэн юм. Хэдэн арван жилийн турш эх газар “соёлын хувьсгал” болон түүнээс үүдэлтэй шархаа анагаах асуудалд анхаарч, Монголын оршин тогтнол, энэ тэнүүлч хүүг анхаарлын гадна орхиж иржээ. Харин ЗХУ Монголыг өөрийн гэрийн ар хашаа мэт үзэж байсан тул бодит дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгээгүй, ямар ч аж үйлдвэрийн суурийг бий болгоогүй юм. Үхэр хонины махыг нь хүртэл “байцаа”-ны үнээр авч ирсэн боловч  тохирсон үнээр  нь монголчуудад зохистой хариу барьж байгаагүй. Оронд нь авсан эд материал, үр тариа нь зөвхөн наад захын хэрэгцээг хангах төдий л байсан. Энэ бүхэн нь Монголын хөгжилд ноцтой нөлөөлсөн юм. 

Монгол нь Хятад, Оросын нутгаар хүрээлэгдсэн далайд гарцгүй орон юм. Энэ нь тэдний экспортод олон саад бэрхшээлийг учруулдаг. Тэдний гадаад зах зээл, эдийн засгийн хөгжил бүхэлдээ  Хятад, Орос хоёроор таслагдаж, энэ нь Монголын хөгжил, зах зээлийн эдийн засгийг ихээхэн хэмжээгээр хязгаарладаг бөгөөд өнөөг хүртэл Монгол Улс  ядуурал, үйлдвэрлэх хүчний сул дорой байдлаасаа салж чадаагүй байна. Зарим үед байгалийн баялгаараа амьжиргааны үндсэн бараа , эд материалыг сольж авдаг боловч энэ нь ард иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж чаддаггүй. Бодит үнэнийг хэлэхэд өнөөгийн Монгол “өмсөх, хооллох” асуудлыг л үндсэнд нь шийдсэн боловч ядуурлаас ч салж чадаагүй байна.

3. Хятад, Оросын хайхрамжгүй байдал Монголыг харалганаар гарц хайхад хүргэсэн

ЗХУ задарсны дараагаар Монгол аливаа хязгаарлалт, колончлолын статусаас ангижирсан ч ямар ч дэмжлэггүй болсон. Оросууд Монголыг хов хоосон орхиогүй ч монголчуудын төсөөлж байсан хөгжил, эдийн засгийн сэргэлт улам бүр алсарч, үүний улмаас тэд дөрвөн зүгээс “туслагч” хайн, улмаар байгалийн баялгаа худалдахаа “хөгжлийн зарчим” болгож, хожмын үр дагаврыг бодолгүйгээр оршин тогтнохын төлөө ихээхэн төлөөс төлсөн.  

Ямар ч бодлогогүйгээр АНУ-ыг дагаж, ЕХ-нд найдаж, Японыг өмгөөлж байгаа зэрэг нь Монголын гарцаагүй шаардлага, аргагүй байдалд байгаа байдлыг  харуулж байгаа юм. Бид Монгол оршин тогтнохынхоо төлөө гаргаж буй хүч чармайлт, сонголтыг буруутгах эрхгүй, Монголын үйл ажиллагаанд гомдоллох эрх бүр ч байхгүй. Хятад, Орос манай хоёр орон Монгол руу чиглэсэн бодлогоо тэнцвэржүүлж чадаагүйд хамгийн чухал нь байгаа юм. 

Хятад, Оросын аль аль нь Монголыг өөрийн эрх мэдлийн хүрээндээ байлгахыг боддог ч аль нэг тал нь Монголын улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг жолоодохыг хүсдэггүй. Монголын асуудал дээр Хятад, Орос нь нэг төрлийн “газарзүйн харьяалал”-ын тоглоом тоглож байна гэж хэлж болох юм. Гэтэл Монгол өөрөө өөрийнхөө “үнийг өсгөж”, АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийж, цэргийн тусламж авч, тандалтын радар байгуулахаар төлөвлөж байгаа болон ЕХ-нд нэгдэхийг сонирхож байгаа зэрэг нь Хятад, Оросын “анхаарал”-ыг татахад хүргэж байна.  Өөрөө өөрийнхөө хөзрийг нэмэгдүүлж, өөртөө түшиц хайж байгаа юм.  
         
Монголын иймэрхүү үйлдэл нь тэдний жинхэнэ зорилго биш, харин жижиг улсын ангалын ёроолоос амь гарах гэсэн шаардлага юм. Хятадын нэг “сянь”-ий хэмжээнд хүрэхгүй чадалтай Монголын өнөөгийн нөхцөл байдалд өргөн уудам газар нутагтайгаас гадна, байгалийн баялгаа худалдахаас гадна Монголд өөр ямар нэгэн арга зам байна уу? Тэд эх нутгагтаа дахин нэгдэхийг хүссэн ч Орос үүнийг зөвшөөрнө гэж үү? Оросын тал руу хэлтийхийг хүссэн ч үүнийг нь Хятад  хүсэх үү? Хоёр бэрхийн дунд Монгол яалтай билээ? Хаанаас хаа хүрэх билээ? 

Хятад, Оросын харилцаа хамгийн таатай байгаа үед Монгол сая нэг “хамгийн сайхан боломж”-ийг олж авлаа. Си Зиньпин, В.Путин нар зэрэг айлчлах болсон нь дор хаяж тэдний Монголд далдуур хязгаарлах, боомилох боломжийг үгүй болгож байна. Гурван талын уулзалтаар Монголын хөгжлийн эцсийн “замнал”-ыг хэлэлцэн шийдэх болно. Энэ бол цаг хугацаа, хөгжлийн шаардлага бөгөөд жимс боловсорч гүйцээд өөрөө газар унадаг гэдэгтэй ижил үр дүн юм. 

4. Хятад, Оросын аль аль нь Монголын найдвар юм

 “Гурван талын дээд түвшний уулзалт”: энэ бол эх нутгаа эргэн нэгдэх асуудлыг ярих газар биш, эргэн нэгдэх асуудал ярих нөхцөл ч бүрдээгүй байна. Энэхүү уулзалтын үндсэн сэдэв нь “Хоёр хүчтэнг дагасан бяцхан морь”-ны ирээдүйн тухай юм. Монголын хувьд энэ бол түүхэнд бичигдэх нэгэн боломж, бүр түүхийг өөрчлөх цаг үе ч байж болох юм.  Хаанаас хаа хүрэх вэ гэдэг нь багахан хэмжээний дотор бол энэ боломж нь “агшин зуур”-ынх ч гэж хэлж бас болно. Мөн Хятад, Орос хоёр улсын зүгээс Монголд үзүүлж буй хамгийн сайхан сэтгэл байх. Ийм боломж бол Хятад, Оросын байр суурь  өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ижил байгаа, Хятад, Оросын эдүгээ өөрсдийг нь тогтоон барихын эсрэг тэмцэх нийтлэг шаардлагаас урган гарч байгаа юм.      

Энэ удаад хамтдаа сууж “гурван талын хамтын эрх ашиг”-ийг ярилцах гэж байгаа нь нийтлэг ойлголцлынхандлага бий болсныг илтгэж байгаа юм. Хэдийгээр маш олон маргаан, зөрчил байгаа, геополитик болон зах зээлийн эдийн засгийн зэрэг бүх талын үнийг тохиролцох хэрэгтэй ч гэсэн гурван улс энэ алхмыг хийнэ гэдэг нь үнэхээр амаргүй юм. Үүнээс хамгийн их ашиг хүртэгч нь Монгол байх болно. Энэ удаад Хятад, Оросын аль аль нь хамгийн том бялууг Монголд барьж, Монголын ирээдүйн хэтийн сайхан төлөвлөгөөг боловсруулна. Хэдийгээр Хятад, Орос хоёр Монгол руу арай оройтож хандаж буй, Монгол ч бас муруй замаар явсан ч гэсэн Монголын хувьд үүнийг хүлээн авахгүй байж болохгүй бөгөөд аргагүйн эрхэнд хүртэх хамгийн сайн үр дүн юм.  

Монгол хэзээ ч Хятад, Оросоор хүрээлүүлсэн газарзүйн хязгаарлагдмал байдлаас ангижирч гарахгүй. Гадаад орнуудыг ашиглан Хятад, Оросын хамгаалалтын шугамыг сэтлэх боломж мөн л байхгүй. Тиймээс хамгийн зөв арга зам бол Хятад, Оросын хамтын туслалцаа, дэмжлэгт түшиглэн Хятад, Оросын хамтарсан хяналтыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Ийм тэнцвэртэй, зохистой сонголтоос өөр сонголт Монголд үгүй. 

Сайн үйлс урт удаан цаг хугацааг туулж ирдэг гэж зарим хүн ярьдаг. Энэ удаа Монгол Хятадын баруун бүсийг хөгжүүлэх “Шинэ торгоны зам” санаачилгын боломж мөн “Европ, Америк Оросын эсрэг хориг арга хэмжээ” авч буй үеийг ашиглаж байгаа нь “нэг дор цуглах ховор уулзалт” хийж, хамтаар хожих, олон асуудлыг цогцоор хэлэлцэх боломжийг олгож байна. Бурхан Монголыг ивээж, гэнэтийн сайхан завшаан хайрлажээ.  

Хоёр. “Гурван талын дээд түвшний уулзалт” Монголын хөгжлийн тулгын чулууг тавина

Жижиг улс угаасаа их гүрнүүдийн “ашиг сонирхол” булаалдах талбар болж байдаг. Монгол Хятад, Оросын хамтын “анхаарлыг татах” нь нөхцөл байдлын өрнөлийн үр дүн бөгөөд их гүрнүүдийн хооронд стратегийн байр суурь болон нөөц баялгаа булаалдах нь зайлшгүй зүйл юм. Энэ асуудлыг нуух ч юм уу эсвэл зайлсхийх боломжгүй. Хятад, Орос өөрсдийн ашиг сонирхолын төлөө эсвэл үнэн сэтгэлээсээ ч байсан ямар ч нөхцөлд Европ, Америкчуудын буруушаалт болон эсэргүүцлийг бий болгоно. Монгол баяндаа ч биш, харин Европ, Америкчууд Монгол гэдэг “шахуурга мод”-ыг ашиглан Хятад, Оросод муу нэр зүүлгэж, хааж боон, замбараагүй байдлыг нэмэгдүүлэхийг зорьж байдаг. Харин Хятад, Оросууд Европ, Америк болон Японы далд оролдлого биелэлээ олохыг хэзээ ч зөвшөөрөхгүй, Хятад, Орос хоёр улсын өнөөгийн шаардлагад нийцсэн хариу цохилтыг Европ, Америк болон Японд өгнө. 

Монголын эргэлзээг байхгүй болгож, Монголын санаа зовинол болон сэжиглэлийг арилгах нь энэ удаагийн уулзалтын гол сэдэв байна. Европ, Америк, Япон зэрэг барууны орнуудын санаархалыг Монголд зөвөөр ойлгуулах нь ярианы хамгийн чухал сэдэв болно. Монголыг нүүлгээд аваад явчихна гэж бүү бод, Европ, Америк, Япон зэрэг барууны орнууд Монголд үнэн сэтгэлээсээ туслаж байна гэж бүү бод, тэд Монголыг “их бууны амнаас гарах үнс /бусдын төлөө өөрийгөө золиослогч/” болгон ашиглаж, тэдний ашиглаж байгаа улс төрийн зорилго нь ард түмний амьдрал болон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдээгүй гэдгийг Хятад, Орос хоёулаа Монголд анхааруулан хэлнэ.  

Хэрэв Монгол үнэхээр тийм алхам хийвэл Хятад, Орос ч гэсэн яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Хятад, Орос “хаалгаа түгжиж” хуурай замын болон агаарын замаа хаавал тун удалгүй Монгол туйлдан үхэж, барууныхныг түшиж байсан хий хүсэл мөрөөдөл нь хэсэгхэн зуур л үнс болон замхарна. Тиймээс “хүлээсэнд байгаа улс”-ын хувьд зайлшгүй оршин тогтнох зам, хөгжлийн гарцтай болох хэрэгтэй. Хятад, Оростой найрсаг харилцаатай байж, интеграцчилагдсан байж гэмээ нь хамтран ажиллаж хамтдаа оршин тогтнох цорын ганц боломжтой болно. 

Өмнө нь Монгол яг л ийм “саад хориг” байснаас хориглолт болон хүнд байдалд орж байсан. Харин өнөөдөр энэ байдал нь эсрэгээрээ Монголд амжилт болон бусад улсуудад байхгүй боломжийг бий болгож өгч байна. Хятад, Орос, Монгол гурван улс энэ удаа “эрчим хүчний коридор”-ын томоохон стратегийн  асуудал болон Хятад, Монголын төмөр замын гол шугамыг нээх асуудал, түүнийг Оросын хилийн дотор хүргэж холбох асуудлыг хэлэлцэх нь Хятадын “Шинэ торгоны зам”-ын том судсанд нэг чухал хос шугамыг нэмж өгөх юм.  Хятад, Орос Монголоор дамжуулан газрын тос, байгалийн хийн хоолойн шугамыг тавьж Оросын төвийн бүсийн газрын тос, байгалийн хийг Хятад руу шууд дамжуулах боломжтой. Монголын эрчим хүчний төсөлд Хятад, Орос хөрөнгө оруулалт хийж олборлолтыг сайжруулах нь мэдээж гурван талын гол сэдэв байна.

Хятад, Оросын стратегийн байрлал нь өнөөгийн нөхцөл байдлын шаардлагыг тодруулан харуулж байна. Европ, Америк, Япон Монголд нэвтрэн орохоос урьдчилан сэргийлэх нь нэгдүгээрт, өөрийн ар талаа амар тайван байлгаж, ялангуяа Европ, Америкийн цэргийн техник хэрэгслүүд Монголд орохыг зогсоох болон урьдчилан сэргийлэх явдал юм. Мөн Хятад, Оросын хувьд сэтгэл амар нэг эрчим хүчний бааз бий болгох юм. Нүүрс болон зэсийн уурхай зэрэг эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх болон хангах нь Хятад, Оросын хэрэгцээ шаардлага юм. 

Томоохон хөрөнгө оруулалт нь “эдийн засгийн хориг”-ийг эсэргүүцэх чухал арга хэрэгсэл болно. Энэ удаагийн ярианы сэдэв бол Хятад мөнгийг нь гаргаж, Орос хүчийг нь гаргаж, бүх хүчээрээ Монголын зах зээлийн эдийн засгийг хөл дээр нь босгож, түргэн хугацаанд үр дүнтэйгээр эдийн засаг, худалдааны зах зээлийг нээж, Си Зиньпин дарга магадгүй Монголд худалдааны нэн таатай хөнгөлөлт үзүүлэх орны тоонд оруулж, Хятадын зах зээлд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулахаар зарлаж магадгүй. Хятад, Монголын “аж үйлдвэрийн парк” болон “чөлөөт худалдааны бүс” байгуулна. 

Си Зиньпин дарга бас “өөрийн орны мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх” шинэ арга, зарчмыг  санал болгож болох юм. Хятадын эхлэх цэг нь Оросынхоос өндөр гэдэг нь тодорхой. Энэ удаагийн дээд уулзалт нь Оросын хувьд экспортын шинэ зах зээлийг нэмэгдүүлэх боломж олгоно.  Монгол нь Хятад, Оросоос улам их эрчим хүчний хөрөнгө оруулах баазаар хангана гэдэгт итгэлтэй байна. Хятад, Оросын эрх ашигт нийцэхгүй байсан гадны хүчин зүйлийг арилгах нь “гурван талын дээд хэмжээний уулзалт”-ын гол зорилго юм. 

Хятад, Орос хамтдаа хожих хамтын ажиллагааны хандлагаар Монголын ард олон болон эрх баригчдыг сэрээн, зөвхөн Хятад, Оростой хамтран ажиллах нь найдвартай хэрэгжихүйц зам гэдгийг ойлгуулна. Зөвхөн энэ хоёр том хүчирхэг хөршийгөө түшвэл сая Монголын одоогийн хоцрогдсон байдлыг өөрчилж, Монголын ард түмний амьдралын түвшин дээшилнэ гэдгийг ойлгуулна. Монгол ШХАБ-д элсэх хүсэлт гаргах тухай асуудал ч мөн уулзалтын үеэр үндсэн хариултаа авна. Монголын хөгжлийн замыг нарийвчлан тогтоож, эдийн засгийн зах зээлийн төлөвлөгөөг тодорхой гаргана. 

Хятад, Орос бодит хүчээр Монголыг өөрсдийн геополитикийн хүрээнд бат бөхөөр оруулах болно.  Барууны орнуудад дахин боломж олгохгүй. Хятад, Орос болон баруунханы их тоглоом дунд Монгол бас л Өмнөд Солонгос, Өмнөд Америк, Украин Оросын мөргөлдөөний дараах шиг бас нэг “шинэ тулааны талбар” болохыг Монгол болон дэлхий ертөнц хүлээж байна. Гурван тал гар гараасаа барилцан хамтран ажиллавал АНУ, Европын холбоо болон Япон хөндлөнгөөс оролцож чадахгүй болж, энэ үр дүнг эсэргүүцэх аргагүй болно. Хятад, Орос хамтран Монголыг сугавчлаад явах нь сонин гайхалтай зүйл биш юм. 

Хэрэв Монгол энэ боломжийг ашиглахгүй, өмнөх хойдохоо бодсоор, эсвэл “таг чиг” болчвол Хятад, Орос Монголд дахин нүүр өгөхгүй, түүнд дахин боломж олгохгүй. Ямар замаар явахыг Монголын эрх баригчид ашигтай ашиггүйг бодолцож сонголтоо хийхийг харж байна. Хэрэв Монгол итгэлийг эвдэн Хятад, Оросын сайхан сэтгэлийг тоохгүй бол Орос Монголыг гэрт нь буцаах замыг нээж өгөхийг Хятадад зөвшөөрөх болно. 

Хятадын хувьд Монголыг буцаан авах нь зөвхөн өөрийн нэгэн мөрөөдөл, үндэстний нэр хүндийн асуудал юм. Гэвч Хятад нь Монголын ард түмний өөрийн сонгосон тусгаар тогтнол болон хөгжлийн замыг хүндэтгэнэ. “Алхам нь гүйцвэл аяндаа бүтнэ” гэдэг Хятадын зүйр үг бий. Аливаа зүйл жам ёсоороо хөгжинө. 

Энэ удаагийн чухал асуудал дээр бол Орос цэвэр өөрийн хувийн ашиг сонирхолын үүднээс хандах бол Хятад ашиг сонирхолын дунд бас төрөл садны дотно сэтгэлээр хандана. Си Зиньпин дарга энэ удаа Монголд хийх айлчлалынхаа үеэр Монголын ард түмэнд эх орны том гэр бүлийн чин сэтгэлийн ерөөл болон хүсэлтийг тээж очих болно. Монголын ард түмэнд санаанд оромгүй төслийн тусламж болон сюрпризтэй очих болно. Мөн Монголыг эх нутагтаа ирэхийг урьж байгааг хүлээн авахыг уриална. 

Хятад, Оросын “хоёр тал руу чиглэсэн хамтын стратегийн байрлал” нэгэнт бий болж эхэлсэн бөгөөд Монголыг сонгох нь хамгийн энгийн, хялбар, баталгаатай, хийх боломжтой юм. Дараагийн хамгийн магадлалтай нь Хойд Солонгос эсвэл Энэтхэг. Хятад, Оросын энэ төрлийн “бөөнөөрөө нийлж дулаацах” үйлдэл нь АНУ-ын шахалтаар бий болсон. “Хамтдаа байж, хамтдаа нисэх” гэсэн үгээр Си Зиньпин дарга болон В.Путины энэ жилийн харилцан ажиллагааг тодорхойлсоноор үүнээс олон хариултыг бид олж чадах болно.

Эх сурвалж: www.mminfo.mn


Comments