"Хавиргаа хазах хар нохой мэт элгэн саднаа намнан идэгсэд"


Солонго бичсэн нь: "Хавиргаа хазах хар нохой мэт элгэн саднаа намнан идэгсэд" Алхаа хэмээх өвөр монгол залууг шудрага бусаар Монгол улсаас яаралтай албадан гаргах гэж байгаа тухай цахим ертөнцөөр шуугиж, асуудал нь ч шийдэгдэж амжаагүй байхад бүүр долоон доор явдал болов. 5-р сарын 9-ний өдөр уг асуудлаар TV9-ийн байранд хэвлэлийн бага хурал эхлэх гэж байхад манай тагнуулын ажилтнууд ирж, уг хурлыг зохион байгуулахаар ажиллаж байсан сэтгүүлч Ч.Мөнхбаяр болон нутаг нэгтнээ гэсэн сэтгэлээр ирсэн 3 өвөр монгол залууг баривчлан авч явжээ. Байцаалт авсны дараа тэднийг суллаж явуулсан ч, хэд хоногийн дараа “бичиг баримтаа ирж ав” хэмээн дуудаж гэнэдүүлэн баривчлаад Далайбаатар, Тулгуур гэх 2 өвөр монгол залууг Монгол улсаас гаргаж, Хятад улсад хүлээлгэн өгчээ. Далайбаатар нь СУИС-д оюутан байсан ба Тулгуур нь НҮБ-ийн Дүрвэгсдийн Комиссын хамгаалалтанд Монгол улсад оршин сууж байжээ. Эдгээр залуусыг үндэсний үзэл гаргаж, Монгол Хятадын найрамдалд харш арга хэмжээ зохион байгуулахад оролцлоо гэсэн шалтгаанаар буруутгасан байна. Баривчлагдан байцаагдсан 3 дахь өвөр монгол залуу Түвшинзаяа нь Европ руу дүрвэн гарчээ. Монгол-Хятадын найрамдал гэгч нь монгол үндэстэн ястан хүмүүсээ золионд гаргаж байж оршин тогтнодог эд үү? Арчаагүйдээ авсан зээл тусламж, авилга, хуйвалдаан нь өвөр монголчуудын цус нулимсаар төлөгдөх ёстой юу? Хятадын дарлалд эрх чөлөөгүй боомилогдож, уусан устахад ойрхон байгаа өвөр монголчууд хүний эрх, эрх чөлөөг ярьсныхаа төлөө Монгол улсад гадуурхагдаж, өөрийн үндэстний ариун гал голомтоосоо баривчлагдан гаргуулж байхад монгол хүн дуугүй суух ёстой юу? Хятадад “Би монгол” гэж үзэх нь гэмт хэрэг юм бол, монгол туургатны ариун голомт болсон бидний Монгол улсад бас гэмт хэрэг болохын учир юу вэ? Эдүгээ Хятад улсын харъяа болсон Өвөр Монголд өөрийн монгол үндэстний эрх ашиг, уламжлалт ахуй, хэл соёлоо, өөртөө засах эрхээ хамгаалах гэсэн болгон Хятад улсын эсрэг “үндэсний цөөнхийн үзэл” гаргасанд тооцогдож улс төрийн гэмт хэрэгтэн болдог. Тэгвэл “ардчилсан чөлөөт” Монгол улсад, тэр ялангуяа мах цус нэгтэн монгол үндэстэн хүнд хүний түгээмэл эрх үйлчлэхгүй болсныг юу гэж тайлбарлах вэ? Үзэл бодлоо илэрхийлэх, хамгаалах эрх чөлөөг эдлэн нутаг нэгтнээ өмгөөлөн дэмжих нь улс төрийн гэмт үйл ажиллагаа мөн үү? Элэг нэгт зарим өвөр монголчуудаа Монгол улсад тайван амьдруулах, хүний эрхийг нь зүй зохистойгоор эдлүүлэх, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангах гэсэн хэвлэлийн бага хурал яагаад манай цагдаа тагнуулын байгууллагын хүчирхийлэлд өртөв өө? Яагаад сэтгүүлч Ч.Мөнхбаярыг барьж саатуулан байцаав аа? Нутаг нэгтний хувьд уг хуралд дэмжигчээр ирсэн өвөр монголчуудыг юуны учир хомроголон баривчилж Хятадын шоронд хатаахаар явуулав аа? Нөгөө НҮБ-ын гишүүн, Хүний эрхийн тунхаглалд нэгдсэн энэ тэр статус хаачив аа? Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ-д: “1. Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой. 2. Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжинд байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй. 3. Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй. 6. Хүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй. 7. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй. 9. Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй. 14. Хэн боловч мөрдөлт мөшгөлтөөс зугтаж, өөр улсад орогнох боломжийг эрэлхийлэх болон орогнох эрхтэй 19. Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана. 20. Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй.” хэмээн заасан. Aливаа хууль дүрэм гэгч хүний сайн сайхан амьдрах шудрага ёсны үндсэн зарчимд тулгуурлан хийгдсэн, хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг гол болгосон баримт бичиг юм. Хүний эрхийн түгээмэл тунхагт заагдсан “оюун ухаан, өрлөг сэтгэл” гэдэг нь хүн хүнээ энэрэн үзэх, шудрага бусаар хэлмэгдэн зовогч нэгнээ хайрлан өмгөөлөх сэтгэл юм. Ялангуяа НЭГ ҮНДЭС ЯЗГУУРТАЙ монголчуудаа өмгөөлөн хамгаалах, дэмжин үзэл бодлоо илэрхийлэх нь МОНГОЛЧУУДЫН ЭРХ юм. Энэ зарчмыг зөрчиж Хавиргаа хазагч хар нохой мэт аашлан, Хятад улсад өөрийн элэг нэгт мах цусны тасархайгаа барьж тушаах ёс зүй Монголын төрд хэрхэвч байж болохгүй! 

2014-05-22.

Comments